
“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна
Өнөөдөр буюу 2022 оны 02 сарын 21 ны өдөр нь олон улсын эх хэлний өдөр билээ. НҮБ-ын ЮНЕСКО-оос албан ёсоор 1999 онд жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Япон дахь Өмнөд Монголчуудын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбооноос "Миний мэдэх Өмнөд Монгол" сэдэвт уламжлалт монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Удирдамжийг хүлээн авна уу!
“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны удирдамж
Монгол хэл бичиг нь нийт Монголчуудын нэгдмэл нэг үнэт зүйл төдийгүй сүүлийн мянган жилийн хугацаанд эсгий туургатны соёл, боловсрол, ном, судрыг түүчээлэн ирсэн эрхэм нандин өв билээ. Эзэн Богд Чингис Хааны төрийн бичиг хэмээн зарласан Монгол бичиг маань түүхийн уртад хэд хэдэн сорилттой нүүр тулж өнөө үед бидэнд уламжлагдан иржээ. 2019 оноос Өмнөд Монголд Монгол бичгийг шат дараатай танаж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон Монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь нэн харамсалтай. Монгол улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж буй билээ. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт Монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.
Ийм учраас “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2022 оны 02-р сарын 21-ны өдрөөс 04-р сарын 25-ны өдөр хүртэл Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.