Мэдээ, мэдээлэл, Олон улсын

“Монголын ардчиллын уналтын тухай” Дэлхийн Монголчуудаас олон улсын хамтын нийгэмлэгт хандсан нээлттэй захидал

Бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн газар нутаг дээр болон одоогийн Монгол улсын хилийн гадна амьдран суудаг монгол өв соёлоо сурталчлан таниулагч хүмүүсийн нэгдэл болно. Сүүлийн арав гаруй жил, тэр тусмаа МАН-ын удирдлага дор өнгөрсөн найман жилийн хугацаанд тусгаар тогтносон Монгол Улсын ардчилал, хүний эрхийн байдал доройтож байгаад сэтгэл зовниж энэхүү захидлыг илгээж байна. Монгол Улсын сүүлийн хоёр сонгуулийн мөчлөгт МАН-ын зохион байгуулалттай дарангуйллын дэглэм (нэг хүний засаглалтай, тухайн хүний заавар тушаалаар явдаг тогтолцоо), авлига хээл хахууль, толгой угаалт дэлгэрээд байгаа учир сонгуулийн үр дүн хамгийн их сэтгэл түгшээж байна.

Дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын төлөөллийн хувьд энэ асуудал бидний санааг ихэд зовоож буй шалтгаан нь бид ОХУ болон БНХАУ-ын захиргаанд буй монголчуудын хүнд хэцүү бодит байдал болон Монгол дахь ардчиллын үнэт зүйлс хоорондын эрс ялгааг сайтар мэддэгт юм. Үндэс угсаа нэгт ахан дүүс маань Монгол улсад ардчилсан тогтолцооны дор үзэл бодлоо илэрхийлэх, хуран цуглах эрх чөлөө, чөлөөт сонгууль явуулах зэрэг эрхээ эдэлж чадаж байгаа нь шударга бус дарангуйлагч дэглэмийн дор хавчигдан байгаа бидний нутаг нэгтнүүдийн хувьд асар их баяр баясал, бахархал, тайтгарал, итгэл найдвар байсаар ирсэн. Иймд ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль дээдлэх зарчим нь нийгмийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь болохоос гадна үндэстний бүрэн эрхт байдал, үндэс угсаа, соёлын өвөрмөц байдлыг хадгалахтай гүн гүнзгий холбоотой гэдгийг бид бүрэн ойлгодог.

Тиймдээ ч ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль дээдлэх ёс, шүүхийн шударга, бие даасан байдлыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх нь зөвхөн нийгмийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн үндэс бус үндэсний тусгаар тогтнолоо хадгалахтай нягт холбоотой гэдгийг бид гүнээ ойлгодог.

Түүхийн явцад Монголын газар нутгийн хувьд тасралтгүй ашиг сонирхол өндөртэй байсаар ирсэн хоёр тоталитар улсын дунд хавчуулагдсан Монгол Улс геополитикийн хурцадмал байдалд автсан бүс нутгуудад итгэл найдвар, тэсвэр хатуужлын гэрэл болон зогсож буй нь үнэн.

Монгол Улсад ардчилал хумигдаж байгаагаас үүдэн иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаад зогсохгүй төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд ноцтой аюул занал учрах нь зайлшгүй юм. Дэлхий даяар тархан суурьшсан монгол угсаатны төлөөллийн хувьд бид Монголын ардчиллыг хадгалахыг улс төрийн ашиг сонирхлын үүднээс бус харин улс орон оршин тогтнох чухал асуудал гэж үзэж байна.

Бид олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн ардчиллын манлайлагч орнуудын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалуудыг Монгол Улсын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Монголын ардчилалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн нөлөөллийг ашиглахыг уриалж байна.

Иймд танай засгийн газар эсвэл байгууллагад хандан дараах хүсэлтийг хүргүүлэх нь:

  1. Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ийн удирдлага зохион байгуулалт дор Монгол Улсад ардчилал, хүний эрх алдагдаж байгааг шүүмжлэх.
  2. Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг иргэний үндсэн эрхийг хамгаалах, хадгалах тухайд байр сууриа илэрхийлэх.
  3. Монгол улсын засгийн газарт хууль дээдлэх ёс, ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмыг эрхэмлэхийг шаардах, шахалт үзүүлэх.
  4. Монгол Улсад ил тод, хариуцлагатай, шударга засаглал тогтооход дэмжлэг үзүүлэх.
  5. Монгол Улсад хүний эрхийг зөрчиж, ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ авах болон бусад олон улсын дипломат арга хэмжээ авах асуудлыг авч үзэх.

Мөн түүнчлэн улс төрийн бүх намуудад шударга, ижил тэгш боломж олгох, бохир сонгуулийн үйл явцыг засаж  иргэний улс төрийн эрхийг хамгаалахын төлөө Монгол улсын өнөөгийн эрх баригчдаас шаардахыг ардчилсан нийгэмлэгүүдэд уриалж байна.

Эрх баригч нам болон түүний засгийн газар олон ургалч үзэл, иргэдийн болон сөрөг хүчний нэгдмэл дуу хоолойг боомилох замаар иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрхийг алдагдуулж, төрийн хүнд суртал, нэг намын хэмжээлшгүй эрхшээлд оруулах увайгүй системт бодлогоо улам тэлэх хандлагатай байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг Монголын ард түмэнтэй хамтран тэдний эрх, эрх чөлөө, ардчиллын хүсэл тэмүүллийг боомилох аливаа оролдлогыг тууштай эсэргүүцэх ёстойн дээр  геополитикийн хүнд нөхцөлд байгаа энэ үед  Монгол улстай үзэл санааны хувьд  нэгдмэл байж ардчиллын гэрэл болно гэж найдаж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Монголын ард түмэнтэй хамт тэдний эрх чөлөө, ардчиллын хүсэл тэмүүллийг боомилох аливаа оролдлогыг тууштай эсэргүүцэх ёстой. Мөн Монголын ардчиллын төлөөх бүлэгүүдтэй үзэл санааны хувьд нэгдмэл байж, геополитикийн хүнд нөхцөл байдлын дунд тэднийг ардчиллын гэрэлт цамхаг хэвээр хадгалах нь зайлшгүй чухал юм.

Энэхүү яаралтай асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхнийг ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөөх Монголын ард түмний хүсэл тэмүүллийг дэмжин, Монгол Улсад үүсээд буй ардчиллын уналтын энэхүү хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн,

Алтан Цэцэг – Буриадын ардын бүжгийн чуулга, АНУ

Буриад Монголын Нэгдсэн Холбоо, АНУ

Буриадын тусгаар тогтнолын хороо, АНУ

Буриад ард түмний Конгресс, АНУ

Энхтайван ба тэгш эрхийн төлөөх Хазара байгууллага (HOPE), АНУ

Өвөр Монголын Ардын Нам, Япон

Интер Монгол Холбоо, АНУ

Халимаг Монголын Буддын Төв, АНУ

Монгол өв соёлын сан, АНУ

Ойрад-Халимаг түмний конгресс, АНУ

Өвөр Монголын хүний ​​эрхийн мэдээллийн өртөө, АНУ

Тусгаар Буриад Монгол, АНУ

Дэлхийн Монголчуудын Холбоо – Европ, Швед

Дэлхийн Монголчуудын Холбоо – Япон, Токио

Дэлхийн Монголчуудын Холбоо – АНУ

Зэрд – Монгол ардын хөгжмийн хамтлаг, АНУ

 

Англи хэлнээс орчуулсан З.Үүрийнтуяа

 

Төстэй мэдээ