Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

МУИС-ийн I-р түвшний оюутан Б.Лхагвачимэг: "Миний мэдэх Өмнөд Монгол" V-р байрын эсээ

Шинэ хязгаарын Монголчууд

“Насан багадаа гарахад нулимстай тасарсан нутаг минь

Сураглах биднийгээ үгүйлэн санаад үлдсэн садан минь” хэмээн шүлэглэсэн Шинэ-Од хэмээх эрхмийн тэмдэглэлийг уншлаа. Тэрээр “Нэг Монгол хүн орчлонгоос явахад нэг Монгол соёл, зан заншлын хэлхээ тасарч байгааг биеэрээ мэдэрч суух гашуун байлаа.” хэмээн өгүүлжээ. Ай даа ороо бусгаа цагийн үрээр эх орон, элгэн саднаа харийн саварт алдсан бидний Монголчууд. Улсын хил тогтоогүй 1940 оны үед нутаг орноо сэлгэн нүүж явахдаа ураг төрөл, төрсөн уснаасаа ийн хагацна гэж яахын санах билээ. Энэхүү зохион бичлэгийн далимд харь газар суугаа Монголчуудынхаа тухай, тэр дундаа Шинжааны Монгол угсаатан ардынхаа тухай танин мэдье.

Өөрийн биеэр хязгаар нутагт хөл тавиагүй надад цахим сүлжээнд буй Бизьяа хэмээх эрхмийн бичиж нийтэлсэн “Түүхч, угсаатан судлаач, доктор Ганболдын хязгаар нутагт аялсан тухай яриа” ихээхэн дэм болов. Шинжаан буюу Шинэ хязгаарын албан ёсны нэршил нь БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон юм. Энэ газарт Хятад, Уйгур, Хасаг ард түмэн зонхилон оршдог ба Монгол, Орос, Хотон зэрэг олон үндэстэн ястан бий. Дээрх нийтлэлд “Тэндхийн Монголчуудын ихэнх нь уламжлалт мал аж ахуйгаасаа нэлээд хөндийрч, тариа тарих зэргээр суурин суух болсон байна.” хэмээсэн буй. Соёлын нөлөөлөл, суурин амьдрал, эдийн засгийн шаардлагаар нүүдлийн мал аж ахуй түрэгдэн буй нэг жишээ энэ юм. Мөн Шинжааны Чингэл нутагт орших 200 гаруй Монгол өрхөөс ердөө хоёр айл л малаа маллан, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг ажээ. Тийм хэдий ч тэдгээр Монголчуудын ихэнх нь малтай, түүнийгээ хүнээр маллуулан, өөрсдөө тариа будаа, тэжээл зэргийг тарьж орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг ажээ.

Харийн оронд, харийн хүмүүстэй сүлэлдэн амьдардаг тул зан заншил, аж ахуй нь нэлээд өөрчлөгдөж буй. Үүний нэгэн жишээ бол “Урианхай ард түмэн овоогоо тахина, урианхай сур харвана. Туулиа хайлж байгаа ч манайх шиг түгээмэл биш.” хэмээн өгүүлжээ. Баяр ёслол, найр наадмын үеэр манай соёл хэмээн харуулж, энгийн өдрүүдэд суурин амьдралдаа ордог гэх үү дээ. Тэднийг буруутгах аргагүй. Өдгөө Монголчууд бид эх орондоо амьдран ахуй цагтаа ч харийн соёлд автаж эх хэлээ төдийгүй ёс уламжлалаа гээж байна шүү дээ. Хэдий тийм ч хязгаар нутгийн Монголчууд минь Монголоо “Эх нутаг хэмээн нэрийддэг.” гэсэн нь сэтгэлд тодхон мөрийг үлдээсэн мэт санагдана.

Өмнө нь Хятад, Уйгур, Хасагууд голлон суудаг хэмээн дурдсан билээ. Тиймийн тул зонхилох хэл нь хятад, уйгур, хасаг буй за. Доктор Ганболд “Жирийн Монгол хүн гэхэд хятадаар, хасагаар, уйгураар тэгээд монголоор ярьж байгаа юм.” гэж хэлжээ. Чингэл нутагт бол жишээ нь ажилдаа хятадаар, захад уйгур, хасагаар, гэртээ монгол хэлээр ярьдаг гэсэн үг. Ингэхлээр монгол хэл хавчигдаж буй нь харагдаж байгаа юм.

Юуны түрүүнд ямар ч ойлголт мэдлэггүй над мэтийн хүнд нүдэнд үзэгдэж, сэтгэлд буутал дүрслэн ярьсан Ганболд танаа ихэд талархав. Их сургуульд түүхийн хичээл дээр Өвөр Монголчуудын харамсалтай түүхийг өгүүлж байсан юм. Манж Чин улс Монголчууд бидний адил нүүдэлчин гаралтай хэр нь Ар Монгол, Өвөр Монгол хэмээн салган тусгаарлах бодлого баримталж, олон жилийн туршид харилцаагүй байлгасан нь хожмын ийм байдалд хүргэсэн гэх. Ер өнөө цагт хамт байх хувь заяа дутсан ч хожмын нэгэн баяр жавхлантай өдөр тусгаар орших бус бүх нийтээр нэгдэж, нэгэн туг дор мандан бадрах цаг ирнэ хэмээн миний төдийгүй Монголын минь ард түмэн чин зүрхнээсээ итгэмүй.

МУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Баяндалай овогтой Лхагвачимэг

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

Төстэй мэдээ