Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

ИЗОУИС, 2-р курсийн оюутан П.Сүнжидмаа: "Миний мэдэх Өмнөд Монгол" I-р байрын эсээ

Миний мэдэх Өмнөд Монгол

     Би гэдэг хүн бага ангиасаа хойш босоо Монгол бичгийнхээ гайхамшигт увдист татагдан салж хагацашгүй амьдралынхаа нэг хэсэг болгосон юм. Сурахад бэрх боловч тайлагдашгүй нууцын адил үсгийн уран дүрслэл, үгийн яруу дуудлага, давтагдашгүй зураглал зэрэг нь анхаарлыг татаж, мэдэх тусам улам сонирхолтой санагдах агуу их өв соёл билээ.

Бага байхад зурагтаар хааяа гардаг Өвөр Монгол нэвтрүүлгийг үзэх дуртай байсан. Ах дүү бид тавуулаа монгол бичгийг анх үсэг үсгээр нь салган уншиж сурч байх үедээ тэр нэвтрүүлгийг үзэж дэлгэцийн хажууд гарах цөөхөн хэдэн үгийг хамгийн түрүүнд хэн нь зөв унших вэ? гэдэг бяцхан тэмцээнийг зохиож ялагч нь гурван чихрээр шагнуулдаг байлаа. Мөн нэвтрүүлгийн төгсгөлд урсан өнгөрдөг бичгийг ам уралдан унших гэж гэр дүүрэн инээд болдог сон.  Үүнээс болоод ч тэр үү, урьд нь очиж байгаагүй болоод ч тэр үү Өмнөд Монголыг би Монгол бичгээр төсөөлдөг юм.

Эртний нэгэн цагт хаяагаа нийлүүлж гэрээ бариад хамт суудаг байсан үндэс нэгт цус холилдсон ахан дүүсээрээ битүүхэн дотроо бахархаж явдаг юм. Учир нь Хятад ард улсын хилийн дотор амьдран суудаг тэд хятад хэл бичигт уусаж болох л байсан. Гэвч тэд тэгээгүй. Өөрсдийн өв соёл, уламжлалаа авч үлдэхийн тулд Монгол хэлээ хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьж байгаа нь хэн бүхний нүдэнд илхэн харагдана.

Намар хичээл эхлэхэд торгон дээлээ өмсөөд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч байгаа Өвөр Монгол эцэг эхчүүдийн бичлэг санаанаас огт гардаггүй. Бүгд л нүүр дүүрэн мишээл тодруулж хүүхдээ хөтлөн алхаж байгаа нь дотно найз шиг минь дулаахан мэдрэмжийг төрүүлсэн.

Ингээд бодохоор миний мэдэх Өмнөд Монгол бол бидэнтэй л адилхан өв соёлоо дээдэлдэг, өвлүүлэн үлдээдэг, өрөвч нинжин, эелдэг дулаахан хүмүүсийн өлгий юм байна. Хамгийн чухал нь миний хайрладаг босоо бичгийг надаас илүү хайрлан хамгаалж, сурч мэдэн хаяж гээлгүй авч яваа элэг нэгтнүүдээрээ бахархахгүй байхын аргагүй.

Хэдий бид өөр өөр газарт амьдардаг ч гэсэн Монгол гэх нэрийн дор сэтгэл зүрхээрээ нэгддэг юм шүү.

ИЗОУИС-ийн 2-р курсын оюутан Пүрэвсүрэнгийн Сүнжидмаа

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч 

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

 

Төстэй мэдээ