Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

93-р сургуулийн 11в наги, Ц.Оюун-Эрдэнэ: "Миний мэдэх Өмнөд Монгол" IV-р байрын эсээ

"Миний мэдэх өмнөд Монгол" эсээ

Хилийн чанадад орших ч бидэнтэй нэгэн сэтгэл зүрхээр хамт байсан хүмүүс бол Өвөр Монголчууд билээ. Монголчууд бид 13-р зууны үед дэлхийд азаргалж байсан ч одоо цагт хоёр том хөршөөсөө хэт хамааралтай болж хүүхдийн зулай мэт эмзэг нөхцөл байдалд байна. Энэ хүнд цаг үед Ар Монголчууд болон Өвөр Монголчууд бид шударга байж худал хуурмаг, шударга бус зүйлийн эсрэг тэмцэх нь улс орны минь ирээдүйд хэрэгтэй.

Харин миний мэдэх Өвөр Монголынхоо төлөө тууштай тэмцсэн нэгэн бол Даваасамбуугийн Мөрөн юм. Тэрээр 1964 онд Өвөр Монголын Шилийн Гол аймгийн Баруун Сөнөд хошуунд төрсөн. Түүнийг бага байхад эцэг эх нь хэлмэгдэн шоронд хоригдож байсан тул нагацындаа өсжээ. Хятдууд тэр цаг үед газар дэвсгэр дээр нь байгаа монголчуудыг цөөлөх хортой бодлого  явуулж байсан бөгөөд 1 ой ч хүрээгүй дүүг нь хятад эмч хорлон амийг нь авчээ. Тэрээр ийм их зовлон үзэж хайртай хүмүүсээсээ салсан хэдий ч сэтгэлийн гал нь мөхөлгүй Хятадын Коммунист намын хөнөөлт бодлогыг тууштай эсэргүүцэж монгол үндэстнээ өмгөөлж хамгаалж байжээ. Тэрээр 1984 онд Өвөр Монголын нэг захаас нөгөө зах хүртэл дугуйгаар аялав. Тэгж байхдаа Өвөр Монгол, Хятадын байдлыг таньж, шударга бус зүйлд тууштай эсэргүүцлээ үзүүлдэг байв.

Түүний амьдралын хамгийн чухал үе бол Монголд түүхч мэргэжлээ дээшлүүлэхээр ирсэн жилүүд юм. Да.Мөрөн нь олон хүнийг тамлан хороож, хохирол учруулж хүний эрхийг нь зөрчсөн Хятадын Коммунист намын явуулж буй хортой бодлогын талаар хэвлэн нийтэлж Өвөр Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцдэг зүтгэлтнүүдийг суллуулж, намын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг байжээ.

Да.Мөрөн гэх хүн нь унтарсан лаануудыг асаах гал болж бусдыг манлайлан тэдэнд тэмцэх урам зоригийг өгдөг тийм л хүн байв. Тэрээр харь улсын эрх ашгийг эрхэмлэгч нам засгийн бодлогыг үнэн зөвөөр шүүмжилдэг байжээ. Гэвч Монголын төр засаг түүнийг хөөсөн тул тэр Швед рүү яван Өмнөд Монголоо гэсэн тэмцлээ үргэлжлүүлсээр л байв. Гэтэл 2001 онд түүнийг нас барсан гэх мэдээ явж эхлэв. Түүнийг хятдуудад алагдаж зүй бусаар хорвоог орхисон гэлцдэг. "

Хаана байгаа газраа өөрт байгаа зүйлээрээ чадах зүйлээ хий. " гэж Тедди Рузьвелт хэлж байсан шиг Да.Мөрөн өөрт байх бүх боломж, сэтгэл зүрхээрээ эх орноо гэсээр өөрийн амьдралаа өнгөрүүлжээ.
Да. Мөрөн нь өвөр монголчуудынхаа төлөө тууштай тэмцэгч, эсэргүүцэгч, сэтгүүлч хүн байсан. Түүний энэ бүх хичээл зүтгэлийг хэдэн ч жил өнгөрсөн хүмүүс мартаж үл болно. Түүний дайчин сэтгэлгээ, хатан зориг, үнэнч шударга зан нь хөх тэнгэрт бүхнийг гийгүүлэх нар адил бусдад нөлөөлж чадсан бөгөөд үеэс үед бидэнд дурсагдах болно.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 93 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Ц.Оюун-Эрдэнэ

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай