Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Хэнтий аймаг, Дадал сумын ЕБС, 12а анги, М.Алтжин: "Миний мэдэх өмнөд Монгол" I-р байрын эсээ

 

Хавь ойрын хүсэл бус хувь тавилангийн томоохон эргэлтэд ар ба өвөр гэж хуваагдсан Монгол үндэстэн.

Ай даа энэ амьдрал уу? Авирч хүрэхгүй даваа юм уу даа, хэцүүг мэдрүүлээд харууслаар нь хооллодог хугацаа юм уу даа. Зүүний сүвэгчээр багтах он жилийн урсгалд зүсрэх бороо шиг орсон бараан түүх одоо бидэнд ийм уйтай санагдаж буй атал тухайн үеийн тэмцэгч баатруудын тэвчээр барагдаж байсан нь тодорхой. Тийм л учраас би урсгавал цус нэгтэй, уншвал түүх нэгтэй, зурвасаар тусгаарлагдаж үндсээр холбогдсон хилийн чанд дахь ахан дүүсдээ өнгөрсөн бараан, өнгөтэй ирээдүйг өөрийн ядмагхан үг ямххан бодлоор хүргэхээр сэтгэл шулуудан сууна.

Манжийн дарлалд 200 жил байж, махан биеэ жанчуулж явсан. Монгол түмний бараан түүхийг мартаж зүрхлэх нь үгүй байх. 200 жил явсны эцэст тэр боолчлолоос салан тусгаар тохтнолоо авсны төлбөр нь баатар эрсийн минь цус, бүх Монголын харуусал байсан уу? гэлтэй. Улс Монголоо чөлөөлөх, улаан тугаа өргөх гэж ар болон өвөр Монгол, Цахар цэргүүдийн бүлээн амь, Хятдын шоронд босоогоороо мөнхөрсөн Манлайбаатар, Дамдинсүрэн, хойдын тайж Амарсанаа, шударга баатар Бавуужав, тууштай тэмцэгч Чингүүнжавын цуцашгүй зүтгэлээр олдсон юм. Одоо л нэг жаргал ирэв гэж олдсон боломжоо ашиглан бүх Монголыг нэгтгэх буцашгүй итгэл байсан боловч гурван улсын хиагтын гэрээгээр горидлого тасарч арга барагдав. Ийнхүү хоёр Монголыг салган байж, хагацал эзгүйрлийг мэдрүүлэн байж тулгар төрийн тусгаар тохтнол сэргэсэн түүх ийм ажээ.

Одоо энэ түүх олон жилийн өртөө дамжин орчин үеийн залуус бидэнд орлуулашгүй сургамж болон иржээ. Өвөр нөхдийн минь босоо заяат Монгол бичгээ бахархан дээдэлж, хүнтэтгэн биширч буйг хараад харь хэлийг шүтэн хүмүүн бичгээ умартаж буй өөрсдийгөө хараад ичих сэтгэл төрж буйгаа юунд нуух вэ. Монголоо гэх сэтгэлтэй мянга мянган сэхээтэн хятдын соёлын хувьсгалаар эрчилсэн утсыг таслах мэт эрдэнэт амиа алдсаныг бодоод одоо залуус минь бидний эрхийн төлөө оддын ертөнц рүү харван одсон Монгол угсаатны олон сэхээтний сургаал үгийг дотроо тээн сургамжилж ихийг бүтээгээсэй хэмээн хүсэх юм.

Өмнөд Монгод нутгаас өөрийн гэхээр таних хүн үгүй ч бодох төдийд л бага насны минь нэгээхэн дурсамжийн эзэн, аавын хамт эрээн хотоор аялаж явахдаа таарсан тэр нэгэн ах өөрийн эрхгүй бодогдоно. Харь хүнд мөнгөө залилуулаад арга барагдан алхаж байсан аав бид хоёртой нэгэг саарал машинтай ах тааралдан биднийг хүргэж өгөхийг хүсэхэд хэдий гайхсан ч өөр арга байгаагүй тул сууж билээ. Гэтэл тэр ах өөрийгөө өвөр Монгол хүн хэмээгээд очих газар хүртлээ олон сайхан түүхийг хуучилсан юм. Түүний ярианаас сонсоход улс Монголоороо бахархдаг өнгө, уг гарвалаараа омогшдог аясыг хараад том хот түмэн хүн дунд амьдарч буй атлаа яагаад хөгжил дэвшил эндэхээс муу, хүн багатай Монголдоо очих хүсэл тийм их байгааг гайхаж байсан сан. Одоо бодоход нээрээ л төрсөн газар төөлсөн чулуу, унасан газар угаасан усыг юугаар орлуулж болох билээ. Монгол хэмээх нь тэр ахын хувьд бодол нь төрж, сэтгэл нь унасан, үндэс угсаа нь тавигдсан жинхэнэ төрсөн нутаг байсан юм. Биеэр төрсөн бус сэтгэлээр төрсөн газар жинхэнэ төрсөн нутаг байдаг гэдгийг би тэр дулаан төрхтэй, даруу зантай ахаас олж харж билээ. Ирээдүйд магадгүй тэр ах их амьдралынхаа хувь зохиолоор миний бичсэнийг уншиж бяцхан намайг танина хэмээн найдаад сэтгэлээ шингээсэн энэ бичээсдээ “Баярлала” гэх үгийг чимэглэн үлдээе.

Манжийн дарлалд 200 жил, хоорондоо салаад 100 жил болж буй боловч одоо хүртэл “Өвөр Монгол” хэмээдгийн учир нэгэн байх бизээ. Хэдий хооронд минь салгасан ч улсаа гэх нэгдэл, угсаа гэх үндсийг нь тасалж чадахгүй учир холын ирээдүйд хамтдаа байхын сайхныг хүсэн ерөөлийг тавьж өнөөдрийн бичвэрээ дуусгая.

Мэргэн өвөгдийн удмыг залгаж, маргаашын гэрэл гэгээ рүү тэмүүлэх Монгол язгуурын үр хойч дэлхийд нэрээ дуурсгах болтугай. Хурай хурай хурай

Хуучны Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын 12а ангийн сурагч М.Алтжин

 

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд 

Хамтран зохион байгуулагч

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

 

Төстэй мэдээ