Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

155-р сургууль, 8е анги, Л. Номин: "Миний мэдэх өмнөд Монгол" IV-р байрын эсээ

 

"Миний мэдэх Өмнөд Монгол"

Тэртээх хилийн цаана монгол нутгаас тусгаар байгаа хэдий ч түүх, хэл, соёл уламжлалаа өдийг хүртэл өөрсөддөө хадгалан авч үлдэж чадаж буй Өмнөд Монголчуудынхаа түүхийг сөхөж нэг үзье.

Монголчууд хоёр зуун жилийн турш харь улсын эрхшээлд байсны эцэст 1911 онд Манж Чин улсын төр засаг нуран унаснаар монголчууд хоёр зууны турш дуулаагүй баярт мэдээг сонордон,"Олноо Өргөгдсөн Монгол Улс" байгуулагдаж, тусгаар тогтнолоо зарлан монгол төр засаг дэлхий даяар тархсан монгол үндэстнийг нэгэн туган дор нэгтгэн, төвшитгөхөөр зорьж эхлээд байлаа.

Улс дөнгөж байгуулагдсан, бүрэн төвхнөж амжаагүй, зэр зэвсэг хүрэлцээгүй байсанд тулгамдаж байсан ч монголчуул, өвөг дээдсийнхээ адил бор зүрхээ үл хайрлан,оюун санаа,сэтгэл зүрхээ зориулан Хаант Оросоос авсан алгын чинээ зэр зэвсгээр зэвсэглээд Дундад Иргэн улсын хараанд буй элэг нэгтэн ахан дүүсээ чөлөөлөхөөр удаа дараа тэмцэн,байлдсан боловч энэ бүхэн эцсийн эцэст тусгаар монголын хувьд ямар ч ашиггүй болж,их гүрнүүдийн шахалт,шаардлагын улмаас цэг тавигдан,өвөр монголчууд 1914 оны 8 сараас,1915 оны 5 сар хүртэл сунжран үргэлжилсэн гурван улсын Хиагтын гэрээгээр монголчуудаас саланги,тусгаар болсон харуусам түүх байдаг билээ.

Хөөрхий ахан дүүс минь өнөөдрийг хүртэл мөн ч их зовсон баймаар.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1966-1976 оны хооронд, нийтдээ арван жил тасралгүй үргэлжилсэн түүхийн аймшигт хуудсуудын нэг болох "Соёлын хувьсгал"-аар олон олон гэмгүй монгол амь үрэгдэж байв. Өвөрлөгч ардыг хошууны сум бүрт тэгш хуваарилан, хэлмэгдүүлэн цаазаар авч, цаазаар авсан монголчуудын цусыг мантуунд шингээж тэнд цугласан хүмүүст хүчээр идүүлдэг байж. "Зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл" гэгчээр зэрлэг балмад үйлдлээ хөхүүлэн дэмжиж байсан хятадуудад тухайн үеийн хятадын удирдагч Мао Зэдун монголчуудыг хүссэнээрээ алан хядаж, өвөр монголын газар нутгийг шунхан далай болгох эрхийг өгч байлаа. Соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголыг хамагт нь хятаджуулах бодлогыг зохион байгуулж байсан ба тус хэргийг гардан хариуцаж байсан дарга нар,"Зуун жилийн дараа гэхэд монгол цус, монгол соёл энэхүү нутагт устаж үгүй болно."хэмээн хэлсэн байдаг нь он цагийн уртад цагааран бүдгэрч буй монгол үүх түүхийг харуулж, эдүгээ биеллээ олох зам руугаа хазайж байгаа болов уу.

Энэ мэт дааж боломгүй зовлон бэрхшээлийг туулсан атлаа монгол хэл, бичиг, уран бичлэг, хөөмий, уртын дуу, эрийн гурван наадмаа даян дэлхийд таниулдаг өмнөд ахан дүүс минь өдгөө гагцхүү харь нутагт эх хэлнийхээ хил, залгамжийг сахин, Хятад орны уусгалтын бодлогоос дөлж, жагсаал, эсэргүүцлийг удаа дараа зохион байгуулж буйг нь хараад бахархах, омогших сэтгэл төрөхийн зэрэгцээ хамт тэмцэж чадахгүйдээ багтран зүрх шимшрэх юм.

Үүх түүх минь нэг,

Өв соёл минь нэг,

Шашин шүтлэг минь нэг,

Монгол хүн бүр нэг сэтгэл, нэгдмэл зүрхтэй байгаасай.

"Бүү март, Мартвал мөхнө."

Хүндэтгэсэн,

Нийслэлийн ерөнхий боловсролын

155 дугаар сургуулийн 8е ангийн сурагч Л.Номин

2024 оны 04 дүгээр сарын 22

 

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

 

Төстэй мэдээ