Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

"Шинэ өнөөдөр" сургууль, 8А анги, Ч. Нарансолонго: "Миний мэдэх өмнөд Монгол" III-р байрын эсээ

Криллээр

Уулын ар өврөөр зааглагдсан хэдий ч Монгол гэдэг нэр дор зангидагдаж, нэг соёл, нэг түүхийн жимтэй ард түмэн билээ. Их түүхийн замналыг судлан үзвэл одоогийн монголчууд ар өвөр болж хуваагдсан эхлэл нь 1630-аад оны үед улс төрийн хагарал, бутрал эхлэхэд Манжийн овог аймгууд нийлж Умард Алтан улсыг байгуулж говийн өмнөд хэсэг дэх монголчуудыг захиргаандаа оруулсан нь өнөөгийн Өвөрлөгч нар болжээ гэж товчхон дурдаж болох юм. Түүнээс хойш гурван зуун өнгөрч, 1911 оны хувьсгалаар Ар монголчууд , Өвөр монголчуудыг нэгтгэх бодлого явуулсан боловч амжилтгүй болж нэг нь их гүрний иргэншилд, нөгөөх нь тусгаар тогтносон улс болж өнөөг хүртэл оршин тогтносоор байна. Аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь нь болсон хэд хэдэн хөлөглөгч унаа бий.

Тэдний нэг нь яах аргагүй бусдаас ондооших ХЭЛ, СОЁЛ, УЛАМЖЛАЛ билээ. Харин эдгээрийг уламжлан тээгч нь яах аргагүй бичиг юм. Олон зууны түүхийг бичгээр үйлдэн ботилж өнөөгийн бидэнд өвөг дээдсээ таних, өв уламжлалаа мэдэх боломжийг бичиг л бидэнд хадгалан үлдээсэн билээ. Тиймээс миний бодлоор Өвөр Монголчуудын өдийг хүртэл их гүрний иргэншилд уусан шингэлгүй ондоошиж үлдэж байгаа нь бичиг соёлоо дээдэлдэг, хэрэглэдэг, эрхэмлэдэгт байгаа байх. Би анх 2 настай байхдаа Хятад гүрний хилийг давж тэнд аав, ээжтэйгээ хамт амьдрахаар очиж ӨМӨЗО-ы Эрээн хотод 7-8 жил амьдарч сурч хөгжиж, бага насны бүх л дурсамжаа тэнд бүтээсэн. Тэнд хичээлүүд нь монгол бичгээр орж, гадуур гараад бүх л хаяг тэмдэг нь монгол бичигтэй байдаг нь үнэхээр сайхан, бас бахархмаар санагддаг. Мөн тэд ханш нээх өдөр, цагаан сар гээд л уламжлалт өдрүүдэд бүх хүмүүс нутаг, нутаг руугаа явж, гэр бүлтэйгээ хамт байдаг.

Тэндэх хүмүүс их найрсаг, бас монгол хүн гэдгээрээ бахархсан, хөдөлмөрч хүмүүс байдаг. Би 4р ангиа төгсөөд Улаанбаатарт ирж сурахдаа энд Монгол бичгээр бичигдсэн зүйлс ховор байдаг нь их муухай санагддаг байж билээ. Учир нь жинхэнэ Тусгаар улс байж хэл соёл, бахархам сайхан түүх, ёс заншлаа дэлгэрүүлж алхам бүртээ би Монгол хүн шүү гэдгийг мэдрүүлсэн бүтээн байгуулалттай байх атал тийм бишид нь сэтгэл гонсгор явдаг. Тиймээс би Монгол бичгээ өөрийн төрөлх хэл, бичиг учраас түүхээ судалж үүнийг дэлгэрүүлэхийг маш их хүсдэг. Миний бодлоор бид Өвөрлөгч ах дүүсээсээ сурах зүйл маш олон гэдгийг олж харж, хятад биш монгол гэж бодож, сэтгэдэг байхыг хүсдэг. Хэдий харийн соёлын дайралт орж ирсэн ч Монгол хүн гэдгээ марталгүй бусдаас ондооших зүйлтэй байна гэдэг даяаршлын энэ үед хамгийн чухал зүйл гэж боддог. Хольж болшгүй цус, сольж болшгүй соёл гэж байдаг шиг үнэт зүйлтэй, өвлөх эрдэмтэй улс өнө мөнхөд оршдог гэдгийг Өвөрлөгч ах дүүс минь санаж хичээгээрэй.

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

Төстэй мэдээ