Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

ШМХФ сургуулийн 9-4 анги, П.Халиун: I-р байрын эсээ “Миний мэдэх Өмнөд Монгол”

Миний мэдэх өмнөд монгол
    Ижил мөрний цаана хоцорсон элгэн хайрт Халимаг минь.Эзэрхэхийн эрхэнд тасарсан энгүй их Тува минь.Монголын зуун хэмээн түүхийн торгон хуудсанд үлдсэн 13 дугаар зууны тэр үед далайн усыг цалгитал дэлхийд нэрээ цуурайтуулж явсан хөх толбот монголчууд бид хожмын нэг өдөр Манж улсын өмнө хүчин мөхөсдөж,өвдөгөө шороодно гэж хэн мэдэх билээ?Эл гунигт явдал биднийг гурван ёсоо дээдлэлгүй гурван хэлтэрхий бутран байснаас үүдэв үү?Эс бол хорон муу шуналаас үүдэв үү?Харь орны дарлалд 200 гаруй жил зүдэрч,зүрхэн доторх итгэлийн дөл бага багаар унтрахын цагт эцэст нь 8 дугаар Богд Жавзандамба хутагт тэргүүтэйгээр эвлэлдэн нэгдэцгээж өчүүхэн дөл минь гал болон ноцох нь тэр.”Гол нь тасравч горь нь тасрахгүй” гэдэгтэй адил хэзээ ч мохоогүй сэтгэлийн хатаараа бид 1911 оны 12 дугаар сарын 29нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан нь монголын түүхэнд нэгэн том эрдэнэ болон үлджээ.
        Ингээд л бүх зүйл сайхан боллоо гэтэл сайны хажуугаар саар гэгчээр “Монгол”ыг нэгтгэх зам тийм ч дардан байсангүй.Богд хааны зарлигаар Өвөр монголыг чөлөөлөх таван замын цэрэг 1913 оны хавар морджээ.Намрын сүүл сар гэхэд ихэнх нутгийг чөлөөлөөд байсан ч гэнэтхэн хөх тэнгэрээс аадар бороо айсуй.Тоолж баршгүй их амь,дуслуулж баршгүй их нулимс урсган байж арай ядан чөлөөлөх гэтэл 1915 оны 3 улсын Хиагтын гэрээгээр Өмнөд монгол ахан дүүсээсээ хагацахаас өөр арга үл олдов.
        Эх орон,элгэн саднаа гэх өнчин сэтгэлээ зүрхнийхээ гүнд нуучхаад ирээдүйн төлөө зүтгэсэн бас зүтгэсээр буй тэднээрээ бахархахгүй байхын аргагүй.Эдүгээ техник технологи,хөгжлийн их далай болсон Хятад улсын нутаг дэвсгэрт эх нутагтайгаа нуруу зэргэцүүлэн оршин буй алтан ясны минь хэлтэрхий болсон ахан дүүс минь.Тэд минь төдийгөөс өдий хүртэл монгол ёс заншил,өв соёл гэж юу болох тухай мөн монгол туургатан гэж хэн болох тухай дэлхий дахинд таниулсаар л явна.Жуулчид Монголын тухай сонирхон Өвөр монголоор аялах нь элбэгшсэн нь юутай бахархууштай.Дан ганц аялал жуулчлал бус сургууль,дуу хөгжим,аж ахуй,хот төлөвлөлт гэх мэтчилэн бүхий л газарт “Монгол” минь шингэжээ.Хотын гудамж талбайг үндэсний хээ угалзаар чимэглэж,хаяг,мэдээллийн самбаруудын тайлбарыг монгол бичгээр бичдэг байна.Мөн Тунляо хотын Жарууд хошуунд монгол үндэсний бага сургууль сүндэрлэх агаад үүдэнд байх нь үнэхээр л монголын өв соёл,аж ахуйг хэвээр нь цогцлоон байгааг илтгэх шиг.Үеээс үед эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн ёсоо умарталгүй тээж яваа нь туйлын гайхалтай.
         Гэвч ойрын хэдэн жил “БНХАУ ын ӨМӨЗО ны албаныхан бүх сургуулийг Мандарин хэлний хичээл шилжүүлж,монгол хэлний хичээлийг багасгахыг үүрэг болгожээ” гэх мэдээ элэг нэгт бидний сэтгэлд сүүдэр татуулан цуурайтсаар буй.Өсөхөөс сурсан үндэсний хэлээ хаалгуулахаас өөр гашуун тавилан юу байна.Мөдхөн 2021 оны 3 дугаар сарын 1ны өдөр сүүлчийн монгол хэлний хичээл орж эх хэл минь ахин Өвөр монголд цуурайтахгүй нь хэмээн зон олон сэтгэлээ төвөгшөөн байнам.20 дугаар зууны үед ноцсон гал минь яван явсаар өдий хүрчээ.Яг л өнгөрсөнд болсон шиг эл дөлөө гал болгохын төлөө ахин ахин хамтдаа хичээвэл бүтэх буйза.Хорио цээр тавьсан хэдий ч зүрх сэтгэл цуцаагүй цагт “Монгол туургатан” тэнд оршино.
           Олон дунд монголоор ярьж,бичиж үл чадах хэдий ч тэдний минь зүрхэнд босоо монгол бичгээр “Монгол” хэмээн сийлэн үлдээжээ.
           Түүхийг бид мартсан ч
           Түүх биднийг мартахгүй
           Түмэн жилийг туулавч
           Туургатан нэгнээ орхихгүй.
 Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 9-4 ангийн сурагч П.Халиун

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд 

Хамтран зохион байгуулагч 

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

 

Төстэй мэдээ