Нийтлэл, Цаг үеийн

Сонгоол хүний сэтгэл

Хилийн арын буюу хойд буриадууддаа бүгдэд нь элэгтэй бөгөөд үр үндэс нэгтэй ч сонгоол (цонгоол) буриад буюу монгол буриадууд маань бүр ч илүү дотно санагдсан.
ОХУ-ын Буриад улсын Монгол улстай хиллэх Хиагт, Зэд, Бичүүр, Мухар-Шивэрийн районуудад сүүлийн 100-350 жил ажил төрж буй монгол буриадууд болох сонгоол, сартуулууд маань өдийг хүртэл өөрсдийгөө “буриад биш монгол хүн” гэсээр (Уг нь аль аль нь монголчууд ч гэсэн), ар монголчуудад илүү ойлгомжтой аялгаар ярьсаар, бичгээр харилцвал Монголд огт ирж байгаагүй, удаан хугацаанд оршин сууж байгаагүй гэхэд итгэхээргүй, өвөг дээдсийнхээ уугуул Монголыг хайрлаж, элдэв таагүй мэдээ мэдээлэл, сэтгэгдэл энд тэндээс харвал эмзэглэдэг юм шиг санагдсан.
Хүний удам угсаа гэдэг ямар хүчтэй, хоёр гурван зуун жилд ч баларшүй байдаг юм бэ! Ураг удмаа мэдэж байвал ойд төөрсөн сармагчид мэт болохгүй ээ.
Нэг насаараа төдийгүй сүүлийн хоёр гурван үеэрээ “Буриад” гэгдэвч, өөрсдийгөө “Монгол үндэстэн” гэдгийг үл умартан их гүрэнд аж төрөхдөө тэд Монгол, монголчуудын тухай юу эсийг уншиж сонсох вэ дээ! “Монгол хүн, Монгол улс, монголын түүхийн нэр хүнд тэр гүрэнд ямархуу байдаг билээ, тэр бүхнийг хар багаас нас тогтотлоо хос хэлнийхээ нэгээр сонсож, үзэж, харж амьдарсаар Монголын тухай худал хуурмаг, таагүй мэдээлэл тарахад, эсвэл монголын ямар нэг зүйлийг муучилсан сэтгэгдэлтэй тааралдахаа Монголыг өмөөрч уурлах нь бараг л “комплекс” гэмээр болоо юу даа хөөрхий гэж ч бодогдож байв. Нэг хүнийг анзаарахад.
Нэг талаар тэд маань өвөг дээдсийнхээ уугуул нутаг Монголд цаанаа л элэгтэй, нөгөө талаар энд ирсэн буриадууддаа ч бас тусалчих сэтгэлтэй.
2022 оны 9 сарын 24-нд ОХУ-аас Монголд ирэгчдэд зориулсан ажлын зарын бүлэг (https://t.me/JobsInMongoliaForRussianCitizens) Телеграмд үүсгэсний дараа нэг хүнийг ар монгол хүн байна гэж бодсон юм. Зарим хүний монголоор бичсэн байр савны ба ажлын зарыг нэг хүн доод талд нь орос руу орчуулж тавин бусдадаа тусалж буй нүдэнд тусч, монгол сайн дурынхныхаа бүлэгт нэмж билээ. Бүлгийнхээ орос хэлтнүүдээс “хэлээд өгөөч, орчуулаад өгөөч” гэсэн ажлын зарыг орос руу дорхноо сайн орчуулж өгч байв.
Гэтэл тэр ах маань ар монгол биш сонгоол хүн байж билээ.
Монголд болж буй үйл явдлын талаар болон Монголын талаар хойно тарж буй таагүй мэдээлэлд тун дургүй шинжтэй, тэндэхийн амьдралд хутгалдан насаараа аж төрсөн бөгөөд төрсөөр ч буй тул тэнд юу болж буйг, их үндэстний үзэл бодол, зан чанар, тэр улс дах уур амьсгал, амьдрал, Монгол, монголчуудын талаарх нийтлэг ойлголт, жиг жуг яриа хөөрөөг ч тэнд 1 жил хэл сурч, 4 жил оюутан байгаад ирсэн ч юмуу их удаж хэдэн жил гадаад хүний ёсоор хөндлөнгөөс ажин аж төрсөн хэнбугайн ч дэргэд иргэнийх нь ёсоор нэвт шувт мэдэж буй нь дамжиггүй тул Монголын талаар таагүй мэдээлэл тэнд тарахад тэр хүний яагаад уурсан хилэгнээд, яагаад дургүйцэн үзэн ядаад буйг манай зарим орос хэлтнүүд лав ойлгохгүй юм шиг байна билээ.
Ноднин идэр есийн хүйтэнд Сүхбаатарын талбайд ард түмний жагсаал хэдэн өдөр болоход хойд хөршид маань “Америкийн санхүүжилттэй жагсаал” гэсэн мэдээлэл тархахад (Тэр мэдээлэл магадгүй “жам ёсоороо” дараа нь манайд бас тарж байгаа юм л даа) сонгоол ах уурлаж, үзэл бодлоо хурц ширүүн илэрхийлж орхиод манайхны нөгөө “Ах нартаа хир халдаадаггүй” хэдийн маань, тэр дундаа нэг найзын маань ч дургүйг хүргээд орхих жишээтэй.
“Монголд эрх чөлөөтэйгөөр ингэж засгийн газраа эсэргүүцэн жагсаж болдгийг, жагсаад баригдаж хоригдохгүй байж болдгийг тэд ойлгохгүй байна” хэмээн нэг талаар Монголоор бахархаж, нөгөө талаар тэнд тархаж буй мэдээллийг хангалттай харж үзэж буй тул өмөөрч уурлаж байж билээ. Өөдөөс нь манай нөгөө хэд мэдээж магадгүй Оросын нэг муу бага ястан монгол “ах нар” руу дайрч давшиллаа хэмээн өмөөрч дургүйцэх нь тодорхой, нэг найз маань сайн дураар туслах бүлгээ бүр хаяад гараад явчихаж байх жишээтэй. 🙂
Мөн энд ирсэн хэл усгүй буриадууддаа ч тус болчих санаатай, хэл усаараа наад зах нь зар мар орчуулаад өгчих ч юмуу тэднийгээ манууст нааштайгаар ойлгуулчих хүсэлтэй. Сонгоолууд маань монголчууд хэвээр, бас сүүлийн үеийн нэршлээр “буриад”монголын ч тасархай болжээ.
Хааяа нэг нийгмийн сүлжээнд орж ирээд “Одоо буриадууд монгол гэдгээ нэг ойлгож байгаа биз дээ!”, “Ингэж нэг монгол гэдгээ ухаарч буйд баяртай байна!!!” гэж лав л миний анзаарснаар хоёр гурван удаа хойд буриадуудад хандан оросоор бичсэн байсан тэр хүн бол өөр хэн ч биш сонгоол хүн! “Монгол буриад” хүн (Уг нь бүгд тийм)
Та нартайгаа уг үндэс нэгтэй болохоороо, адилхан монгол хүн гэдгээрээ, жаахан өөр аялгаар боловч нэг эх хэлээрээ чөлөөтэй ярьж хөөрч чаддаг болохоороо, Монголд маань буюу Монголдоо элэгтэй, хайртай болохоор тань би ч та нартаа цаанаа л элэгтэй байдаг , дотнохон санагддаг юм.
Манай монгол буриадууд!
Жич: Энэ дашрамд дурдахад Иөншөөв Б.Ринчен гуайн авга өвөө, эмээ (аавын аав, ээж) өнөөгийнхөөр бол Булган-Сэлэнгэ, Өвөрхангайгаас гаралтай Иөншөөв, Өрлүүд овгийнхон бол ээж нь Цогт тайжийн удмын боржигон овогт сонгоол хүн байсан билээ.
Нэмэлт мэдээлэл:
Элэг нэгтнүүддээ туслах Фэйсбүүкийн бүлгийн маань хаяг: https://www.facebook.com/groups/388351240168481/
*****************
Нийтлэлдээ нэмж буй цаг үеийн нэгэн шинэ мэдээлэл:
Хуучин ЗХУ-д багтаж байсан улс орнуудын уугуул монголчууд буюу ОХУ-ын халимаг, буриад, тува, алтай, Киргизийн сарт халимаг гэх мэт цөөн тоот монголчуудаа хэдий Монгол улсын иргэн бус, сонгох сонгогдох эрхгүй ч “монгол үндэстний үнэмлэх”-тэй болж даяар монголын ариун голомт Монголдоо сурч хөдөлмөрлөх боломжтой болоосой гэж хүсэж байвал та доорх хаяг дээр дарж ороод саналаа нэмэрлээрэй. Ялангуяа ОХУ-ын монголчууд маань (Халимаг, буриад, тува) гэж харьцангүй цөөн хүн амт ард түмэн байдаг шүү. Киргизийн Сарт халимагууд гэж бүр цөөхөн хүн байдаг гэсэн.
Цаг хугацаа биднийг хүлээхгүй, байгаа дээр нь энэ үйлсийн төлөө дээр доргүй хичээцгээе.
Та энэ дээр дарж ороод, нэр, цахим шуудангийн (и-мэйл) хаягаа бичээд л болох нь тэр. Дарж орох хаяг:
Дараа нь таны бүртгүүлсэн э-шуудангийн хаягаар баталгаажуулах холбоос ирэхээр дээр нь дарахад л санал тань баталгаажчихна. Ийм амархан!
Баярлалаа танд.
Өөрчлөхийн төлөө өөрөө оролцдог байя, монголчууд аа! Дор бүрнээ хэр чадлаараа оролцохгүй бол өөрчлөгдөхгүй юм байна.
Санал бодол, санаа оноогоо бичээд хуудас руу маань зурвас илгээж болно шүү.
Хол гэж бүү бод
Явбаас хүрьюү
Хүнд гэж бүү цөх
Өргөвөөс дааюу!
*********
Одоо биш бол хэзээ гэж?
Бид биш бол хэн гэж?
2023.12.20
Эх сурвалж: Б.Ууганбаяр

Төстэй мэдээ