Мэдээ, мэдээлэл, Оюутан, залуусын хөтөлбөр, Төсөл хөтөлбөрүүд

“Дэлхийн Монгол” Монгол угсаатны тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг гардууллаа

“Дэлхийн Монгол” тэтгэлгийг Элбэгдорж хүрээлэн, Дэлхийн Монголчуудын Холбооны Монгол  болон АНУ-дахь салбар, МУИС-иас хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус тэтгэлэг нь Монгол улсын их, дээд сургуульд суралцаж буй Халимаг, Тува, Буриад, Алтай, Өвөр Монгол, Дээд Монгол, Шинжааны Монгол зэрэг Монгол угсаатны оюутан залууст зориулсан тэтгэлэг юм. Тэтгэлэг нь сургалтын төлбөрийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэхээс гадна шалгарсан залуусыг 2-5 сарын хугацаанд хөгжлийн хөтөлбөрт хамруулдаг. Мөн энэ жил залуус багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл хэрэгжүүлэх юм.

Энэ жил материал илгээсэн олон оюутнаас бусдыгаа манлайлан Буриад 3, Халимаг 2, Өвөр Монгол 4, Дээд Монгол 1, Алтай 1 нийт 11 оюутан шалгарч батламжаа гардан авав.

Тэтгэлгийн зорилго:  Тэтгэлгээр дамжуулан Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид Монгол улсад ажиллаж амьдрах, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй Монгол угсааны залуусыг дэмжих юм.

Тэтгэлгийн зорилт: Дэлхийн Монгол угсаатны ирээдүй хойч болсон шилдэг оюутан, залуусыг:

  • Монголын соёл, уламжлал, түүх, нийгмийн амьдралтай танилцуулах;
  • Монгол улсад ажиллаж, амьдрах улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад нь дэмжих;
  • Дэлхийн Монгол угсаатны үндэстэн улсуудтай Монгол улс харилцаа холбоогоо нэмэгдүүлэхэд зууч болж үнэтэй хувь нэмэр оруулах;

Тэтгэлэг горилогчдод дараах шаардлагыг хангасан байх шалгуурыг тавьдаг. Үүнд:

  • Цаашид Монгол улсад ажиллаж амьдрах сонирхолтой байх;
  • Монгол угсаатны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах сонирхолтой байх;
  • Монгол болон Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Нийгэм олон нийтийн идэвхтэй, манлайлан оролцох сонирхолтой байх; зэрэг юм.

Талархал: Энэ жилийн тэтгэлгийг "Дэлхийн Монгол" тэтгэлэгт хандивлагчдын хандиваар олгож байна. Дэлхийн Монгол тэтгэлэгт хандив өргөсөн Дэлхийн Монголчуудын Холбооны АНУ дахь салбар байгууллагын гишүүд болох Тоочигийн Энхбат, Үжээдийн Чулуу, Санж Алтан болоод "Номын баяр" дээр хандив өргөсөн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хандив 100% тэтгэлэгт хамрагдагч оюутнуудын сургалтын төлбөрт зарцуулагдах болно. 

Дэлхийн Монголчуудын Холбоо

Улаанбаатар хот