Нийтлэл, Түүхэн

Д.Сүхаатар: Тав. Алтайн Монголчууд

Орчин үед монголчуудын огт орхигдуулсан түүхийн асуудал бол Алтайн монголчууд юм. Энэ талаар сүүлийн зуун жил хэн ч судалсангүй, хэн ч түүхийг нь үнэнээр бичиж байсангүй. Өнөөгийн алтайн монголчууд өөрсдийгөө “ мы алтайцы” гэцгээх юм. ”Та нар алтайчууд биш, та нар бол алтайн монголчууд” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу.

Үнэн түүхийг өгүүлсү.  Оросууд анх Ойрдын Зүүнгар улс 1777 онд мөхсөний дараа Алтайг түрэмгийлж эзлэхдээ Алтай нутгийн монголчуудыг “цагаан халимаг” хэмээн нэрлэж байжээ. Дараа нь оросууд Алтай нутгийг “Ойрдын автономит тойрог” хэмээн нэрлэж байв. Оросууд сүүлдээ монгол гэсэн нэрийг нь устгаж, дараа нь ойрд гэдэг нэрийг нь устгаж,  эдүгээ “алтайчууд” хэмээх шинэ  нэрийг  алтайн монголчуудад өгчээ.

Монголчууд одоо тэнд “алтайчууд” гэдэг уулын нэртэй болжээ. Дэлхийн түүхэнд монгол үндэстэн гэж байдаг болохоос “алтай үндэстэн” гэж байдаггүй юм. Дэлхийд Алтай уул гэж байхаас бус,  алтай үндэстэн гэж байдаггүй юм.

Монголчууд маань харийн оронд эзлэгдвэл ингэж л нэр ч үгүй, хэл ч үгүй болдог аж. Харин хаа ч очиж оросын Алтайд нутаг, уул, усных нь нэр монгол хэвээр үлджээ. Хэн ч очдоггүй, хэн ч ярьдаггүй газрыг “Бурхан мартсан газар” гэдэг дээ. Алтайн монголчууд буюу Алтайн хязгаар одоо ийм л газар болжээ. Зөвлөлт засгийн үед алтайн монголчууд  эх хэл, монгол соёл, шашнаа устгуулж, газар нутгаа хэдэн хэсэг болгон тасдуулж үлэмж их зовлон амсжээ.  Одоо Алтайн монголчуудын түүхийг үнэнээр нь бичих цаг болжээ. Үүнийг би судалж бичихээр шийдлээ. Эцсийн эцэст энэ газар нутаг, ард олон бол монголчуудын унаган нутаг  учраас би судалж бичихээр шийдсэн юм.

Алтайн монголчуудын үнэн түүхийг та бүхэнд толилуулъя. Эдүгээ орчин үеийн түүхчид, судлаачид Алтай нутгийг анхнаасаа л Орос улсын  Алтайн хязгаар нутаг байсан, эсхүл түрэг ертөнцийн нэг хэсэг, энэ тэр хэмээн худал ярьж бичсээр өдий хүрчээ. Ялангуяа орос зөвлөлтийн үзэл сурталчид сүүлийн зуун жилийн турш Алтай нутаг, түүний хүн амыг язгуур угсаанаас нь холдуулах, монгол гарлыг нь үгүй хийх, монгол нэрийг нь устгах бодлого барьж тэр хорт бодлогоо хүчээр албадан  хэрэгжүүлж байлаа. Алтай нутаг бол анхнаасаа л олон  зууны турш монголын унаган нутаг байсан. Манай эриний өмнөх 220 оноос эхлэн энэ нутаг монголчуудын өвөг дээдэс Хүннү улсын нутаг байсан. Хүн ард нь Хүннү гүрний иргэд байсан. 12 дугаар зуунаас эхлэн энэ нутаг монголын Найман аймгийн газар нутаг байсан. 1206 оноос хойш энэ нутаг Эзэн Богд Чингис хааны удирдсан Их Монгол гүрний унаган газар нутаг байлаа. Их Монгол гүрний харьяанд байхдаа энэ нутгийн монгол угсаатнууд гаднаас харийн ямар ч дайсан халдаж чадахгүй хамгаалалтанд амар амгалан амьдарч байв. 17 дугаар зуунд энэ нутаг Зүүнгарын урвагч ойрд ноёдуудын гарт орсон цагаас түгшүүртэй болж эхэлсэн юм. 1666-1756 оны хооронд энэ нутаг Ойрдын Зүүнгарын нутаг гэгдэж байлаа. Тэхлээр Алтай нутаг хоёр мянган жилийн турш монголын унаган газар нутаг байсан гэсэн үг.

Хэзээ Монгол улс энэ Алтай нутгаа алдсан бэ?  1688 онд Зүүнгарын  Ойрдын Галдан Халхыг довтолж Халхын Түшээт ханы 20 000 цэргийг хөнөөж гай тарьсан цагаас эхэлж  энэ нутаг хойд хөршид алдагдах шалтгааны үндэс болсон. Галдан Халхыг түрэмгийлэн эзэлж ард иргэдийг түйвээж олон мянган халх иргэд Долнуур руу дүрвэж Манжийн хааны ивээл дор амь гарч байлаа. Ойрдын ноёд удаа дараа өөр хоорондоо байлдаж Халхын эсрэг дайн өдөөж ард иргэдийг түйвээж байсан  тул Манжийн хаан  цэргээ Зүүнгарын нутагт оруулж урвагчдыг цаазалж Зүүнгар улсыг мөхөөсөн юм. Энэ байдлын далимдуулан Оросын эзэнт улсын цэргүүд 1709 оноос эхэлж Алтай нутгийг эзэлж цэргийн бэхлэлтүүдээ барьж Үнэн алдартны / Православия / шашны сүмээ босгож орос тариачид Алтайн газар нутгийг эзэлж тариа тарьж, алт мөнгөний уурхайн орос ажилчидыг  энд ирүүлж энэ сайхан монгол нутгийг эзлэн авсан юм. Хэн ч тэр үед хүчирхэг Орос улстай Алтайн газар нутгийн маргаан гаргаж монгол нутгийг эргүүлэн авч чадаагүй. Оросын түрэмгийлэгчид анх энэ нутагт 17 дугаар зууны эхний хагасаас эхлэн үзэгдэж эхэлсэн.

Удалгүй оросын цэргийнхэн 1709 онд Бикатуны бэхлэлт, 1717 онд Белоярскийн бэхлэлтүүдийг барьж нэг талаар Зүүнгарын ойрдуудаас хамгаалах, нөгөө талаар Алтай нутгийн бүх баялгийг судлах, алт мөнгөний ордуудыг нээх зорилгоор хайгуул хийж газар нутгийг нь ойрдуудаас булааж авах ажиллагаа явуулж байв. Монголын Алтай  нутаг бол алт мөнгө, давс, хүрэн нүүрс, никель, кобальт зэрэг ашигт малтмалаар баян, мрамор, гранит, минералын ус, эмийн ургамалаар баялаг нутаг тул оросын түрэмгийлэгчдийн шуналыг ихээр хөдөлгөж байлаа. Алтай нутгийн баялгийг эхлээд оросын иргэн худалдаачин Костылевынхон нээж энэ нээлтийг нь оросын Уралын баян худалдаачин үйлдвэрийн эзэн Акинфий  Демидов / “Демидовынхон” гэдэг олон ангит орос кино байдаг шүү дээ / ашиглаж үлэмж их олз олж байв. 1730 онд энэ нутагт Демидов мөнгө хайлуулах завод барьж байгуулсан бөгөөд уг тосгоныг “Барнаул” хэмээн нэрлэв. Ийнхүү монголын унаган нутаг байсан Алтай орчмын хагас сая квадрат км нутаг оросын мэдэлд орсон билээ.

Оросын Эзэн хаан энэ нутагт Алтайн үйлдвэрүүдийн эзэн, орд газрын эзэн, ой, газрын эзэн болсон байна. Ийнхүү Алтайн уул уурхайн үйлдвэрүүд үлэмж их алт мөнгө олборлож Орос гүрний хэрэгцээг хангаж байв. 1915 онд Алтайн төмөр замыг барьж Барнаул хотыг Транс Сибирийн төмөр замтай холболоо. Орос оронд эхэлсэн Столыпиний газрын шинэчлэлт Алтай нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд ихэд нэмэр болов. Удалгүй 1917 онд Орос оронд  большевикууд төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авч Орос орныг сүйтгэж эхлэв. Зөвлөлт засгийн үед большевикууд Алтай нутгийг бусниулж эхлэв. Нэг хэсэг “Алтайн губерни” гэж байгуулаад дараа нь удалгүй Сибирийн бүрэлдэхүүнд оруулаад тэгснээ баруун Сибирийн бүрэлдэхүүнд оруулж байв. Тэгснээ “Ойрдын автономит тойрог” гэж байгуулаад удалгүй “Алтайн хязгаар” гэдэг нэртэй болгов. Алтайд амьдардаг ойрд монголчуудын нэрийг “алтайчууд” гэж нэрлэдэг болов.

Эх орны дайны үед Алтай нутагт олон арван үйлдвэр нүүж ирсэн ажээ. Үйлдвэрээ дагаад олон зуун инженер сэхээтнүүд ирэв. Эх орны дайны дараа энэ нутагт олон арван үйлдвэр ажиллаж, тал нутгийн атрыг хагалж үр тариа тарьж үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуй хөгжиж байв.Алтай нутаг бол үзэсгэлэнт байгальтай ариун дагшин нутаг байв. Энэ нутагт 17 000 гол горхи, 13 000 нуур оршдог билээ. Энэ нутагт 26 хувь нь ой модтой билээ.   Энэ нутагт  89 төрлийн мөлхөгч амьтад, 320 төрлийн шувууд,  33 төрлийн загас оршдог ажээ.

Эдүгээ Алтай нутаг хоёр хэсэг хуваагджээ. Нэг нь “Алтайн хязгаар” нэртэй болсон байна. Алтайн хязгаар 168 000 квадрат км газар нутагтай, 2,3 сая хүн амтай ажээ. Хүн амын 94 хувь нь буюу 2,2 сая нь орос хүн эзэлж байна. Алтай нутгийн уугуул хүн ард  болох ойрд монголчууд хүн амын 0.1 хувийг эзэлж  тэнд  1700 ойрд монгол хүн амьдарч байна. Нөгөө нь 1991 онд Алтайн хязгаарын бүрэлдэхүүнээс “Горно Алтайн автономит муж” болгон нэг хэсгийг нь салгажээ.  Эдүгээ Оросын Холбооны бүрэлдэхүүнд Алтайн бүгд найрамдах улс нэртэйгээр оруулжээ.

Түүхээс үзвэл 1922 онд Ойрадын автономит муж, 1948 онд “Горно - Алтайн автономит муж”, 1991 онд “Алтайн бүгд найрамдах улс” гэдэг нэртэй болжээ.

Газар нутаг нь 92 906 квадрат км, хүн ам нь 218 858. Хүн амын 56 хувь нь орос, 34 хувь нь  монголчууд / оросууд алтайцы гэж бичжээ /, 6 хувь нь казахчууд эзэлдэг байна. Нийслэл нь Горно Алтайск хот. Горно Алтай  нутагт 20 000 гол горхитой, урт нь 60 000 км болдог. Хамгийн том гол бол Хатан гол, Бия гол юм. Эдгээр голууд сибирийн хамгийн том гол Обь мөрөнд цутгадаг. Энэ нутаг 7000 нууртай. Хамгийн том нуур нь Алтан хөл нуур. Энэ нуурийн эзлэхүүн 231 квадрат км. Энэ Алтан хөл нуур үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нуур юм билээ. Нийт нууруудын эзлэхүүн нь 600 квадрат км. Хамгийн өндөр уул нь Хүйтэн уул, 4374 метр өргөгдсөн. Горно Алтайн өмнөд хилийн нуруунууд нь Таван Богд уул, Өмнөд Алтай юм. Монголын уугуул нутаг Алтай бол евроазийн стратегийн чухал түшиц нутаг юм.

Алтайн хязгаарын байгаль, уул, рашаан ус, гол горхи, нуурууд,  эмийн ургамал, ой мод нь гайхалтай сайхан нутаг юм. Саяхан би Өвөр монголын “Одон” телевизийн сэтгүүлчид Алтайн хязгаарт аялсан тухай баримтат телевизийн нэвтрүүлэг үзлээ. Мөн оросын Мир приключений-фильм “ Красоты горного Алтая” баримтат кино үзлээ.  Ямар сайхан үзэсгэлэнт байгалтай нутаг вэ. Цаст оройтой сүрлэг уулнууд, ширүүн урсгалт  тунгалаг голууд, 60-180 метр өндөр цутгалангууд, тунгалан нуур цөөрмүүд, Ангараг гариг шиг ягаан өнгөтэй уулын нуруунууд, өнгө алагласан уулын цэцэгнүүд. Гэрээ хэлэхийн аргагүй үзэсгэлэнт нутаг юм. Хөөмийн, ардын дуу нь уянгалсан гайхалтай нутаг. Ойрад монголчууд амьдарч байсан ийм сайхан унаган монгол нутгаа харьд алдсан гэж бодохоос өөрийн эрхгүй харамсал төрнө. Энэ газар нутаг чинь эхнээсээ аваад монголын унаган газар нутаг  байсан. Дараа нь монголын Ойрдын Зүүнгарын нутаг байсан. Ойрдын Зүүнгар улс мөхөсний дараа орос, казахууд монголын ойрдын зүүнгарын нутгийг бүхэлд нь булаан авсан байдаг юм.

Оросууд эдүгээ энэ нутгийг оросын уугуул нутаг хэмээн худал түүхийг үнэн мэт  ярьсаар залуу үеийг үнэмшүүлж чаджээ. Уугуул иргэд ойрд монголчуудын ярьдаг  эх монгол хэлийг нь эдүгээ алтай хэл хэмээн буруу нэрлэдэг болжээ. Дэлхийн хэл шинжлэлийн ухаанд Алтай хэлний бүрэлдэхүүн гэсэн ойлголт байдаг.Энэхүү алтайн хэлний бүрэлдэхүүнд: монгол, түрэг, тунгус, манж, япон, солонгос хэл ордог ажээ. Ийнхүү монголын унаган нутаг Алтай бүтэн дөрвөн зууны туршид орос- зөвлөлтийнхний  гарт орж унаган монгол хэл, соёл, буддын шашин нь устаж эдүгээ танигдахын аргагүй болжээ. Хайран монгол нутаг, хайран монгол угсаатан.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар