Нийтлэл, Түүхэн

Д.Сүхбаатар: Орчин үеийн Халимаг-VI

1991 онд дэлхийн улаан коммунизмын голомт байсан Зөвлөлт Холбоот Улс задран унаж, дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдлаа. Дэлхийг ороосон хорт могойн хар хүч суларлаа. Коммунист еврейчүүдийн бүтээсэн  айдас, яргалал, хүчирхийлэл дээр тогтсон коммунизм хэмээх том мангас дэлхийн 100 сая хүний амь насыг хөнөөсний эцэст ийнхүү мөхөв. Өрнөдийн Берлиний хананаас азийн Монголын тал нутаг хүртэлхи   ард түмэн коммнуизмыг булшилж эрх чөлөөгөө оллоо. 1990 онд Халимагийн бүгд найрамдах улс байгуулагдаж Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд Орос улсын салшгүй субьект мөн гэсэн статустай үлдэв. 1993 онд Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж анхны Ерөнхийлөгчөөр Кирсан Илюмжинов сонгогдож, 17 жил Халимагийн Ерөнхийлөгчөөр ажиллав.

Кирсан Илюмжиновын өөрийгөө бүтээсэн түүх тун гайхалтай байдаг юм. Кирсан 1962 онд буюу бар жилд төрсөн. Кирсан бага байхдаа тодорчихсон хүүхэд байлаа. Хорьдугаар зууны наяад оны 250 сая хүн амтай зөвлөлтийн харгис хатуу нийгэм дундаас  зөвлөлтийн халимаг хэмээх хэн ч мэдэхгүй хязгаар нутгийн жирийн нэгэн сэхээтний монгол цустай хүү гэнэт тодрон гарч ирнэ гэдэг тун бэрх хэрэг байлаа. Кирсаныг бага насанд нь бусад хүүхдүүд зодож дээрэлхэх гээд байхлаар нь боксын дугуйланд явж ганц цохилтоор хэнийг ч нам унагахаар чадалтай болчихов. Тэр бээр сургуульд байхдаа ном их уншдаг, ой тогтоолт үлэмж сайн, сониуч, бүхий л дугуйланд явдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байв. Тэр Элстэй хотын дунд сургуулийг 1979 онд алтан медальтай онц төгсөв. Дунд сургуулийн 14 настай хүүхэд байхдаа Халимагийн насанд хүрэгчдийн шатрын аварга болжээ. Тэр бээр Халимагийн насанд хүрэгчдийн шатрын багийг удирдаж тэмцээнд орж түрүүлдэг болов. Шатрын спортын мастер болов.

Кирсан дунд сургуулиа төгсөөд шууд их сургуульд орсонгүй, амьдралын хүнд хүчрийг үзнэ гээд “Звезда” хэмээх заводад слесарь- ажилчин болчихов. Дараа нь зөвлөлтийн армид ахлах түрүүч цолтой хоёр жил алба хаав. Тэр армид байхдаа зэвсгийг сайн эзэмшиж, хамт олноо хамгаалах, өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалахад суралцав. Тэр зөвлөлтийн армид байсан муу зуршил болох “дедовщина” буюу “оны ялгаа”-г арилгахын төлөө тууштай тэмцэв. Амьдралын энэхүү зурвас үе нь түүнд амьдралын том сургууль болж тэвчээр  хатуужилтай, зоригтой, бие даасан, өөрийн үзэл бодолтой, ухаалаг залуу болоход нь ихэд дэм болов.

Дараа нь 1982-1989 онд Москвагийн МИМО буюу Олон улсын харилцааны дээд сургуульд оюутан болж япон хэл, япон судлалаар мэргэшив. Тэр орос, англи, япон, монгол, хятад хэл мэддэг байлаа.Түүнийг онц сурдаг оюутан байхад нь түүнд атаархсан хэн нэгэн оюутан 1988 онд КГБ-д түүнийг гүтгэж, “афган, ираны тагнуул” хэмээн матаас хүргэж наяад оны сүүлчээр хоёр жил Лубянкад байцаагдаж үйлээ үзэв. Гэвч тэр нугараагүй, бууж өгөөгүй. Ялж гарав. Тэр бээр 1989 онд МИМО-г 27 насандаа төгсөж, дараа нь шууд  Зөвлөлт Холбоот Улс дахь зөвлөлт- японы  хамтарсан “Лико- Радуга” компаний захирал болов. Кирсан ердөө ганц жилийн дотор гадаадын автомашины худалдаа хийж анхны сая доллараа олжээ.Тэр бээр 1990 онд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн депутат болов. Тэр бээр 1990 онд “Сан” хэмээх корпораци байгуулав. Тэр бээр банк, ресторан, зочид буудал зэрэг салбарт хөрөнгө оруулж байв. Тэр бээр удалгүй тэрбумтан болов.

Кирсан 1992 онд Болгар улс руу явж мэргэн Ванга эмээтэй уулзав. Ванга эмээ түүнд: “Чи хоёр ерөнхийлөгчийн суудалд суух юм байна. Танай Халимагт нефть олдох юм байна” гэв. Кирсан түүнээс “Халимагт хаана нефть олдох юм вэ?” гэж асуухад Ванга харандаагаар Халимагийн газрын зураг дээр нэгэн хүнгүй шахам элсэн цөл газар дээр зааж: “Энд нефть олдоно” гэв. Үнэхээр тэр газарт их хэмжээний нефть олдож, тэнд нефтний үйлдвэр  барьжээ. Кирсан ч удалгүй Халимагийн ерөнхийлөгч, олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч болов.  Тэр бээр 1993 онд сонгуульд оролцож  Халимагт хувийн өмчийг халдашгүй болгох, Халимагийг нэг компани гэсэн зарчмаар хөгжүүлэх, Халимагт зөвлөлт засгийг устгах, КГБ-г устгах зэрэг зорилт хөтөлбөртөө дэвшүүлж,сонгуульд ялж, Халимагийн Ерөнхийлөгч болов. Халимагийн ерөнхийлөгчөөр 17 жил ажиллав. Тэр Халимагийг оффшор бүс болгов.

Тэр 1995 онд Олон улсын шатрын холбооны / ФИДЕ / ерөнхийлөгч болов. Халимагт европын хамгийн анхны гоёмсог сүрлэг буддын алтан сүм байгуулав. Тэр бээр өөрийн олон сая долларын хандив хөрөнгөөр олон буддын болон үнэн алдартны шашны сүмүүдийг бариулж, Элстэй хотод шатрын хотхон байгуулж, шатрын олон улсын олон тэмцээнийг ивээн тэтгэж, олон ядарсан хүмүүст мөнгөн тусламж, орон сууцны тусламж үзүүлэв. Буяны ажил ихийг хийв. Үнэхээр гайхалтай.

Кирсанд монгол хүний гени, өвөг дээдсийнх нь уламжлал шингэсэн байдаг юм. Тэр бээр  өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, өөрийгөө бүтээж чадсан гайхалтай хүн.  Кирсан бол монгол туургатны бахархал юм.

1994 онд Халимаг улс Үндсэн хуулиа батлав. 2009 онд Халимаг улс Орос улсад сайн дураар нэгдсэний 400 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэжээ. Ер нь үнэнийг хэлэхэд монгол туургатан халимаг, буриадууд дөрвөн зууны тэртээ Орос улсад нэгдсэн нь монгол туургатан бидний хувьд баяр бус, харин эмгэнэл юм. Эдүгээ Халимаг улсын хүн ам нь 284 000, үүнээс халимаг хүн 162 000 байна. Газар нутаг нь 74.7 мянган квадрат км, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 73.0 мянган рубль байна. Халимагт 184 сургуульд 32 мянган сурагчид сурч байна. Их сургуульд нь 8 мянган оюутан сурдаг.  Халимагийн ард түмэн Бурханы шашин шүтдэг. Халимаг нутагт К.Илюмжиновын хандив санаачилгаар европт хамгийн том, гоёмсог хийцтэй Бурханы алтан сүм баригдсан.

Халимагийн Бурхны шашны тэргүүн нь АНУ-ын Филадельфи хотод  халимаг гэр бүлд мэндэлсэн залуу лам, манай Халхын Дилов хутагтын хойд дүр Тилопа Тулку римбүүчий - Шажин лам юм.

Эдүгээ Халимагт үндэсний соёл, шашин, ёс заншил сэргэж туульчид Жангараа хайлж , сүсэгтнүүд Бурхны шашнаа дээдэлж, дуучид нь халимаг дуу хуураа хангинуулж, халимаг бүжгээ хийж, эх хэлээ сэргээх хөдөлгөөн өрнөж байна. Хэдхэн жилийн өмнө монгол туургатны дуучин, ”Хамаг Монгол” төслийг санаачлагч  С.Жавхлангийн зохион байгуулсан “Хамаг Монгол” дуу хөгжмийн наадам Халимаг улсад амжилттай болжээ.  Халимагийн нийслэл Элстэй хотын “Уралан” төв цэнгэлдэх хүрээлэнд 20 000 халимаг хүн цуглаж монгол туургатны дуу хөгжмөө хангинуулж,  халимагийн настан буурлууд: “Үнэхээр сайн цаг иржээ. Халимагууд бид  монгол туургатныхаа наадмыг үзэх хувьтай ажээ” гэцгээж байв. Наадмын төгсгөлд бүгдээрээ халимагийн ард түмний сүлд дуу болоод байгаа “Төрөлмнүүд минь” хэмээх дууг бяцхан халимаг хүүхдээс эхлээд Ерөнхийлөгч хүртлээ  ард түмнээрээ нэгдэн дуулж халимагчууд баярын нулимс унагаж байлаа.

С.Жавхлангийн дуулсан халимагийн ард түмний “Залбирал” хэмээх дууг сонсоход халимагийн ард түмний туулж өнгөрүүлсэн зовлон нүдний өмнө харагдах шиг болдог юм. Халимагууд харийн нутагт хамаг үнэт зүйлээ алджээ. Ойрд монгол нэрээ алджээ, эх монгол хэлээ алджээ, үндэсний бичиг соёл, үндэсний шажин, ёс заншлаа алджээ, гэр орон, бэлчээр, мал сүргээ алджээ. Хайран монгол туургатан.  Орчин үед халимаг монголчуудад сэргэн мандах боломж байна. Халимагчуудад Монгол улсад давхар иргэншилтэй амьдрах эрхийг олгох хэрэгтэй. Иймд  Монгол улс  давхар иргэншлийн хуулийг нэн даруй батлах хэрэгтэй. Ялангуяа  хөрш хоёр улсад  /ОХУ, БНХАУ/ амьдарч байгаа монгол угсаатан хүмүүст давхар иргэншлийг зөвшөөрсөн заалтыг  хуулиндаа нэн түрүүнд тусгах хэрэгтэй. Ингэвээс хөрш хоёр улсад амьдарч байгаа монгол угсаатан хүмүүс Монгол улсад ажиллаж амьдрах эрхтэй болох боломж буй болох юм.

Эдүгээ Орост  200 000 орчим халимаг , Хятадад 250 000 , Монголд  140 000, Афганистанд 50 000 , Киргизэд 6000 ойрд монгол хүн амьдарч байна. Хэрэв ойрдын ард түмэн ойрд ноёдын харалган буруу шийдвэрийн балгаар монгол эх орноосоо тусгаарлаагүй бол, харь оронд дагаар ороогүй бол, харийн гүрний  дайн дажин, дарангуйлалд өртөөгүй бол өдийд нэг сая гаруй ойрад хүн Монгол эх орныхоо нөмөр нөөлгөнд  элэг бүтэн, энх тунх амьдрах байсан даа. Даанч түүхийн хүрд өөрөөр эргэжээ. Харийн нутагт харгислал, аллаганд өртсөн  нь ойрдын ард түмний буруу биш. Ойрдын мулгуу ноёдын харалган  бодлогын гай, уршигт  улаантныг дагасны  уршиг  юм. Халимаг түмэн ойрдууд минь ийнхүү хатан зориг, хатуужил тэвчээрээр харь газар олон зуун жил үлэмж  их зовлонг  даван туулсан нь грекийн домогт гардаг үнсэн дундаас амилаад нисдэг феникс шувуу мэт  эрэлхэг ард түмэн гэдгийг түүх харуулж байна.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар

 

Төстэй мэдээ