Нийтлэл, Түүхэн

Д.Сүхбаатар: Дүрвэсэн Халимаг-V

Дайны үед Сталин “хэрэв зөвлөлтийн улаан цэрэг германд олзлогдвол шууд буудна”гэсэн тушаал гаргасан. Ийм ч учраас германд олзлогдсон 4000 гаруй халимаг цэрэг дайны дараа улаан Орос руу буцаж очихгүйгээр шийдэж ихэнхи нь Өрнөд Герман, Францад дүрвэв.

Халимагийн өрнөд рүү гарсан дүрвэгчдийн түүхийг дор дурдсан гурван үед хувааж болно. Эхний үе нь иргэний дайны дараа цагаан гвардийн армид тулалдаж байсан халимагууд 1920-иод онд Туркээр дамжиж Серби, Болгар, Франц, Румын,Чехид очсон. Ер нь 1921 он гэхэд зөвлөлтийн харгис улаантнуудаас зугатааж нийт 2 сая оросын иргэн Өрнөд рүү дүрвэсэн байдаг юм.  Хоёр дахь үе нь дэлхийн хоёрдугаар дайны дараа эхэлдэг. Энэ үед халимагууд Украйн, Польшоор дамжин Өрнөд Герман, Францад  очсон. 1945 оны 5-р сарын 9- нд зөвлөлтийн улаан арми Германийг ялсан ч гэсэн олон арван мянган зөвлөлтийн  цэрэг, офицерууд зөвлөлтийн армиас зугатааж өрнөдөд үлдсэн байдаг юм. Тэдний дотор олон зуун халимаг цэрэг, офицер байсан. Учир нь Польш, Герман, Австри, Чехословак, Югослав, Румынийг чөлөөлсөн зөвлөлтийн цэрэг, офицерууд хорьдугаар зууны дөчөөд оны өрнөдийн жирийн иргэдийн амьдралыг хараад өөрсдийгөө улаантны тамд ямар ч өмчгүй өлсгөлөн  амьдарч байжээ гэдгээ ухамсарласан юм. Өрнөдийн австри, польш, германий хөдөө нутгийн фермерүүд өөрийн газартай, байшинтай, байшин нь халуун хүйтэн устай, ваннатай, цахилгаантай, хувийн машин, трактортой байхыг хараад зөвлөлтийн улаан цэрэг, офицерүүд  мэл гайхаж байсан юм. Зөвлөлтийн комиссарууд цэргүүдэд “энэ бүгд хөрөнгөтөн анги ажилчдыг мөлжин дарласнаас болж ийм байгаа юм” хэмээн гүтгэж ухуулга хийдэг байсан  боловч ихэнхи нь энэ ухуулга худлаа гэдгийг мэдэрч байв. Зөвлөлтийн 7 сая цэрэг европыг чөлөөлсөн. 1 сая нь амь үрэгдсэн. 1.2 сая нь дайны үед зөвлөлтийн армиас зугтсан. 500 000 нь 1944-1945 оны үед улаан армиас зугтаж өрнөдөд үлдсэн гэдэг. Нэгэн ийм яриа байдаг. Дайнд ялсан зөвлөлтийн цэргүүд ялалтаа тэмдэглэж Берлин хотод гурав хоног архиджээ. Тэд германаас олзолж авсан суудлын “Мерседес” машинаар германий авто замын чанарыг шалгахаар шийдэж  том хундага дүүрэн архи хийж машиндаа тавиад германий авто замаар 120 милийн хурдтай давхиж үзэхэд хундагатай архи нь нэг ч удаа цалгиж асгаагүй гэдэг. Германчууд ийм л чанартай замтай байжээ. Тэдгээр өрнөдөд үлдсэн цэрэг офицерууд  Зөвлөлт Холбоот Улс руу буцах юм бол урьдын адил ямар  ч хувийн өмчгүй улаантны боол  болно гэдгээ сайн мэдэж байсан юм. Ихэнхи нь ар гэртээ хүлээх хүнгүй, эсхүл аав, ээжийг нь улаантнууд буудан хөнөөсөн, эсхүл ах дүү нарыг нь шоронд хийсэн зэрэг байдлаас болж  тэд Зөвлөлт рүү буцах сонирхол байхгүй байсан.

Зөвлөлтийн нийгэм ядуурлын туйлд байлаа. Одоо болтол дэлхийн хоёрдугаар дайн дуусаад далан жил болж байхад оросын алслагдсан хөдөө нутаг урьдын хэвээр ядуу чигээрээ үлдсэн байдаг.  Дайны дараа өрнөдөд үлдсэн олон мянган халимагууд шууд АНУ-д дүрвэн гарахад их хэцүү байлаа. 1944-1951 оны хооронд халимагууд 6 жил Германий Мюнхен хотын орчим цагаачлагчдын лагерт АНУ-д дүрвэн гарах виз  хүлээгээд амьдарч байлаа. Өрнөдийн 17 улс халимагуудыг ”Халимаг гэдэг үндэстэн, улс дэлхийд байдаггүй. Та нар цагаан арьстан биш байна”хэмээн тэднийг хүлээн авахгүй, виз өгөхгүй удтал хүлээлгэжээ. АНУ-ын 1923 оны хуулиар хятад, япончуудыг АНУ-д цагаачлахыг хориглосон байв. Тавиад онд Солонгосын дайн дэгдэж АНУ ази тивээс цагаачдыг хүлээн авахыг хориглосон байлаа. 1940 оны АНУ-ын Иргэний хуулийн 330 дугаар зүйлд зааснаар цагаан арьстан хүнээс бусад өнгөт болон хар арьстан хүнийг АНУ-д цагаачлахыг зөвшөөрдөггүй байв.

Харин АНУ-д дүрвэж очихыг хүссэн халимагуудыг татар-монгол гаралтай Оросын их зохиолч, гүн Лев Толстойн отгон охин Александра Львовна Толстой өмөөрч, америк даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр халимагуудын туулсан зовлон, халимагчууд Америкд  цагаачлан амьдрах эрхийн талаар сурталчилгаа явуулж,” Толстой сан”-гаасаа үлэмж их зардал гарган халимагуудыг АНУ-д дүрвэн ирэхэд нь мөнгөн тусламж үзүүлж, улмаар 1951 онд АНУ-ын Конгрессийн шийдвэр гаргуулж визийн асуудлыг нь дүрвэсэн халимагчуудад шийдэж өгсөн нь үнэлж баршгүй ач тус болсон юм.

Эдүгээ АНУ-д 3000 халимаг, Францад 1000 гаруй халимаг хүн амьдарч байна. АНУ дахь халимаг цагаачдын үр хүүхдүүд өсөн өндийж, чанартай сайн боловсрол олж, америкийн Нью- Жерси мужийн Хауэл, Нью -Брансуик хот, Пенсильвани мужийн Филадельфи, Патерсон хотод голдуу аж төрж, баталгаатай  сайхан амьдарч байна. АНУ-ын эдгээр  хотод хорьдугаар зууны тавиад оноос эхлэн халимаг эрчүүд барилгын салбарт,халимаг бүсгүйчүүд оёдлын үйлдвэрт ажиллаж эхлэв.Цагаачлалын гурав дахь үе нь 1990 оноос эхэлсэн. АНУ дахь халимагуудаас Хүний эрхийн хамгаалагч, ”Женерал электрик” компаний химич-инженер Жаб Бурхинов гэдэг хүн халимаг болон монгол туургатануудад ихэд туслалцаа үзүүлсэн байдаг. Ж.Бурхинов бол Югославт төрсөн, европын Вена,Парисын дээд сургуулийг химич- инженер мэргэжлээр төгссөн, өндөр боловсролтой,АНУ-д суурьшсан, монгол туургатны төлөө тууштай тэмцдэг эх оронч халимаг монгол хүн юм. Ж.Бурхинов дөч,тавиад онуудад Зөвлөлт улсаас дүрвэж Австрийн Ленцинг хотод ирсэн халимаг дүрвэгчдэд тусалж байв. Ж.Бурхинов АНУ-д ирснийхээ дараа америкийн пүүсүүдийн лабораторид химич, лабораторийн эрхлэгч, цахилгаан химийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байв.

Ж.Бурхинов хүйтэн дайны үед АНУ-д ажиллаж амьдарч байхдаа Зөвлөлт Холбоот Улсад хүний эрх нь хязгаарлагдсан, дарлагдаж зовсон бага, жижиг үндэстэн ястнуудын эрхийн төлөө бараг ганцаараа тэмцэж байсан. Найз нөхөд нь түүнд Зөвлөлтийн Аюулаас Хамгаалах хороо/КГБ/-ны тагнуулууд амь насыг нь хөнөөж болзошгүйг анхааруулж байсан ч тэр огт айсангүй, харин халимагуудын төлөөх олон нийтийн ажлаа тууштай үргэлжлүүлж байв.  Ж.Бурхинов БНМАУ-ыг /Монгол улс/ 1961 онд НҮБ-д элсүүлэхэд гол нөлөө үзүүлжээ. Мөн Ж.Бурхинов Монгол улсад Жорж Соросын санг нээхэд шууд туслалцаа үзүүлж байв. Эдүгээ европд суурьшсан халимаг залуучууд чанартай боловсрол олжээ. Европын зургаан хэлийг зэрэг эзэмшсэн өндөр боловсролтой халимаг залуучууд ч байдаг аж. Өрнөд болон АНУ-д дүрвэсэн халимагчуудын үр удам  эдүгээ боловсролтой, чадвартай болж цагаан арьстнуудаас огт дутах юмгүй  баян чинээлэг амьдрах болжээ.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар

 

Төстэй мэдээ