Зөвлөлт Холбоот Улсын архивын мэдээллийг үзвэл: 1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдөөд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ. Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд нялхас, бүсгүйчүүд гэлтгүй бүгдийг нь гэр орноос нь баривчлан алс дорнодын Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.
1943 оны 11-р сарын 28-ны өглөө үүрээр Дотоодыг Хамгаалахын /НКВД/ хошууч генерал М.Маркеевийн удирдсан сайтар зэвсэглэсэн 3000 шахам дотоодыг хамгаалахын офицер, дотоодыг хамгаалахын 3-р мотобуудлагын цэргүүд халимаг нутагт дайран орж айл бүрийн үүд хаалгыг балбаж “Бүх халимаг хүн хүүхэд хөгшидгүй 15 минутын дотор 3 кг-аас дээшгүй ачаатай цуглар. Ирээгүй хүний шууд буудна” гэсэн тушаал өгчээ.
Энэ хар өдөр халимаг нутаг дээр улаан орос цэргүүд 27 000 халимаг өрхийн 100 000 шахам халимагчуудыг хүүхэд хөгшидгүй баривчлан Сибирьт цөлөв. Халимаг бүсгүйчүүд нялх хүүхдээ тэврээд Сибирт цөлөгдөж байв. Өвгөд хөгшид буутай цэргүүдэд туугдаад Сибирт хөөгдөж байлаа. Энэ балмад ажиллагаа 1944 оны 1-р сар хүртэл үргэлжлэв. Омск мужаас 25 000 халимаг хүн, Красноярскаас 21 000 халимаг хүн, Алтайн хязгаараас 20858 халимаг хүн, Новосибирскээс 18 333 халимаг хүнийг баривчилжээ. Халимаг эртэй гэрлэж нөхөрт гарсан өөр үндэстэн бүсгүйчүүдийг хүртэл бүгдийг нь баривчилжээ. Зөвлөлтийн армиас халагдсан 15 000 халимаг цэрэг, офицерийг баривчлан Сибирьт цөлөв.
Дотоодыг хамгаалахын улаан цэргүүд халимагчуудыг 1255 автомашинаар тээвэрлэж, ачааны олон вагонд шилжүүлэн өвлийн тэсгим хүйтэнд олон хоногоор Сибирьт цөлөх замд халимагуудын бараг тал хувь нь замдаа хөлдөж, өвчнөөр үхжээ. лаантнуудад баригдсан халимагчуудын орхисон гэрт нь хоттой хонь нь майлалдаад, тогоон дээрхи чанасан цай нь бургилаад бүх айл эзэнгүй хоосон хоцорчээ.
Халимагийн ард түмний үлдээсэн 180 000 толгой мал / үүнээс 80 000 толгой нь бод мал /-ыг оросын дээд удирдлага украйн болон оросын мужуудад тараан өгчээ. Халимагуудын үлдсэн гэр орон, байшинд нь хэн дуртай нь орж эзэгнэжээ.1943-1950 оны хооронд цөлөгдсөн халимагууд олон мянгаараа үхэж үрэгдсээр байв.Улаантан оросууд халимагуудыг эх орондоо буцаж очихыг бүрмөсөн хориглож, халимаг монгол эх хэлээрээ ярихыг хатуу хориглож, цөллөгнөөс орговол шууд буудах тухай журам гаргажээ. Халимагийн ард түмний Сталиний үеийн аймшигт тамын амьдрал ийнхүү 14 жил үргэлжлэв. Зөвлөлт улсад Сталин 1956 онд үхэж, Никита Хрущев засгийн эрхэнд гарч Сталиний харгис ажиллагааг шүүмжлэв. АНУ-д тавиад онд дүрвэн гарсан халимаг цагаачид Зөвлөлт Холбоот улс дахь халимаг монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж яаж хэлмэгдсэнийг АНУ-ын Конгресст сайтар ойлгуулсны дүнд АНУ Зөвлөлтийн талыг Хүний эрхийн асуудлаар шахаж эхлэв. АНУ-ын Хүний эрхийн байгууллагууд, АНУ-ын Засгийн газар жижиг үндэстнүүдийг устгах геноцид бодлого явуулж байгаа, хүний эрхийг алхам тутам зөрчдөг зөвлөлтийн төр засагт хатуу шүүмжлэлтэй хандаж байв. Нэр хүнд нь унасан зөвлөлтийн засаг төр уг асуудалд бага ч гэсэн анхаарал тавихаас өөр аргагүйд хүрэв. Үүний дараа 1957 онд халимагууд нутаг буцах эрхтэй болж, амьд үлдсэн нь нутагтаа эргэж ирлээ. Гэртээ буцаж иртэл нутаг нь танигдахын аргагүй талхлагдан сүйрч, мал сүрэг нь огт байхгүй, гэр оронд нь харийн хүмүүс эзэгнэж байлаа.1958 онд Халимагийн автономит зөвлөлт бүгд найрамдах улсыг байгуулав. 1989 онд 46 жилийн дараа Зөвлөлт Улсын Дээд Зөвлөл энэхүү геноцид ажиллагаагаа “Сталиний дэглэмийн харгис ажиллагаа” хэмээн хожуу ч гэсэн хүлээн зөвшөөрчээ.
Сталин гэж хэн бэ? Иосиф Сталин / 1878-1953 / Гүржийн Гори хотод ядуу гуталчны гэрт төрсөн. Эцэг Вассирион Жугашвили нь архичин, гуталчин, эхнэр хүүхдээ зоддог зэрлэг танхай нэгэн байсан. Эх Екатерина нь тариачин гаралтай, хүүхдээ хайрлан хамгаалдаг сайн эх байв.Тэднийх 3 хүүхэдтэй айл байсан. 2 хүүхэд нь багадаа нас баржээ.Иосифийг багад нь Сосо гэж дууддаг байв. Сосо багадаа эцэгтээ их зодуулдаг байв. Ийм ч учраас тэр их өсөрхүү, харгис нэгэн болж өсчээ. Сосог 11 настай байхад нь эцэг нь архи ууж зодоон хийж байгаад хүнд хутгалуулж нас барав. Сосог православия буюу үнэн алдартны шашны сургуульд оруулжээ. Гэвч Сосо хичээлээ байнга тасалж сургуулиасаа хөөгдөв.Сосо ингэж л бага ангийн боловсролтой хэвээр үлдсэн дээ. 11 настайдаа сургууль ч үгүй, эцэг ч үгүй Сосо гудамжинд гарч хулигаан болжээ. Иосиф Жугашвили 15 настайгаасаа эхэлж буруу номтон хувьсгалчидтэй нөхөрлөж буруу замаар будаа тээх болсон. Хувьсгалч болоод “Сталин” гэдэг нууц нэртэй болсон. Хувьсгалчийн замаа Иосиф Гүржийн Тбилис хотод банк дээрэмдэж банкны ажилтан гурван хүнийг буудан хөнөөж эхэлсэн гэдэг. Банк дээрэмдэж олсон 100 000 алтан рублийг Швейцарт цагаачлан амьдарч байсан Ленинд явуулж байжээ.
Түүнийг оросын хаант улс хууль бус үйл ажиллагаа, төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны төлөө 6 удаа баривчилж сибирьт цөлсөн боловч тэр 6 удаа оргон ирж байв. Ер нь хаант Оросын хуулийн байгууллага хаант засгийн эсрэг тэмцсэн Сталин, Троцкий мэтийн алуурчдыг цаазаар авах ёстой байтал хэтэрхий зөөлөн хандаж давраасаар байгаад эцэстээ эзэн хаанаа гэр бүлтэй нь хувьсгалчдад алуулж, Орос орон цусан далайд живсэн түүхтэй байдаг юм. Удалгүй Сталин Лениний тусламжтайгаар большевикуудын нөлөө бүхий удирдагч болж чадсан юм.1917 онд еврей большевик Лев Троцкий Оросын нийслэл Санкт Петербург хотод улаан цэргийн төрийн эргэлт хийж Орос орон большевикуудын гарт орлоо. Лениний ард түмэндээ амалсан “Засгийн эрхийг Зөвлөлүүдэд, үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад” гэсэн уриа лоозон худал хуурмаг амлалт байлаа. Засгийн эрхийг большевикууд авав, үйлдвэрийг большевикууд мэдэлдээ авав, газрыг большевикууд мэдэлдээ авав. Хамаг хөрөнгө, газраа хураалгасан зөвлөлтийн ард түмэнд большевикуудын боол болохоос өөр зам үлдсэнгүй. Ленин нас барсний дараа Сталин өөрийн өрсөлдөгч Троцкийг унагааж засгийн эрхийг гартаа авч улаан хядлагыг явуулав.Сталин зөвхөн Троцкийг алс холын Мексик улсад цагаачлан амьдарч байгааг нь мэдэж түүнийг хөнөөхийн тулд 5 сая доллар улсын төсвөөс гаргаж зарцуулж байсан гэдэг. Хүн алж хүрээ талахдаа гаргуун Сталин ингэж дэлхийн аль ч өнцөгт хүрч чадах урт гартай болсон доо.
Сталиний явуулсан харгис бодлогын дүнд 1932 онд Орост өлсгөлөн болж 8.0 сая хүн үхэв.1936-1938 онд 1.7 сая зөвлөлт хүнийг баривчилж ихэнхийг нь буудан хөнөөв. 1940 онд Сталиний тушаалаар Польшийн олзлогдсон 22 000 цэрэг офицерийг Хатыньд буудан хөнөөв.Сталиний тушаалаар Монгол улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг 1937 онд, Ерөнхий сайд Анандын Амарыг 1941 онд Москвад ямар ч үндэслэлгүйгээр буудан хөнөөж байв. Сталиний үед ГУЛАГ-т 20 сая хүн хоригдож тарчлан зовж байв. Оросын “Мемориал” байгууллагын мэдээлснээр Сталиний цуст аллагын үед зөвлөлтийн 38 сая хүн хэлмэгдэн үхжээ. 6.5 сая хүн Сибирт цөлөгдөж нутаг заагджээ. Ийнхүү Зөвлөлт гүрэн нийт орлогынхоо 50.0 хувийг цэрэг дайнд зарцуулсан атомын зэвсэгтэй аюулт хар мангас болсон юм. Зөвлөлт улс хумсны хутга хийж чадахгүй мөртлөө хуягт танк, их бууг үй олноор нь үйлдвэрлэдэг дайны хэнээтэн улс болсон юм. Зөвлөлтийн ард түмэн нь ядуу гуйлгачин, ямар ч эрх чөлөөгүй, улаантны боол болцгоосон юм. Лениний ярьдаг “пролетарийн диктатур” гэдэг хийрхэл нь ийнхүү хорьдугаар зуунд Сталиний аймшигт харгис дэглэм болон үргэлжилсэн юм. Ленин баячуудыг хөнөөж, хөрөнгийг нь булаан авч жаргалтай сайхан нийгэм байгуулна гэдэг байсан. Гэвч бусдын зовлон дээр байгуулах гэсэн нийгэм нь жаргалын нийгэм бус, зовлонгийн нийгэм болсон юм. Сталин хэмээх аймшигт мангасын гарт орсон халимаг, буриад, тува түмэн минь цус, нулимсан далайд живж хэрхэн зовж тарчилсныг зөвхөн Бурхан л мэдэх байх даа.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар