Увш ханы үед халимагийн ард түмэн Орост толгой хоргодоход улам бэрх болов. Увш бол Орос орны төлөө Турктэй тулалдаж гавьяа байгуулсан, эрэлхэг зоригтой залуу хунтайж байлаа. Түүний төрсөн хүүг нь хүртэл Оросын хатан хаан барьцаалсан байлаа. Халимагийн ноёд 1770 оны намар Ижил мөрний хөвөөнд чуулж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөв. Ард түмнээрээ яаралтай нүүж өвөг дээдсийнхээ төрөлх нутагтаа очиж аврагдах уу? Эсхүл харь нутагт Оросын буруу номтны дарангуйлал дор үлдэж мөхөх үү?
Увш хан эцсийн шийдвэрийг гаргаж, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, халимагийн ард түмнийг зовлонгоос салгах ганц зам бол өвөг дээдсийн төрөлх нутаг Монголдоо буцах явдал хэмээн үзэв.
Нууцаар “Бүх халимаг айлууд зарласан өдөр нүүтүгэй” гэсэн зар тараав. Нүүх бэлтгэл ажлыг яаралтай хангаж халимаг морьт цэргийн хамгаалах, угтан байлдах ангиудыг зохион байгуулав. Тэмээн цувааг байгуулж хүүхэд эмэгтэйчүүд хөгшчүүдийг нэгэн цуваа болгов. Бүх мал сүргийг туух нэгэн цувааг байгуулав. 1771 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр халимаг ардууд нэгэн хүн мэт босон нүүдэллэв.
Ийнхүү халимагийн 30 мянган өрхийн 140,000 халимаг хүн 6000 км урт замыг туулах их нүүдэл эхэллээ.
Яг нүүх болоход Оросын хааны зарлигаар Ижил мөрний баруун эрэгт өвөлжсөн нийт халимагуудын тавны нэг нь өвөл дулаан болж, Ижил мөрөн хөлдөөгүйгээс болж нүүж чадсангүй үлдлээ. Юутай эмгэнэл. Халимагуудын их нүүдлийг оросууд эхлээд огт гадарлаагүй байв. Увш хаанд дургүй зарим урвагч халимаг ноёд Астраханий Орос захирагчид “Халимагууд Увш хааны удирдлага дор зүүн зүг Зүүнгар улс руу нүүх гэж байна” хэмээн мэдээлж байсан боловч орос ноёд “энэ бол ямарч боломжгүй зүйл” гэж үзээд огт итгэдэггүй байжээ.
Увш хунтайж нэг л алдаа гаргасан байдаг. Тэр нь ард үлдсэн арын хамгаалалтын халимаг цэргүүдэд явахдаа үлдсэн хашаа байшин, өвөлжөө, хээрийн сууц, жижиг тосгон, эд хөрөнгийг бүгдийг нь шатаах зарлиг буулгажээ. Энэхүү зарлигийг биелүүлэх үед халимагийн их талд үлэмж их гал түймэр гарч орос, казак цэргийн харуулууд мэдэж мужийн захирагчдаа мэдэгдэв. Астраханий захирагч уг мэдээг дуулаад ихэд сандран мэгдэж, 500 км газар өдөр шөнөгүй морьт сүйх тэрэг хөлөглөн Петрбург хот хүрч Екатерина хатан хаанд биечлэн очиж “Бүхэл бүтэн нэг үндэстэн нэг шөнийн дотор нүүн алга боллоо” хэмээн мэдээлэв. Ийнхүү Оросын хатан хаан халимагуудын их нүүдлийг 20 хоногийн дараа мэдэв. Хэрэв гал түймэр тавиагүй бол халимагийн их нүүдэл дахин олон өдөр явж цаг хожих байв.
Оросын хатан хаан цэргийн генералуудтайгаа яаралтай зөвлөлгөөн хийж халимагуудын араас хөөж гүйцэх тусгай цэргийн анги гаргаж, урьд өмнө нь Оросын хаан халимагуудад хүсэлт гаргаж башкир, сибирийн казакийн бослогыг халимагуудаар даруулж байснаа санаж тэдгээр башкир, казак, казахуудад яаралтай хэл хүргэж “одоо та нарт боломж олдлоо, та нарын нутгаар нүүдэллэн өнгөрөх гэж байгаа халимагуудаас өшөөгөө авч тэднийг устгаж мал сүрэг, эмс охидыг нь булаан ав” хэмээжээ. Оросын хатан хаан доны болон сибирийн казакууд, киргизүүдэд хэл хүргэхээ мартсангүй. Оросын хатан хаан Орос цэргүүдэд “Халимагуудыг буцаан авчир. Хэрэв эсэргүүцвэл шууд буудан устга” хэмээн зарлиг буулгажээ. Халимагууд оросын хаадын хүсэлтээр Орос оронд гарсан үндэстнүүдийн бослогыг нухчин дарахад залхаан цээрлүүлэх үүрэгтэй оролцож байсан үйлийн үр нь тэр үед боловсорч зовлон үхэл нүүрлэжээ.
Залхаан цээрлүүлэх халимагийн цэргээс өшөөгөө авах боломж олдсон башкирчууд, оросын казакууд халимагуудыг дээрэмдэн олз омог авахаар улайран хүлээж байлаа. Халимагийн их нүүдэл зүүн тийш 500 км нүүгээд хамгийн их бартаатай Яик голын эрэг хүрэв. Тэнд эртний өшөөтэй казак цэргүүд халимагуудыг хүлээж байв. Энд ширүүн тулалдаан болж 9000 халимаг цэрэг амь үрэгдлээ. Цааш яаралтай явж Туркай гол хүрэх хэрэгтэй байв. Туркай хүртэл хоёр мянган км явах хэрэгтэй. Туркай явах замд гэнэт хүйтэн цасан шуурга нүүр нүдгүй балбаж гарлаа. Халимагуудын цуваа цааш тэсвэрлэн явсаар байв. Зам зуур олон мянган мал сүрэг нь цасанд шигдэж хөлдөж үрэгдэв. Үхсэн үхрийн махыг авч нөөц хүнсээ бэлтгэв. Туркайн наана нэгэн том уулыг араас нэхэн хөөсөн казак цэргүүдээс өмнө нь амжиж арай чүү давлаа. Явах тутам улам хүйтрэнэ. Шөнө нь хөлдөж өөд болсон нялх хүүхдээ орхиод залуу эхчүүд арай ядан явна. Хөгшин ахмадууд нь явах тэнхэлээ барж дулаан дах, хувцасаа хүүхдүүддээ үлдээж цасан дунд цуваанаасаа тасран үлдэж сүүлчийн залбирлаа тавьж тэнгэрт халина. Арайхийж хавар боллоо. Хүн, малгүй туйлджээ.
Халимагуудын араас орос, казакын цэрэг болон башкир, татар, казах, киргизүүд нэхэн хөөнө. Оросын анги нэгтгэлүүд, казак цэргийн хамт Туркай голын өмнө халимагуудыг тосон байлдахаар хөдөлсөн мэдээ ирлээ. Цуваа яаравчлан хөдөллөө. Туркай гол хүрэхээс өмнө дайснууд араас гүйцэн ирж энд тэндгүй олон удаа жижиг, том тулаанууд болж байлаа. Халимагийн дайчид баатарлагаар тулалдаж байлаа. Халимагийн дайчид цөөрсөөр байв. Халимагууд дайсны дайралт бүрийг няцааж байлаа. Халимагуудын тоо цөөрсөөр анх нутаг руугаа гарсан хүмүүсийн гуравны нэг нь үхэж үрэгджээ. Халимагууд Туркай голыг арайхийж гаталмагц ар талд нь тэнгэр бүрхсэн их тоос босч, үй түмэн дайснууд нэхэн орж ирлээ. “Орос цэргийн давшилт дэндүү удаан байна” хэмээн үзээд башкир, казак, киргизийн морьт цэргүүд түрүүлэн урагш довтлон ирж байгаа нь энэ ажээ. Увш хунтайж үлдсэн халимаг цэргээ засаж эцсийн хүчээ шавхан тулалдаанд орлоо.
Долоон өдөр, долоон шөнө болсон цус асгаруулсан аймшигт ширүүн тулалдаанд халимагууд киргиз цэргүүдийг ялж, башкир, казак цэргүүдийг дутаалгав.
Халимагууд замын голдоо ороод байв.Монголын нутаг хүртэл дахин 3000 км замыг туулах үлдэж байлаа. Цааш явахад тун бэрх болжээ. Халимаг ноёдууд Оросын хатан хаанд бууж өгөх тухай ярьж эхлэв. Аргаа барсан Увш хунтайж:
“Би Оросын хатан хаанд ард түмнийг минь бүү хөнөөгөөч хэмээн гуйя. Бүх хариуцлагыг би өөртөө үүрч цаазаар авхуулья” хэмээж байв. Гэвч халимагийн ноён Цэвэгдорж: “Энэ хүртэл бид үлэмж их зовлон бэрхшээлийг даван урт замыг туулаад гэдрэг ухарч болохгүй. Бидний төлөө амиа өргөсөн ах дүүсийнхээ ариун сүнсийг мартаж болохгүй. Бид Оросын хатан хаанд бууж өглөө гэхэд өмнө нь бид башкирчуудын гарт орж бүгд хядуулан дуусах болно. Иймийн учир бид эцсээ хүртэл тэмцэж Монголын нутаг хүрье. Амиа өгсөн ах дүүсийнхээ хүслийг биелүүлье” хэмээн шийдвэртэй хэлснийг халимагийн ноёдууд хүлээн зөвшөөрөв.
Халимагууд хүчээ шавхан урагш хөдөллөө. Зун болж нохой гаслам халуун эхэллээ. Тэднийг Балхаш нуурын орчим усгүй их ээрэм цөл угтлаа. Хэдхэн сарын өмнө тэсгим хүйтэнд хөлдөж үхэж байсан халимагууд одоо усгүй цөлд шатам халуунд харангадаж үхэхийн зовлонд унажээ. Үлдсэн морь, мал сүрэг цангаж үхэж байлаа. Халимагууд харангадаж хорсоор байв. Ганц худаг, ганц цөөрөм ч олдохгүй байлаа. Гэтэл башкирчууд араас улайран дайрч халимагуудыг хороосоор байв. Эцэс сүүлдээ халимагуудын цуваа башкирчуудад бүслэгдлээ. Эцсийн энэ шийдвэрлэх тулаанд эрэлхэг халимаг цэргүүд хамаг буу сум, нум сумаа бараад сэлмээ хугартал тулалдаж эцэс сүүлдээ хутгаар, гараараа зууралдан тулалдлаа. Башкирчуудын довтолгоонг няцаав. Гэвч тэд шархадсан чоно мэт хүчээ сэлбээд дахин дайрахад бэлтгэж байлаа.
Халимагууд эцсийн хүчээ шавхан цааш нүүдэллэж Ижил мөрний хөвөөнөөс гарснаас хойш бүтэн найман сарын дараа 1771 оны 9-р сарын дундуур Манж Чин улсын хил дээр орших Или мөрний дээд хөвөөнд ирлээ. Ангаж цангасан амьд үлдсэн бүх халимаг хүн, мал сүрэг бүгд хүйтэн цэнгэг ус руу дайрлаа. Араас нэхэн орж ирсэн башкирчууд ч ус руу дайрлаа. Ус уусан башкир цэргүүд ус ууж байгаа улаан залаатай халимаг цэргүүдийг сэлмээрээ тас цавчиж эхлэв. Халимагууд нуурын гүн рүү шахагдаж улаан гараараа тулалдаж олноороо үхэж байлаа. Золоор тэр үед хилийн харуулд явж байсан монгол цэргүүд давхин ирж элэг нэгт халимагуудаа хамгаалж хорсолт дайсан башкирчуудыг хиартал бутцохин цөл рүү хөөв.
Найман сарын өмнө Ижил мөрний хөвөөнөөс мал сүргээ туун нүүдэллэн гарсан 140,000 халимагуудаас тал хувь нь замдаа үрэгдэж хориод мянган өрхийн 70 000 халимаг түмэн өвөг дээдсийнхээ нутагт хүрлээ. Халимаг түмэн ийнхүү аврагдлаа.
Эх нутагтаа ирсэн торгууд ноёд удалгүй хуралдан Манжийн хаанд дагаж орохоор шийдсэнээ мэдэгдлээ. Увш ноён Манжийн алдарт хаан Энх Амгалан хааны ач хүү тэр үеийн Манжийн Эзэн хаан Цянь Лунд бараалхав. Тэнгэр тэтгэгч Цянь Лун хаан “аймшигт бэрх замыг амь тэмцэн туулж эх нутагтаа эсэн мэнд ирсэн зоригт ардууд” хэмээн тэдний гавьяаг үнэлж цаашид эх нутагтаа амар амгалан амьдрахад нь тусалж, 125,000 толгой мал, 20,000 цай, 20 000 таар шуудай будаа тутрага, 51,000 толгой бөс даавуу, 15,000 фут хөвөн, 400 эсгий гэр, 40,000 лан мөнгө хааны сангаас олгожээ. Манжийн хаан Цянь Лун торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв. Манжийн эзэн хаан халимагуудад Манж Чин Улсын баруун хязгаар Шинжааны Или мөрний хөвөөнд нутаглах эрхийг нь олгожээ. Орос, Манжийн хааны ялгаа энд л байгаа юм. Оросын хатан хаан Екатерина халимагчуудыг харгислан зовоож байсан бол Манжийн хаан Цянь Лун нутаг буцаж ирсэн халимагийн ард түмнийг эцэг мэт элгэмсэг, энэрэнгүй хүлээн авч амар амгалан амьдралыг нь батлан дааж хамгаалж чаджээ. Ижил мөрний баруун эрэгт нүүж чадалгүй үлдсэн ойрдуудын тавны нэг нь бол өнөөгийн Орос улсын бүрэлдэхүүнд үлдсэн халимагчууд юм. Халимагуудын араас Оросын цэрэг ирж Манж Чин улсаас албатаа нэхэж болзошгүйг урьдчилсан харсан Манжийн хаан Цянь Лун Оросын хатан хаан Екатеринад хандаж: “Бурханы шашиндаа үнэнч үлдэж, өвөг дээдсийнхээ эх нутагт амь тэмцэж ирсэн ойрд монголын халимаг ах дүү нараа би хүндэтгэн хүлээн авлаа. Хэрэв хатан хаан та хуучин халимаг албатаа буцааж авна хэмээн нэхэж надтай байлдья хэмээвээс би байлдахад бэлэн байна. Яах, эсэхээ та тунгаан шийднэ үү” хэмээн бичсэн албан захидлыг явуулжээ. Оросын хатан хаан энэхүү захидлыг үзээд Орос улсаас дутаан одсон халимагуудыг Манжийн хаанаас нэхэхээ больжээ. Ийнхүү эрэлхэг зоригт халимагийн ард түмэн оросын дарлалаас хагацаж өвөг дээдсийнхээ эх нутагт амар амгалан, элэг бүтэн, энх тунх амьдрах болжээ.
Орост үлдсэн халимаг. Гэтэл Ижил мөрөн хөлдөөгүйгээс болж нүүж чадаагүй үлдсэн халимаг түмэнд гай зовлон нүүрлэж ирэв.Оросын засгийн газар нүүн одсон халимаг түмэнд хилэгнэсэн өш хонзонгоо үлдэж хоцорсон халимаг түмэнд гаргаж эхлэв. Оросын хатан хаан Екатерина халимагийн хаант улсыг устгаж, тэднийг Астраханий губернид харьяалуулж 9 хуваан таслав. Оросын Засгийн газар 1786 онд Халимагийн шүүх /Зарга/-ийг устгав. Бүх хэргийг Оросын мужуудын шүүх эрхлэн шийддэг болов. Халимагуудыг Ижил мөрний зүүн хөвөөнд нутаглахыг хатуу хориглож зөвхөн баруун эргээс цааш нутаглахыг заав. Газар нутгийг нь доны казак, оросын тариачдад таслан өгч, халимагчуудыг уулын кавказын Дагестан,Каспийн тэнгис рүү шахав. Оросын засгийн газар үлдсэн халимагуудыг дарамтлан зовоож байсан боловч халимагууд Орос улсад үнэнчээр зүтгэсээр байв.1807 онд 5000 гаруй халимагийн морьт цэрэг оросын армитай хамт хэд хэдэн тулаанд орж гарамгай гавьяа байгуулж байв.1812 оны 6-р сарын 12-ны өдөр Францын алдарт жанжин Наполеон Бонапарт 600 000 цэргээ дагуулан Орос улс руу довтоллоо. Энэ хүнд бэрх үед халимагийн ард түмэн Оросын Засгийн газарт 11 000 морь, 1100 толгой бод мал тушааж, нийт 449927 алтан рубль хандивлан өгчээ. Халимагчууд Наполеоны эсрэг дайнд Астраханий халимагийн 1-р морьт хороо, Астраханий халимагийн 2-р морьт хороо, Ставрополийн халимагийн морьт хороо байгуулан Оросын армитай хамт Бородины тулалдаанд орж ялалт байгуулж байв. Халимагийн морьт цэрэг өвөл цагт гэнэт гарч ирээд францын цэргийг хиартал бутцохидог байсан гэдэг. Халимагийн морьт хороо 1814 онд Францын нийслэл Парис хотод ялалтын парадад оролцож байлаа. 1897 оны тооллогоор Халимагт 190 000 халимаг хүн амьдарч байжээ.Хаант Оросын үед халимагчуудын эрх хязгаарлагдмал байлаа. Хаант Оросын үед халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.
1913 онд Оросын эзэн хаан II Николай: “Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй” хэмээн хэлж байжээ.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар