Монгол улсаас өрнө зүгт зургаан мянган км-ийн тэртээ Каспийн тэнгисийн хойхно Астраханий талд Халимаг гэдэг Оросын Холбооны улсын автономит эрхтэй нэгэн жижигхэн бүгд найрамдах улс байдаг. Халимагууд бол монгол туургатны дотроос хамгийн их зовлон туулсан ард түмэн билээ.
Халимаг түмэн ямар зовлонг туулж өдий хүртэл тэсэж үлдэв? гэдгийг түүхийн үнэнээс хайж олсноо өгүүлье. Халимаг буюу “калмак” гэдэг үг бол “үлдсэн, хоцорсон, тасарсан” гэсэн утгатай түрэг, татар үг ажээ. Өнөөгийн халимагчууд өөрсдийгөө “мы калмыки” гэцгээх юм. “Та нар бол халимаг биш, та нар бол ойрад монгол” гэвэл ойлгох хүн гарах болов уу. Үнэн түүхийг өгүүлсү.
Их хаадын үе. Халимагууд бол Монгол үндэстнээс гаралтай, Монгол дотроо Ойрад монголоос гаралтай, ойрад дотроо торгууд, дөрвөдөөс үүсэлтэй хүмүүс. Халимагуудын өвөг дээдэс болох ойрад монголчууд бол 13 дугаар зуунд Саян, Алтай нуруугаар нутаглаж байсан. “Ойрад” гэдэг үг нь “ойр дотно”, “ойн иргэн” гэсэн үгнээс гаралтай.1208 онд ойрад монголчуудыг Чингис хааны ууган хөвгүүн Зүчи баатар анх Саян Алтайн хязгаарт цэрэгтэйгээ орж дагуулжээ. Тэр үед ойрадын удирдагч Хутагу бэх монголчуудад дэмжлэг үзүүлж улмаар ойрад монголчууд Чингис хааны Их Монгол улсын бүрэлдэхүүнд орсон түүхтэй. Монголын Их Юань гүрний Тогоон Төмөр хаан 1368 онд хятадын босогчид улаан алчууртны цэрэгт ялагдаж, Их Монгол гүрэн мөхсөний дараа Ойрадын ноён Мөнхтөмөрийн хүү болох Махмуд, Тайчин, Батболд хэмээх гурван ойрад хөвгүүн 1393 онд “Ойрадууд бид Монголын их хаанд дахин захирагдахгүй, монголын алтан ургийнхныг хөнөөнө” хэмээн тангараглаж байжээ. Ойрадын удирдагч Махмуд /1415/,Тогоон /1439/, Эсэнтайш /1455/ , Галдан /1687/ нар хаан болж бүх монголыг захирах санаатай байв.1456 онд ойрадын ноёдууд Эсэнтайшийн эсрэг бослого гаргаж Эсэнтайш алагдав.
Ойрадын салан тусгаарлалт. Дөрвөн Ойрад үүссэн түүх гэвэл арван түмэн Монголын дөрвөн түмтийг Мөнхтөмөр ноён салган Зүүн гарын хант улс болгосноо зарласан мөчөөс эхтэй. Ийнхүү ойрадын ноёд Монголоос урваж монголын дайсан Мин улсын хаанаас 1409 онд хэргэм зэрэг хүртсэнээсээ хойш ямагт Монголын эсрэг дайн өдүүлэх болсон ажээ. Дөрвөн ойрадын их цэрэг халх монголчуудын их цэргийг хиар цохисон ч дараа нь өөрсдийн хүч хавсарч явсан хамсаатан Мин улсын цэрэгт ялагдсанаар өөрсдийгөө ч, Монголыгоо ч хэдэн зууны хямрал доройтолд унагасан хар балагтай. 15-17 дугаар зуунд ойрадын ноёд Монгол улсаас салан тусгаарлаж тусдаа Зүүнгар улс байгуулсан нь хамгийн мунхаг буруу явдал байлаа. Уг нь Монгол улсаасаа урвасан ноёдыг цаазаар авдаг Чингис хааны хууль зарлиг байсан. Гэвч монголчууд тэр үед их хааны хууль зарлигийг монгол даяар мөрдүүлж чадахгүй байжээ. Удалгүй Зүүнгар улсын хаан ширээний төлөөх ойрадын ноёдын өөр хоорондын тэмцэл, зөрчилдөөн оргилдоо хүрч, хаан ширээний төлөө төрсөн ах дүүгээ хүртэл хөнөөж, Ойрад Халхын мөргөлдөөн хямрал 18 дугаар зууны сүүл хүртэл үргэлжлэв.
Энэхүү хоёр зуун жилийн Ойрад Халхын хямрал хийгээд Ойрадын Галданы цэрэг Халхын 20 мянган цэргийг хөнөөснөөс болж Монгол улс доройтож, эцэстээ Манж Чин улсыг түшихээс өөр замгүй болов.
Орос руу нүүсэн ойрад түмэн. Арван долдугаар зууны эхээр Ойрадын Зүүнгар улсын дотоодын хямрал, дайн дажинаас залхсан ойрадын ардууд Зүүнгар улсыг орхин дайжиж байв. Торгуудын удирдагч Хөө Өрлөг, дөрвөдийн удирдагч Далай баатар нар харьяат албат ардуудынхаа хамт 1605 онд Оросын баруун Сибирьт дүрвэн нүүдэллэн ирж байв.1607 онд Оросын Ижил мєрєн, Астраханы тал хүртэл олноороо нvvдэллэн очсон ойрадууд 1655 онд Оросын хаанд элч илгээн Оросын Эзэнт улсын холбоотон нь болж тэнд нутаглахаар болж байлаа. Анх ойрадууд ингэж Ижил мөрний хөвөөнд суурьшсан түүхтэй. Ойрадын ардууд манж, монголоос зугтаасан юм биш, Зүүн гарын ойрад ноёдын хямрал тэмцэл, дайн дажинаас залхаад дайн дажингүй амар амгалан амьдрал хайж, баруун тийш казах, оросын нутгаар дамжин оросын Ижил мөрөн, Астраханы тал нутаг хүртэл нүүсэн юм.Хожим нь 18 дугаар зууны эхээр Манжийн хаанаас уравсан ойрад ноёдын эсрэг хөдөлгөсөн манжийн их цэргийн түрэлтээс зугтаж ойрадын ардууд Халимагт нүүн очиж байлаа.
Оросын хаант улсын харьяат халимаг. Халимагуудын хамгийн хүчирхэг байсан үе бол Аюук хааны / 1664-1721/ үе байлаа. Торгуудын энэхүү хаант улс нь 1771 он хүртэл оршжээ. Аюук хааны үед Зүүн гар улсаас олон ойрад өрх нүүдэллэн ирж нийтдээ 250 000 халимаг амьдарч байв. Аюук хаан Зүүнгар улстай найрсаг харилцаа тогтоож, Шведийн эсрэг дайнд Петр хаанд халимаг цэргээр тусалж, нутгаас нь хөөж явуулсан ногайчуудыг буцаан авчирч, халимагуудыг нэгтгэн хүчирхэг хаант улс байгуулав. Аюук хаан Орос улсад их нэр хүндтэй,үнэ цэнэтэй хүн байв. Тэр бээр Оросын Засгийн Газарт олон удаа үнэлж баршгүй тус хүргэж байлаа. Аюук хаан Турк, Шведийн эсрэг дайнд Оросын талд олон мянган халимаг морьт цэрэг гаргаж,
- Оросын хааны эсрэг гарсан Астраханий бослого/1705-1706/,
- Булавины бослого /1708/,
- Башкирын бослого /1705-1711/-ыг халимаг морьт цэргүүдээрээ дарж өгч байв.
17 дугаар зууны дундуур Туркийн эзэнт гүрэн тэр үед өөрийн харьяа Крымийн татаруудын хамт олон цэрэгтэй хүчирхэг армиа дайчлан Орос, Москва, Украйн, Польш, Литва руу довтолж заримдаа 100 000 орос иргэдийг олзлон авч боол болгодог байв. Иймд Оросын эзэн хаан Халимагийн хаантай гэрээ байгуулж өмнөд хилээ халимагуудаар хамгаалуулж, шаардлага гарвал цэрэг гаргуулан дайн хийдэг байлаа. 1661 онд Орос руу довтолсон Турк-Татарын армийг халимагийн морьт цэрэг оросын цэрэгтэй хамт тулалдаж ялж байв. Тэр үед халимагийн хаан 17 000 морьт цэрэг гаргаж Украйнд Польшийн эсрэг байлдаж ялж байв. 1672 онд Турк улс европийн Польшийн цэргийг ялж Украйныг эзлэхээр зэхэж байлаа. Туркийн султан хаан Оросын эсрэг 300 000 цэрэгтэй хүчирхэг армийг илгээв. Халимагийн Аюук хаан 15 000 морт цэрэг гаргаж халимаг цэргүүд доны казак цэргүүд болон орос цэргүүдтэй хамтран байлдаж 1675 онд турк -татарын цэргүүдийг бут цохижээ. 1677 онд Турк улс Орос улсад дайн зарлав. Тэр ч бас аргагүй. Оросын түрэмгийлэл кавказад хүчээ авч түрэг угсаатан ах дүүс нарт нь халдаж Крымийн Татар, Каспийн тэнгисийн баруун эргийн түрэг угсаатнуудад заналхийлэх болжээ. 1677 онд Ибрагим пашийн удирдлага дор туркийн 100 000 цэрэг Орос руу довтлов. Оросын хаан дахиад л халимагийн Аюук хаанаас цэргийн тусламж гуйв.1677 онд Аюуш хааны халимаг цэргүүд оросын цэрэгтэй хамт туркийн 100 000 цэргийг бут цохив. 1678 онд Турк улс Кара Мустафын удирдлага дор 110 000 цэрэг гаргав. Крымийн татар хаан Мустафад 30 000 морьт цэрэг нэмж гарган өгчээ. Энэхүү хоёр их гүрний тулаан их ширүүн болж эцсийн эцэст Орос-Украйн-Халимагийн хамтарсан арми туркийн 140 000 цэргийг ялжээ. 1678-1679 онуудад Крымийн татар хаан Украйны Киев хот руу дахин довтолсон боловч орос-халимагийн цэрэгт ялагджээ.
Оросын засгийн Газар Халимагийн Аюук хааны гавьяаг үнэлж халимагийн хаан, ноёд, тайш нарт бүтэн жилийн цалин пүнлүү, жилийн хэрэгцээний гурил, дарс, дарь, сум, байлдааны зэвсгээр шагнажээ.
Халимагууд 1681 онд Туркээс Башкирыг чөлөөлөн Орост нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэв. 1700-1721 онуудад Орос улс Балтийн тэнгис орчим европын хүчирхэг Швед улсын эсрэг дайн хийхэд халимагийн морьт цэрэг ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Петр хаан Полтавын дэргэд Шведийн армитай шийдвэрлэх тулалдаан хийхэд мөн л халимагийн морьт цэрэг гол үүрэг гүйцэтгэж ялалт байгуулжээ. 1722-1723 онуудад Оросын Петр хаан Персийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад халимагийн 7000 морьт цэрэг оролцож ялалт байгуулжээ. Энэхүү цэргийн ажиллагааны дүнд Орос улс Персийг цааш нь шахаж кавказын Дербент, Баку хотыг эзэлж, Гилян, Мазендаран, Ширван, Астрабад нутгийг нөлөөндөө авч Каспийн тэнгисийн баруун, өмнөд эргийг эзэлж энэ бүс нутагт Турк, Персийн нөлөөг бууруулав.
Аюук хаан таалал төгссөний дараа Оросын засаг төр халимагуудыг ихэд дарамтлах болов. Энэ дарамт Оросын Екатерина хатан хааны үед улам ширүүсэв. Оросын Засгийн Газар халимагуудыг Ижил мөрний зүүн эрэгт нутаглахыг хориглож, зөвхөн баруун эрэгт нутаглахыг шаардах болов. Оросын газрын эзэд, тариачид халимагийн газар нутаг, бэлчээрийг булаан авч шахаж эхлэв. Халимагийн хан хөвгүүнийг Оросын эзэн хаан барьцаалж, халимагийн дараагийн хааныг Оросын хаан томилдог болов. Халимаг хөвгүүдийг олноор нь Оросын цэрэгт албадан татах болов. Орос тариачид халимагуудад талх зарахыг нь хязгаарлав. Өвөл зуд болж олон мал сүрэг үхэхэд Оросын засгийн газраас ямар ч тусламж үзүүлсэнгүй.
Аюук хааны ач хөвгүүн, зээ охиныг оросууд албадан Үнэн алдартны шашинд / Православия / оруулжээ. Оросууд Халимагт христийн сүм байгуулж халимагийн өсвөр залуучуудыг нь Бурхны шашнаас нь хөндийрүүлж, үнэн алдартны шашинд элдэв аргаар оруулж загалмайлдаг болжээ.
Оросын Засгийн газар халимагуудын уламжлалт гадаад харилцааг тасалж, Зүүнгар улс, Монгол улс, Манж Чин улс, Түвд улстай харилцах ямар ч боломжгүй болгожээ. Халимагчуудын амьдрал ийнхүү тогоонд хөмөрсөн тамын амьтад лугаа адил болжээ.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар