Элбэгдорж хүрээлэн болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагаас хамтран хэрэгжүүлсэн "Дэлхийн Монгол" Монгол угсаатны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан Монгол улсын их дээд сургуульд суралцаж буй Өвөр Монгол, Алтай, Буриад, Халимаг, Тувагаас ирсэн оюутан залууст сургалтын төлбөрийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэхээс гадна 5 сарын турш хөтөлбөрт хамруулав. Энэ удаагийн хөтөлбөрийн үйл ажиллагаа Баянчандмань сумын аяллаар албан ёсоор өндөрлөлөө.
Бид хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдагч залууст зориулан сард 1-2 үйл ажиллагааг зохион байгуулав. Тэдгээр нь Монгол соёлын тухай лекц уулзалт, Монгол бичгийн урлангаар зочлох, каллиграф сурах дадлага ажил, Малчин айлаар зочлох, ууланд алхах-чөлөөт үйл ажиллагаа, Төрийн ордноор айлчлах, Баянчандмань сумын хүлэмжийн аж ахуй, өндөгний үйлдвэртэй танилцах аялал, Спорт үйл ажиллагаа, хаалтын зоог зэрэг байлаа.
Хөтөлбөрийн турш идэвхтэй хамрагдсан оюутан, залуустаа баярлалаа. Дараагийн ээлжийн тэтгэлэг энэ оны 10 сард зарлагдана.
Зургууд

Монгол бичиг болон гар урлалын "Шүүдэр" урлангаар зочиллоо. Биднийг хүлээн авсан Цэрэндаваа багшид баярлалаа.

Чөлөөт үйл ажиллагаагаараа бид Богд уулын Их тэнгэрийн амаар алхав.

Монголын уламжлалт соёл ахуй, цагаан сарын баяртай танилцахаар Баянчандмань сумын 2 малчин айлаар зочлов. Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд танд баярлалаа.

Хувь хүний хөгжлийн "Нүүдэлчин" сургалтад хамрагдав. Сургагч багш Хосбаярт баярлалаа.

Монгол угсааны Халимаг, Тува, Буриад, Алтай, Өвөр Монгол оюутан, залуус Монгол улсын төрийн ордноор зочиллоо.

Спорт үйл ажиллагаа. Баянчандмань сумын Политехник коллежийн зааланд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

Аж ахуйн нэгжтэй танилцах аяллаараа Баянчандмань сумын хүлэмжийн аж ахуйгаар зочиллоо. Энэ аж ахуйн хөдөлмөрч ахын хэлснээр хүлэмжээсээ өвөл зунгүй ургац хураадаг гэнэ лээ.
Баянчандмань суманд байрлах Монголын хамгийн том өндөгний үйлдвэр болох "Баян" өндөгний үйлдвэрээр зочилсон нь. Тус үйлдвэр ойролцоогоор 800 мянган тахиатай гэв.

Баянчандмань суманд өнгөрөөсөн сүүлийн өдөр. Замдаа гарахын өмнө.
Дэлхийн Монголчуудын Холбоо