Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Эхлэл академийн 1-р дамжааны суралцагч Ч.Оюунбилэг:  "Миний мэдэх өмнөд Монгол" эсээ, Тусгай байр

"Миний мэдэх Өмнөд Монгол-II" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны оюутны ангийн ангилалд Тусгай байранд шалгарсан  Эхлэл академийн программын ангийн 1-р дамжааны суралцагч Чүлтэмдорж овогтой Оюунбилэгийн эсээг хүргэж байна.

Кириллээр

                                                                             Миний мэдэх өмнөд Монгол

Өрөөлийн нүдээр өчүүхэн харагдаж болох ч өөрийн хоёр жороогоор хугаралгүй нугарч ирсэн хорин насны босгон дээрх өнөөдөр бол миний туулсан амьдралын хамгийн өндөр цэг. Энэхүү өндөрлөгөөс сэтгэлийн чанадад орших эх оронч үзлийнхээ мяндсыг хөглөн бичвээс ар монгол бол миний тархи, өмнөд монгол бол миний зүрх хэмээн сэтгэнэм.

Арга билгийн хууль дэлхийн өнцөг булан бүрд байдаг гэж би боддог. Өөр өөр нутагт байрладаг ч нэг бөмбөрцөг дотор тасралтгүй эргэлдэж нэг нэгэнрүүгээ тэмүүлэх туурга тусгаар монголын хоёр хэсэг надад яг л арга билиг шиг санагддаг.

Биеэрээ нэг ч очиж үзээгүй хэдий ч өмнө зүгт байдаг өвөр монголд өв түүх, соёлын үнэ цэн, монголын уламжлалт зан заншил бүхлээрээ оршиж, ард иргэдийн дунд илдээ хуйлаад амарлисан өвгөдийн сүнс оршиж, зүрхэнд нь МОНГОЛ хэмээх зургаан үсгийг үргэлж бадамлан асааж байдаг гэж би боддог. Тийм учраас л өмнөд зүгт амьдардаг хэдий ч зүрх сэтгэлээрээ үргэлж хамт оршиж сэтгэл зүрхэнд мөнх уяатай байдаг өмнөд монголчуудын нүднээс морио мартсан дорой банди нар бус мориныхоо хомоолыг ч тахидаг босоо монголыг, мананд замхарч үл харагдах бузар булай бус монголоо гэсэн сэтгэлийн гэрэл цацарч байдаг гэж би боддог.

Өмнөд зүгт амьдардаг монголчуудыг эргэн тойрныхоо монголчуудтай харьцуулшгүй. Ар монголчууд бид алтан ургийн үлдээсэн ариун газар шороон дээр амьдарч, алтан ургийн хаад шиг байгаа боловч чухам үнэндээ өв түүхээ умартаж үндэсний бичгээ даяаршилд уусгаж байгаа бол өвөр монголчууд хангал буга хатирсан халхын хурдны өлгий дээр эх эздийн үлдээсэн эх нутгаа өмгөөлж, хүрч үл чадах хязгаарт оюун билиг хоёрыг огтлолцуулж лус савдгийн амин сүнснүүдийг тайтгаруулж байгаа гэж би боддог.

Буйдхан мухар өрөөний баруунтайх буланд суугаад яруу найргийн хаалгыг яаруухан татах үест монголоо гэх чин сэтгэл зүрхний ховдлыг дүүргэж, тархи минь тэртээх түүхийн шарласан хуудсууд руу тэнүүчилдэг. Их эзэн Чингисийн байгуулсан их монгол улс шиг өнөөгийн монголыг дэлхийн тавцанд ахин гаргах чин хүсэл дэлхийд тархсан бүхий л монголчуудын сэтгэлд хадаатай байдаг гэж найдаж байна.

Хоёр зуун дамнасан нэгнээ гэх их хүсэл эрмэлзлэлийн дараа хэзээ нэгэн цагт хананд хоригдохоос залхаж ханат гэрд дурлаж, тайж ноёдын цустнууд хятадаас цэвэрлэгдэж, тулгар монголын далбаан доор хамаг монгол нэгдэж, тулганы ёроолд бөхийсөн галын цог бадарна хэмээн чин зүрхнийхээ угаас хүсэж байна.

Жигүүртэн байж гэмээнэ тэнгэртээ нөхчимөөр ариухан

Жилийсэн талын дунд мөнхөрч баймаар цав цагаан гэр.

Эсээг: Эхлэл академийн программын ангийн 1-р дамжааны суралцагч Чүлтэмдорж овогтой Оюунбилэг

Төстэй мэдээ