"Миний мэдэх Өмнөд Монгол-II" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангилалд Тусгай байранд шалгарсан Нийслэлийн тэргүүний 15-р сургуулийн 9в ангийн сурагч Б.Эрдэнзаяагийн эсээг хүргэж байна.
Кириллээр
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
“Төрсөн нутгаасаа түмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь төмөр гинжээр аргамжсан мэт эргэлдээд байдаг нь миний Монгол орон ” хэмээсэн Өвөр Монголын цахар зохиолч Лигдэн гуайн "Би монгол хүн" өгүүллэгээр энэ эсээгээ би эхлүүлмээр санагдлаа.
Хүсэх, хясах, санахын зовлон гэж юу байдгийг хэрэв та мэдэхгүй бол харь гүрний эрхшээлд 220 жилийн турш зовж, зүдэрсний эцэст 1911 онд ар монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар Өвөр Монгол ахан дүүсийн хамт Богд хаант монгол улсын цэрэг Хятадын хар цэрэгтэй 1912-1915 онд "Таван замын байлдаан" хийж амжилт олоод байсан боловч Хиагтын гурван улсын гэрээгээр хилийн цаана үлдсэн элэг нэгтнүүдээс минь асууж та нэг үзээрэй.
Өмнө нь, Монгол хэлээр голлож ордог байсан хичээлүүдийг Хятад хэлээр бүрэн хэмжээнд бүх сургуулиудад орлуулах болсон нь, цаашдаа Монгол хэлийг устгаж алга болгох зам руу хөтөлнө гэсэн айдас, хүйдэс төрүүлж байсан тэр зүүд өнөөдөр бодит дүрээ олсон байгаа нь үнэхээр аймшигтай санагдаж байна. Хятадын Коммунист Намаар удирдуулсан, төв Засгийн газрын энэхүү үйлдлүүд нь Монгол үндэстний хэв шинжийг авсанд булшлан шигтгэж байгаа сүүлчийн хадаас гэж Монгол үндэстэн бид харж байна. Өөрөөр хэлбэл хятадууд эх хэлтэй минь дайн эхлүүлсэн тэрхүү явдал юм.
Энэ бүхэн анх 2020 оны 3-р сарын 1-нд Өвөр Монголд дахиж монгол хэлний хичээл орохгүйн бэлгэдэл болгож, Монгол хэлний хичээлийн хаалтын ажиллагаа хийсэн юм. Энэ бол хичээлийн жилийн эхний болон, эцсийн Монгол хэлний хичээл байсан бөгөөд энэхүү хичээлд Өвөр монгол хүүхдүүд бүгд Монгол дээлээ өмсөж, хадаг барин мөргөж хичээлдээ орсон байна. Мөн тухайн үед Өвөр Монгол хүүхдүүд Монгол хэлний хичээл орохгүй байх гэх Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн хичээл хаяж, жагсаал цуглаан хийж, суулт зарлан, нийтээр дуулж, шүлэг уншин тэмцсэн. Уг тэмцлээс үүдэн өвөр монголд багш, сурагчдыг баривчилж, яллаж, төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасахын сацуу хар дансанд оруулах шийтгэлийг ч оногдуулсан юм. Харин багш нарын уйгагүй тэмцэл, хүсэлтийн дагуу Монгол хэлний сүүлчийн хичээлийг нь оруулж байсан үе саяхан санагдаж байна.
Бусдын эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов гэхчээр туурга тусгаар улсдаа л ирж сэтгэлээ дэвтээх гэсэн элэг нэгт монгол ахан дүүс минь монгол хэл, соёлоо харийн туган доор,өөрийн нутагт хэрэглэх эрхгүй болсон ч Монголоо гэсэн чин үнэн сэтгэлийн тань гал мохоогүй хэмээн бид найдан сууна. Та нар минь гэртээ, эх нутагтаа байгаа эзэд юм шүү. Буурал дээдсийн нутагтаа төрөлх хэлээрээ сурч, хэрэглэж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
“Үс хэдий олон ч ганцхан тонгоргоор хусдаг” гэсэн зүйр цэцэн үгийг та бүхэндээ сонордуулж, энэхүү эсээгээ төгсгөе.
Эсээг: Нийслэлийн тэргүүний 15-р сургуулийн 9в ангийн сурагч Б.Эрдэнзаяа