"Миний мэдэх Өмнөд Монгол-II" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны ахлах ангийн ангилалд Тусгай байранд шалгарсан Сүхбаатар аймгийн Онгон сумын 12б ангийн сурагч Н.Бямбажаргалын эсээг хүргэж байна.
Кирилээр
Миний мэдэх Өмнөд Монгол
Монгол гэдэг эзэн Чингис өвөг дээдсийн өсөж өндийсөн, өргөжүүлэн дэлгэрүүлэхийг машид хичээн, атгасан шагай шиг эвийг хадгалж, есөн өрлөг хүлэг баатруудаа удирдан дэлхийн талыг дөрвөн туурайт, халуун цуст мориороо эзэлж явсан эр зоригт эрэлхэг жавхаатай хааны омогшил бахдал дүүрэн ард, Хүннү гүрний зүрхэн судар болсон аугаа орон мөнөөсөө мөн билээ. Гэвч 14-р зууны үеэс их монгол улсын бутрал эхэлж атгасан гар шиг нэгдмэл байсан монгол орхисон шагайн адил бутран задрав. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг. Монгол олон бутарлаа ч гэсэн Ар, Өвөр Монгол алтан говиороо тусгаарлагдан оршиж байгаа билээ. Тэртээ нэгэн зуун жилийн өмнө Ар Монгол улс тусгаар тогтнолоо зарлан хилийн цаана буй ахан дүүсээ нэгтгэх санаа байсан боловч Хиагтын гэрээ буюу Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээг ашиглан Хятадын тал Өвөр Монгол садныг минь өөрийн нутаг дэвсгэртээ авчээ. Одоогоор тэд маань Хятад улсын газар нутгийн 17.13% эзлэн оршиж байна. Хэдийгээр харь улсын харьяалалд орж түүх зан заншлаасаа холдсон ч босоо монгол бичгээрээ бичиж ханат цагаан гэртээ аж төрөн амьдарч байгааг нь үзэхэд бахадмаар. Сүүлийн үед интернэтэд Өвөр Монгол түмэн малынхаа толгой шийрийг хаялгүй хоол хүнс болгон боловсруулан хэрэглэж түүнийгээ тив дэлхийд гайхуулж,монгол соёлын тээгч гэдгээ харуулан монголынхоо хоол хүнс боловсруулах өвөрмөц арга барилыг түгээгч болоод байгаа билээ. Гэтэл...Бид жинхэнэ монгол гэж цээжээ дэлдэн цусаа хөөргөдөг Ар Монголчууд бидний хогийн цэг дүүрэн малын толгой шийр байна. Өнөөдөр таван цулаа ч иддэг хүн ховор болжээ. Энэ нь харийн соёлыг илүү шүтэж даяаршиж буй дэлхий ертөнцөд өөрийн соёлын үнэт дархлаагаа алдаж байгаа гэсэн харамсалтай мэдээг илтгэж байгаа юм.
Бидний хамгийн чухал хүчтэй зэвсэг нь нүүдлийн соёл,тэр дундаа ахуйн соёл гэдгийг ойлгохгүй ухаарахгүй юм даа. 1966 онд Хятадад болсон соёлын хувьсгалын үеэр монголоо гэсэн сэтгэл өвөрлөсөн олон мянган Өвөр Монголчуудыг тамлан хөнөөсөн ч босоо бичиг, буурал угсааныхаа төлөө зүрх зоригтойгоор тэмцэгч ард түмэн байсаар ирсэн бөгөөд үүний баталгаа нь 1980 онд монгол бичгийг ашигладаг 110000 сургууль байсан гэдэг нь тэдний монгол эх хэлээ гэх сэтгэл нь мөнхийн гал мэт дүрэлзэн асаж байсныг илтгэж байна. Мөн даяар монголын бахархал Өмнөд Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, Чингисийн 28-р үеийн үр В.Инжаннаш нь өөрийн эцэг Ванчинбалын эхлүүлсэн “Хөх судар” романыг үргэлжлүүлэн бичиж дуусган түүгээрээ алдарт гарсан гэдэг. Зохиолч энэхүү бүтээлээрээ харийн орны монголчуудыг мунхаг бядуу гэх доромжлолыг эсэргүүцэж, эд баялагт зүтгэж эх орноо мартсан тайж ноёдыг шүүмжлэн, монгол угсаатандаа өөрийн түүх соёлыг уламжлан үлдээхийг зорьсон байдаг нь ч бас тэдний халуун сэтгэлийн илрэл юм.
Хамгийн сэтгэл өвтгөм зүйл нь 2020 оны цар тахлын нөлөөгөөр хятад улс монгол хэл дээрх хичээлийг хааснаас болж 2020 оны намар сурагчид жагсаал тэмцэл өрнүүлэн монгол дуу дуулж, шүлэг уншиж, сургуулийнхаа хаалгыг эвдэж зугтах оролдлого хийж байжээ. Мөн 2020 оны зун, намар багш нар эсэргүүцэл гаргасан ч тэдэнд шийтгэл оногдуулсан байна. Элэг нэгт ахан дүүс минь тэмцэн тэмцсээр 2023 оны 4-р сарын 23-ны өдөр хамгийн сүүлчийн монгол хэлний хичээлдээ хадаг, дээл хувцсаа бүрэн өмсөж оролцсон билээ. Ингээд дурдаад байвал нэгэн тугтай биш ч нэгэн сэтгэлтэй,үргэлжид хамтдаа байдаг ахан дүүсийнхээ эр зориг, сэтгэл зүтгэл,зовлон зүдүүр нь дундаршгүй таван зуухан үгэнд хязгаарлагдашгүй юм аа. Мөн энэ бүхэн нь Ар Монголчууд бид эрчимтэйгээр бичиг соёлоо сэргээхгүй бол өв соёл минь тоосонд дарагдаж, хамхуул мэт хийсэж, утаа шиг сарних цаг хаяанд ирснийг сануулж байна шүү дээ. Даяар Монгол минь сэр, сэр, сэр.