Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

МУБИС-МХУЗ 4-р курсийн оюутан Б.Оюунзаяа: “Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ, III-р байр

“Миний мэдэх Өмнөд Монгол-II” эсээ бичлэгийн уралдаанд оюутны ангилалд III-р байранд шалгарсан МУБИС-НХУС Монгол хэл уран зохиолын ангийн 4-р курсийн оюутан Б.Оюунзаяагийн эсээг хүргэж байна.

Кириллээр

Миний мэдэх Өмнөд Монгол

             Угсаа гарлаа яривал яахан аргагүй садан Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд Уруул дордойвч элэг дордойдгүйн үнэн Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр Монгол оо... Өвөр монголчууд бол өнө эртний түүх соёл, эх хэл, бичиг үсгээ өдийг хүртэл сэв суулгалгүй хадгалж, хамгаалж, тээж ирсэн гайхамшигт түмэн юм. Эх хэл, түүх соёл, ёс уламжлал гэдэг аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь байдаг. Өвөр монголын байгаль үзэсгэлэн төгөлдөр, түүх соёл агуулгаар баян, ардын зан заншил өвөрмөц, аялал жуулчлалын баялаг асар их. Дэлхийд ганцхан гэдэг үг тэдэнд л хамаатай ч юм шиг.

Монгол бичиг, монгол гэр, монгол наадам, монгол дээл... Дэлхийд ганцхан босоо бичгээ дээдэлж, хамгаалж, хэрэглэж, өдийг хүртэл үр удамдаа үлдээж ирсэн нь тэд. Өвөр монголд монгол бичгийн сүүлчийн хичээл орсон гэх гунигтай мэдээ монгол даяар тарлаа. Түүнийг хараад халаглах, харамсах хүмүүс олон. Гэвч хий хоосон харамсаад бид яах билээ. Нэгэн бяцхан охин эх хэлнийхээ төлөө эхэр татан нулимс унагаж байхыг хараад өөрийн эрхгүй өр эмтрэх шиг. Тэр бяцхан зүрх хүртэл улс түмнийхээ төлөө тэгж их харамсаж байхад тусгаар эрхт монголчууд бид өөрийн бичиг үсгээ мэдэхгүй, сурахгүй, үл тоож байна гэдэг үнэхээр гутамшиг. Энэ үйл явдал бидэнд ухаарлыг үзүүрийг атгуулах шиг.

Үүгээр зогсохгүй Өвөр Монголд хуучны монгол гэр, монгол ёс заншлыг хадгалсан уламжлалт эдлэл хэрэглэл маш их. Хуучны монгол гэр, хасаг тэрэг, эдлэл хэрэглэлийг тэндээс харж болно. Эрийн гурван наадамдаа монгол дээлээ өмсөөд, монгол морио унаж, бөх барилдаж, морь уралдаж, сур харваж түүх соёлоороо бахархаж үр хойчдоо уламжлуулж ирсэн. Нүүдэлчдийн амьдрал, яруу сайхан уртын дуу, тал нутгийн уудам, морин нуруун дээрх эртний түүх, байгалийн баялаг, тал нутгийн үзэсгэлэн тэнд бий. Би Өвөр Монголд заавал очиж элэг нэгт түмэнтэйгээ уулзаж ёс уламжлал, байгаль нутгийн үзэмж, үзмэртэй нь танилцахыг хүсдэг. Эцэг өвгөд, түүх соёл, эх хэл, өв уламжлалаараа холбогддог учир яахан аргагүй элэг нэгт гэж би боддог.

Өвөр Монгол, Ар монгол Бид нэг Монгол.

Эсээг: МУБИС-НХУС-МХУЗ 4-р курсийн оюутан Б.Оюунзаяа 

Төстэй мэдээ