“Миний мэдэх Өмнөд Монгол-II” эсээ бичлэгийн уралдааны оюутны ангилалд II-р байранд шалгарсан МУБИС-МБУС Химийн ангийн 1-р курсийн оюутан Х.Мөнхзулын эсээг хүргэж байна. "Мандан бадрахын бэлгэдэл хэмээн эсээгээ улаан өнгөн дээр бичив" гэж ээ.
Кириллээр
Миний мэдэх Өмнөд Монгол
Нутгаа тэмцэх адуу
Салхи эсгэх
Тонгорог.
Өвөр монголын залуу яруу найрагч Да. Сайнзаяа ийн бичжээ. Саяхан Монголд хэвлэгдсэн Өвөр Монголын залуу шүлэгчдийн түүвэр “Ойрхон” гэх яруу найргийн номыг номын дэлгүүрийн шинэ номын тавиур дээрээс олзуурхан авч уншсан юм. Арав гаруй найрагчид өөрсдийн сэтгэл зүрхний гүнээс шимтэн орж, мэдрэгдтэл бичсэнийг салж ядан уншиж дуусгалаа. Тэдний мэдрэмж минийхтэй хэт ойр санагдахын учир юу сан билээ. Бид чинь Монгол нэрийн дор аж төрж буй нэг өрх бүл, дэндүү ойрхон хүмүүс шүү дээ.
Гэтэл өмнөх долоо хоногт Өвөр монгол зон олны маань үр хүүхэд ирээдүй хойчид эх хэлээр нь долоон хоногт хоёроос илүүгүй цаг л хичээл орохыг зөвшөөрсөн тухай олон нийтийн цахим хэрэгслээс олж уншлаа. Элгэн саднаас өөрцгүй, хэчнээн хол буйд ч гэлээ энүүхэнд дотно мэдрэгдэх, биднээс илүү монгол бичгээ хүндлэн дээдэлж, өвлөн уламжлуулж, хэрэглэн заншиж, хамгаалан тэмцэж буй тэр хүмүүс харийн хараан дор, харийн хэлээр ярьж, харьд амь зуух ямар хэцүү шаналантай, гань ганцаардалтай буй бол гэхээс элэг эмтрэн, өрц өөд гашуу оргих шиг болов. Тэр ч байтугай өөрсдийн хэлийг нухчуулан хориулж булаалгана гэдэг, тэд бүрэн “бусад” болохын угтал билээ. Монгол түмэн, монгол цуст, монгол хэлт хүмүүс нэгдэн нийлж, хамтран уухайлсаар зовлон бэрхшээл, саад тотгорыг даван туулсаар ирсэн юм. Би ч мөн тэдний нэг байх болно гэсэн омогшлоор дотроо арайхан уужрууллаа. Бичиг минь мөнх оршиг ээ хэмээн дотроо сүсэллээ.
Өчигдөр өглөө, өмнөд монголоос ирж манай сургуульд доктороо хамгаалсан Сүмбэр ахаас хэдэн зүйл тодруулахаар, угтаа хятад хэлний ханзны хөг асуухаар амьдардаг оюутны дотуур байранд нь очиж уулзсан юм. Замаараа дэлгүүрээс сүү аваад орлоо. Хэдэн хормын дараа Сүмбэр ахыг доош бууж ирэхэд нь мэнд ус солиод сүүгээ барьтал үгээр хэлэмгүй баярлан “Энд амьдрах хугацаанд минь хамгийн анх чи надад сүү өглөө, үнэхээр их баярлалаа.” хэмээв. Голт зүрхний угаас талархсан тэр бээр их л ойр дотно, найз нөхөр, төрсөн ах эгч шиг минь санагдсан сан. Өмнөд монголын Сүмбэр ах, ар монголын нэгдүгээр курсийн оюутан миний бие ахан дүүс билээ.
Эсээг: МУБИС-МБУС Химийн ангийн 1-р курсийн оюутан Х.Мөнхзул