Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Дорноговь аймгийн 12а ангийн сурагч Б. Энхжин: “Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ, Тусгай байр

“Миний мэдэх Өмнөд Монгол-II” эсээ бичлэгийн уралдаанд Тусгай байранд шалгарсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б. Энхжингийн эсээг хүргэж байна.

Кириллээр

                                                         Миний мэдэх өмнөд монгол

Миний мэддэг Өмнөд монгол бол амьдралдаа нэг ч удаа уулзаж үзээгүй халуун сэтгэлт харуусалт түүхтэй ах эгч нар минь буй сэтгэлийн чанадад оршдог монгол улсын нэгээхэн хэсэг билээ. Туурга тусгаар монгол улс маань заримдаа ар, өвөр, баруун, зүүн гар хуваарилагддаг байлаа. 1504 онд Баянмөнх даян хаан өөд болсны хойно улс нь хуваагдаж 12 хөвгүүнд нь салан өвлөгдсөн аж. Одоогийн монгол орны дийлэнх хэсэг нь отгон хүү Гэрсэнзэд очиж, өвөр, халх зэрэг бусад зүүн монголын ихэнх хэсэг хожим Өмнөд монгол болсон юм. 16-р зууны дунд үед Барсболд жононгийн хүү Алтан хан Мин улсыг уулгалан довтолж 1552 онд Ойрадын заримыг ихээр дарж Хөх нуурын газрыг эзэлжээ.

1575 онд Хөх хотыг үүсгэн байгуулсан нь өдгөө Өвөр монголын нийслэл хот болсон юм. Яг үнэндээ өвөр монгол биш өмнөд монгол гэсэн нь орчин үетэй зохицох илүү оновчтой нэр юм шиг санагдаг юм. Учир нь хятадууд “манай дундад зууны өвөр монгол” гэж ярьдаг болсон нь “Хятадын” Өвөр монгол” гэсэн далд утгыг илэрхийлж байсан заль бололтой. Цагийн уртаар таран бутарсан элэг нэгт үндэстэн маань сэтгэл зүрхний гүнд уяатай хэвээр л. Дорноговь аймагтай хил залган оршдог Ганц мод гэх газар нэгэн зун очиж байсан юм. Онцгой гойд зүйл байгаагүй ч нас бага газар үзээгүй миний хувьд ихээхэн сонирхолтой санагдсан.

Ээжийн маань танил гэх жижиг дэлгүүр ажиллуулдаг Лянхуа гэх эгчтэй үе үе очиж хууч хөөрнө. Монголынхоо тухай ярих бүрд хийж байсан зүйлээ орхиод чих тавин сонсдог байлаа. Хааяа халамцсан үедээ “Би ч бас Чингисийн монгол” гэж аньсага чийгтэн хэлдэг нь тэрхэн үедээ юм бодуулаагүй ч одоо нэхэн дурсахад сэтгэл эмзэглэмээр үе байж ээ. Нэг түүх, нэг сэтгэлтэй тасран одсон ард түмэн минь шүү дээ. Сэтгэлийнхээ гүнд харуусаж халаглаж явдаг бололтой. Хэд хэдэн удаа нэгтгэх гэж оролдсон ч Өмнөд монголчуудаасаа аргагүй хагацсан нь юутай гаслантай. Тэгж салан холдсон ч гэлээ босоо монгол бичгээ аминаасаа илүү хайрлан тэмцэж авч үлдсэн нь монголчууд бидний ёс төдий хэрэглэдэгтэй зүйрлэшгүй том бахархал. Өдийг хүртэл өөрсдийгөө Монгол гэх тэднийгээ бид ямархан байр сууринд багтаадагсан билээ.

Өдгөө Өвөр монголын хүн ам 30 сая дөхсөн ч түүний 7 хүрэхгүй нь монголчууд. Тийм байлаа ч “Би бол Монгол” гэж бодох нь Монгол байх хамгийн чухал үзэл байх. Уйлан байж өөрийгөө Монгол гэдэг сэтгэлд дотно тэр эгчтэй дахин уулзах боломж олдвол халуун дотноор тэврэхийг хүсэж байна.

Эсээг: Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар Сургуулийн 12а ангийн сурагч Б. Энхжин

Төстэй мэдээ