Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

ШУТИС I-р курсийн оюутан Ц.Мөнх-Үйлс: “Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ, I-р байр

“Миний мэдэх Өмнөд Монгол-II” эсээ бичлэгийн уралдаанд оюутны ангилалд I-р байранд шалгарсан ШУТИС I-р курсийн оюутан Ц.Мөнх-Үйлсийн эсээг хүргэж байна.

Кириллээр

Чандмань эрдэнэ

              Өнөөдөр бол хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр. Шинэ улирал, тэр тусмаа шинэ он эхэлж буй тэмдэглэлт өдөр. Сар шинийн баяр бол монгол түмний минь түүх, соёл уламжлалын бэлгэ тэмдэг төдийгүй, өчүүхэн миний амьдралд ч тодоос тод дурсамж үлдээдэг хамгийн сайхан баяр.

Багаасаа л цагаан сарыг өвөө, эмээгийндээ угтдаг, үддэг заншилтай болчихсон. Шинэ жилийн амралт дуусав уу үгүй юу хурдхан шиг л хөдөө явж цагаан сарын бэлтгэл ажилдаа орохоор яардаг сан. Үнэн хэрэгтээ баярын бэлтгэл ажилд тийм ч нэмэр нөөлгөтэй биш байсан үе минь. Яагаад ч юм хүн бүр завгүй шогшилдох зураглал, хөдөө нутгийн өвлийн жавар буцаж буй тогтуун сайхан орчинд л гадаа юу ч юм хийж гүйх зураглал бодлоос ер салдаггүй сэн. Одоо ч тийм л үеийг хүсдэг хэвээрээ.

Гаднаас дуудуулан барин орж ирэхэд эмээ минь намайг жаахан ч гэсэн гэртээ тогтон сууж, дулаацаг гээд телевизороор сатааруулна. Би ч тоглож гүйхээс гадна дуулж бүжиглэх хоббитой. Тэр үеийн хит ч гэмээр, одоо ч сонсоход сэтгэл сэргээд явчихдаг “Чандмань эрдэнэ” хэмээх дуу л эмээ бид хоёрын сонголтын жагсаалтын тэргүүнд. Дууны утга агуулгыг ойлгох ч сөхөөгүй атлаа дагаж дуулдаг байсан үе рүүгээ очмоор. Дурсамж гэгч юутай ч хамт үлдэж болдог нь энэ болой. Харин миний хамгийн нандин дурсамж “...нар, сар, одон гурав...”-тай үлджээ.

Энэ дуу 2007 онд буюу намайг 3 настай байхад манай гэрт төдийгүй хаа сайгүй л хит болж байсан түүхтэй. Дууг нэгэн Өвөр Монгол охин аав, ээжийн хамтаар эгшиглүүлдэг нь ой ухаанд тодоос тод үлджээ. Дууны үг, ая цаанаасаа л хэн хүний хүүхэд ахуйн гэнэн томоогүй дурсамжуудыг сэдрээх төдийгүй анх удаа сонсож буй хүүхдэд ч ер бусын сонсголонтой сайхан байх болно.

Телевизорын сувгийн тоглолт эхлэв үү үгүй юу манайд мөн тоглолт эхэлнэ. Надаар эхэлсэн концерт аав, ээж, эмээ, өвөөг бүгдийг нь хамраад, ганц биш хэд хэдэн удаагийн давтамжтайгаар үргэлжилдэг байсан нь өхөөрдөм гэж эгчийг ярихад хөгтэй ч юм шиг.

Дуунд энгийн үг хэллэг бараг үгүй ч, нар, сар, од нь аав, ээж, бид гурав хэмээх өвөрмөц зүйрлэлтэй. Дууны үг нь аялгуутайгаа төгс зохицсон гэдгийг дуулгах нь зүйтэй.

Хүн бүхэнд хэзээ ч мартахыг үл хүсэх, сэтгэл зүрхэндээ тээж явах төдийд л үнэ цэн нь юутай ч зүйрлэшгүй тийм л нандин дурсамж гэж бий. Харин минийх “чандмань эрдэнэ”.

Эсээг: ШУТИС I-р курсийн оюутан Ц.Мөнх-Үйлс

Төстэй мэдээ