“Миний мэдэх Өмнөд Монгол-II” эсээ бичлэгийн уралдаанд Тусгай байранд шалгарсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сум Лаборатори Мэргэд сургуулийн 10а ангийн сурагч Н.Тайванжаргалын эсээг хүргэж байна.
Кириллээр
"Миний мэдэх Өмнөд Монгол"
Нутаг залгаа ч хилээр зааглагдаж, хэл нэг ч хуулиар хориглогдсон монголчууд минь. Нэг нь нэгнээ гэх ч арга ч үгүй улам л холдож хөндийрсөөр байгаа монголчууд минь. Цус нэгт ахан дүүсээсээ сална гэдэг юутай гашуун.
Намайг арай бага байхад зурагтаар өвөр монгол орны тухай нэвтрүүлэг гарч байлаа. Тэр үедээ онц хийх юм байгаагүй тул сонирхож үзэв. Тэгэхэд л тэр нэвтрүүлэгт өвөр монгол гэж ямар газар байдаг, ямар хүмүүс байдаг гэдгийг анхлан мэдэж авч байлаа. Адилхан ах дүүс монголчууд минь юм гэсэндээ үнэхээр л дотно мэдрэмж байсан маань тодхон санагдаж байна. Тэндхийн байгаль орчин, өв соёл бүгдээрээ монгол оронтой адилхан байсан нь үнэхээр сэтгэлд минь ихийг бодуулж билээ. Өвөр монголчууд бичихдээ бүгд монгол бичгээр бичдэг. Энэ нь намайг монгол бичгээ сурах ёстой гэсэн үзлийг маань улам нэмэгдүүлж өгсөн юм.
Та нар мэдэх үү? Өвөр монгол улсад монгол хэлээр хичээл орж буй сүүлчийн өдрүүд тохиож байгааг. Элэг нэгт ахан дүүс маань дахин монгол хэлээ сурч, бичиж, ярьж болохгүй болж буйг. Энэ бүгдийг холоос сонсоод сууж байгаа бид өрөвдөлтэй. Гэтэл бидэнд ч бас ийм нэгэн өдөр ирж мэднэ. Үүнээс бид хамгаалж чадна шүү дээ. Гол гарц нь эх төрөлх хэлээ зөв эзэмшиж хэрэглэх хэрэгтэй. Монголын үндэсний бичгээ бүр ч илүү сурч судлах юм. Ар монголчууд бид өөрсдийгөө “Монголчууд” гэж цоллоод байдаг ч харь улсын эрхэнд байгаа өмнөд монгол улсаасаа ч дор үндэсний бичгээ мэддэггүй юм билээ.
Мөн өвөр монгол орон эртнээс өвлөж ирсэн үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсдөг. Энэ нь тэдний өв соёлоо авч үлдэх гэж хичээж байгаа бас нэгэн арга. Үүнийг бид дэмжиж үндэсний хувцсаараа зөвхөн баярт тэмдэглэлт үеэр биш өдөр тутамдаа өмсөх хэрэгтэй.
Өвөр монгол орон ар монголтой бас соёлын хувьд ижил тал олонтой. Монгол үндэсний баяр болох цагаан сар, үндэсний наадгай бөхийн барилдаан зэрэг нь их адилхан байдаг. Гэхдээ өөр тал ч бий. Бөхийн зан үйл, өмсгөл зэрэг нь өөр байдаг нь ихээхэн сонирхолтой.
Өнөөх зурагтын нэвтрүүлгийг үзэж суухдаа тэр сайхан байгальд очиж ахан дүүстэйгээ танилцан, мэдэлцэж ихийг хийж үзэх хүсэл оволзон байж үзэж байсан сан.
Өвөр Монгол улс бол бидний монголчууд. Ар, өвөр гэж хуваагдсан болохоос л биш бид чинь нэг улс шүү дээ. Үүнийг хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэн маань хамгаас сайтар мэдэж элэг нэгтэй байх нь бидний үүрэг юм.
Эсээг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум Лаборатори Мэргэд сургуулийн 10а ангийн сурагч Н.Тайванжаргал