“Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ бичлэгийн уралдаанд ахлах ангийн II-р байранд шалгарсан “Оргил” сургуулийн 11-1 ангийн сурагч Э. Зулын эсээг хүргэж байна.
Кириллээр
Миний мэдэх Өмнөд Монгол
Угсаа гарвалиа яривал яахан аргагүй садан
Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд
Уруул дордойвч элэг дордойдоггүй үнэн
Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр монгол
Би багадаа гоё гэж бодсон бүхнээ сонирхон, элдэв зүйлс үзэж харах дуртай томоогүй насан дээрээ байхдаа ээжийнхээ ярьж өгч байсан Өвөр монголчуудын тухай сонсох маш дуртай байлаа. Ээж минь Өвөр монгол руу яваад ирэхдээ “Чингисийн онгон”, “Шилийн гол”, “Хөх хот” гэх мэт түүхэн газруудыг ямар байдгийг, хэрхэн байгуулагдсан гэх мэт түүхэн үйл явдалтай нь хүртэл нүдэнд харагдтал ярьж өгдөг байсан нь гадаад улс орны тухай, тэрчлэн өөр нэг Монгол улс гадаадад байдаг гэх ухагдахууныг анх удаа авч буй надад маш сонирхолтой санагддаг байв. Мөн ээжийн минь авч ирж байсан зузаан цэнхэр ном байдаг юм. Дотор нь босоо монгол бичгээр жирийтэл нь бичсэн монгол бичгийн хичээл байдаг ба тэднийг ард нь дуурайж бичих хамгийн дуртай байлаа. Ингэж л би Өвөр монголчуудын тухай мэдэж, монгол бичигт хайртай болж өсжээ.
Монгол бичгээ тээж түгээх нь монгол хүн бүрийн үүрэг юм. Ээж минь ч багаас минь монгол бичгийг сурталчлан таниулдаг байснаараа үүргээ ч сайн гүйцэтгэсэн хэрэг болж байгаа юм. 1912 оны түүхэн үйл явдлаас харвал чин зоригт Манлайбаатар Дамдинсүрэн ар монголын цэргүүдийг удирдан дагуулж ах дүү Өвөр монголыг хятадын мэдлээс чөлөөлөхөөр явж цагаан хэрэмд тулсан түүхтэй. Гэвч тухайн үеийн Монголын нөхцөл байдлаас улбаалан бид нэгдэж чадаагүй. “Хэрэв энэ үед бид нэгдлийг эргэн олж авсан бол?” гэж би үргэлж сониучирхан боддог байлаа. Харамсалтай нь бидэнд энэ асуултын хариуг олох боломж олдоогүй.
Харин 2020 оноос эхлэн Өвөр монголчуудаас монгол хэлийг бүрэн салгах бодлого явуулж эхлэн, сургуулиудад нь монгол хэлээр хичээл орохыг хориглох чиглэл өгчээ. Уг шийдвэрээс улбаалан өвөр монголын Хөх хот, Туньляо зэрэг хотуудад хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Уг хөдөлгөөнөөр Өвөр монголын эцэг эхчүүд, хүүхдүүдээ сургуульд элсүүлэхээс татгалзаж, цаашлаад монгол хэлний багш нар нь хүртэл амь насаа зольсон гунигт явдлууд тохиолдсон. Энэ бол бидний мартаж болохгүй хатуу сургамжуудын нэг билээ. Манай Монгол улс байгуулагдахад улсын шинэ үндэсний үзэл гарч ирсэн. Энэ үзлээр зөвхөн ар монгол улсын монголчууд л “монгол ” болсон юм.
Энэ бүх хүнд хэцүү үйл явдлын туршид ч тэд эх хэл, ёс заншлаа биднээс ч илүүтэйгээр тээж, өвгөдийнхөө захиасыг үнэнчээр биелүүлж авч явж буйг нь хараад хэн ч тийм зүйл бодоогүй л болов уу, мөн би л хувьдаа тэднээр үлэмж их бахархаж, монгол хэмээн нэрийдэгдсэн өөрсдийнхөө өнөөгийн байдлыг хараад өөрсдөөсөө ичих шиг. Миний мэдэх өвөр монголчууд харийн нутагт эх хэлээрээ ярих эрхийн төлөө тууштай тэмцсээр байна. “Амьдрал гэдэг тоос хөдөлгөж амьд явахын нэр биш, өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэл зүтгэлийн нэр юм” гэж зохиолч, улс төрч Л.Түдэв хэлсэн байдаг.
“Би л биш бол бусад нь яах вэ” гэх сэтгэлээр бус нэгнээ гэсэн сэтгэлийн доор л бид тусгаар тогтнол, ёс заншлаа үеэс үед хадгалан авч үлдэх учиртай билээ.
Эсээг: Нийслэлийн “Оргил” сургуулийн 11-1 ангийн сурагч Э. Зул