Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 10-2 ангийн сурагч Г.Биндэръяа: “Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ I-р байр

“Миний мэдэх Өмнөд Монгол-II” эсээ бичлэгийн уралдаанд ахлах ангийн ангилалд I-р байранд шалгарсан Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 10-2 ангийн сурагч Г.Биндэръяагийн эсээг хүргэж байна.

Кириллээр

                                                                   МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ

13-р зууны үед атгасан гар шиг нэгдмэл хүчирхэг оршиж байсан Монголчууд 17-р зуунд Манж улсын өмнө хүчин мөхөстөж улмаар Өвөр Монгол, Халх Монголчууд ар араасаа дагаар орж, Ойрад Монгол цус асгаруулсан ширүүн тэмцэл хийсэн юм. Тархай бутархай байсан Монголчууд VIII Богд Жавзандамба хутагт тэргүүтэйгээр 1911 онд тусгаар улсаа сэргээн төвшитгөх хувьсгал хийсэн ч 1915 оны Хиагтын гэрээгээр Өмнөд Монголчуудаа хилийн цаана үлдээхээс аргагүй болов. Чөмөгт ясны хэлтэрхий, улаан цусны минь үсэрхий болсон Өвөр Монгол ахан дүүс маань төдийгөөс өдийг хүртэл хэл соёл, өв уламжлалаа хэрхэн нандигнаж ирсэн юм бол?

Түүхэн эх сурвалжуудаас үзэхэд Өмнөд Монголын нутагт үнэ цэн бүхий дурсгалт газар олон байдаг бололтой. Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны нутаг дэвсгэрт Юань улсын дээд нийслэл Шанду хотын туурь олон зууны салхийг элээн сунайна. 1369 онд Мин улсын арми, Шандуг эзэлж Тогоонтөмөр хаан дутаасны хойно хотыг галдан шатаасан бөгөөд 2002 оноос эргэн сэргээх ажил эхэлсэн байна. Догшин барын саварт баригдсан хулгана лугаа адил Хятад улсын заналхийлэлд буй ч үндэстний соёлын өвөө өөриймсгөөр нандигнаж ирсэн нь юутай бахархалтай. Монгол үндэстний таних тэмдэг, алтан гэрэгэ болсон уртын дуу, хөөмийг НҮБ-ын ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийг төлөөлөх бүтээл”-ээр бүртгүүлжээ.

Өвөрлөгч зон олны маань тээж хадгалсан өв соёл гадны жуулчдыг соронз мэт татдаг гэнэ. Өнгөрсөн он буюу 2022 онд аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6%-ийг эзэлж, уг салбартаа 38 тэрбум 700 сая юанийн хөрөнгө оруулжээ. Монгол гэрт зочилж, монгол цай оочилж, мах хөшиглөж, тал нутгийн сайхныг мэдэрч, хасаг тэргэнд сууж, өвсний сор, усны тунгалгийг даган нүүдэлчдийн амьдралтай танилцаж, монгол дээл өмсөн, морин дэл дээр салхи татуулан давхих энэ бүхэн үгээр хэлж үзгээр бичишгүй торгон мэдрэмж. Өвөр Монголд зүүн зүгийн Их Хянганы даваанаас баруунш Хоёр Богдын уул хүртэл төрийн зэрэглэлийн ойн парк 25 байх бөгөөд “Хятадын ногоон эрдэнийн сан” гэж нэрийддэг. Өвлийн улирал айлчилмагц хөвөн цасанд хучигдаж, умардын үзэмж, мянган газрын мөсөн оргил болдог мөнгөн ертөнц онц гайхамшигтай. Өмнөд Монголын байгалийн өвөрмөц содон төрх, он цагийн сорилтод өвөртөлж үлдсэн Монгол соёлыг сонирхох жуулчид жил ирэх бүр нэмэгдэж буй нь баярлууштай агаад бишрүүштэй.

Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын түрэмгийлэл эрчимтэй явагдаж, сурагчдад Монгол хэлээр хичээл заахыг хориглосон харамсалтай мэдээ буй. Үндэстнийхээ соёлыг авч үлдэхийн төлөө Өмнөд Монголчууд маань томоохон эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, багш, сурагч, малчдаас эхлэн улсын ажилтан хүртэл тушаалаа орхиж эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Цус нэгт Ар Монголчууд ч гэсэн Өвөр Монгол дахь Хятадын бодлогыг эсэргүүцэн, уриа лоозон барьж, туг далбаагаа намируулан жагссаныг сонсоод бахархах сэтгэл төрсөн ч хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголд эх хэлний сүүлчийн хичээл орсон нь сэтгэл эмзэглүүлж, зүрхэнд нулимс хуруулав.

Босоо заяат Монгол үндэстэн дэлхий даяар бутран тархсан ч элгээрээ нэг, эвээрээ нэг, тэнгэрийн шүтлэгтэй, оюунаараа, ухаанаараа, сэтгэлээрээ, хэлээрээ, ёс заншлаараа л нэг байх нь юу юунаас илүү чухал гэдгийг хэдийнээ ухаарсан Өмнөд ахан дүүс минь харь орны мэдэлд бичиг үсгээ хаалгуулсан ч Монгол соёл, ёс заншлаа дээлийнхээ өвөрт тээж л явна даа.

Эсээг: Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 10-2 ангийн сурагч Г.Биндэръяа         

 

Төстэй мэдээ