"Миний мэдэх Өмнөд Монгол-2023" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангилалд Тусгай байранд шалгарсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р сургуулийн 7а ангийн сурагч О.Болорсарангийн эсээг хүргэж байна.
Кириллээр
Миний мэдэх Өмнөд Монгол
Миний мэдэх өмнөд монголчууд бол харь газар суугаа бидний л адил угсаа гарал ижил монголчууд юм.Тэд маань үндэсний бичиг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж᠋᠋᠋᠋᠋᠋,өвлүүлэн авч үлдээх гэж харь улсын эрхшээлд, тэдний хатуу бодлогын доор ихэд чармайсаар ирсэн билээ.Гэтэл тусгаар тогтносон бүрэн эрхт, эрх чөлөөт ар монголчууд бид юу хийж буй сан билээ гэж бодоход өөрийн эрхгүй үндэсний бичгээ сайн, бүр сайн сурч, цаашид олон олон найз нөхөд, дүү нартаа зааж өгөх юм шүү гэж боддог доо.
Хүний нутагт амьдарч ( уг нь Их Монгол улсын минь газар шороо л байсан юм шүү дээ ) хүний эрхэнд толгой бөхийн суугаа өмнөд монголчууд минь уламжлалт босоо бичгээрээ ч ярьж, бичих эрхээ хаалгаж, уйлан хайлан байгааг хараад магад хэдхэн жилийн дараа бид өмнөд монголчууд гэж хэн байсныг мартах юм биш байгаа гэж бодон сэтгэл их эмзэглэж байна.
‘’Алсын алсад сэтгэлийн минь чанадад
Ай миний зүүд мөрөөдлийн газар буй
Амьдралдаа нэг удаа уулзаагүй ч
Халуун дотноор намайг хүндэтгэх ах эгч нар минь’’ гэж тэд минь бидэнд итгэж найдан, ах дүүгийн сэтгэлээр санагалзан дуулж байдаг юм байна. Эсрэгээр нь бид ч тэднийгээ сайн сайхнаар бодож, тэдэнтэй адил түүх соёл, эх хэлээ энэ дэлхийн элгэн дээр авч үлдэхийн төлөө зүтгэх хэрэгтэй гэж бодож байна. Ингэж гэмээ нь бидний тэдэнд тусалж буй сэтгэлийн их өглөг байх болов уу.
Үндэсний бичгийн хичээл бол миний хамгийн дуртай хичээл билээ. Энэ хичээлийг сурч эхэлснээс хойш би өвөр монголчууд, тэдний эх хэлээ хайрлан хамгаалж байгаа тухай,бийрэн бичгийг хэрхэн сайн эзэмшиж, хөгжүүлэн уламжилж байдаг зэрэг мэдээллийг бага багаар сонсож, мэдэж авсан юм.
Миний мэдэх өмнөд монголчууд бол энэ. Би тэднээр бахархан омогшиж, тэдний адил эх орон, эх хэл, их Монголоо гэсэн чин зоригт нэгэн болох сэтгэл өвөрлөн яваа билээ.
“Улс үндэстнийг мөхөөе гэвэл эх хэлийг нь устга” гэсэн үг байдаг гэж багшийнхаа ярьж байсныг саналаа. Хэдхэн хоногийн өмнө дахин үндэсний бичгээрээ бичиж, уншиж чадахгүй болсон тухайгаа уйлан ярих өвөр монгол охины бичлэгийг цахимаас хараад сэтгэл дотроо бахархан явдаг тэднийг минь улс төрийн хар шуурга дайрч, үндэс угсааг минь мөхөөх урагшгүй харийн бодлого хэрэгжиж эхлээд байгаа нь энэ үү? хэмээн өр зүрх минь өмрөх шиг боллоо.
Америкийн нэрт түүхч Стиверс “Бид түүхийг мартдаг, харин түүх биднийг мартдаггүй “ гэж хэлжээ.
Үгүй дээ үгүй! Бид түүхээ ч, эх хэлээ ч, элгэн садан монголчуудаа ч мартахгүй, мартаж болохгүй, мартаж чадахгүй, мартах учиргүй эх эзэн Чингис хааны үр хойч, агуу Монгол гүрний эзэн нь шүү дээ.
Эсээг: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р сургуулийн 7а ангийн сурагч О.Болорсаран