"Миний мэдэх Өмнөд Монгол-2023" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангилалд 3-р байранд шалгарсан Шинэ Монгол харүмафүжи сургуулийн 8-4 ангийн сурагч Д. Ханбулгийн эсээг хүргэж байна.
Кириллээр
Миний мэдэх өмнөд монгол
Өнөө үеийн бус өнө эртний морин туурайн Монгол гэсэн биеийн нэгэн хэсэг болсон цахар, буриад, халимаг, тува үндэстэн маань туулсан түүх, явсан зам нь ангид, эх болсон Монголоосоо туурга тусгаар амьдрах нь эрт үеийн алдаа болов ч эдүгээ бидний тунгаах учиртай зорилго юм. Өвөр, Ар Монголчууд бие сэтгэл оюун гурваараа эвлэлдэн нэгдэж гэмээ нь Монголын өсөх дэвжих гол зангилаа нь болмуй.
Эзэн Чингисийн морин дэл дээрээс байгуулсан улсын хэсэг, Их юань гүрний үед ч Монгол гэсэн туган дор мандаж байсан Өвөр Монгол ахан дүүс минь 17-р зууны алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн, Зүрчидийн Нурхач баатрын баатрын Манж Чин гүрэнд ялагдаж, ухарч явах замдаа Ганьсүд өвчнөөр насан эцэслэсний улмаас Хөх хот Манжид эзлэгдэн Манж Дээд эрдэмт хаан Монголын хаанд өргөмжлөгдөж, одоогийн Өвөр Монгол орон Чин улсын нутаг дэвсгэр болж байлаа.
Өвөр Монгол 49 хошуу болон хуваагдаж харьяатын ёсоор 17-р зууны эцсээр үндэс нэгт Монголынхоо эсрэг Чин улсын сүлдэн доор голлон дайтаж ялалт байгуулж явсан билээ.Үүнд өөрсдийн бодлоор бус Чин улсын шахалтаар тулалдсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ийнхүү цацсан шагай шиг орших Монгол орныг нэгтгэх оролдлого 20-р зуунаас Ар Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж зүрхний гүнээс уяатай өвгөдийн хүслийг өвөртлөн Монголоо нэгтгэх ажлыг эрчимтэй эхлүүлэв.
1911 онд Богд Хаант Монгол улсыг байгуулж, 1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.Гэвч энэ байлдаан 1915 оны Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх төлөвлөгөө Хаант Оросын шахалтаар няцаагджээ. Чухамдаа Өвөр Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар нутгийг лавшруулан эзлэх Дундад Иргэн улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.
Гэвч ард түмэн нь Монгол болох хүсэл ээ, эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцсэнээр Дэ Ван хэмээх Дэмчигдонровоор толгойлуулан Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс ангид гарах гэж сүүлчийн улаан цусаа үл хайрлан тэнцэвч амжилтыг эс олов.
1945 онд Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армитай хүч хавсран Японыг ялах, Өвөр Монголыг чөлөөлөх 2 санаатайгаар БНМАУ-ын цэрэг Өвөр Монголд нэвтэрч чөлөөлж чадсан болов ч Америкийг сөрөхийн тулд Манжийн дайтай Хятадын нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны Хятад улс дахин Өвөр Монголыг эзэлснээр эцэг өвгөдийн сүүлчийн дусал бүлээн цус, үеийн үед зүрхэнд ассан Монголоо нэгтгэх сэтгэл Хятад Монголын хилээр тусгаарлагдав.
Гэвч энэ зорилго нь дууссан гэсэн үг биш бөгөөд зүрхэн дэх цог нь дүрэлзэн асах өдөр ирэхийг эдүгээ бидний үе, үр хойчдын минь туулах дардан бус зам л шийдэх бөлгөө. Үүнд ч өвөр Монголыг нөлөө их орох ба үүнийгээ ч босоо заяат Монгол бичгээ хадгалан үлдэх гэж тэмцсэн тэмцлээрээ харуулсан билээ.
Ингэж үндэс нэгт ахан дүүс минь тэмцэж байхад өөрсдөө Монгол бичгээ төгс судлалгүй харийн хэлийг илүүд үзэн, гаднын соёлоор амьдрах юуны учир вэ? Бидэнд Өвөр Монголоосоо сурах зүйл их байгаагийн илрэл юм. Өвөр Монголчуудыг Хятад хүн хэмээн доромжлох нь "хавиргаа хазах халтар нохой мэт" билээ.
Эсээг: Шинэ Монгол харүмафүжи сургуулийн 8-4 ангийн сурагч Д.Ханбулаг