Нийтлэл, Цаг үеийн

Буриад залуу, халимаг ах хоёрын нэгийг бодогдуулсан яриа

Зургийг Буриадын зураач Зоригт Доржиев
ОХУ-аас ирсэн ахан дүүстээ туслаад 8 сар, монгол хэлний хичээл үнэ төлбөргүй заагаад таван сарын нүүр үзлээ. Саяхны нэг хичээлийн дараа мэдлэг боловсролтой халимаг ах, буриад залуу хоёр үлдээд жаргал зовонгоо жаал хуваалцан ярьж хөөрлөө.
Металлургийн инженер мэргэжлээрээ сургуулиа төгсөөд гурван жил ажилласан, харваас ухаалаг сэргэлэн байрын зовхи нь өөдөө буриад залуу ийнхүү ярилаа.
Сурагч байхдаа Монгол улсын Ц.Элбэгдорж ерөнхийлөгч “Халимаг, буриад, өвөр монгол, тува нар ирээрэй” гэж уриалсан тухай мэдээллийг сонсож байлаа. Харин одоогийн нөхцөл байдал нь гэвэл:
  • Сая хавар хичээл нь хаасан тул ноднин намар ирж сургуульд ороод авсан виз нь дуусах дөхөж буй, цаашид сунгуулъя гэвэл дахин төлбөр төлөөд сургуульд бүртгүүлж визээ нэг жилээр сунгуулахаас өөр аргагүй
  • Хэдий курст бүртгүүлж 1 жил орчмын виз авсан ч тухайн хичээлийн жил дууссан бол визийн хугацаа дуусан гэж үзэх журам байдаг юм шиг байна.
  • Монгол улсын иргэн болохыг хүссэн өргөдлөө өгөхийн тулд 5 жил Монголд оршин суух ёстой. Таван жил сургуульд сурах болох ёстой юм шиг байна (Гадаадын иргэн ажилд албан ёсоор авсан ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсан дүнтэй тэнцэх татвар улсад төлдөг тул ямар ч өршөөлгүй “Гадаадын иргэн” ангилалд дэлхийн 7 тэрбум гаран хүнтэй хамт багтдаг хилийн гаднах хэдэн монголчууд минь тэр бүр энэ ангиллын виз авч чадахгүй байна)
  • Компани байгуулж хувиараа юм хийе гэхэд гадаадын иргэн учир доод тал нь тэдэн мянган доллартой байх ёстой гэсэн босго хэмжээтэй, дээрээс нь өөрийнхөө нэр дээр компани бүртгүүлж болохгүй, Монгол улсын иргэний нэр дээр бүртгүүлэх тул хүмүүс болгоомжилж байна.
  • Америкаас нэг ах нь урилга явуулъя гэхэд явъя гэж бодсонгүй. Америк ч, Солонгос ч явчихъя гэсэн бодол нэг их төрөхгүй байна. Монгол гэр оронтой маань ойрхныг ч хэлэх үү, ийш тийш явалгүй эндээ л учраа олчих юмсан, учраа олчихвол эхнэр, хүүхдээ авчрахсан гэж бодсон гэв.

"Монголд буриад монголчуудын лобби бүлэг, диаспора, төлөөлөл гэж байдаг уу?” гэж асуув.

Монголд өмнө нь хэд ирж байсан халимаг ах энэ ярианд оролцож, мөн ийнхүү ярилаа.

2022 оны сүүлээр ОХУ-аас хүмүүс олноороо бусад улс руу гарахад зарим орон бараг зүгээр байж байгаад л хууль журмынхаа үрээр ОХУ-аас очсон хүмүүсийн хөрөнгө оруулалт, зарцуулсан мөнгө төгрөг, нээсэн бизнесээс их ашиг хүртэж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь огцом өсөөд байна. Тухайлбал Монголтой ойролцоо буюу 3,9 сая гаран хүн амтай Гүрж үүний тод жишээ. Гүржээс гадна Казахстан гэх мэт ОХУ-ын иргэдийг хүлээн авсан зарим улсыг ч нэрлэж болно. Тэнд хүмүүс шинэ бизнес их нээж, хүлээн авсан улс орон нь үр шимийг нь хүртсээр.

Жишээ нь Гүржид ОХУ-ын иргэн 12 сар визгүй оршин суух эрхтэй байдаг бөгөөд энэ 12 сар нь өнгөрөхөөс өмнө тус улсын хилээс гараад хэдхэн цагийн дараа буцаж орж ирээд дахин 12 сар визгүй оршин суух эрхтэй байдаг аж. Оршин суух хугацаа иймээс гадна шинээр аж ахуй нээхэд хууль журмын хүнд суртал, төвөг чирэгдэл багатай байдаг тул ОХУ-аас очсон иргэд бизнес эрхэлж, Гүржийн иргэдийг ч ажилд авсан. Гэхдээ энэ зөвхөн Гүрж бус, ОХУ-ын иргэд очсон зарим орны жишээ юм гэж ярилаа.
Халимаг ах маань Монголд улс ямар ямар боломжийг дэргэдүүрээ өнгөрөөж буйг ойлгуулахаар зүйл жишээ баримттай ярьж өгөв.
(Жич: Та халимаг ахтай уулзах юмуу орос хэлтэй металлургийн залуу инженерт ажил олж өгөх хүсэлтэй бол энэ Фейсбүүк хуудас руу маань зурвас илгээх юмуу сэтгэгдэл бичиж үлдээгээрэй).
Монгол туургатнууд маань Монголын хууль дүрмийн талаар, өөрөөр хэлбэл бодит байдалд монгол туургатнаа онцгойлон дэмжих хууль, дүрэм журам, төрийн бодлого байдаггүйг тэр бүр сайтар ухамсарлаж мэдэлгүй, арай өөрөөр бодож ирдэг бололтой. Гэтэл бодит байдалд манай улсад угсаа нэгт хилийн гаднах монголчуудын маань мөрдөх ёстой хууль аль нэг африк, өмнөд америк, зүүн өмнөд азийн харь холын үндэстэнтэй л яг адил, ямар ч харж үзсэн зүйл, төрийн бодлого, хөнгөлсөн журам байдаггүй нь гачлантай бөгөөд дэлхийн олон арав, зуун сая хүнтэй олон үндэстэнтэй харьцуулахад хилийн гаднах нь ч, доторх нь ч харьцангуй цөөн тоот үндэстний маань хувьд харуусалтай яа.
Ч.Мөнхбаяр ах хилийн гаднах монголчуудынхаа талаарх хуулийн төсөл олон жилийн өмнө боловсруулж, төр солигдох бүрд өргөн барьдаг байсан ч авч хэлэлцээгүй тухай “Өмнөд монгол” подкаст ярилцлагад орохдоо дурдаж байсан билээ.
(Подкастын холбоос хаяг: https://fb.watch/kAlLuogPmz/?mibextid=Nif5oz)
Юу бодож байна, яая гэж санаж байна даа, монгол угсаатандаа элэгтэй монголчууд аа?
(Жич: Хойноос ирсэн ахан дүүстээ туслах ажилд чадах юмаараа гар бие оролцож, хуруу нэмэрлэх үнэнхүү хүсэлтэй хүмүүс доорх холбоос хаяг дээр дарж орон элэг нэгтэндээ туслах Фейсбүүк бүлэгт нэгдэж болно.
Холбоос хаяг:
Эх сурвалж: Uuganbayar Firstborn-Joy
Даяар Монголчууд-The Mongols пэйж хуудас

Төстэй мэдээ