Нийтлэл, Түүхэн

Д.Сүхбаатар: Гурав. Урианхай буюу тува-II

Source: https://peakvisor.com/adm/tuva.html

1944 оны Тувагийн Бага Хурлын энэхүү шийдвэрийг Зөвлөлт Холбоот Улс хүлээн авч Туваг ЗХУ-ын РСФСР-ийн бүрэлдэхүүнд  автономит мужийн зэрэглэлтэйгээр оруулахаар шийдвэрлэжээ.

Ийнхүү  Зөвлөлтийнхөн  монголын Урианхай буюу Туваг 300 мянган хүн ам, 200 мянган квадрат км газар нутагтай нь 1944 онд булаан авлаа.

Ингэж монголын 200 мянга гаруй квадрат км хэмжээтэй, байгалийн үлэмж их баялагтай, ой мод, рашаан устай үзэсгэлэнт унаган монгол нутаг орон маань тувагийн коммунист урвагчдийн балгаар харийн нутагт алдагдсан түүхтэй.  Монголын Урианхайн хязгаар бол алт, өнгөт металл, нүүрсээр баялаг газар байв. Туваг зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулах  ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцсон хүн бол тувагийн коммунист намын удирдагч Салчак Тока байсан бөгөөд түүнийг энэхүү “гавьяа”-ны төлөө Зөвлөлт Холбоот Улс Лениний одонгоор 7 удаа шагнаж Социалист Хөдөлмөрийн баатар цол олгожээ. Хаант Оросын үед оросын колонистуудын  зарц байсан Салчак эдүгээ улаан хувьсгалч коммунист удирдагч болжээ.  Салчак Москвад КУТВ төгсөж ирээд 1938 онд 9 тува ноёдыг буудаж,  нийт  1286 тува хүнийг “Японы тагнуул”, “Цагаантан Колчакд тусалсан” хэмээн гүтгэж буудан хөнөөжээ. Салчакийн аллага ийнхүү 1938 оноос эхэлж 1950 он  дуустал үргэлжилжээ.

 Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Salchak_Toka

Салчак Тока гэгч хэн бэ? Тока нь 1901 онд Тувагийн “Сарыг Сек Каа” тосгоны “Мэргэн” хэмээх газарт төржээ. 1910-1921 онуудад хаант Оросын  колонист оросын зарц туслахаар ажиллаж байв. 1921 онд оросын улаан цэрэг Тувад орж ирэхэд тэдэнд идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан, 1924-1925 онуудад Оросын улаан армид алба хааж байсан, 1925-1929 онуудад Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуулийг / КУТВ / төгссөн, 1929 онд Коминтерний даалгавраар тувагийн 16 төрийн зүтгэлтнүүдийг “хувьсгалын эсэргүү, хар шар феодалын төлөөлөгч” хэмээн тувагийн төрийн удирдлагаас зайлуулж эх орондоо улаан хядлагыг зохион байгуулсан НКВД-ийн тагнуул, улаан хядлагыг гардан зохион байгуулагч улаан коммунист хүн юм. Тока “Миний мөрөөдөл бол Туваг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулах явдал” хэмээн үздэг байжээ. Зөвлөлтийн армийн дэслэгч генерал цолоор шагнагджээ. Тока 1973 онд 72 настайдаа нанс барав. Тэр бүх насаараа Тувагийн ардын хувьсгалт намын даргаар ажиллажээ. Тока бол Сталины хядлагыг эх орондоо зохион байгуулагч, эх орноо Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулагч улаан коммунист юм. Улаантан коммунистууд бол эх орноо сүйтгэгч, алан хядагч, үндэсний соёл шашнаа устгагч, ард түмнээ хөнөөгч л байдаг. Тока бол яг л тийм коммунист байсан. Сталинаас ямар ч ялгаа байхгүй.

1941-1945 оны дайны жилүүдэд Тувагийн ард түмэн зөвлөлтийн армид 700 000 мал, 50 000 адуу, 52 000 хос цана, 10 000 өвлийн шуб, 97 тонн ноос, 400 тонн мах, 30 сая рублийн алт бэлэглэжээ. Тэр үед зуун хоньтой тува айл зуун хонио бүгдийг нь улаан орос цэрэгт өгч байсан гэдэг. Энэ бол тувагийн ард түмний чин сэтгэлийн бэлэг байлаа. Үүнийг өнөөгийн оросууд одоо мэддэг болов уу, санадаг болов уу.

Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Тува орсны дараа хэд хэдэн үйлдвэр, цахилгаан станц барьж, засмал замтай холбогдсон юм. Тувад Кызылийн онгоцны буудал 1946 онд, “Тываасбест” завод 1963 онд, “Кызылийн ТЭЦ” 1958 онд баригдав. Тувачууд Зөвлөлтийн Москвагийн коммунист  удирдагчдийн дэмжлэгээр монголын удирдагчдийг  шахамдуулж  Монгол улсаас 1930-1958 онуудад нийтдээ 16 000 квадрат км газар нутгийг булаан авчээ. Тувагийн түүхийг орос хэл дээр уншиж байхад “1958 онд монголчууд тувагаас 2000 квадрат км газар нутаг булааж авсан” хэмээн өөрсдийн монголоос булаан авсан газраа булзааруулж хээв нэг монголчуудыг гүтгэж бичсэн байгаа юм даа. Тувачууд маань ийнхүү Чингисийн үеийн дайчин шударга чанар нь алдагдаж, их л хүн чанаргүй хүмүүс болж дээ.

Одоо болтол тувачууд “Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орсон нь  хамгийн зөв алхам, хамгийн мэргэн шийдвэр, зөвлөлтийн гэр бүлд орсон нь тувагийн гэрэлт ирээдүй болсон үйл явдал” гэдэг. “Тувачууд бид бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг байсан, шашны мунхруулганд олон зуун жил болсон, тувачууд бид манж, монголын дарлалд олон зуун жил зовсон,  бүдүүлэг хоцрогдсон орон байсан. Одоо бид эрх чөлөөгөө олж аз жаргалтай орон болсон” хэмээн улиг болсон улаантны ухуулгаа ярьсаар л байдаг юм. Монголчууд хэзээ ч туваг дарлаж байгаагүй. Урианхай бол монголын салшгүй хязгаар нутаг байсан. Манжийн нэг ч цэрэг  тувагийн газар нутаг дээр хэзээ ч үзэгдэж байгаагүй. Харин тувачууд Монгол улсын нөмөр нөөлгөнд адуу малаа өсгөөд авралт Бурханаа шүтээд амар амгалан, аз жаргалтай амьдарч байсан юм. Тувачууд хорьдугаар зуунд харь гүрний хатавчинд зуун жил хавчуулагдан амьдраад одоо болтол ухаан орсонгүй, үндэсний сэргэн мандалт болсонгүй. Эдүгээ урианхайчууд /тува / монгол, манж бичиг үсэгтэй, бурхны шашинтай, дорны соёлт монгол туургатан  байсан гэдгээ мартжээ.

Саяхан Тувагийн нэгэн ахмад хөөмийчин өвгөн Оросын ерөнхийлөгчид хандаж:  “Энэ монголчууд манай тувагийн хөөмийг НҮБ-ын ЮНЕСКО-д монголын өв соёл хэмээн бүртгүүлсэн байна. Хөөмийн соёл бол Монголын соёл биш, харин манай Оросын өв соёл мөн” хэмээн монголын эсрэг сүржин мэдэгдэл хийж байв.

Нэгэн үе тувагийн хил зөрчигч малын хулгайч нар монголын хойд хилээр орж ирэн монголын мал сүргийг олон удаа хулгайлж  монгол хүний амийг хөнөөж байсан явдал буй. Энэ мэт гэмт хэрэг зөрчил зөндөө гарч байсан. Урианхайчуудын хамгийн мунхаг үйлдэл бол өөрсдөө мөрөөрөө цаашаа явж Орост дагаар ороогүй, харин манай туурга тусгаар Монгол улсын үлэмж их газар нутгийг тасдан авч Орост өгсөн явдал юм. Монгол улсын нутаг дэвсгэрт Ховдын хязгаар, Урианхайн хязгаар олон зуун жилээр харьяалагдаж монголын салшгүй хэсэг байсан юм. Халимагууд бол Ижил мөрөн рүү өөрсдөө явж Орост дагаар орсон, Буриадууд  оросын казакуудад эзлэгдсэн, харин урианхайчууд бол монголын  үлэмж их баялагтай, үзэсгэлэнт газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгсөн юм.

Тувачуудын “Тува бол тусгаар тогтносон улс” хэмээн хий хөөрцөглөдөг нь хоосон худал үг юм. Тэд тусгаар тогтносон улс болоогүй, харин Оросын харьяат нэгэн бөглүү хязгаар нутаг болсон юм. Коммунист Орос, коммунист Хятад улсын үндэсний цөөнхийн автономит улс гэдэг нь улс биш, ямар ч эрх мэдэлгүй зүгээр л их гүрний нэг муж, нэг  хязгаар нутаг төдий юм. Эх орноосоо уравсан, монголын хуулийг уландаа гишгэсэн  ийм завхарсан хүмүүс монгол туургатан дундаас нэг ч бус, нижгээд олон удаа гарчээ.

Зуун жилийн өмнө Урианхайн хязгаарын учир мэдэхгүй, харалган хошуу ноён Буянбадрахын Монгол эх орноосоо урваж, харь гүрний саварт монголын өвөг дээдсийн ариун газар нутгийг  найр тавин өгсөн  үлэмж том алдаа, улаантан коммунист Токагийн Туваг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулж, ард түмнээ хэлмэгдүүлэн  хөнөөсөн үлэмж их нүглийн хор уршиг  эдүгээ тувагийн ард түмний нуруун дээр оршсоор байна. Хайран ард түмэн.

Тувагийн ард түмэн  оросын улаан коммунизмын боолчлолд  70 жил  дарлуулж, Бурхан шүтээн, төрөлх эх хэл, босоо монгол бичиг үсгээ устгуулж, мал сүрэг өмч хөрөнгөө хураалгаж, түүх соёлоо сөнөөжээ. Тувачууд эдүгээ эх хэлээ ч мэдэхгүй, үндэсний бичиг үсгээ ч мэдэхгүй, шашин соёл нь устсан, зөвхөн оросоор ярьдаг үндэстний цөөнх болжээ. Бэлчээр газар нутаг, байгалийн баялаг нь сүйтгэгдэн цөлмөгдөж, гэмт хэрэг цэцэглэж, эдийн засаг нь доройтож хүндхэн амьдрал ард түмнийг нь угтаж байна. Тувагийн удирдлагууд ард түмний амьдралыг дээшлүүлж асуудлыг шийдэхийн оронд “тувагийн ард түмэн манж, монголын дарлалаас чөлөөлөгдөж, орос оронд нэгдсэнээр асар том амжилтанд хүрсэн, тувачууд бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг ард түмэн байсан, оросууд биднийг хөгжүүлсэн, бичиг үсэгтэй болгосон” хэмээн улаантны  улиг болсон худал ухуулгыг одоо болтол  тоть шиг давтаж, хоосон цэцэрхэл магтаалаар  ард түмнээ хордуулсаар байна. Тува одоо төв азийн хамгийн ядуу бүс нутгийн  нэг болжээ. Одоо болтол нийслэл Кызыл нь төмөр замтай холбогдоогүй, аж үйлдвэр, дэд бүтэц хөгжөөгүй, бөглүү нутаг хэвээр байна. Тулгамдсан асуудлаа бие дааж шийдвэрлэх эрх мэдэлгүй, урьдын адил бүх асуудлаа Москвагаас асууж, амыг нь хардаг  хэвээрээ аж. Тувад  ажилгүйдэл  22.0 хувьд хүрчээ. “Курагино-Кызыл”-ийн чиглэлд тавих 412 км төмөр зам одоо болтол баригдаагүй аж. Тувад нүүрсний нөөц нь 14.2 тэрбум тонн. Нүүрсээ яаж олборлож ашиглах, яаж төмөр замаар зөөх асуудал одоо болтол шийдэгдээгүй. Тувагийн эдийн засаг хөгжих эсэх, ядуурлыг бууруулж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

1961 онд Тува автономит статустай болов. 1991 онд Тывагийн бүгд найрамдах улс хэмээн Үндсэн хуулиндаа тунхаглав. Ийнхүү  тувачууд өөрсдийгөө “Тыва” хэмээн нэрлэжээ. Тувагийн  газар нутаг одоо 168 мянган квадрат км, хүн ам нь 313 000  байна. Тувад 2 хот, 17 район-хошуу, 120 сум тосгон байна. Урианхайчууд эдүгээ өөрсдийгөө тыва хэмээн нэрлэдэг. Гадаадад явж байхдаа тэд   өөрсдийгөө тува гэхэд хэн ч ойлгодоггүй. Тэд өөрсдийгөө урианхай монгол гэдгээ мартаад зуун жил болжээ. Тэд одоо Эзэн Богд Чингисийн монгол туургатан байснаа, Богд хаант Монгол улсын харьяат байснаа, Чингисийн өрлөг жанжин Сүвээдэй баатрын удам байснаа,  Бурханы шашинт азийн соёлт Монгол улсын гэр бүлд байснаа огт санахаа байжээ. Тэдний оюун ухаан, монгол гени харийн их гүрний геноцид бодлогын шуурганд арчигдан алга болжээ. Одоо тува хэн болов?  Монгол царайтай, орос сэтгэхүйтэн болжээ. Энэ бол монгол туургатны том эмгэнэл юм. Одоо монголчууд бид  хоосон халаглаад хэрэггүй. Харин одоо монголчууд бид Тувагийн ард түмний эх хэл, уламжлалт соёл, шашнаа сэргээхэд нь тусалж, харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Тува бол ойрад,  халимаг монголчууд шиг төрөлх эх орон Монгол улсаас дур мэдэн салан тусгаарлаж,  урианхайн зарим харалган  ноёд, дарга нарын буруу шийдвэрийн балгаар монголын үлэмж их газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгч, Монгол эх орноо ч үлэмж хохироож, өөрсдөө ч харийн гүрний хаяанд хавчуулагдан хэлмэгдэж зовсон ард түмэн.

Хайран монгол туургатан, хайран эх орон, хайран газар нутаг.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар

Төстэй мэдээ