Өнөөгийн Тувачууд өөрсдийгөө “мы тувинцы” гэх юм. “Та нар тува биш, та нар бол Сүбээдэй баатарын удам урианхайн монголчууд” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу.
Үнэн түүхийг өгүүлсү. 1207 онд Чингис хааны ахмад хөвгүүн Зүчи умард монголын нутаг болох Байгал нуураас Хөвсгөл нуур хүртэл, Сэлэнгэ мөрнөөс Алтай хүртэлхи газар нутгийг эзэлж ойн иргэд буюу урианхайчууд их хааны тугийн дор нэгдэв. Ойн иргэд гэдэг нь урианхайчууд юм. Харин ойн иргэдийн нэг хэсэг нь умар зүг улам хойшлон нүүж урианхай саха хэмээх ястанг үүсгэсэн нь одооны якут нутаг ажээ.
Чингис хааны Их Монгол гүрний умарт нутгийн ард түмнийг түүхэнд Урианхайн хязгаар хэмээн хорьдугаар зуун хүртэл нэрлэж байсан. Урианхайн зүүн нутагт амьдарч байсан түмэдүүд 1217 онд Их Монгол улсын эсрэг бослого гаргаж Чингис хааны илгээсэн цэрэгтэй тулалдаж Чингис хааны жанжин Боргул ноён нэгэн тулалдаанд амь эрсэдсэн ажээ. Бослогыг дарагдсны дараа 1218 онд түмэдүүд Киргиз аймагтай хамтран дахин бослого гаргаж энэ бослого нь Урианхай хязгаарыг хамарч байв.
Бослогыг Зүчи жанжин, Бух ноён нарын удирдсан монгол цэргүүд дарж ойн иргэдийг бүрмөсөн байлдан дагуулав. Түмэдийн бослого дарагдсны дараа урианхайчууд Чингис хааны зүүн гарын эрэлхэг дайчид болцгоожээ. Урианхайн баатар Сүбээдэй жанжин Чингис хааны хамгийн гарамгай жанжны нэг байв. 10 түмэн цэрэгтэй зүүн гарын арми Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэж байв. Эзэн богд Чингис хааны байгуулсан Их Монгол гүрний нэг хэсэг болсон монгол туургатан урианхайчууд Чингис хаан, Өгөөдэй хаан, Бат хаан, Хубилай хааны үеэс 14 дүгээр зуун хүртэл 200 жил шахам энх амгалан эв найртай амьдарч байв. 1275 онд киргиз болон урианхайн аймаг бас дахин бослого гаргаж байжээ.
Их Монгол гүрэн задран мөхсөний дараа 17 дугаар зууны эхэнд Ховдоос Саян хүртэл, Хөвсгөлөөс Алтай хүртэлхи нутаг баруун монголын нутаг байв. Урианхайчууд тэр үед түмэдийн Алтан хааны албатууд байв. Зүүн гарын хаант улс байгуулагдах үед уриайнхайчууд тэдний захиргаанд орж байв. 1716 онд урианхайчууд Зүүн гарын хаант улсын цэргийн хамт Түвд руу аян дайн хийхэд оролцож байв. Урианхайчууд тэр үед хотгойдын ноён Бүүвэй баатрын захиргаанд харьяалагдаж байв. Бүүвэй баатар тэр үед 5 мянган эрэлхэг морьт цэрэгтэй, монголын хойд хязгаарт цэргийн том хүчтэй тул оросууд ихэд айж бэргэдэг байжээ.1717 онд Бүүвэй баатар ойрдын Цэвээнравдантай сүлбэлдсэн зарим урианхайчуудыг бут цохиж 400 урианхайчуудыг олзолжээ.
1725 онд зайсан Хуралмай манж нарын эсрэг бослого гаргажээ. Бүүвэй баатар босогчдыг дарав. 1726 онд ойрдын Цэвээнравдан хаан Өлөг хэм, Хэмчүг нутгийг Зүүн гарын нутагт өгөхийг шаардав. Манжийн хаан үүнийг зөвшөөрсөнгүй. 1727онд Орос болон Манж Чин улсын гэрээгээр Орос улс монголын хойд нутгийн Хиагтаас Шавийн даваа хүртэлхи үлэмж нутгийг авахаар болсон байна. Манж Чин улс ойрдын Зүүн гарын хаант улсыг 1766 онд бут цохиж уриахайн хязгаар Манж Чин улсын бүрэлдэхүүнд бүрмөсөн оржээ.
Урианхайн хязгаар Манжийн үед хоёр зуун жил дайн дажингүй амар амгалан байсан. Урианхайчууд мал сүргээ өсгөж, газар тариалан эрхэлж ан гөрөө хийж худалдаа хийж амьдарч байсан. Бурханы шашин урианхайн хязгаарт цэцэглэн хөгжиж бурханы сүм дуган байгуулагдаж ард олон арван хар нүглийг цээрлэж арван цагаан буяныг үйлдэж гэгээрсэн ард түмэн болж байв.
Урианхайчууд босоо монгол бичиг үсэгтэй ард түмэн байв. Урианхайчууд босоо монгол бичгээр бичиж, Монголын нууц товчоог уншиж, Бурханы судрыг түвд хэлнээс хөрвүүлэн уншиж байв. Урианхайн лам нар түвдээр Ганжуур, Данжуурын судрыг уншдаг байв. Урианхайн хязгаарт бурханы 22 сүм хийд байгуулагдан Бурханы шашин цэцэглэн хөгжиж байв.
Тува бол Манж Чин улсын харьяанд байхдаа Урианхайн хязгаар гэдэг нэртэй байсан. Тэд анхандаа Ойрад монголчуудтай дотно харилцаатай байсан. Урианхайчууд 18-р зуунд анх Оросуудтай харилцаж хил орчмын худалдаа хийж эхэлсэн юм. Гэвч Манж Чин улс Оростой хийх худалдааг хориглосон юм. 1860 онд Орос улс Манж гүрэнтэй Бээжингийн гэрээ хийж Оросын худалдаачид хойд болон баруун монголын нутаг, Урианхайн хязгаарт худалдаа хийх эрхтэй болжээ. Ингэж л анх оросууд Урианхайн хязгаарыг мэддэг болсон юм. Удалгүй орос худалдаачдыг дагаж оросын тариачид тариа тарих газар хайж Урианхайн хязгаарт ирж эхэлсэн юм.
1896 онд 169 Оросын иргэнтэй анхны орос тосгон Туран байгуулагдав. 1908 он гэхэд Урианхайн хязгаарт Оросын 200 гаруй тосгон гацаатай болчихжээ. Оросын иргэд тэр үед Урианхайн хязгаарт сайндаа ч ирээгүй юм л даа. Худалдаачид нь Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, тариачид нь тариа тарих газар хайж л ирсэн юм. Урианхайд 1830 онд анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа.
1904-1914 онд Оросууд 25 тонн алт олборлож байжээ. Ийнхүү Бээжингийн гэрээгээр оросын худалдаачид баруун Монгол болон Урианхайн хязгаарт татваргүй худалдаа хийх эрхтэй болсноор оросын худалдаачид урианхайн хязгаарт ирж оросын худалдаачид урианхайн ард иргэдийг мөлждөг болсон юм. Тэр үеэс орос худалдаачдын араас Уринахайд ирсэн оросын тариачид ус, хөрс сайтай үржил шимтэй газар нутгийг урианхайчуудас булаан авч тариа тарьж баян чинээлэг орос тариачид буй болж урианхайн хязгаарт 200 гаруй орос тосгон байгуулж нутгийн урианхайчуудын хувьд бэлчээр үржил шимт газар нутгаа оросуудад алдаж амьдрахад хүнд болж ирсэн юм.
1830-аад онд оросын алт хайгчид Урианхайн Сыстык Хэмд алт олж урианхай болон манж монголын хууль цаазыг үл тоож нууцаар алт олборлож эхлэв. 1896 он гэхэд 11 алттай газар олж 11 алтны уурхай ажиллуулж, 500 гаруй ажилчин ажиллуулж их хэмжээний алт олборлож оросын цагаан хааны санг баяжуулж байв. 1881 онд гэхэд оросууд Урианхайд 9.5 сая алтан рублийн үнэтэй 446 пуд буюу 25 тонн алт олборлож байв. Оросын алт хайгчид улам их шуналтаж хууль бусаар алт олборлох ажиллагаагаа улам өргөжүүлж 1904-1914 онд алтны 29 уурхайнаас 1140 пуд алт олборлож байв. Урианхайн нутагт харийн олз хайгчид өчнөөн их алт олборлох тутам уриахайн ард түмэн төчнөөн ихээр ядуурч байв.
Хорьдугаар зууны эхнээс эхлэн Оросын эзэнт гүрэн алтаар баян Урианхайн хязгаарыг эзлэн авах далд санаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн юм. 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал өрнөж Манж Чин улс мөхсөн нь цагаан оросын эзлэн түрэмгийлэгчдэд өчүүхэн жижигхэн ч гэсэн үлэмж их баялагтай Урианхайн хязгаарыг Монголоос таслан авах таатай нөхцөл бүрджээ. Монголд Богд хаан тэргүүтэй монгол ноёдууд Манж Чин улсаас туурга тусгаарлаж Богд хаант Монгол улсыг 1911 оны 12-р сарын 29 –ны өдөр байгуулав.Чухам энэ үед монгол туургатан сэргэн мандаж нэгдсэн Их Монгол улс байгуулагдах таатай нөхцөл бүрдсэн юм. Өвөр Монгол, шинжааны монгол, буриад монголчууд бүгд л энэ чухал үйл явдлыг баярлан угтаж Монгол улсдаа нэгдэн орохыг ард түмнээрээ хүсэн тэмүүлж байлаа.Харин Урианхайн хязгаарын ноёд бүгд нэгдэж Монгол улсаа дэмжихийн оронд тэд гурав хуваагдсан байлаа. Урианхай ноёдын нэг хэсэг нь Монгол улсынхаа бүрэлдэхүүнд орно хэмээн зөв ярьж байхад, нэг хэсэг нь бие даасан тусгаар улс болно хэмээн төөрөлдөж, нөгөө хэсэг нь Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орно хэмээн мунхаглаж байв. Тэр үед ганц, хоёр түм хүрэхгүй цөөхөн урианхайчууд өөр хоорондоо ингэж самуурч тэрсэлдэж байсныг бодоход урианхайчууд улс Монголоо гэсэн эх оронч үзлээ гээж, Бурханы сургаал, эзэн Богд Чингис хааны сургаалиа ор тас мартаж, харийн гүрнийг шүтэж буруу номтон болж байжээ.
1912 оны 1 дүгээр сард Урианхайн хошуу ноён Буянбадрах, амбан ноён Гомбодорж, хамба лам Лувсанжамц нар нь “Урианхайн хязгаарыг Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд оруулж өгөөч” гэсэн өргөх бичгийг Оросын цагаан хаанд өргөн барьж байжээ. Юутай мунхаглал.
Ингэж анх урианхайн ноёдын Монгол улсаас салж харийн орны нөмөр нөөлөгт орох гэсэн урвалт эхэлсэн юм. Тэр үед урианхайн ноёд, лам нарын олонхи нь Оросын нөлөөнд орох сонирхолгүй байсан. Тэд Монгол улстайгаа нэгдэх хүсэлтэй байсан нь мэдээж. Гэвч улс төрийн харалган бодлоготой цөөн хэдхэн урианхай ноёд Оросын эзэнт гүрний алт мөнгөөр баян Урианхайн хязгаарыг Монголоос салгаж өөртөө нэгтгэх гэсэн далд санааг мэдэхгүй байлаа. Оросын хаант засаг ч гэсэн тэр үед шинээр байгуулагдсан гоминданы Хятад улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байсан бөгөөд шууд л Урианхайн хязгаарыг Орос мэдэлдээ авч хараахан зүрхлэхгүй байсан юм.
1915 оны Орос, Монгол, Хятадын “Хиагтын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд “Урианхайн хязгаар бол гадаад Монголын бүрэлдэхүүн юм” хэмээн тусгагдсан нь Монгол улсын хувьд чухал заалт байв. Гэвч удалгүй энэхүү гэрээг хаант Орос улс уландаа гишгэсэн юм. 1921 онд Орос улаан цэргүүд Урианхайд орж ирэв. Дараа нь цагаан гвардийн генерал Андрей Бакичийн цагаантан цэргүүд орж ирэв. Большевикууд цагаантныг ялж, Бакич генералыг 1922 оны 6-р сард буудан хөнөөв. 1917 онд улаан хувьсгал Орос оронд ялж еврей коммунистуудын улаан хядлага Орос орон даяар өрнөж хэдэн сая гэм зэмгүй ард иргэд улаантнуудад алагдаж тэрхүү улаан хувьсгалын хор уршиг Урианхайн хязгаарт 1921 онд хүрч ирсэн юм. Оросын А.Кравченко, П.Щетинкины удирдсан улаан цэргүүд Урианхайн хязгаарт цөмрөн орж ирлээ.
1921 оны 8-р сарын 16- нд Тувагийн 9 хошууны хурал болж Оросын улаантан большевикуудын нөлөөнд автсан тувачууд “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэгчийг тунхаглан зарлажээ.
Зөвлөлтийн большевикууд Тува улсыг өөрсдийн зөвлөлт загвараар байгуулахыг тэдэнд хүчээр тулгаж бүхий л улс төрийн эрх мэдлийг гартаа авсан байв. Тувагийн Засгийн газрын анхны даргаар залуу хошуу ноён Монгуш Буянбадрах, Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар Куулар Дондогийг томилжээ. Тувагийн ноёдууд улаантны ямар аюултай тоглоомонд орооцолдсныгоо ч мэдэх сөхөөгүй байв. Тэд албан тушаал, хоосон амлалтанд хууртсан. Туваг 1913 онд Монголын Хатанбаатар Магсаржав жанжин манжаас чөлөөлсөн байдаг. 1915 оны Хиагтын гэрээгээр Туваг Монгол улсын бүрэлдэхүүнд оруулсан байдаг.
Гэтэл зөвлөлтийн коммунистууд Монгол улсыг шахаж дарамтанд оруулж “монголчууд Тувагийн хэрэгт дахин оролцохгүй, Тува бол монголын хэсэг биш” гэсэн ам өчгийг нь монголын удирдагчдаас авч Туваг өөрийнхөө мэдэлд бүрэн авахаар болжээ.
Туваг тэр үед дэлхийн хоёрхон улс хүлээн зөвшөөрсөн байдаг юм. 1924 онд энэ улсыг СССР хүлээн зөвшөөрөв. 1926 онд Туваг зөвлөлтийн коммунистуудын шахалт шаардлагаар БНМАУ хүлээн зөвшөөрчээ. Тувагийн нэрийг “Бүгд Найрамдах Тува Ард улс” нэртэй болгож нийслэлийн өмнөх “Хем Бельдир” нэрийг нь өөрчилж “Кызыл” буюу “Улаан” хэмээн шинээр нэрлэв. Эргэн тойрон бүх юм л улаан болов.
Буриадын нийслэл “Улаан – Үд” нэртэй болов. Монголын нийслэл “Улаанбаатар” нэртэй болов. Тува гэгч “улс”-ыг дэлхийд хоёрхон улс хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Удалгүй 1929 онд Монгууш Буянбадрах оросын улаантнуудад баривчлагдаж “хувьсгалын эсэргүү” хэмээн зохиомол хэргээр шийтгүүлж 1932 онд буудан хөнөөгджээ. Түүний араас Бага хурлын дарга асан Куулар Дондогийг оросын улаантнууд мөн буудан хороожээ. Буудуулахын өмнө Буянбадрах ноён: “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ “гэгчээр “миний тэжээсэн нөхөд бар байжээ, миний сургасан нөхөд дайсан байжээ” хэмээн хэлсэн гэдэг.
Буянбадрах нь Урианхайд адуучин ард Монгушийн гэрт төржээ. Түүнийг багад нь хошуу ноён Хайдав-Буурал ноён өргөж авчээ. Түүний багш нь нэгэн эрдэмт монгол лам байв. Буянбадрах багаасаа боловсрол олж монгол, орос, манж хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Хайдав аав нь өөрийн цэргүүдийн хамт сибирийн орос казакуудын эсрэг газар нутгаа хамгаалан тэмцэж яваад оросуудад ялагдсан байна.
Буянбадрах эцгээ нас барсны дараа 16 насандаа хошуу ноён болжээ. Гэвч тэрбээр Монголоос нүүр буруулж, Оросын талыг хатуу баримталж, эцэс сүүлдээ газар нутгаа оросуудад алдаж, Оросын коммунистуудад буудуулан хөнөөгджээ. ”Чөтгөртэй нөхцсөн хүн чөтгөрийн хорыг амсдаг”, ”Муутай нөхөрлөвөл могойн хорлол” гэдэг энэ буюу.
Их Монгол улсын эсрэг үе үе зэвсэгт бослого гаргадаг, дураар авирлах дуртай зарим тувачууд зөвлөлтийн харгис засаглалын үед 1924 онд эцсийн удаа нэгэн районд бослого гаргаад Оросын улаантан большевикуудад хүйс тэмтрүүлж дахин нэг ч удаа бослого бүү хэл, дуу нь ч гарахаа больсон гэдэг. Удалгүй Тувагийн ардын хувьсгалт нам байгуулагдаж Тувагийн арми 1500 цэрэгтэй болов.
1924 онд СССР улс Тувагийн удирдагчдад буддын шашныг устгах даалгавар өгөв. Харин энэ даалгаврыг тувагийн удирдагч Монгуш Бадрах “Буддагийн сургаал бол Тувагийн соёл” хэмээн эсэргүүцэж байжээ. Энэ бол эх оронч үйлдэл шүү.
1932 онд Тувагийн хүн ам 80,000 байв. Оросын колонистууд тэр үед Тувад 10,000 га газар эзэмшиж, уул уурхайн үйлдвэрүүдийг эзэмшиж байв. 1929-1930 онуудад Тувад зөвлөлтчлөх хатуу бодлого явагдаж Тувад байсан буддын 15 сүм хийд, 4000 лам хувраг, бөө нарыг бүгдийг нь баривчилж ихэнхийг нь буудан хөнөөв. 1930-аад онуудад зөвлөлтийн коммунистууд, Коминтерний нөлөө Тувад улам хүчтэй болж И.Шагдаржав, С.Тока нарын тува коммунист залуусыг тувагийн коммунист намын байгууллагуудын удирдлаганд шургалуулан томилж анхны Ерөнхий сайд Буянбадрах болон түүний нөхдүүдийг “хувьсгалын эсэргүү, хар шар феодалууд” хэмээн зохиомол хэрэг тулгаж тувагийн удирдлагаас зайлуулж амь насыг нь хөнөөж, зөвхөн зөвлөлтийн талыг баримтлагч харгис коммунистуудын нөлөөг Тувад улам бэхжүүлэх бодлого явуулж байв.
Монгол Тувагийн харилцаа хориод оны сүүлч,гучаад оны эхээр улам хурцдаж монголын газар нутгийг Тува тасдан авч зөвлөлтийн талд өгөх, өөрсдөө зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох асуудлыг дэвшүүлж байсан нь тэр үеийн монголын удирдагчдын дургүйцлийг хүргэж байжээ. Монгол Тувагийн хилийн асуудлыг шийднэ хэмээн зөвлөлтийн тал монголын газар нутгийг нь салгаж авах асуудлыг ярих болжээ. Тувачууд энэ бохир ажилдаа зөвлөлтийн коммунист удирдлагыг ашиглаж зөвлөлтийн удирдагчдаар дамжуулан монголын талд шахалт үзүүлж байв. Зөвлөлт Холбоот Улс Монголын Урианхайн газар нутгийг гурван удаа таслан авсан байдаг юм. Энэ талаар хэн ч бичиж судалж байсангүй. Харин би энэ талаар судалсан тул үнэнийг өгүүлье. Эхний удаа 1921 оны 8-р сард монголын Урианхайн хязгаарыг улаан оросын цэрэг хяналтдаа авсан байдаг. Хоёр дах нь 1932 онд Тувагийн нутгийг буцаан өг хэмээн зөвлөлтийн тал монголын талд хатуу шаардлага тавьж монголын уугуул нутаг болох Танну Ола хэмээх нурууны өмнөх бүх нутгийг булаан авсан юм. Одоо энэ нутагт Тувагийн Монгун Тайга район, Овюрийн район, Тэс Хэмийн район, Эрзиний хошуу оршиж байна. Улаан Монгол улаан Оросын эсрэг юу ч дуугарч чадсангүй. Чойбалсан ч дуугарсангүй, монголын төр засаг ч чимээгүй өнгөрөв. 1933 оны зун Увс аймгийн Цагаан нуурын дамжлага баазын цаана оршдог Тэмээн чулуу, Орос даваа, Жаргалант, Бор хаг, Дөрвөд даваа зэрэг монголын уугуул нутагт зусаж байсан монгол айлуудыг гэнэт улаан орос цэргүүд дайран ирж айлуудын гэрийн бүслүүрийг нь хутгаар огтолж монгол малчдад буу тулгаж хүчээр хөөж уугуул нутаг орны нь улаан оросууд булаан авчээ. Гурав дах нь зөвлөлтийн тал Монгол дахь элчин сайд В. Молотовоор дамжуулан 1957,1958 онд “Тувагийн үлдсэн нутгийг өг” хэмээн монголын талд хууль бус шаардлага тавьж монголын хойд нутгаас 2450 хав дөр км нутаг булаан авсан юм.
Зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов монголын Увс аймгийн хойд нутгийг зөвлөлтийн талд өг хэмээн удаа дараа шаардахад тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын сайд Аварзэд эрс эсэргүүцэж “Монголын унаган газар нутгийг хэн нэгэн зөвлөлтийн албан тушаалтан шаардахад өгдөггүй юм. Үүнийг БНМАУ-ын төрийн байгууллага шийддэг юм” гэж байв.
Гадаад явдлын сайд С.Аварзэд “СССР-т монголын 2442 хавтгай дөрвөлжин км газар нутгаа өгөхгүй” хэмээн бүтэн таван сарын сарын турш Молотовтой халз үзэлцэж түүний балмад ажиллагааг эсэргүүцэж байлаа. “Зөвлөлт улс Монголын хойд нутгийн хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" хэмээн Аварзэд В.Молотовт сануулан хэлж байжээ. Тэр хэлэлцээр дээр Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж байаа газар бол Монголын унаган нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа.
В.Молотов Москва руу Аварзэдийг матаж ЗХУ-ын Коммунист намын дарга Хрущеваас монголын МАХН-д цахилгаан утас ирүүлжээ. Монголын удирдагч Ю.Цэдэнбал зөвлөлтөөс цахилгаан утас авсны дараа даруй арга хэмжээ авч нутгаа хамгаалсан Аварзэдийг “зөвлөлт нөхдийн эсрэг ажиллаа” хэмээн буруутгаж бүх албан тушаалаас нь халж алс холын аймагт хөдөө нутагт цөлжээ. Монголын газар нутгаа хамгаалан тэмцсэн эх оронч Аварзэд адаг сүүлдээ бусдын гарт амь насаа алдсан юм.
Монгол зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зөвлөлтийнхөнд "өөрийн хүн" хэмээн тоогддог Л.Цэндийг томилж, зөвлөлтийн талаас монголын талд шаардсан бүх газар нутгийг өгөхөөр болжээ. Ийнхүү “БНМАУ - ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээрээр хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зуржээ. Ийнхүү монголын унаган нутгаас 2560 хавтгай дөрвөлжин км нутгийг Оросын Тувад таслуулан алджээ. Тувачууд ингэж оросын улаан коммунистуудын хамт Монголын эсрэг ажиллаж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж 1944 оны 8-р сарын 17- ны өдөр Тувагийн Улсын Бага хурлын шийдвэрээр Тува улсыг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулж өгнө үү гэсэн шийдвэр гаргав.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар