Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл

Буриадын мэдээллийн төв дээр Монгол хэлний үнэгүй хичээл зааж байна.

Буриадын мэдээллийн төв дээр ОХУ-аас ирсэн иргэдэд зориулсан Монгол хэлний үнэ төлбөргүй хичээл явагдаж эхлээд 1 сар гаран хугацаа өнгөрч байна. Тус үйл ажиллагааг ОХУ-аас ирсэн "Элэг нэгтнүүддээ туслах бүлэг"-ийн сайн дурын гишүүд зохион байгуулж байна.
Тус монгол хэлний хичээл 7 хоногт 3 удаа:
Лхагва гарагт 18.00-19:30
Бямба: 12:30-14:30
Ням: 11:00-13:00 цагуудад орж байна.
Одоогоор Монгол хэлний хичээл 4 удаа хичээллэсэн байна. Тус хичээлийг зохион байгуулагчдын зүгээс дараах тусламж хэрэгтэй байгааг онцолжээ. Эдгээрт: 
  1. Сурах бичиг, хэрэглэгдэхүүн: Гадаад хүмүүст монгол хэл заахад хэрэгтэй сурах бичиг, хэрэглэгдэхүүн, холбоос хаяг байвал өгч тусалж болно.
  2. Монгол хэл сурах гэж буй, дөнгөж сурч буй хүмүүст уншиж сурах, үгээ нүдлэхэд нь тустай цагаан толгой, энгийн хялбар хэллэгтэй хүүхдийн ном байвал хандивлаж болно.
  3. Зөвлөгөө: Гадаад хүмүүст, тэр дундаа орос хэлтэй хүмүүст монгол хэл зааж байсан туршлагатай багш нар байвал сайн дурын бидэнд зөвлөгөө өгч тусалж болно.
  4. Багш нар: Гадаад хүмүүст монгол хэл зааж байсан туршлагатай багш нар, монгол хэл, бага анги, орос хэлний багш нар, багш мэргэжилгүй ч монгол хэл зааж байсан туршлагатай хүмүүс, эсвэл энэ бүх шаардлагад нийцэхгүй ч анхан шатны монгол хэлийг сэтгэл гарган бэлтгээд няхуур сайн зааж чадах хүмүүс бидэнтэй нэгдэж болно. (Оросоор ойр зуур ч болсон ярьж чаддаг бол сайн ч, ярьж чадахгүй ч байж болно).
  5. Ярианы клуб: ОХУ-ын иргэдэд ярианы монгол хэл заах, ярианы клуб хичээллүүлэх хүмүүс байвал нэгдээрэй. Хичээлийн дараа ярианы дадлага хийлгэхэд дээр бичсэнд тохирохгүй ч элэг нэгтэндээ монгол хэл сурахад нь туслах санаатай хүмүүс байж болно. Өөрсдийн албан байр, ажил дээрээ ч ярианы клуб хичээллүүлж болно.
  6. Хэлмэрч: Монгол хэлний хичээлд цаг заваараа очин хэлмэрчилж өгч байх орос хэлтэй хүмүүс хэрэгтэй байна. гэжээ. 
Одоогоор овоо хэдэн хүн тусалъя гэсэн тул ганц хоёр хүний нуруун дээр бүх ачаа ирнэ гэж айлтгүй, ээлжлээд хичээл зааж, завгүй бол сардаа нэг хоёр удаа гэнэт хүнгүй болсон үед очоод хичээл заасан ч болно.
Тиймээс ОХУ-аас ирсэн иргэдэд монгол хэлний хичээл заах, ярианы дадлага хийлгэлцэх хүмүүс Сайн дурынхан: Элэг нэгтнүүддээ туслах идэвхтнүүд - группт нэгдэх болон Uuganbayar Firstborn-Joy    хаягаар хологдоорой. 
Найман шарга" дах Буриадын мэдээллийн төвийн хаяг:
25-р суваг ТВ-ийн ертөнцийн зүгээр хойно. Шар дэлгүүрийн хойд талд.
8 шарга гэж бичээтэй хаалгаар орж, нэг давхарт Уран уургач ченжийн хажуугаар Айлисон дэлгүүр хүртэл яваад явган шатаар 5 давхарт гарна.
99946141
Найман Шарга Валют Арилжаа
Мөн тус төвд олон сайхан сэтгэлтэй монголчууд тусалдаг бөгөөд саяхан Э.Оюунболд аваргын ээж ОХУ-аас ирсэн элэг нэгтэн залуусыг адууны жигнэсэн мах, аарц, чацарганаар дайлж баярлуулжээ. Э.Оюунболд аваргын ээж Александр Алимаасүрэн - нд баярлалаа.
Та бүхэн ч мөн Найман шарга дах Буриадын мэдээллийн төвд болдог Монгол хэлний хичээлд очиж хичээл заах, хичээлийн дараа залуустай уулзаж ярилцах, цай унд аваачиж дайлж цайлах ч боломжтой.
Орон гэрээсээ хол яваа ахан дүүсээ бид сэтгэл санаа, эд зүйл гэх мэт зүйл зүйлээр дэмжих учиртай.
Эх сурвалж: Ууганбаяр

Төстэй мэдээ