Зургийг https://ayurmedica03.com/ хуудаснаас
1991 онд Зөвлөлт Холбоот улс задарч, дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдлаа. Оросын Холбооны улс шинэ нийгмийн харилцаанд орж, Буриад Монголд Хүний эрхийн асуудал дээрджээ. Эдүгээ Буриадад эх хэл, соёл, шашнаа сэргээж байна. Буриад монгол хэл мөхсөн тул эдүгээ эх хэлээ сэргээхэд маш бэрх байна. Буриадууд буриад монголоор яривал ойлгохгүй, харин оросоор яривал хүүхэд хөгшидгүй ойлгоно. Эдүгээ Буриадад монгол соёл, монгол хэл, Бурханы шашин сэргэж байна. Буриадад зарим чухал нийгмийн асуудал одоо болтол шийдэгдээгүй байна.
1990 оноос буриадын сэхээтнүүд Буриад Монгол улс гэдэг нэрээ буцаан авах санал олон удаа тавьсан боловч Оросын дээд удирдлага хүлээн аваагүй, мөн буриадын ард түмнийг хоморголон хэлмэгдүүлснийхээ төлөө оросын төр уучлал гуйгаагүй, нөхөн төлбөр өгөөгүй ажээ.
Усть Орд, Агын тойргийг дахин сэргээсэнгүй. Буриадын сүсэгтнүүд Далай багшийг Буриадад 1993 оноос хойш олон удаа урьсан боловч Оросын Гадаад Хэргийн яам одоо болтол зөвшөөрөл өгөөгүй аж. Буриад монгол хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгохыг оросын удирдлага зөвшөөрсөнгүй. Буриадууд унаган газар нутгаа оросуудаас эргүүлэн авах ямар ч эрхгүй хэвээр байна.Оросууд буриадын бүх газар нутгийг нь хянаж эдэлж ашиглаж хувьчилж байна.
Жирийн буриад иргэнд малаа бэлчээх, хадлан авах, байшингаа барих газар олдохгүй байна. Жирийн буриад хүн банкнаас зээл авахад хүү нь дийлдэхгүй өндөр аж. Оросууд болон еврейчүүд буриадын төр засгийн бүх байгууллагуудын удирдах албан тушаалыг эзэлсэн хэвээр ажээ. Буриадын ерөнхийлөгчөөр буриад хүн огт сонгогдож байгаагүй өдий хүрчээ. Их гүрний байнгын дарамт дор амьдарч байгаа буриад монголчууд маань одоо болтол буриад хэл, буриад соёл, буриад яруу найраг... хэмээн буруу ярих аж. Буриад монгол хэл, буриад монгол соёл... хэмээн ярьж сурах хэрэгтэй байна даа. Эдүгээ Оросын Холбооны улсын субьект Буриадын бүгд найрамдах улсын газар нутаг 351 334 квадрат км, хүн ам нь 974 000, үүнээс буриад монгол хүн 286 000 байна. Хүн амын 65.0 хувь нь орос, 30.0 хувь нь буриад монгол ажээ.Оросын Холбооны улсад эдүгээ 440 000 буриад монгол хүн амьдардаг аж. Буриад бол ашигт малтмалаар баян орон. Нийт 700 гаруй ашигт малтмалын ордод хайгуул хийж 247 алтны орд, 7 вольфрам, 13 уран, 2 молибден, 8 жонш, 4 нүүрсний орд гэх мэт олон ордуудыг ашиглаж байна. Буриадын эдийн засаг хөгжиж байна. Буриад улс бол үйлдвэр- газар тариалангийн орон. Буриадад 1600 гаруй үйлдвэр ажилладаг. Эдгээр үйлдвэрүүдэд нисэх онгоцны техник, зам гүүрийн эд анги, электрон багаж, мод, картон, ноосон даавуу, барилгын материал, махан консерв, гоймон, цемент зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.Эдийн засгийн бүтцийг үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувийг үйлдвэр,27.0 хувийг хөдөө аж ахуй,15,0 хувийг барилга, 20.9 хувийг бусад салбар эзэлдэг. Буриадад машин, металл боловсруулах, өнгөт металл, хүнс, шатахуун, ой,мод боловсруулах, цаасны үйлдвэрүүд хөгжжээ.
Олон жилийн дараа би Буриад Монголд очлоо. Саяхан даа. 2018 онд Эрхүүгийн Усь- Ордын тойрогт монгол туургатан буриад зон олны “Алтаргана” соёлын наадам боллоо.Энэ фестивалд Хятадын Өвөр Монголын Шинкэний буриадууд, Монгол улсын Хэнтий, Дорнод аймгийн буриад, Буриад улсын Улаан Үд, Читын Агаас олон зуун буриад зон олон хүрэлцэн иржээ. Би буриад яруу найргийн наадамд оролцож хоёр шүлгээ уншлаа.
Эдүгээ Буриадад монгол ёс заншил сэргэж, залуус нь буриад монгол хэлээ сайн сурч байгаа юм байна. Буриад монголын дуу хөгжим, яруу найраг сайн хөгжиж байгаа юм байна. Би Хэнтийн халх хүн учраас буриад зон олныхоо түүх, соёлыг ихэд сонирхдог юм. Буриад зон олны дундаас Цэвээн Жамсранов, Гомбожав Цыбиков, Петр Бадмаев, монголын Еншөөбүү овогт Бямбын Ринчен... гээд олон эрдэмтэй агуу хүмүүс төрсөн юм шүү. Би Зөвлөлт Буриадад дөрвөн удаа очсон юм байна . Наяад онд хоёр удаа, саяхан хоёр удаа очсон. Би 2018 онд Буриадын Иволгын дацанд очиж Итгэл хамбадаа мөргөсөн билээ. Одоо энэ Алтаргана наадам. Би нэгэн удаа гэр бүлийн хамт Байгаль далайн эрэгт очиж хоёр хоног амарлаа. Байгаль далай ямар сайхан нуур вэ. Өвөр байгалийн нутгийн уул ус, гол мөрөн, рашааны нэр бүхэн нь монгол нэр. Монгол маань Байгаль далай ээжтэй энэ сайхан унаган нутгаа 1700 онд хаант Орост алдсан гэхээс өөрийн эрхгүй гуниг харуусал төрнө. Би юуны түрүүнд буриад зон олон маань Буриад Монгол унаган нутагтаа ямаршуухан амьдарч байгааг нэгэн дээд боловсролтой буриад хүнээс асууж сонирхлоо.
Тэр буриад монгол хүн: “Буриад хүмүүс хамаг юмаа алдсан. Нутаг бэлчээр, хэл соёл, байгалийн баялаг, үнэт зүйлээ бүгдийг нь орост алдсан” хэмээн гунигтай өгүүлж билээ.
Гэхдээ буриад монгол хэл, соёл нь одоо л нэг юм сэргэж байгаа юм байна лээ. Би нэгэн зүйлийг гэнэт саналаа. Оросын геноцит бодлогын балгаар буриадын сэхээтэн анги, ард түмэн одоо болтол хорин нэгдүгээр зуун гарчихаад коммунизм сөнөчихөөд байхад тархинд нь “орос сайн, монгол муу” гэсэн буруу үзэл мөнх суугдчихсан юм билээ. Учир нь тэрхүү “Алтаргана” наадам дээр нэгэн буриад залуу надаас ихэд аминчлан нэг зүйл асууж билээ.Тэр залуу бол орос хэлийг маш сайн мэддэг, буриад монгол хэлээр тэр наадам дээр сайхан шүлэг уншиж, эссе бичих төрөлд тэргүүн байр эзэлж байсан монгол хэлээ сайн мэддэг, ухаалаг сэргэлэн оюутан залуу байлаа.
Тэр буриад монгол залуу нэгэн удаа надаас “Сүхээ ах аа. Та бол юм мэддэг туршлагатай ухаантай хүн. Би нэг зүйл танаас асууж болох уу?” гэж байна. Би “тэг, тэг” гэлээ. Тэр буриад залуу: “ Би оюутан хүн. Би Улаан -Үд хотын дээд сургуульд хамт сурдаг нэгэн монгол оюутан бүсгүйд хайр сэтгэлтэй болж гэрлэхийг хүссэн юм. Гэтэл аав, ээж минь “Тэр монгол бүсгүйтэй яасан ч гэрлэж болохгүй.” гээд намайг загнаад байх юм. Би яагаад Халх Монголын сайхан бүсгүйтэй гэрлэж болохгүй юм бэ. Би халх монгол бүсгүйтэй яаж гэрлэх вэ? Та надад хэлээд өгөөч” гэлээ. Би дотроо: “Энэ ухаалаг сэргэлэн буриад залуугийн аав, ээж нь одоо дөчөөд насны сэхээтэн хүмүүс байж таарна. Гэтэл энэ дөнгөж хорин нас хүрч яваа сайхан хүүгээ монгол бүсгүйтэй гэрлүүлэхгүй гэж байгаа нь өнөөх зөвлөлтийн “орос сайн, монгол муу” гэсэн геноцит бодлогын хар гай одоо болтол хэвээр байгаа юм байна даа” хэмээн бодлоо. Би түүнд “Чи өөрөө монгол туургатан буриад монгол залуу. Тэр бүсгүй чинь монгол туургатан халх монгол бүсгүй. Нэг үндэстэн, нэг хэлтэй, нэг соёлтой хүмүүс хоорондоо гэрлэх шиг сайхан зүйл хаана байна. За чи миний хэлэх гурван зүйлийг л хэрэгжүүл. Тэгээд чиний хүсэл биелэх болно. Нэгдүгээрт, Чи Монголд очиж гэрлэх бүсгүйнхээ аав, ээжид хадаг сэлт бэлэгтэй очиж монгол ёсоор бэр гуйх хэрэгтэй. Хоёрт, Чи Монголд очоод Иргэний бүртгэлийн газарт гэрлэлтийн бүртгэлээ хийж гэрлэлтийн гэрчилгээ авч хууль ёсны гэр бүл болох хэрэгтэй. Гуравт, Чи үр хүүхэдтэй болох хэрэгтэй. Чи үр хүүхдээ аав ээждээ үзүүл. Ач, зээгээ хараад танай аав, ээж хоёр чинь төмөр робот биш л юм бол уярахгүй яах юм” гэлээ.” За мэдлээ. Сүхбаатар ах танд маш их баярлалаа” гээд өнөөх буриад залуу маань их л баярлаж үлдсэн дээ.
Орчин үед буриад монголчуудад сэргэн мандах боломж байна. Өвөг дээдсийн минь өлгий нутаг Өвөр Байгальд олон гайхамшигтай зүйл буй. Олон сайхан уул,нуруунууд, рашаан, гол уснууд, Байгал эх далай, Итгэлт хамбын мөнхийн бясалгал, Иволгын дацан, Бурханы сүм хийдүүд,буриад нутгийн аялгуут дуу хөгжим, буриад зоны ёс заншил... энэ бүгд монгол туургатны минь нэгэн том салаа оршиж байгаагийн баталгаа юм. Буриад монгол түмэн минь эх хэл, соёл, шашнаа сэргээн мандуулж, амар амгалан оршиж, цэцэглэн хөгжих болтугай.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар