1918 оны 2-р сард Буриадад улаантны зөвлөлт засаг тогтов. Удалгүй 1918 оны зун атаман Семёновын козак цэргүүд өвөр байгалийн зөвлөлт засгийг унагаж сибирийн төмөр замыг япончууд эзэлж 1919 оны 4-р сард АНУ-ын хөдөлгөөнт корпусын цэргүүд орж ирэв. 1919-1920 онуудад Өвөр Байгальд эрх чөлөөт Буриад - Монгол улс, Их Монгол улс байгуулагдаж байлаа. Гэвч 1920 оны 3-р сард Оросын улаан арми Өвөр Байгалийн Дээд Үдийг эзэлж улаантан большевикуудын харгис засаглал Буриадад дахин тогтлоо.
Лениний ард түмэндээ амалсан “Газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад, засгийн эрхийг Зөвлөлтүүдэд” гэсэн уриа хэрэгжсэнгүй. Засгийн эрхийг большевикууд авав, үйлдвэрийг улс авав, газрыг хамтрал авлаа. Ийнхүү улаантан коммунистуудын харгис дарангуйлал Буриад Монголд 70 жил тогтож буриад монголчуудын хувьд том сүйрэл болов.
Зөвлөлт засгийн үед улаантан коммунистуудын буриад монголын ард түмэнд учруулсан харгислал, хор уршиг нь Оросын хаант засгийн үеэс хэдэн зуу, мянга дахин их байлаа.
Хаант Оросын үед буриад монголчууд Бурханы шашнаа шүтэж, мал сүргээ өсгөж хувийн өмч болон малын бэлчээр, нутаг усаа хамгаалах эрхтэй байлаа.
Улаан хувьсгал Орос оронд гарснаар еврей большевикууд хүний эрхийг боомилж, зөвлөлтийн олон үндэстэн ястан, ардууд улаан коммунистуудын боол болжээ. Улаан комиссарууд хүүхэд, хөгшдийг хүртэл өрөвдөхгүй хөнөөдөг байв. Улаантнууд ард түмнээ хэдэн саяар нь шоронд хорьж буудан хөнөөдөг байв. Улаантан коммунистууд бол өрөвдөхийг үл мэддэг чөтгөрүүд байлаа.
Коммунистууд буриад монгол хүний хувийн хөрөнгө, бэлчээр, малыг нь дээрэмдэн авч, шүтдэг Бурхан, уншдаг судар ном, мэддэг босоо монгол бичиг үсэг, ярьдаг монгол эх хэлийг нь хүртэл устгав. Юу ч үгүй үлдсэн буриад монголчуудад улаантан коммунистуудын боол болохоос өөр сонголт үлдсэнгүй. Буриад Монгол хөвгүүдийг улаантан оросын цэрэгт дайчилж буриад монгол залуучуудыг дайнд үрэгдэх, эсхүл улаантны хядлаганд өртөж үрэгдэх хувь тавилан угтаж байлаа, буриад басгадуудыг бэлэвсэрч хоцрох хувь тавилан л хүлээж байлаа. Буриад монголын автономит улсаар оросын коммунистууд эрээ цээргүй тоглож байлаа.
- 1921 онд Буриад Монголын автономит муж гэж байгууллаа, удалгүй түүнийгээ өөрчлөөд
- 1922 онд Буриад Монголын автономит улс болголоо,
- 1923 онд Буриад Монголын АССР болголоо,
- 1930 онд Дорнод Сибирийн хязгаарын бүрэлдэхүүнд орууллаа,
- 1934 онд Дээд Үдийг Улаан- Үд гэж өөрчлөн нэрлэлээ,
- 1936 онд дахиад Буриад Монгол АССР байгуулав,
- 1937 онд Буриад Монгол АССР-ээс Усть ордын ба Агийн үндэсний тойргийг гаргаж, Эрхүү, Чита мужид шилжүүлэв.
- 1933 онд босоо монгол бичгийг хориглож орос кирилл бичигт шилжлээ.
- 1937 онд оросын улаан коммунистууд буриад монголын ард түмнийг “Их Монгол үзэлтэн”-“Пан Монголист” хэмээн гүтгэж улаан хядлага хийлээ.
Улаантнууд сүүлдээ бүр эрээ цээрээ алдаж, буриад монголын ард түмнээс асуулгүйгээр газар нутгийг нь тав хувааж, Усть Орд, Агийн тойрог болон хоёр том районыг Эрхүү, Чита мужид шилжүүлсэн нь Буриад Монгол улс газар нутгийнхаа 40.0 хувийг алдахад хүргэжээ. Удалгүй гучаад онуудад Сталиний улаан хядлага Буриад нутгийг бүрхлээ.
1929 онд 35 000 буриад монголчуудыг оросын НКВД-ийн чекистүүд буудан хороожээ. Оросоос зугтааж эх Монгол орноо бараадан очсон 20 000 буриад хүмүүсийг БНМАУ-ын Дотоодыг Хамгаалахын улаантнууд оросын НКВД-тай хамтарч буудан хороожээ.
Монголд очсон буриадууд ихэнхи нь Чойбалсангийн аллагад өртөж Хэнтий, Дорнод аймгийн буриад сумдуудад буриад эр хүн огт байхгүй болжээ. Ийнхүү улаантнуудын харгислалд нийт 225 000 буриад монголчууд өртөж дөнгөж тавин хувь нь амьд үлджээ. Буриадын сэхээтэн, лам хувраг, ажилчин, малчин олон мянган хүнийг “Их Монголын үзэлтэн”, ”хувьсгалын эсэргүү”, “нударган баян”, “японы тагнуул”,”цагаантны үлдэгдэл”, ”хар шар феодал” хэмээн гүтгэж, олон мянган хүнийг баривчилж шоронд тамлаж, ихэнхийг нь буудан хороож үлдсэнийг нь сибирийн Колым, Норильскийн хүйтэн тамд цөлж ихэнхи нь тэндээ амь үрэгджээ.
Буриад түмэн минь Орос оронд Сталиний аллага, Монгол оронд Чойбалсангийн аллаганд олноороо өртсөн ч гэсэн гутарч сөхрөөгүй, үнсэн дундаас амилаад нисдэг грекийн домогт гардаг феникс шувуу мэт дахин босч ирсэн баатарлаг ард түмэн юм шүү.
Монголд ирсэн буриад монголчуудыг Чойбалсангийн дотоодыг хамгаалахын ногоон малгайтай улаан цэргүүд “Октябрийн хувьсгалаас зугатааж ирсэн буриадууд”, “цагаантны үлдэгдэл”, “японы тагнуул”,”хувьсгалын эсэргүү” хэмээн гүтгэж Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймагт амьдарч байсан бүх буриад эрчүүдийг баривчилж буудан хөнөөжээ. Хэнтий аймгийн хойд нутаг Дадал, Норовлин, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын буриад эрчүүдийг улаантнууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн ажээ.
Тэр үеийн буриад эмэгтэйчүүд дурсан ярихдаа “Манай буриад эрчүүдийг Чойбалсангийн улаан цэргүүд бүгдийг нь буудан хөнөөсөн. Манай нутагт нэг ч буриад эр хүн үлдээгүй тул хонь төхөөрөх ганц ч эр хүн олддоггүй байлаа” хэмээн нулимс дуслуулан ярьдаг байсан юм.
1941-1945 онд дэлхийн хоёрдугаар дайн болж, зөвлөлтийн 28.0 сая хүн амь үрэгдлээ. Сталиний аллаганд зөвлөлтийн 24.0 сая хүн амь үрэгджээ. Нийтдээ 52.0 сая зөвлөлтийн хүн үхжээ. Буриадаас 120 000 хүн цэрэгт татагдаж, 34 200 хүн дайнд үрэгдэж, 6.5 мянган хүн тахир дутуу болж нутагтаа буцаж ирлээ. Коммунизмын балаг үүгээр дуусаагүй юм.
1958 онд “Буриад Монголын АССР” гэсэн нэрийг Зөвлөлтийн Дээд Зөвлөлийн зарлигаар “Монгол” гэсэн үгийг нь хасаж “Буриад АССР” болгов.
1990 онд Буриадын бүгд найрамдах улс боллоо. “Буриад Монгол” гэдэг нэрийн “Монгол “ гэдэг нэр нь одоо болтол бүрмөсөн хасагдсан хэвээр үлджээ. Буриад монголын ард түмнийг оросын улаантан коммунистууд 70 гаруй жил хэлмэгдүүлэн боолчлов. Дайн, гэмт хэрэгт үрэгдээгүй, үхээгүй, гэмтээгүй, биендээ шарх сорвигүй нэг ч буриад монгол гэр бүл үлдээгүй ажээ. Хэрэв буриад монголчууд дайн, коммунизмын аллаганд өртөөгүй бол 1897 онд хаант Оросын үед амьдарч байсан 500 000 буриад монголчуудын тоо эдүгээ нэг сая гаруй болтлоо өсөх байлаа. Гэтэл эдүгээ хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад буриад монголын уугуул хүн амын тоо нэг зуун жилийн өмнөх хаант Оросын үеийн түвшиндээ ч хүрч чадаагүй байна. Хорьдугаар зууны жар, далаад онуудад “зөвлөлтжүүлэх- советация” үзэл газар авч буриад монгол эрчүүд орос эхнэр авч, хүүхдүүддээ орос нэр өгч, буриад монгол соёл, ёс заншлаа бүрмөсөн хаяж, буриад монгол хэлээ ор тас мартжээ.
Наяад онд би нэгэн удаа манай Хэнтий аймагтай шууд харилцаат Чита мужид төрийн ажлын туршлага судлах ажлаар очиж билээ. Зочломтгой сайхан хүмүүс байсан. Тус мужийн олон үйлдвэр, хамтралтай танилцлаа. Буриад монголчууд амьдардаг Агын тойрогт очив. Эндэхийн Агын тойргийн дарга нь буриад монгол хүн байв. Харин коммунист намын дарга нь орос хүн байлаа. Чита мужид 200 гаруй хамтрал, сангийн аж ахуй байдаг аж. Харин “Улаан Одон” гэсэн монгол нэртэй ганцхан хамтрал байдаг юм билээ. Нэгэн удаа би Монголд Хэнтий аймгийн Норовлин суманд хойд хөрш Зөвлөлтийн Буриад улсаас малын тэжээл өвс хадлан авахаар ирсэн буриад эрчүүдтэй уулзаж хууч хөөрсөн тохиолдол санаанд орчихлоо. Би наяад онд Зөвлөлт Холбоот улсад их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшээд Хэнтий нутагтаа ирж төрийн байгууллагад 22 настай цэл залуухан төрийн албан хаагч болчихоод ажиллаж байлаа. Тэр нэгэн зуны сүүл сард Хэнтий аймгийн Норовлин суманд төрийн ажлаар очоод зочид буудалд байрлаж байв.Тэр үед хөдөө нутагт хадлангийн ажил ид буцалж байлаа. Хойд хөрш Зөвлөлтийн Буриад улсаас хэсэг буриад залуу манай нутгаас Буриадын Хэжэнгэ рүү руу өвс авч зөөхөөр нилээн хэдэн ачааны автомашинтай ирээд тус сумын буудалд байрлаж байлаа. Тэдний ахлагч нь гээд орос маягийн хянган хамартай, славян маягийн ухалттай нүдтэй нэгэн буриад шар залуутай танилцаж жаахан хууч хөөрлөө. Би түүнээс “Чи гэрлэсэн үү. Эхнэртэй бол буриад эхнэртэй юү, орос эхнэртэй юү? гэж асуулаа. Мань эр “орос эхнэртэй” гэж байна.Тэхлээр нь би түүнд “Ээ чааваас. Чи нутгийнхаа буриад монгол бүсгүйтэй гэрлэхгүй яав даа. Буриад басгадууд чинь асрал халамж сайтай, ханилахад түшигтэй юм биш үү? гэлээ. Харин тэгтэл мань эр: “Орос басгад их цэвэрхэн, европ соёлтой. Тэгээд би орос бүсгүйтэй гэрлэсэн” гэж авдаг байгаа. Би ч дотроо “энэ буриад залуу орос эхнэрийнхээ хуламсны үнэрийг яаж тэсвэрлэдэг юм бол доо, хөөрхий” хэмээн гайхаж билээ. Мань буриад залуу надаас асууж байна. “Чи хаана сургууль төгссөн бэ. Чи яагаад орос хэлээр сайн ярьж байна вэ? Чи эхнэр авсан уу? хэмээн асууж байна”. Би түүнд “Би саяхан танай Зөвлөлт Холбоот Улсын Баку гэдэг хотод их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшээд одоо Хэнтий нутагтаа ирээд ажиллаж байна. Би гэрлэж амжаагүй яваа. Удахгүй Хэнтий нутгаасаа монгол ёс заншлаа мэддэг, халх монгол бүсгүйтэй гэрлэх болно. Бас гэрлэх бүсгүйнхээ удам судар, нас жилийг харж эхнэр авах болно. Надаас дөрөв юм уу, найман насаар дүү, хулгана эсхүл луу жилтэй бүсгүйтэй гэрлэвэл миний ивээл жил болж тохирно доо. Би чинь бич жилтэй хүн шүү дээ “гэхэд нөгөө буриад залуу мэл гайхаж таг дуугүй болж билээ.
Их гүрний геноцид бодлогын хор уршгаар Зөвлөлт Холбоот Улсад буриад монгол үндэстэн ийнхүү мөхөж байлаа. Буриад монголчууд төрөлх монгол эх хэлээ алджээ, босоо монгол бичиг, соёл шашнаа алджээ, монгол нэр овог, бэлчээр, мал сүргээ алджээ. Унаган эх орноо алджээ. Буриад монголчууд зөвхөн монгол царай, орос сэтгэхүй хоёртой л үлджээ. Хайран монгол хэл, хайран монгол соёл.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар