1703 онд оросын Петр хааны зарлигаар Буриадыг Оросын бүрэлдэхүүнд оруулжээ. 1689 оны Нерчүгийн гэрээгээр Манж Чин улс, Оросын эзэнт улс хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж Чин улс Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг хориглох бодлого явуулав. Энэ нь Монголд Оросын нөлөө нэвтрэхээс болгоомжилсон Манжийн бодлого биз.
1727 онд Тvшээт ханаас Хүрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн хаанд хүсэн мэдүүлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хүмүүсийг хил давуулахгvй байх зарлиг буулгажээ.
1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Монгол, Орос улсын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр Буриад монголын Байгаль орчмын нутаг бүхэлдээ хаант Оросын харьяанд багтах болжээ. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц нутгийн хүн ардад ихээхэн албан татвар ногдуулж эхлэв. Энэ албыг буриад монголчууд үнэт арьс, адуу малаар тооцож өгч байсан ч албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvй байлаа. Хаант Орос улс 1851 онд Өвөр Байгалийн мужийг байгуулав. 1897 онд Өвөр Байгалийн мужийн хүн ам 672 000 хүрчээ. Зарим газарт буриад-оросын хоорондын харьцаа хэвийн байсан боловч Оросын атамануудын албан тушаалаа хэтрүүлэх, Оросын засаг захиргаа авилга авч хэрэг төвөг учруулж байснаас буриад монголчууд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргүүцэж байлаа. Ийнхүү буриад монгол ардуудыг төрөлх газар нутгаас нь шахан хавчиж, албан татвараар дарж амьдрахад бэрх болмогц түүнээс гарах арга замыг сүвэгчлэхээр буриад монголын ард тvмэн оросын Москва, Санкт- Петербург хотод элч төлөөлөгчөө илгээж, буриад монголчуудын эрх ашиг, газар нутгаа хамгаалах талаар асуудал тавьж байлаа.
Удалгүй буриад монголчууд Оросын дарамтаас болж Монгол руу зугатах, нутгаа орхин нүүх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт оржээ. 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад монгол ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нүүн оджээ. Буриад монголчууд Орост нэгдсэн vйл явц ээдрээтэй бөгөөд зөрчилтэй байлаа. Буриад монголчууд бүгд сайн дураараа Орос улсад нэгдсэн гэдэг нь огт худал юм. Буриад Монголыг Орос улс хүчээр эзэлж хүчээр нэгтгэсэн юм. Тэр үед Буриад монгол үндэстэнд өөрийн бүрэн эрхтэй төрийн байгууллага гэж байсангvй, нэг талаас хаант Оросын засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байлаа.
Арван ес дүгээр зууны эцэс, хорьдугаар зууны эхэн үе гэхэд Буриад Монгол нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ, Амар мөрний сав газрын хамгийн үржил шим, өвс бэлчээр сайтай газрыг буриад монгол ардуудаас булаан авч оросын олон мянган тариачдыг нүүлгэн суурьшуулж, байгалийн болон газрын хөрсөн доорх баялгийг цөлмөн ашиглаж эхлэв. Удалгүй Оросын хаант засгийн бодлого Сибирийн нутагт эрс идэвхжлээ. Энэ бодлого гол төлөв газрын болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхүү бодлогоо оросууд хэрэгжүүлэхдээ оросын тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvй үлдсэн газрыг улсын сангийн мэдлийн газар болгохоор шийдвэрлэжээ.
Шинэтгэл гэгч нь үнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриад монголчуудыг оросын олон тосгон сууринд тархаан суулгах, буриад монгол ардууд бие биенээс нь салгах, нэг газар олноор суурьших, улмаар нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгүй болгох гэсэн их гүрний геноцид бодлого байлаа.
Мөн засаг захиргаа, шүүн таслах байгууллагуудыг нэмэгдүүлж буриад монголчуудыг хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. 1902-1903 онд буриад монголчууд оросуудын түрэмгий бодлогыг эсэргvvцэн тэмцэж оросын цагдаа нар болон тариачидтай мөргөлдөөн хийдэг байжээ. Буриад монголчууд хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ эсэргvvцлийг харгислан дарснаас болж олон буриад монголчууд Ар Монголд зугатан зайлжээ.
Удалгүй дэлхийн нэгдүгээр дайн болж дайнд оролцсон хаант Оросын армид зориулсан цэрэг татлага, хvнс нийлvvлэлт буриад монголын ард түмний нуруун дээр үлэмж их ачаа дарамт болж байлаа. Энэ бүхнийг эсэргүүцсэн буриад монголчууд аргаа бараад Халх Монгол руу олноороо дүрвэх болжээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Буриад Монголд анх гарахад тэргүүн эгнээнд нь буриад монголын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид байлаа.
Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Э.Вамбацэренов, Ч.Ирелтүев, Г.Цибиков, Г.Д.Очиров, Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агваан Доржиев нар идэвхтэй оролцож байв. Агваан Доржиев бол Бурханы шашны томоохон зүтгэлтэн, шинэчлэгч, дипломатч байсан бөгөөд бусад нь нэртэй эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид, нийгмийн зvтгэлтнvvд байлаа.
Буриад монголчууд бүрэн эрхт нутаг дэвсгэрийн үндсэн дээр нэгдэхээсээ илүү үндэсний шашны эв нэгдлийн далбаан дор үзэл санааны хувьд нэгдэх нь хамаагүй хялбар хэмээн үзэж байлаа. Ж.Цэвээн (1880-1937), Базар Барадин (1878-1937), Агваан Доржиев (1853-1938) нар Бурханы шашныг буриадын үндэстний соёлын сэргэн мандалтын гол шүтээн болно хэмээн итгэж байлаа. Тэдний энэхүү санааг буриад монголын олон түмэн дэмжин хүлээн авчээ.
Ийнхүү хорьдугаар зууны эхээр буриад монголчуудын дунд Бурханы шашинд орох давалгаа идэвхжиж, шинээр бурхны сүм дуган, дацан барих ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнүүлэв. Улмаар тэд Оросын Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад Бурханы шашны сургаалийг дэлгэрvvлэх, буриад монгол хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvльд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриад монголын олон нийтэд олгох зэрэг шаардлага тавьж байлаа. Шинэ хорьдугаар зуун эхэлж Орос оронд капитализм хөгжиж эхэллээ. Оросын хаант улс төмөр замын сибирийн магистрал байгуулж Өвөр Байгалийн төмөр зам 1900 онд нээгдэв. Гэвч Орос оронд 1917 онд еврей большевикуудын улаан хувьсгал ялж, оросын түүхэнд гарч байгаагүй коммунистуудын харгис засаглал тогтлоо. Засгийн эрхэнд гарсан улаантнууд оросын эзэн хаан Николайг гэр бүл, балчир хүүхдүүдийнх нь хамт зэрлэгээр хөнөөж, эзэн хааныхаа ах дүү зуу гаруй сурвалжит хүнийг зэрлэгээр амь насыг нь хөнөөв. Орос оронд большевикууд өөрсдөөсөө бусдыг дайсан, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээн үзэж, орос ах дүү нараа хөнөөсөн иргэний дайныг дэгдээж нийт 13.0 сая орос хүн энэ дотоодын дайнд амь үрэгдэв. Оросын эдийн засаг сүйрч ард түмэн өлсгөлөнд автаж Орос орон сүйрлийн ирмэг дээр ирэв.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар