Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн нэрэмжит “Дэлхийн Монгол” тэтгэлэгт Монгол улсын их, дээд сургуульд суралцаж буй Халимаг, Тува, Буриад, Алтай болон Өвөр Монгол зэрэг Монгол угсааны нийт 30 гаруй оюутан материалаа илгээснээс идэвх санаачилгатай, Монголоо гэсэн сэтгэлтэй 12 оюутан шалгарч, батламжаа гардан авлаа.
"Дэлхийн Монгол" тэтгэлгийн онцлог нь дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Монголд ирсэн Монгол угсааны залуусыг онцлон хамруулсан нь юм. Тус тэтгэлэг нь сургалтын төлбөрийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэхээс гадна шалгарсан залуусыг 6 сарын хугацаанд хөгжлийн хөтөлбөрт хамруулна.
Тэтгэлгийн зорилго: Тэтгэлгээр дамжуулан Монгол улсад ажиллаж, амьдрах, Монгол улсыг олон улсад таниулах хүсэлтэй залуусыг дэмжих мөн Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон улсын тавцан дахь Монгол улсын оролцоо, хувь нэмрийг хангах юм.
Тэтгэлгийн зорилт: Дэлхийн Монгол угсаатны ирээдүй хойч болсон шилдэг оюутан, залуусыг:
- Монголын соёл, уламжлал, түүх, нийгмийн амьдралтай танилцуулах;
- Монгол улсад ажиллаж, амьдрах улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад нь дэмжих;
- Дэлхийн Монгол угсаатны үндэстэн улсуудтай Монгол улс харилцаа холбоогоо нэмэгдүүлэхэд зууч болж үнэтэй хувь нэмэр оруулах;
“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг “Элбэгдорж хүрээлэн” (EBI) болон “Дэлхийн Монголчуудын Холбоо”-ны зүгээс хамтран зохион байгуулж байна.
Бидний үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгчиддөө болон Монгол Арт галерейн хамт олон, Хөсөгтөн хамтлагийн морин хуурч А.Маргад танд баярлалаа.
Дэлхийн Монголчуудын Холбоо
2022 он