Буриад Монгол гэж юу вэ?, Яагаад Монголчууд хэдэн хэсэгт хуваагдсан юм бэ? гэдгийг үнэн бодитоор өгүүлэх цаг нэгэнт болжээ. Өмнөх зургаан зууны туршид хөрш гүрнүүд Монголчуудыг бие биентэй нь сөргөлдүүлэн турхирч Монголчууд өөрсдөө ч өөр хоорондоо байлдан тэрсэлдэж харь гүрний өгөөш болж, Их Монгол улсаа мөхөөж, өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй өчүүхэн улс болж байлаа. Буриад Монгол бол тэрхүү сөргөлдөөнт доройтлын цаг үеийн нэгээхэн хэсэг нь юм.Буриад бол Монголын харьд алдсан нутаг юм.
“Буриад” гэдэг үгийг зарим эрдэмтэд Бури – чоно, Бургуд - бүргэд, Бураад - ойн иргэд гэсэн үг хэмээн янз бүрээр авч үздэг.
Буриад Монголын Байгаль орчмын нутаг бол манай эриний өмнөх 220 оноос манай эриний 200 он хүртэл монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрний нутаг байсан. Дараа нь Монголчуудын өвөг дээдсийн байгуулсан Сяньби улс / 93-235 /, дараа нь Жужан улс /220-535/, дараа нь Чингис хааны байгуулсан Их Монгол улс /1206-1368/ -ын харьяанд байсан өвөг дээдсийн маань унаган нутаг бөлгөө. Буриад монголын өвөг дээдэс бол Монголын аймаг болох мэргэд, баяд, хорь-түмэд, барга монголчууд болой. Буриад бол Монгол үндэстэн, Монгол туургатан. Буриадын эх хэл, бичиг үсэг, соёл, шашин, гарал угсаа бүгд Монгол юм. Энэ бол түүхийн үнэн. Хэн ч үүнийг няцааж чадахгүй.
Өнөөгийн Буриад Монголчууд өөрсдийгөө “мы буряты, наш родной язык бурят” гэцгээх юм.”Та нар бурят биш, та нар бол буриад монголчууд” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу.
Оросын козакын түрэмгийлэл.
Арван долдугаар зууны эхэн үед оросын казок цэргүүд монголын Байгаль орчмын нутгийг довтолж эхлэв. Тэр үед Халх Монголыг баруун талаас нь Галдангийн удирдсан ойрд монголчууд довтолж, хойд талаас нь оросын козак цэргүүд довтолж, өмнөд талаас нь манж нар шахаж эхэлсэн юм. Монголчууд гурван фронт дээр нэгэн зэрэг байлдаж чадахгүй байсан тул монгол нутгаа алдах гол нөхцөл үүсээд байлаа. Энэ үед төв монголчуудын доройтсон байдлыг ашиглаж оросууд Байгаль орчмын нутгийг түрэмгийлэн эзэлж эхэлжээ.
Оросын эзэнт улс эртнээс хил хязгаараа тэлж татар монголын Хүчүлэг хааны эзэмшил Урал, Сибирийн эзэнт улсыг эзэлсний дараа Байгаль орчмын монгол нутагт өнгөлзөж эхэлжээ. Сибирийн Хүчүлэг хааны эзэнт улсыг мөхөөхөд оросын козакуудын атаман Ермак гол үүрэг гүйцэтгэв. Оросууд зөвхөн Сибирийг эзлээд шунал нь ханасангүй. Оросын козакууд цааш довтолж Байгаль орчмын нутагт халдаж эхлэв. Тэд Байгаль орчмын нутаг нь алт, мөнгөний ордоор баялаг гэдгийг мэдээд энэ нутагт улам ч ихээр шунах болжээ. Буриад монгол овгуудын оршин сууж байгаа энэ нутагт оросууд арван долдугаар зуунд довтлон орж ирэхэд монгол ноёд болон оросын козак атамануудын хооронд ширүүн тэмцэл эхлэв. Тэдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжиж байв.
Хамгийн анх Байгаль орчмын Монголын нутагт довтолж орсон хүн бол оросын цэргийн отрядын дарга Петр Бекетов гэгч байлаа. Бекетовын отряд 1628 оны намар Ангар мөрнийг өгсөж доод Үд, Балаганы буриад нутагт хүрчээ. Бекетов өвөр байгалийн монгол нутагт очоод шууд л нутгийн монгол ардуудаас албан татвар нэхэж гарчээ. Оросын Сибирийн захиргаа 1635 онд эзэн хаандаа өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэргүүдээ дагуулан Буриад монголын газар Лена голын эх өөд Она голын адагт очиж урьд өмнө Орос улсад алба төлж байгаагvй буриад, зүрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар шаардахад эдгээр буриад, зүрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив. Гэвч Бекетов нөхдийн хамт гурав хоног бүслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргүүдийнхээ хамт тэдгээр буриад монголчуудыг элдэв арга мэх хэрэглэн зодохыг нь зодож алахыг нь алав. Алж хөнөөсөн буриад хүний тоо 90 хvрэв…” гэжээ.
Ийнхүү буриад иргэд оросын хаанд албан татвар төлж эхэлжээ. 1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдан эзлэхээр дайралт хийжээ.
1644 онд Амар орчмын нутгийн хүмүүс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдэж Лена (Зүлэг) болон Амар (хар) мөрөн орчмоор амьдардаг нутгийн ард олон хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг гурван удаа бүслэв. Бүслэлт нь амжилт олсонгүй. Тэр жилvvдэд Енисэйгээс мөнгөний орд, мөнгөний уурхайн тухай мэдээ цуглуулах тусгай даалгавар авсан атаман Василий Колесников Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бүтэн өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг байлдаж дээрэм тонуул хийж нутгийн буриад монгол ардуудын зэвүүцлийг хvргэжээ.
1645 онд Колесников дахин замд гарч дээрэм тонуул хийж явсаар Байгал нуур хүрээд Куд болон Ангар мөрний орчмын буриад монгол ардуудыг дээрэмджээ. Ийнхүү оросын козак цэргvvд, худалдаачид, хожим нь түшмэд нар Байгаль нутагт олноороо хүч түрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэг хойд монголын унаган газар оросын цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулагдаж, оросын эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжиж эхэлжээ. 1681 онд Өвөр Байгаль нутагт оросын Федор хааны зарлигаар ариун Троицкийн христийн сүмийг бариулав. Халх монголын ноёд Байгаль орчмын Монголын газар нутгийг хаант оросын цэргүүд тvрэмгийлэн эзлэхийг зүгээр харж суугаагvй юм.
1688-1689 онд Халх Монголын Тvшээт хан Чахундорж Байгал орчмын нутагт 5000 монгол цэрэг илгээж Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг байлдаж оросуудын дөнгөж барьсан цайзыг эвдэн орос цэргийг уугуул нутгаасаа хөөн гаргаж байв. Гэвч Халх Монголд Ойрдын Галдангийн 30 000 цэрэг гэнэт халдан довтолсон тул Түшээт ханы монгол цэрэг хойд нутгаа орхин яаралтай нутаг буцжээ. Энэ чөлөөг ашиглаж дахиад л оросын козак цэргүүд Байгал нутагт өнгөлзөж эхлэв. Тэр үед буриадын бие даасан овгууд эвсэлдэн нэгдаж чадаагүй, бvриад монгол ноёд тvшмэд нар оросыг хэрхэн яаж эсэргүүцэх, төрөлх газар нутгаа яаж хамгаалах талаар ямар ч нэгдсэн бодлого байхгүй, өөрийн гэсэн байнгын цэрэг, зэр зэвсэг гэх юм байхгүй байв. Нэг хэсэг буриад овогууд Монголын Түшээт хан, Сэцэн ханыг дэмжиж Оросын тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь харин Оросыг дэмжиж, орос козак цэргийн талд урваж дайснуудтай нийлж монголын эсрэг ажиллагаа явуулж байв.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар