Нийтлэл, Түүхэн

Цуврал нийтлэл: Д.Сүхбаатар, Орчин үеийн Өвөр Монгол.

Соёлын хувьсгалын дараа 1978 оны 11-р сард болсон Хятадын Коммунист Намын 3-р Бага Хурал дээр Хятадын алсын хараатай, ухаалаг удирдагч Дэн Сяопин санаачлан Хятадын онцлогтой социализмыг байгуулах, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх шийдвэр гаргаж, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн тусгай бүс байгуулах, ядуурлыг гэтлэн давах, техник, шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилт тавив. Дэн Сяопин үүний өмнө Япон улс, Хонгконгт  айлчилж  тэдний хүрсэн амжилтыг өөрийн нүдээр харж, Хятадыг өөрчлөн байгуулах цаг болсныг сайтар ойлгожээ.

Удалгүй улс даяараа зах зээлд шилжиж, бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулж, хувийн хэвшлийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт цутгаж эхлэв. Хятад хөгжихийн хирээр Өвөр Монгол ч хөгжиж эхэллээ.

Эдүгээ Өвөр Монголын хүн ам  25 сая хүн амтай /  20.0 сая нь Хятад, 5.0 сая нь Монгол хүн, Хятадын бусад нутагт 1.0 сая Монгол хүн амьдардаг/,  газар нутаг нь 1 183 000 хав.дөр.км байна. Өвөр Монгол нь Алшаа, Шилийн гол, Хянган гэсэн 3 аймагтай, 9 хотын тойрогтой, 17 районтой, 11 хөдөөний хоттой, 49 хошуутай, 3 автономит хошуутай.

Өвөр Монголын хамгийн том хотууд болох Хөх хотод 3.0 сая хүн, Бугат хотод 2.6 сая, Хайлаар хотод 2.5 сая хүн амьдарч байна.

Эдүгээ Өвөр Монголд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/  252 тэрбум ам.доллар давж, нэг хүнд ногдох ДНБ 10 000 ам.доллар даваад байна. Өвөр Монголд төмөрлөг, газрын тос, нүүрс, уул уурхай, электрон тоног төхөөрөмж, машин механизмын аж үйлдвэр хөгжжээ. Дэд бүтэц, төмөр зам, агаарын зам, авто зам хөгжсөн. Нэг цагт 300 км хурдалдаг хурдны төмөр зам Хөх хотод тавигдаж, Хөх хотод Метро байгуулагдаж, Хөх хотоос хятадын далайн боомт хүртэл 800 км хурдны авто зам тавигдаад байна. Өвөр Монголд 35 дээд сургууль, 236 техник мэргэжлийн сургууль,1500 дунд сургууль, 5860 цэцэрлэг, 153 соёлын төв, 1118 кинотеатр, концерт зал, 31 музей, 109 номын сан,13 радиостанц, 14 телевиз ажиллаж байна.

Эдүгээ Өвөр Монголд монгол үндэстний ёс заншил, соёл, шашин, дуу хөгжим, хөөмий, язгуур урлаг сэргэж эдийн засаг нь хүчирхэгжин хөгжиж байна. Өвөр Монголчууд эх монгол хэл, үндэсний монгол босоо бичиг үсгээ хадгалан үлдэж чадсан тул монгол соёл үтэр түргэн сэргэн хөгжиж байна. Ордост Чингис хааны онгон байгуулж жуулчдын очих дуртай газар болгожээ. Өвөр монголын ардын урлаг хөгжиж, дуу хөгжмийн олон хамтлаг дуучид авьяас чадвараа уралдуулан хөгжиж байна. Хятадын “Чингис хаан” олон ангит кино дэлхийг байлдан дагуулав. Ар Монголд улаантнууд алтан ургийн удам хийгээд тайж язгууртан бүгдийг буудан хөнөөсөн. “Алтан ургийн хэлтэрхий, алаг махны тасархай” гэгчээр харин Өвөр Монголд манай алтан ургийн үр сад үлдсэн байх боломжтой юм. Учир иймд алтан ургийн хийгээд тайж язгууртан монгол хүмүүсийн түүхийг тогтоох хэрэгтэй.

Эдүгээ Өвөр Монголын хөдөө нутаг гацаа, тосгод улам хөгжиж малчдын аж амьдрал дээшилж, хөдөө нутагт тохилог барилга, орон сууц, гудамж, зам, гүүр, эмнэлэг сургууль олноор байгуулагдаж хот хөдөөгийн ялгаа арилж байна. Сүүлийн арван жилд Өвөр Монгол тун хурдан хөгжиж байна. Өвөр Монголын хотуудыг хурдан галт тэрэгний шугамтай холбож агаарын нислэгээр том хотуудыг холболоо. Ядуурлаас гарах хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж ядуу малчид өөрийн гэсэн мал сүрэг, өмч, цахилгаан үүсгүүр, холбоотой  болж тохилог хауст нүүн орлоо. Монгол улс, Өвөр Монголын харилцаа шинэ шатанд гарч хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.

БНХАУ эдүгээ дэлхийн эдийн засгийн хоёр дахь хүчирхэг улс болж эдийн засаг нь гэрлийн хурдаар хөгжиж байна. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар 18.9 триллион /их наяд/ ам.долларт хүрч, эдийн засаг нь наяад оноос жил бүр 15.0 хувь өсөж, ерээд оноос жил бүр 8.0 хувиар өсч байна. Хятад улс сүүлийн 40 жилд 700 сая хүнийг ядуурлаас гаргажээ. Үнэхээр гайхалтай. Хятадын төр засаг ядуу нэг иргэнд гэхэд л  55 000 юаны хүүгүй зээл олгож ядуурлаас гарахад нь тусалдаг ажээ. Хятад улс нэг жилд 546 сая тонн үр тариа хурааж байна. Хятад улсын төмөр замын урт 103.1 мянган км, авто замын урт 4.1 сая км хүрч, одоо 182 нисэх онгоцны буудалтай болоод байна. Өндөр хурдны төмөр зам 11000 км хүрч, хурдны галт тэрэг  380 км/цаг хурдалж байна. Хятад улс хиймэл дагуулж хөөргөж, сансарт хүнээ нисгэж, сарны нөгөө талд станц буулгаж сансарыг эзэмшиж байна.

Хятад улс бүс нутгийн хөгжлийг түргэтгэж алслагдсан муж хотуудаа хөгжүүлж чаджээ. Хятад  “Нэг бүс - Нэг зам” бодлого явуулж, Торгоны замаар дэлхийг холбож байна. Хятадын үсрэнгүй хөгжил дэлхийг гайхшруулж байна. Монгол улс, БНХАУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч жилээс жилд  өргөжин хөгжиж байна. Би анх Хятадын нийслэл Бээжин хотод 2000 онд очиж байсан, 2003 онд Шанхай хот, 2014 онд хятадын Хонгконг,  Макао хотоор хувиараа ганцаарчилсан аялал хийж очиж байсан. Хятадын Шанхай, Хонгконг, Макао хот бол орчин үеийн супер хот, үлгэрийн сайхан хот юм билээ. Хятадын ард түмэн сүүлийн гучин жилд гайхалтай бүтээн байгуулалт хийж,  эдийн засгийн өндөр амжилтанд хүрч,  дэлхийн хүчирхэг гүрэн болж чаджээ.  Би Бурханы шашинтан хүн тул 2008 онд  “Бээжин – Ланжоу - Шинин” гэсэн чиглэлээр галт тэргээр аялж Түвдийн Гүмбумд  очиж  эргэл мөргөл, гороо хийж билээ. Энэ бүх аяллынхаа тухай тэмдэглэл бичиж номондоо оруулсан даа.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар

 

Төстэй мэдээ