Сайн байцгаана уу.
Хойд хөршийн дайчилгаа олны анхаарлыг гойд татаж байна.
Түүнийг эсэргүүцсэн, зугтсан хөл хөдөлгөөн их байна.
Монголчууд бид Оросын ард түмний эсрэг биш. Тэдэнтэй үргэлж хамт байх болно. Украйныг эзлэн түрэмгийлэх дайнаас, ялангуяа үндэсний цөөнх их хохирсон, хохирч байна. Тува, Халимаг, Буриад монголчууд.
Хэн ч байсан ядрахаар элэг нэгтнээ гэдэг. Дэлхийн монголчууд бол бидний хувьд маш онцгой, юугаар ч сольшгүй үнэ цэнтэй эрхэм эрдэнэ. Манай хүн амаас хоёр дахин олон монголчууд хилийн чанадад амьдарч байна.
Монголчууд биднийг бие биедээ туслахад, хамтарч эвсэж ажиллаж амьдрахад дургүй хүч бий. Түүний муу аргад автаж болохгүй. Эсрэгээр нь бид бие биеээ дэмжиж нэгдэх хэрэгтэй. Муу далд арга, тархи угаалтад орж хоорондоо эв эвдэрцвэл Монголчууд бид л хохирно. Монгол Монголоо хайрлахгүй бол хэн ч биднийг илүү хайрлахгүй.
Санаа зовмоор зарим зүйл сонсогдож байна. Тийм юмыг зориудаар, зохиомлоор ч хийнэ. Муу бүхнийг давж биедээ туслах ёстой. Байгаа газар бүрээ муу үйлийг, Монголчуудын эсрэг үйлдлийг илчлэх нь зөв.
Монголд ирж байгаа хүмүүс юуны түрүүнд манай хуулийг хүндэтгэн дагаж биелүүлээрэй. Монгол улсын эрх ашиг, Монголчуудын соёл уламжлалд хүндэтгэлтэй хандаарай. Монгол бол иргэншсэн, хууль ёс, үндэсний эрх ашгаа эрхэмлэдэг улс.
Бид Монголынхоо сайн нэр төрд хайртай хүмүүс. Бас бид Монголчуудаа ямар ч хүнд үед хаяж, нүүр буруулж болохгүй. Монголд сорилт учрахад Монгол хүн л дэлхий даяар санаа нь зовдог. Бид олон зүйл дээр үүнийг харсан, мэдэрсэн.
Би юуны урьд Монголынхоо төр, ард иргэд, хувийн хэвшлийнхэнд хандаж байна. Эхлээд төрийн тэргүүнд хандъя.
Ерөнхийлөгч - Дэлхийн монголчуудад хандсан Монгол төрийн тодорхой бодлого боловсруулах, эрх зүйн үндсийг тогтоох, санаачлах, хэлэлцүүлэхэд онцгой анхаараасай. Монгол улсын төрийн тэргүүн дэлхийн монголчуудын хувьд итгэл найдвар нь, нөмөр нөөлөг нь болоосой. Хамгийн ойрын тусалж дэмждэг, асуудлыг нь шийдэх санаачилга гаргадаг, хэлэлцүүлдэг, сонсдог хүн байгаасай.
УИХ-ын хувьд; манай эрхэм гишүүд Монголын ард түмний элчээс гадна дэлхийн монголчуудын хүсэл тэмүүллийн төлөөлөл байгаасай. УИХ-д “Дэлхийн Монголчууд” дэд хороо байгуулж ажиллаасай. Ойрын өдрүүдэд дэлхийн монголчуудтай холбоотой тулгамдаж буй асуудал, бодлого үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийгээсэй.
Хамгийн ойрхон жишээ татахад, манай урьд хөрш - Хятад улсын Ардын хуралд хилийн чанад дахь хятадуудын асуудал эрхэлсэн хороо бий. Манай хойд хөрш ОХУ-ын парламентад дэлхийн оросуудын асуудал эрхэлсэн байнгын комисс ажилладаг. Орон бүр өөр өөрийн диаспора - үүсэл гарал, үндэс угсаа нэгтнүүддээ хандсан төрийн тодорхой бүтэц, бодлоготой байдаг.
Засгийн газар ойрын үед үүсээд байгаа нөхцөл байдлыг тусгайлан авч хэлэлцээсэй. Ялангуяа хил, гааль, визийн болон бусад олон тулгамдсан асуудал байна. ОХУ-ын иргэд визгүй зорчих хугацаа Монголд 30 хоног байдаг. Хэрэв ирээд ажиллах, сурах, цагаачлах бол нэг сараас илүү удаан хугацаагаар байж болох хуулийн боломж бий.
Засгийн газраас НҮБ-ын болон бусад байгууллага, эрх чөлөөг эрхэмлэдэг улс орнуудын төлөөлөлтэй яриа хэлэлцээ хийх замаар асуудлуудыг шийдэх гарц бий. Олон улсын статустай хүмүүнлэгийн коридор нээж зовж зүдэрсэнд нь туслах. Монголд ажиллаж амьдрах, сурч боловсрох. Мөн Европ, Ази, Америк тивийн улс орнууд руу дамжин гарахад нь дэмжлэг үзүүлэх.
Энэ бол зөвхөн Путины дайнаас дүрвэж байгаа хэсэг хүний асуудал биш. Нэг хүн ч гэсэн нэгнийхээ эсрэг буу барихгүй, буудахгүй байхад бид хувь нэмрээ оруулж байгаа юм. Энэ бол Монгол улсаас энх тайвны үйлсэд тус хүргэж байгаа бодит үйлдэл.
Улмаар Монгол улсын сайн үйлс энх тайван, эрх чөлөөнд оруулж байгаа хувь нэмэр нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхааралд хүрнэ. Дахиад л бидэнд тустай. Бид бензин тос, эрчим хүч, өндөр татвар, тариф, хаалт боолт гээд ужиг хамаарал хоригоос ангижрах боломж бүрдэнэ. Бид гео - улс төрийн сорилт хүндрэлтэй орчинд оршдог. Гэхдээ бусдын анхаарлыг татаж, эрх ашгийг тооцож, үүсч буй нөхцөл боломжийг соргог мэдэрч, уран элдэвтэй, ухаалаг, Монголдоо ашигтай бодлого хэрэгжүүлэх цаг боломжийг алдаж асгаж болохгүй.
Хэрэгтэй үед ганц сайн үг ч ганцдахгүй тустай байдаг. Би хувьдаа Монгол хүн дэлхий дээр хаана ч байсан бүү шаналж зовоосой гэж боддог. Украйны дайнд очоод баривчлагдсан Буриад, Тува цэргийн зураг хөрөг, видео мэдүүлгийг хараад миний элэг эмтэрдэг. Дайн тулааны аюулд нэрвэгдсэн Тува, Халимаг, Буриад цэрэг хэн ч бай тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаасай, тэд эрүүл саруул байгаасай, тэдэнд миний үг үйлдэл тус болоосой гэж би боддог. Саяхан би энэ тухай холбогдох талтай ярьсан.
Монголчууд ядарч зүдэрч, зугтаж зутарч яваа хүмүүст хариу нэхэлгүй туслах нь чухал. Хүн ядарсан үеийнхээ өчүүхэн ч гэсэн тусламж дэмжлэгийг мартдаггүй юм. Бидний тусыг авсан хүмүүс эргээд Монголын хамгийн үнэнч, туслагч, дэмжигчид болцгооно.
Би төгсгөлд нь нийт иргэддээ болон хувийн хэвшлийнхэд хандъя. Монголын гол найдвар бол та бүхэн. Ганцхан жишээ. Нэг л өглөө украйнчууд Европ руу мянга мянгаараа, саяараа дүрвэж эхэлсэн. Тэр үед нэгэндээ туслах хүний сайн чанар гэрэлтэн тодорсон. Юу болсон гэж санана. Бүр олон сар, жилээр шүү. “Украйн хүмүүс ирвэл байлгаарай” гээд айлын илүү өрөө, байр, зочид буудал, хоноглох, хооллох, байх үнэ түрээсийг нь төлөөд үлдээсэн. Гуанз ресторан, хувийн сургууль, эмнэлэг, машин унаа түрээслэх, онгоц, вагоноор явах очих зорчих зардлыг нь хүртэл урьдчилаад төлсөн байсан. Ийм гайхамшигт тохиолдол хэдэн мянгаараа гарсан шүү. Одоо Украйны долоон сая гаруй иргэн нутгаасаа гадуур бусдын дайтай амьдарч, сурч, ажиллаж бизнес эрхэлж байна.
Хүн л болсон юм ирж байгаа хүмүүст бүх л юм хэрэгтэй. Хонож өнжих газраас эхлээд. Тэд ажил хийнэ, тэд юм худалдаж авна, хооллоно, хувцаслана. -Нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөнө гэж бид ярьдаг шүү дээ. Энэ бүхнийг манай ард иргэд, аж ахуй, худалдаа бизнес эрхлэгчид мэдэрч байгаа. Энд тэндгүй хөдлөөд эхэлсэн байна. Урт хугацаанд нөхөрлөх, хамтарч ажиллах хүмүүсээ ч олж авч болно. Шинэ бизнес, сайн сайхан санаачилгууд ч гарна. Хүнд хүн ёсоор хандаж тусалж нөхөрлөж байж л хүний тусыг авна. “Хүний сайныг ханилан байж, хөлгийн сайныг унан байж таньдаг” гэж бид ярилцдаг.
Дахин хэлье. Сайн үйлс сайн үр дагавар дагуулдаг. Аль ч улс оронд ах дүү үндэстнээ гэсэн бодлого байдаг. Хэрэгтэй үед нь бие биедээ тусалдаг. Далайд дусал нэмэр. Бид ч энэ үйлсэд тус нэмрээ оруулсаар байгаа. “Дэлхийн Монгол” тэтгэлгийг Монгол үндэстний оюутан залууст, юуны түрүүнд Монгол улсад суралцахад нь дэмжлэг болгох зорилгоор хэрэгжүүлж байна. Үүнд нэгдэх бол Дэлхийн Монголчуудын холбоо, бидний сошиал болон бусад хаягаар хандаарай.
Одоо би Монгол хэл мэдэхгүй, Монгол хэлийг сайн ойлгохгүй Оросоос ирж байгаа хүмүүст хандаж хэдэн үг хэлье. \Орос хэлээр тусд нь оруулав\
Дэлхийн Монголчуудын Холбооны Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж
2022.09.27