Буриад, Мэдээ, мэдээлэл, Тува, Халимаг

ДМХ-ны Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүргэх үг

Элбэгдоржоос хүргэх үг

Намайг үзэж, сонсож байгаа бүх анд найз нартаа Өглөөний, өдрийн, оройн мэнд хүргэе.

Би найман эрэгтэй хүүхэдтэй малчин айлын нэг хүү. Би бол эрх чөлөө, энх тайвныг ихэд эрхэмлэдэг Та бүхний л нэг. Би эрх чөлөөт, тусгаар Монголынхоо бахархалт нэгэн иргэн.

Ерөнхийлөгч Путинд хандаж нэг санал хэлье. “Ноён Ерөнхийлөгчөө, энэ дайнаа зогсоо. Прекратите войну. Би Тантай олон удаа уулзаж байсан. Танд л энэ дайныг яг одоо зогсоох хүч чадал байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний зүрх сэтгэл эмтрэх юм. Та энэ дайныг эхлүүлснээс хойш Орос орон айдас хүйдэс, нулимсанд бүрэн автлаа. Таны дайчилгаа далай их гай зовлон дуудаж байна. Ноён Ерөнхийлөгчөө, Та энэ учир утгагүй аллага, сүйтгэлэлээ зогсоо.”

Орос улсаас зугтаж байгаа хүмүүст хандаж хэлэх санал байна. Дэлхий ертөнц Та нарыг гараа дэлгэж, зүрх сэтгэлээ нээж хүлээн авна. Өнөөдөр Та бүхэн адал балмад байдал, ойртон отох үхлээс зугтаж байна. Маргаашаас Та бүхэн өөрийн Эх орноо дарангуйллаас чөлөөлөх үйлсийг эхлүүлнэ. Энэ цуст дайн эхэлсэн өдрөөс л Орост амьдарч байгаа үндэсний цөөнх хамгийн их хохирол амсаж байгаа юм. Буриад Монголчууд, Тува Монголчууд мөн Халимаг Монголчууд хамгийн ихээр аллага хядлагад өртлөө. Тэднийг зүгээр л дайны бай бамбай болгон ашиглаж байна. Хэдэн зуугаараа тэд шархдаж байна. Хэдэн мянгаараа тэд алагдаж байна. Бид Монгол хүмүүс, Та бүхнийг бас гараа дэлгэж зүрх сэтгэлээ нээн тосож авах болно.

Би Украйн дахь Путины дайнд хүчээр дайчлагдан очиж байгаа хүмүүст хандаж бас нэг үг хэлье. Украйнчуудыг битгий бууд. Та бүхэн өөрсдийн ах эгч, хүүхэд хөгшдийг битгий бууд. Тэр улсыг бүү устга. Тэдний эрх чөлөөг бүү устга. Украйн бол оршин тогтнох бүрэн эрхтэй.

Төгсгөлд нь Украйны зоригт ард түмэнд, Ерөнхийлөгч Зеленскийд хандан хэлэх үг надад байна. Та бүхний эрэмгий зориг, манлайлалд талархал илэрхийлье. Хорвоо дэлхийн хамгийн сайн хэсэг нь Та бүхэнтэй хамт байгаа шүү. Та нар бол бүхний бахархал. Та нар ялбал ард түмэн ялна. Дарангуйлал хэзээ ч мөнх оршдоггүй. Эрх чөлөөг хүсэгч хүмүүсийн нэгдмэл зориг хүсэл хэзээд ялах болно. Баатруудын алдар мандаг ээ. Слава Героям!

 

Монгол Улс, Улаанбаатар хот

2022.09.23-ны өдөр

Төстэй мэдээ