1917 онд Орос оронд гарсан коммунизмын улаан тахал 1921 онд гадаад Монголд халдварлаад зогсохгүй цаашаа дорны Их Хятадад халдварлаж эхэлсэн юм. Хятадын Коммунист Нам анх 1921 онд байгуулагдсан. Хятадын коммунистууд эхлээд Зөвлөлтийн Коминтерний Бородин мэтийн еврей коммунистуудын заавраар хөдөлдөг байв. Удалгүй хятадын Коммунист намын толгойд Мао Цзедун /1893-1976/ гарч ирлээ. Мао эхлээд Сталинтай ихэд найрсаг харилцаатай байсан боловч сүүлдээ зөвлөлтийн шинэ удирдагч Никита Хрущевтай муудалдаж зөвлөлт - хятадын харилцаа жараад оноос хүйтэн болсон юм.
Мао Зедун гэж хэн бэ? Мао хятадын Хунань мужийн Шаошянь хэмээх их ядуу тосгонд 1893 онд төржээ. Харин Маогийн эцэг Мао Ичань бол Күнзийн суртлыг баримталдаг, их хатуу дэг журамтай, газрын эзэн, баян чинээлэг хүн байв.Эх Вэнь Цимэй нь Бурхан шашинд сүсэглэдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байв. Мао багаасаа Күнз, Буддын сургаалийг ч сурсангүй, огт тоосонгүй. Харин Мао багаасаа эцэгтэй их зөрчилддөг хүүхэд байв. Маог эцэг, эх нь сургуульд оруулсан боловч 13 насандаа сургуулиа хаяжээ. Мао гэртээ ирээд гэрийн аж ахуйдаа тусалсангүй, харин гэртээ ном уншихаас өөр юм хийдэггүй байв.Эцэг нь түүнд дахин тусалж мөнгө өгч сургуульд үргэлжлэн сурахад нь туслав. Мао удалгүй Бээжинд очиж хятадын коммунист намыг үндэслэгч тус номын сангийн эрхлэгч, профессор Ли Дачжаогийн туслах болжээ. Ли Дачжао Маод марксист үзэлтэй болоход нь ихэд нөлөө үзүүлсэн аж. Мао тэнд элдэв хориотой ном уншиж ялангуяа хориотой байсан коммунист үзэлтэй номонд ихэд татагдаж, буруу замаар будаа тээх ажил нь эхэлжээ.
Мао Бээжинд Ли Дачжао, Чэнду зэрэг марксист үзэлтэй хүмүүстэй танилцаж хувьсгалын төлөө амьдралаа зориулахаар шийджээ.
Мао бол өндөр биетэй, сэргэлэн хурц ухаантай, дорны шүлэг найраг зохиох дуртай залуу байлаа. Эцэг, эх нь түүнийг 1908 онд үеэл эгч охинтой нь гэрлүүлсэн боловч тэр гэргийгээ хаяад тосгоноосоо явчихав.
Мао Бээжин болон Шанхайд нууцаар төрийн эсрэг бүлгэмд ажиллаж байхдаа олон хувьсгалч хүмүүстэй холбоо тогтоов. Тэдний дунд Францад сургууль төгссөн Жоу Эньлай, Дэн Сяопин, улаан армийн анхны жанжин Жу Дэ нар байлаа. 1927 онд Мао Шанси мужид ирж зөвлөлт засаг тогтоож байсан аж. Мао гоминданы намд нэг хэсэг орж алба хааж байлаа. Хятадын анхны ерөнхийлөгч Сун Ятсен буюу Сүн Зоншан үндэсний хувьсгалыг эцэст нь тултал хийхийн тулд Хятадын коммунист намтай хамтран ажиллаж Зөвлөлтийн коминтернтэй холбоо тогтоож зэр зэвсэг хүртэл зөвлөлтөөс авч байв. Сун Ятсен 1925 онд нас барсны дараа Чан Кайши буюу Цзян Цзеши коммунистуудын эсрэг тууштай тэмцэж эхлэв. Цзян Цзеши 1927 онд Шанхайн коммунистуудыг толгой дараалан баривчилж хөнөөв. Мао ч гэсэн уул руу ойд зугатаав. Тэнд Мао тариачны хувьсгал хийх болон хятадын коммунист намыг зэвсэгт хүчинтэй болгох ажилд ихэд зүтгэв. Маогийн Хятадад зохион байгуулсан улаан хувьсгалыг дэлхий даяар сайн мэднэ дээ.
Түүний өдөөсөн хятад дахь иргэний дайн, солонгост хятадын сайн дурын арми оруулсан, хятадад “их үсрэлтийн бодлого”, “пролетарийн их соёлын хувьсгал” өрнүүлж ард түмэндээ ямар их хор хөнөөл учруулсныг дэлхий нийт сайн мэднэ.
Мао 1940 онд Коммунист намын 40 000 мянган улаан цэрэгтэй байсан армийг 1 сая цэрэгтэй том арми болгож чадсан юм. Мао Чан Кайшитэй тулалдаж ялсан.
Яагаад Мао Чан Кайшиг ялсан юм бэ? Мао япон хятадын дайны үед гаминдон намтай хамтран японы эсрэг байлдана гэсэн гэрээ байгуулсан боловч гэрээгээ зөрчиж ууланд улаан цэргээ нууж японтой байлдахаас зайлсхийж байв. Харин Чан Кайши 300 000 цэрэгтэй армитайгаа японы эсрэг тулалдаж хамаг хүч нь суларч их хохирсон юм. Зөвлөлт Холбоот улс Японыг дайнд ялж Манжуурт япон цэргээс олзлон авсан бүх зэр зэвсгийг хятадын улаан армид өгсчээ. Гоминданы Чан Кайшид зэр зэвсгээр тусалж байсан Америк гэнэт тусламжаа зогсоов. Ингэж л Чан Кайши хятадын улаан армид ялагдсан. Дэрсэн шаахайтай хятадын улаан цэрэг ингэж л дэлхийн хүчирхэг улаан арми болсон юм. Танк, нисэх онгоц, их буутай болсон хятадын хүчирхэг улаан армийг зогсоох хүч хятадад байхгүй болов. Мао Төвд рүү 1951-1959 онд хятадын ардын чөлөөлөх армийн 80 000 цэрэг оруулж төвдийн ард түмнийг байлдааны нисэх онгоцоор бөмбөгдөж, явган цэргээр довтолж, их буу, пулемётаар буудан хөнөөж байсныг дэлхий нийт сайн мэднэ. Мао тавиад онд “Их үсрэлт”-ийн бодлого явуулж хятадыг өлсгөлөнд живүүлэв. Хятадад 20.0 сая хүн өлсгөлөнгөөр үхэв. Мао соёлын хувьсгалын үед учир мэдэхгүй залуусыг “улаан хамгаалагчид” хэмээн хөөрөгдөн турхирч улс орноо сүйрүүлэв. Маогийн 1966-1976 оны соёлын хувьсгалын “үр дүнд” 1 сая гэм зэмгүй хятад иргэд улаан хамгаалагчдад алуулав. Мао солонгосын дайнд хятадын улаан цэрэг оруулсны уршгаар 1 сая хятадын сайн дурынхан амь үрэгдэв. Мао 1959 онд зөвлөлтийн удирдагч Хрущевтай муудалцав.
Удалгүй Маогийн ятгалгаар хятадын ард түмэн “ Америкийн империализм сөнөтүгэй, Зөвлөлтийн ревизионизм сөнөтүгэй” гэсэн уриа хашгиралдаж, улаан туг намируулж, улс төрөөр солиорч эхэллээ. Маогийн улаан хувьсгал хятадын ард түмнийг өлсгөлөнд оруулж сүйрүүлэв.
Хятадын ард түмэн 1949 онд Маогийн улаан хувьсгалыг дэмжиж Хятад улс социалист гүрэн болсон боловч 1980 он буюу Дэн Сяопиний шинэтгэлд хийх хүртэл өлсгөлөн ядуу хэвээр гучин жилийг ардаа орхив. Жараад оны дундуур Мао Зедун 1966 онд Яньзы мөрнийг гатлан сэлж гандан буурахгүй гайхамшигт дайчин коммунист удирдагч гэдгээ олон нийтэд харуулав. Мао хятадын амьд шүтээн болжээ. Удалгүй Маогийн тушаалаар Хятад улс 1964 онд атомын зэвсэгтэй болж олон удаагийн атомын бөмбөгийн туршилтийн уршгаар Лоб нуурын орчмын төвд монголын газар нутаг, хүн ард ихээхэн хохирол амсав. Мао дөрвөн удаа гэрлэсэн юм. Анхны эхнэрээсээ зугатаасан. Хоёр дахь эхнэр нь гурван хүүхэд төрүүлсэн. Гурав дахь эхнэр нь өөрөөс нь 17 насаар дүү байсан. 5 хүүхэд төрүүлж өгсөн. Дөрөв дэх эхнэр нь өөрөөс нь 23 насаар дүү, Шанхайн жүжигчин Цзян Цин байсан. Нэг хүүхэд төрүүлж өгсөн. Маогийн залуу эхнэр Цзян Цин улаан хамгаалагчдыг удирдан улс орноо үймээн самуунд автуулж олон сая гэм зэмгүй ард иргэдийг ихэд хэлмэгдүүлэн хөнөөж улс орноо тамын орон болгов. Мао залуу эхнэрийнхээ хууль бус ажиллагааг хөхүүлэн дэмжиж байв. Мао 83 насандаа 1976 онд нас барав. Мао залуудаа зөв зам сонгох боломж байсан. Хэрэв хорьдугаар зууны эхэнд хятадууд эртний Күнз мэргэний сургаал, орчин үеийн Сүн Ят Сений онолыг хослуулан дээдэлж, Британи, Япон мэт Үндсэн хуульт хаант засаглалтай улс болох , эсхүл Франц мэт Бүгд найрамдах засаглалтай улс байгуулах хувилбарыг сонгосон бол хүн алж хүрээ талахгүйгээр зах зээл хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн шинэ Хятад улсыг байгуулах боломж бүрэн байлаа. Заавал 65 сая хятад хүн алж байж коммунизм байгуулна гэдэг бол чөтгөрийн санаа гэхээс өөр юү гэхэв. Үүнийг хятадуудын шүтээн Мао дарга яахин мэдэх. Адам Смитийн зах зээлийн эдийн засгийн онолоор улсын эдийн засаг хөгждөг гэдгийг Мао дарга яахин мэдэх. Хэдхэн жилийн дараа коммунизмын туршилтаар ядуурлын туйлд хүрсэн Хятад орон зах зээлийн хуулиар хөгжиж дэлхийн хамгийн том эдийн засагтай хүчирхэг орны нэг болно гэдгийг Мао дарга яахин мэдэх. Зүүдлээ ч үгүй биз. Мао дарга нэгэнтээ: “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юү ч бичиж болно” хэмээн хэлсэн. Мао нэг тэрбум хятадын ард түмэн дээр коммунизмын харгис онолыг туршиж ард түмнээ туршилтын туулай болгосон. Мао бол Сталины адил харгис хувьсгалч, коммунист удирдагч байсан.
Биднийг монголын бага сургуульд сурч байхад жараад оны сүүлчээр “Хятадын улаан хамгаалагчид Бээжинд Монгол улсын Элчин сайдын яамны цонхийг хагалж элчингийн автомашиныг шатааж монголын дипломатчийг зодсон гэнэ” хэмээн дуулдаж байлаа. Мао өөрийг нь залгамжлах хоёрдугаар хүнээ заавал хөнөөдөг байв. Мао өөрийн залгамжлагч болох Лю Шаоциг улаан хамгаалагчдынхаа тусламжаар шоронд хийж амь насыг нь хөнөөв. Энэ хууль бус бусармаг ажиллагаанд Маогийн залуу эхнэр Цзян Цин манлайлж оролцов. Дараа нь түүний оронд гарч ирсэн Батлан хамгаалахын сайд Линь Бяо Маотай зөрчилдөж, төрийн тэргүүний суудалд санаархсан нь Маод таалагдаагүй гэж үздэг. Линь Бяо 1971 оны 9-р сард Англи улсад үйлдвэрлэсэн “Трайдент” хэмээх нисэх онгоцоор Зөвлөлт Холбоот Улс руу зугатааж яваад Монгол улсын Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотоос зүүн тийш далаад км-т оршдог Бэрх тосгоны орчим онгоц нь осолдож амь үрэгдэв. Бэрх бол монголын жоншны хамгийн том уурхай байдаг газар юм.
Тэр үед би Хэнтий аймгийн Өндөрхаан хотын дунд сургуулийн долдугаар ангийн 14 настай сурагч байлаа. Тэр сүйрсэн нисэх онгоцыг би очиж харж байсан. Олон цонхтой, урт цагаан онгоц л байсан. Онгоцны далавч, мотор нь олон жил Бэрхийн талд хэвтсэн дээ. “ Онгоцон дотор 9 хүн явж байсан, нэг эмэгтэй хүний цогцос олдсон. Эмэгтэй хүн нь амаараа дүүрэн алтан шүдтэй байсан. Тэр нисэж явсан хүмүүс бүгдээрээ зөвлөлтөд үйлдвэрлэсэн “Макаров” маркийн гар буутай байсан... “ хэмээн манай Хэнтий нутаг даяар хүмүүс шуугиж байв. Тэр үед Хятадын Элчин сайдын яамнаас хүмүүс Хэнтийн Бэрхэд ирж оршуулганд нь оролцсон гэдэг.Оршуулснаас хойш хэд хоногийн дараа Зөвлөлт Холбоот улсаас КГБ –ын /Нийгмийг Аюулаас Хамгаалах Хороо/-ын орос ажилтнууд Москва хотоос ирж оршуулсан хүмүүсийг дахин гаргаж задлан шинжилгээ хийж Линь Бяо болон түүний эхнэр, дотны хүмүүсийн цогцос мөн гэдгийг нотолсон гэдэг. Наяад онд Оросын Чита мужаас зөвлөлтийн төрийн байгууллагын төлөөлөгчид Хэнтий аймагт айлчилж ирээд буцах замд нь би тэр сүйрсэн хятадын онгоцыг тэдэнд үзүүлэхэд оросууд мэл гайхаж ихэд сонирхож байв.
Буриад, Тува, Халимагийг Сталины зөвлөлтийн улаан коммунистууд сүйрүүлсэн шиг, Өвөр Монголыг Маогийн хятадын улаан коммунистууд сүйрүүлэх хувь тавилан Өвөр Монголчуудыг маань хүлээж байлаа.
1947 онд хятадын коммунистууд “Өвөр монголын өөртөө засах орон” гэсэн хуурамч нэрийн дор Өвөр Монголыг хятадын нэг муж болгож малжих район хэмээн зарлажээ. Улаан хятадууд Өвөр Монголын өөртөө засах орон бол хятадын мужийн зэрэглэлтэй газар гэцгээж байв. Хятадын улаан коммунистуудын харгис засаглал ийнхүү Өвөр Монголд тогтлоо. Энэхүү улаан хятадын харгис засаглал манж бүү хэл, гоминданы засаглалаас ч долоон дор харгис байсан юм. Манж, Гоминданы засаг хэзээ ч хятадын ард түмний өмч хөрөнгө, газар, мал сүргийг нь булаан авч байгаагүй, хэзээ ч бурхан шүтээнийг нь устгаж байгаагүй юм. 1949 онд хятадын улаан коммунистууд Тайван, Хонгконг, Макаогоос бусад бүх хятадыг эрх мэдэлдээ бүрэн авчээ. Генералисмусс Чан Кай Шигийн Гоминданы цэргүүд Тайван руу ухарч тэнд гоминданчууд америкийн тусламжтайгаар капитализмыг байгуулж Тайванийг ихэд хөгжүүлэв. Энэ үед эх газрын Хятад улаантны харгис бодлогын уршгаар эдийн засаг нь сүйрч, ард түмэн нь өлсгөлөнд автаж байв. Хятадын улаантнууд цэрэг арми, нийгмийн хамгаалах байгууллага, цагдаа, шүүх, прокурор,үйлдвэр, санхүү банк зэрэг бүх байгууллагыг гартаа авч цэргийн хүчээр улс орноо захирч эхлэв. Хятадын Засгийн газар 1978 онд зах зээлийн эдийн засагт шилжих бодлого тогтоох хүртэлхи гучин жилд Хятадад үндэс угсаа ялгалгүй олон нийтийг хамарсан алллага хядлага зогсолтгүй үргэлжилжээ.
Улаантны цуст хэлмэгдлүүлэлт Өвөр Монголыг тойрч гарсангүй.
“Газар хуваарилалт”, “Баруунтныг эсэргүүцэх”, “Нэгдэлжүүлэх” “Соёлын хувьсгал”, ”Хөрөнгөтний сүүлийг огтлох” гэх мэтийн солиотой улс төрийн хөдөлгөөн хятад даяар өрнөж, Өвөр Монголчууд хамаг эд хөрөнгөө хураалган нутаг орноосоо хөөгдөж, хорих лагерт цөлөгдөж, шоронд сууж, гэр бүл сарнин, ямар ч гэм зэмгүй олон арван мянган хүн амь насаа алджээ.
1966 оноос Маогийн өдөөсөн “Пролетарийн их соёлын хувьсгал” Хятадад өрнөж сэхээтэн, багш, эрдэмтдээ барьж зодож, шоронд хорьж, амь насыг нь бүрэлгэж байв. Улаан хамгаалагчид ном судар соёлын үнэт зүйлсийг устгаж дураараа дургиж дунд чөмгөөрөө жаргав. 1968 онд Хятад даяар өлсгөлөн болж нийт 20 сая, зарим мэдээгээр бол 38 сая хятад хүн өлсөж үхжээ. Хятадын “Эгэл ертөнц” гэдэг олон ангит телевизийн сериал байдаг даа.Тэр кинон дээр хятадын тосгоны жирийн ардууд идэх хоолгүй, ганц ч мантуу олдохгүй, өмсөх хувцас олдохгүй байдаг. Олон хүүхэдтэй нэг айл хүүхдийн ганц хувцасаа хүүхдүүддээ ээлжлэн өмсгөж нүцгэн үлдсэн хүүхдүүд нь орон дээрээ хөнжлөө нөмөрч нөгөө хүүхдээ ирэхийг нь хүлээж хэвтдэг байлаа. Жар, далаад онуудад улаан Хятад ийм л туйлын ядуу орон байв.
1966 оноос эхлэн Маогийн өдөөсөн “соёлын хувьсгал” гэгч улаантнуудын улс төрийн солиорол хятадын хязгаар нутагт хүрч, олон арван мянган улаан хамгаалагчид /хунвэйбин/ Өвөр Монголд нэвтрэн орж ирэв. Улаан хамгаалагчид монгол үндэстний ёс, заншил , соёл, шашныг устгав. Монгол хэлээр ярихыг хориглож, хятад хэлийг албан ёсны хэл болгов. Улаан хамгаалагчид олон арван мянган монгол сэхээтэн, энгийн хүмүүсийг тамлан доромжилж амь насыг нь хөнөөв. Улаан хамгаалагчид Өвөр Монголын удирдагч Улаанхүүг хүртэл баривчилж гэрийн хоринд хийжээ. Улаан хамгаалагчид БНМАУ, Зөвлөлт Холбоот улсын эсрэг суртал нэвтрүүлэг явуулж олон арван мянган Өвөр Монгол хүмүүсийг “гадаад монголын тагнуул”, “Өвөр монголын ардын намын гишүүн” хэмээн гүтгэж, зодож тамлан амь насыг нь хөнөөж байв. Соёлын хувьсгалын үеийн аллагын зарим тоо баримтыг Өвөр монгол болон монголын зарим хэвлэл мэдээлэл, интернетийн сайтуудаас авч дурдвал: 1968 оны өвлөөс 1969 оны хаврын хоорондох хугацаанд “Өвөр монголын ардын намын” хэрэг гэдэг зохиомол хэргээр Өвөр Монголчуудыг олноор нь хоморголон хяджээ.
“Өвөр Монголын Ардын Хувьсгалт Намын” түүхээс өгүүлвэл: 1925 оны 12 сарын 10-нд Жанчхүү буюу Чуулалт хаалга хотноо байгуулагдсан энэхүү нам “эзэрхэг түрэмгийтнийг эсэргүүцэх, феодол ван гүнийг эсэргүүцэх, их хятадын колоничлолыг эсэргүүцэх” гэсэн гурван том зорилт дэвшүүлж, III интернационалийн удирдамж чиглэлийг хүлээж байжээ. Нам байгуулагдах их хуралд III интернационалийн төлөөлөгч Очирлэф (Буриад), Хятадын Коммунист намын төлөөлөгч Зиан Тоо, Монгол улсаас МАХН-ын төлөөлөгч Дамбадорж нар оролцон баяр хүргэж байжээ. ӨМАХН нь Чан Кай Шигийн гаминдоны засгийн хавчлагаас болж II хурлаа 1927 онд Гадаад Монголын Улаанбаатар хотод хийж байжээ. 1945 онд дэлхийн хоёдугаар дайн дуусаж коммунист хятадын цэргүүд өвөр монголын баруун талаас нэвтрэн орж эхлэх үед Өвөр монголын ардын нам, Монгол улсдаа нэгдэн нийлэн орохыг ухуулан санаачилж, дэлхийн нийтийн жишгийг мөрдөн 20 хоногийн дотор гурван түм гаруй иргэний гарын үсгийг зуруулж бичиг баримтаа морин тэргэнд ачиж Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьжээ.
Их хянганы ойт нурууг даван зүдэж ирсэн тэднийг хэн ч тоосонгүй. Гэтэл Зөвлөлт, Британи, АНУ гэсэн гурван их гүрэн “Ялтын гэрээ” гэгчийг байгуулж Өвөр монголчуудын хүсэл эрмэлзлэлийг уландаа гишгэж Өвөр Монголыг Хятадын мэдэлд өгсөн шийдвэрийг гаргачихсан байлаа. 1946 онд ХКН / Хятадын Коммунист Нам /-ын ноёрхол доорхи “Өвөр Монголын өөртөө засах орон” гэгч нь Өвөр Монгол өөрөө биш, улаан хятадаар засуулах засаг байгуулагдах нь тодорхой болжээ. Өвөр монголын ардын намын удирдлагын олонхи арга буюу шинэ засагт оролцсоны учир намаа тараасныг албан ёсоор зарлаж, бүгд ХКН-д нэгджээ. 1958 он гэхэд 10 сая хятад иргэн Өвөр Монголд суурьшиж амжжээ. Хятадын коммунист нам Өвөр Монгол залуусыг хятадын чөлөөлөх армид татаж байв.
Нэгэн эмгэнэлт түүхийг өгүүлэхэд Хятадын ардын чөлөөлөх армийн бүрэлдэхүүнд орсон Өвөр Монголын морьт цэрэг Төвдэд хятадын улаан цэрэгтэй хамт төвдийн ард түмний эсрэг тулалдахад хүрсэн байна. Төвдийг гадаадын империализм, дотоодын феодализмаас чөлөөлөх нэрийн дор анх 1950 онд Төвдийн Амдо, Кам нутгийг хятадын улаан цэрэг түрэмгийлэн эзэлж эхлэв. Хятадын улаан цэрэг төвдийн ард түмнийг харгислаж лам хувраг ард иргэдийг буудан хөнөөж буддын сүм хийдийг нь нурааж мал сүргийг нь булааж эхлэв. Үүнд дургүйцсэн төвдийн ард түмэн 1958 онд бослого гаргав. Энэ бослогыг Өвөр Монголын морьт цэргээр даруулахаар хятадууд шийджээ. Хятадууд иж бүрэн зэвсэглэсэн орчин үеийн 80 000 хятад цэргийн армийг Төвдөд оруулав. Хятад улаан цэрэг бол Гоминдантай байлдан ялж, Солонгосын дайнд орсон туршлагатай цэрэг байлаа. Гэтэл Төвдийн морьт цэрэг нь дээр үеийн бирдаан мэтийн хоцрогдсон буу, ихэнхи нь сэлэм, нум сумаар зэвсэглэсэн ердөө 4000 морьт цэрэгтэй байв.
Төвдийн цэрэг нь зохион байгуулалт муутай, удирдах цэргийн туршлагатай офицер мэргэжилтэн бараг байхгүй, гадаадаас авах цэргийн тусламж огт байхгүй байв. Ийнхүү Төвд, Хятадын хооронд хүч тэнцвэргүй тулаан болсон юм. Хятадын улаан арми нисэх онгоц, их буу, танк, хуягт тэрэг, пулемёт миномёттой байхад төвдийн цэрэгт унах морь, сэлэм, буунаас өөр зэвсэг байхгүй байв. Цэргийн гол хүчээ бут цохиулсан төвдүүд ууланд гарч партизаны дайн хийхээс өөр замгүй болов. Төвд малчид ууланд гарч хятадын эсрэг партизаны хөдөлгөөн өрнүүлэв. Төвдийн өндөрлөг бол газрын түвшнээс дээш 4000-5000 метр өндөрт өргөгдсөн бартаа ихтэй, сийрэг агаартай хүнд хэцүү цаг агаартай газар.Тэнд хятад улаан цэрэгт тулалдахад их хүнд байлаа. Ууланд дассан хурдан морьтой төвдийн босогчид хятад цэрэгт амархан баригдахгүй байлаа. Хятадууд Зөвлөлтөд үйлдвэрлэсэн байлдааны бөмбөгдөгч онгоцоор төвдийн сүм хийд, босогчдыг бөмбөгддөг байв. Заримдаа төвдийн өндөрлөгт онгоц нисэхэд ч бэрх байв. Яг тэр үед улаантан хятадууд нэгэн “мэргэн” арга олжээ. Хятадад “зэрлэгийг зэрлэгээр нь хөнөөх ” гэдэг эртний нэгэн мэргэн үг байдаг аж. Эрт дээр үеэс хятадууд цагаан хэрэмнээс хойшхи ард түмнийг “Ху” буюу “Зэрлэгүүд” гэдэг байв. Япон сэлэм зүүсэн, Японы цэргийн сургууль төгссөн, өндөр боловсролтой, орчин үеийн буу, пулемётаар зэвсэглэсэн хүчирхэг өвөр монгол морьт цэрэг хятадын ардын чөлөөлөх армийн бүрэлдэхүүнд байдгийг улаан хятадууд овжин ашиглаж тэднийг Түвдэд тулаан хийлгэхээр тушаал буулгажээ.1959 оны зун 2 хороо / 1 хороо гэдэг нь 1000 морьт цэрэг / өвөр монгол морьт цэрэг галт тэргээр Ланжоу хотоор дамжиж Шинин хотод ирэв.
Өвөр Монголын морьт хороо тэндээсээ шууд л Төвдийн өндөрлөг рүү явж тулалдаанд орсон байна.Хятадын улаан цэргийн тактик бол зарим нэг газар бөөгнөрсөн төвдийн босогчдыг нисэх онгоцоор бамбөгдөж дараа нь их буугаар галлаж дараа нь хятадын явган цэрэг оруулж пулемётаар буудаж төгсгөлд нь зугатааж гарсан морьтой, явган төвдчүүдийг Өвөр Монгол морьт цэргээр сэлэмдүүлж хядуулдаг байсан аж. Төвдчүүд Өвөр Монголын морьт цэргийг хараад Халх Монголоос Чингисийн морьт цэрэг бидэнд туслахаар иржээ хэмээн эндүүрч сөгдөн сууж хүндэтгэн угтдаг байжээ. Гэвч тэр харсан морьт цэрэг нь төвдүүдийг цавчин хөнөөхыг хараад Чингисийн морьт цэрэг биш, хятадын ардын чөлөөлөх армийн улаан морьт цэрэг гэдгийг төвдүүд дэндүү хожуу мэдсэн гэдэг. Энэ дайнд 3200 Өвөр Монгол морьт цэрэг оржээ. Тулаанд нийтдээ 200 Өвөр Монгол цэрэг амиа алджээ. Төвдөд аваачсан монгол морьд цаг агаар, байгалийн хүнд бэрхшээлийг давж чадалгүй бүгд үхжээ. Хятад цэрэгт хөнөөгдсөн төвдүүд хэдэн арван мянгаар яригдаж байв. Хятадын улаан армийн 54 дүгээр анги эхний тулаанд 12 000 төвд хүнийг хөнөөсөн байна. Хятад цэргүүд олзлогдсон төвд эрчүүдийг бүгдийг нь буудан хөнөөдөг байжээ. Ийнхүү улаан хятадын тушаалаар Бурханы шашинт төвд ахан дүүсээ хөнөөсөн Өвөр монголчууд Төвдөд ямар ч нүүргүй болсон гэдэг. Одоо болтол Амдо, Кам нутгийн төвдүүд хятад, Өвөр монгол хүнийг үздэггүй гэсэн. Удалгүй 1966 онд Хятадад соёлын хувьсгал эхэлж Төвдэд тулалдаж байсан Өвөр монгол цэрэг эрчүүдийг улаан хятадууд бүгдийг нь баривчилж шоронд хийж ихэнхи нь амь үрэгдсэн гэдэг.
Үүнийг Өвөр Монголчууд “Төвд ахан дүүсээ хөнөөсөн тэнгэрийн гэсгээл, үйлийн үр” хэмээн ярьдаг ажээ.
Төвдэд партизаны тулаан өрнүүлж байсан төвдүүдийг 1962 онд Далай лам “дахин хятад цэрэгтэй тулалдаж болохгүй” гэсэн зарлиг гаргаж дайныг зогсоожээ. 1959 онд Далай лам тэргүүтэй төвдийн 100 000 дүрвэгсэд улаан хятадаас зугатааж, Хималайн нурууг давж, Энэтхэг улсад дүрвэн очив. Энэтхэгийн төр засаг төвдийн дүрвэгчдийг найр тавин угтаж, Дармасалад газар нутаг гарган өгч, Төвдийн түр Засгийн газраа байгуулан амьдрахыг зөвшөөрчээ. Төвдийн партизануудад зэр зэвсгийн хүчээр тусалж байсан америкчууд ч төвдийн босогчдод туслахаа гэнэт зогсоосон аж. Ингэж төвдийн 6 сая ард түмэн улаан хятадын гарт оров. Төвдэд соёлын хувьсгалын үеэр 6 мянган буддын сүм хийд устгагдаж, 1 сая төвд хүн амь насаа алдсан гэдэг. Үүнийг 1968 онд НҮБ-ын олон улсын хуульчид Хятадаас төвдийн шашин шүтлэгтэй ард түмнийг дарангуйлж үйлдсэн геноцид ажиллагаа хэмээн дүгнэж үзсэн байдаг.
1968 онд хятадууд өвөр монголчуудыг “Өвөр Монголын Ардын Нам Ар Монголтой нийлэх, тусгаар тогтнох нууц ажиллагаагаа нэг ч өдөр зогсоогоогүй явуулсаар байна” хэмээн гүтгэн дайрч аллага, баривчилгаагаа эхлүүлжээ. 1968 оны өвлөөс 1969 оны хаврын хагас жилд хичнээн өвөр монголчуудыг хоморголон хөнөөсөн гэдгийг өөрийн төр засаггүй, эрх мэдэлгүй өвөр монголчууд бүү хэл, аллагыг зохион байгуулсан хятадын улаантнууд ч өөрсдөө мэдэхгүй байжээ. 1980 онд Хятадын Дээд Прокурорын газраас нийтэлсэн мэдээгээр Соёлын хувьсгалын үеэр өвөр монголын 346 652 хүн хэлмэгдэж шархдаж, 16 222 хүн алагдаж, 87 188 хүн эрэмдэг зэрэмдэг болсон гэж мэдээлжээ. 1989 онд ӨМӨЗО-ны намын хорооноос нийтэлсэн мэдээгээр: 480 гаруй мянган хүн хэлмэгджээ гэсэн байдаг. Харин өвөр монголчууд сүүлийн үед 40-50 мянган өвөр монгол хүн амь насаа алдаж 200 мянган өвөр монгол хүн зэрэмдэг болсон хэмээн үздэг болжээ.Их зуу аймагт (төв нь одоогийн Ордос хот) 150 мянган хүнийг хэлмэгдүүлсэн нь хятад, монгол нийт хүн амын 21 хувь болсон гэлцдэг нь монгол хүн болгоныг хэлмэгдүүлсэн гэсэн үг юм. Цахар баруун гарын хойд хошууны (Эрээнээс Хөх хот хүрэхэд өнгөрдөг, урдуураа Жинин мужтай залгаа хошуу) Улаанхад сумын хүн ам цөөтэй Сайхан тал бригадад хятад цэрэг хийгээд хятад ажилчин ангийнхан очсоноос хойш 18 өдрийн дотор 18 хүнийг алж, 33 хүнийг зэмдэг болгожээ. Дархан Муу мянган холбоот хошуу /Далан хар уулын ар бэлд байдаг/ нь 10 800 монгол хүнтэй байсны 266-г хороожээ. Уг хошууны ар, өвөр монголын хил дагуу суурьшсан 360 өрхөөс ганцхан шөнийн дотор 144 өрхийг дотор газар хүчлэн нүүлгэн аваачиж, оронд нь хятад хүн авчран суулгажээ. Түмэд зүүн хошууны Багш сумын Шарагчин бригадад /Хөх хоттой хиллэдэг/ 217 монгол хүн байсны нэгийг ч үлдээлгүй хэлмэгдүүлжээ.Тухайн үед Өвөрмонголын хязгаарт хоёрхон зурвас төмөр замтай байсны нэг нь Монгол улстай залгадаг байжээ. Энэ “Хөх хот-Эрээн-Улаанбаатарын чиглэл нь” хятадын хардалт сэжгийг ихэд төрүүлдэг байснаас төмөр замд ажилладаг цөөхөн монголчуудыг хэлмэгдүүлжээ. Хөх хотын төмөр замын товчоонд 446 монгол ажилтан байсны 442 хүнийг хэлмэгдүүлж, 13 монгол хүний амь насыг егүүтгэж, 347 хүнийг зэрэмдэг болгожээ. Жинингийн төмөр замын товчоонд 13 монгол ажилтан байсны нэгийг нь хөнөөж 12-ыг зэрэмдэг болгожээ. Өвөр Монголд монгол хүний тоогоор хамгийн олонд (380 мянга) тооцогддог Хорчин зүүн гарын дундад хошуунд сумын 210 боловсон хүчнээс 190-ийг хэлмэгдүүлжээ. Шархаа даасангүй нас барсан хүний цогцсыг эмнэлэгээс гаргахад нь “гадар шархаас болж үхэв” гэж бичсэн хятад эмчийг ч баривчилжээ. Мод олон тарьсан монгол айлыг “Улаанхүүгийн урвагч цэрэгт морио уях шон бэлтгэж өгч байна” хэмээн гүтгэж модыг нь хөрөөдөн, хүнийг нь гяндалжээ. Ургац сайн хураасан айлыг “Урваж хойш зугатаах замын хүнсээ бэлтгэж байна” хэмээн гүтгэж будаа тариаг нь хурааж эзнийг нь тамлан зовоожээ.
Ногоон нуруу суманд 14 наснаас дээш монгол хүн болгоныг “Өвөр Монголын ардын намын дэмжигч” хэмээн гүтгэж зохиомол ялаар хэлмэгдүүлжээ. Их зуу аймгийн Үүшин хошууны Туг сумын 2961 монгол хүний 929-ийг хэлмэгдүүлсэн нь нийт хүн амын 71.0 хувьд хүрчээ. ӨМӨЗО-ны яаманд ажилладаг монголчуудыг ихээр хэлмэгдүүлжээ. Өвөрмонголын дотоодыг хамгаалах яамнаас гэхэд 200 гаруй монгол хүнийг уг хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ.
“Нэг монголыг алвал сайн эр, аравыг алвал баатар эр!” гэсэн уриан дор хятадын цэрэг, ажилчин, Өвөр Монголд эрт ирж суурьшсан тариачид нийлэн монголчуудаас үндэстний өшөө авах (монголчууд тэдэнд буруутай гэвэл нутагтаа суулгасан нэг л буруутай аж) дайн зарлажээ. Өвөр Монголыг цэргээр захирах ерөнхий жанжнаар Бээжингээс томилогдон ирсэн генерал Тэн хай чин гэгч Дэмчигдонров вангийн /Дэ ван/ нутаг Сөнөд баруун хошуунд очиж “55 хувийг хэлмэгдүүлэх” норм тогтоосныг хятадууд маш түргэн биелүүлжээ.
Эрүү тамын төрөл зүйл нь орчин үеийн хүн төрөлхтөн итгэхийн аргаүй аймшигт хэмжээнд хүрчээ. Их зуу аймагт тавиад зүйлийн эрүү там хэрэглэж байсан бол Цахарын гүл улаан, Хөвөөт улаан хошуунд (одоогийн зуслангийн сиан) 170 гаруй эрүү там байжээ. Түмэд зүүн хошууны Жо Лиан Би гэгч монгол хүнийг 49 зүйлийн эрүүгээр тамлаж байжээ (Дээрх бодит мэдээллийг “Өвөрмонголын Ардын Намаар хэлмэгдүүлсэн хэрэг” номоос авав. Алтандэлхий хятад хэлээр зохиож, 2004 онд Хөх хотод хэвлүүлжээ).Хятадууд өвөр монголын баруун нутаг, зүүн нутгийг хятадын Ляонин зэрэг мужуудад тасдан өгчээ.Соёлын хувьсгалын дараа Өвөр Монголын Өөртөө Засах орны удирдлаганд хятад хүмүүс дүүрчээ. Өвөр монгол сэхээтнүүд, боловсон хүчнүүд ихэнхи нь хөнөөгджээ.
Ийнхүү улаан коммунизмын тахал хорьдугаар зуунд Хятад орныг бүхэлд нь хамарч Өвөр Монгол, Төвд, Шинжаан Уйгурт хүрч улс орон үлэмж ихээр сүйрчээ. Хятад оронд өлсгөлөн, сүйрэл, улаан хядлага дэвэрч Манж Чин улс, Гоминданы үед ч гарч байгаагүй зовлон зүдгүүрт ард түмэн унажээ. Соёлын хувьсгалын арван жил бол /1966-1976/ хятадын хувьд үхэл, сүйрлийн жилүүд байлаа.Хятад орон тамын орон болсон байлаа. Хятадад Маогийн өдөөсөн соёлын их хувьсгалын уршгаар нийт 20.0 сая / хятадын зарим мэдээнд 1.0 сая хүн үрэгдсэн гэдэг / ямар ч гэм зэмгүй хятадын иргэд амь үрэгджээ. Нийтдээ 100. 0 сая хятадын иргэн хэлмэгджээ. Соёлын хувьсгалын үед 10 – 20.0 сая дээд боловсролтой сэхээтэн залуусыг алс холын хөдөө нутагт цөлж ажиллуулжээ. 5.0 сая улаан хамгаалагчид алс хөдөө нутагт очиж тэндээ арван жил болсон аж. Арван жил хөдөө амьдарсан улаан хамгаалагчид амьдрал үзэж, ард түмний ядуу зүдүү байдлыг газар дээр нь харж, ааг омог нь дарагдаж, амьтан хүн алах нь багасчээ. Улаан туг мандуулж, уриа лоозон хашгирч, улаан ном гартаа атгасан улаан хамгаалагч, улаан коммунистуудаар дүүрсэн Хятад орон улс төрөөр солиорч ухаан санаа нь самуурчээ.
Жараад оны соёлын хувьсгалаас зугатааж олон зуун өвөр монгол хүмүүс Ар Монгол руу зүтгэж хил даван орж ирсэн юм. Гэтэл “их санасан газар есөн хоног хоосон хонов” гэгчээр ар Монголчууд Өвөр Монгол ахан дүүсээ “хятадын тагнуул”, “хужаа” хэмээн ад үзэж тэдэнд хамгийн хүнд хүчир ажил өгч, алс хол хөдөө нутагт хөөж байлаа. Жараад онд ирсэн Өвөр Монголчуудыг нутаг заан цөлж монголын иргэний үнэмлэх олгохгүй хорь, гучин жил болж байв. Тэдгээр Өвөр Монголчуудын зарим нь их дээд сургуульд орж эмч, инженер сэхээтэн болсон хүн цөөнгүй буй. Гэвч тэдгээр сэхээтэн Өвөр Монголчууд насан туршдаа монголын төлөө өвдөг сөхөртлөө зүтгэсэн боловч монголын төрөөс ганц ч баярын бичиг, сайшаалын үнэмлэх өгөөгүй аж.
Би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа нэгэн өвөр монгол хүнтэй танилцсан юм. Түүнийг Тэгшээ гэдэг байсан. Тэгшээ гуай бол жараад онд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгаас Монгол улсад хил даван оргож ирсэн, ажилсаг, сэргэлэн цовоо жирийн ажилчин Өвөр Монгол хүн байлаа. Гэр нь Өндөрхаан хотын баруун хэсэгт нэг сайхан хувийн байшин барьчихсан, хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо тарьчихсан, хөдөлмөрч хичээнгүй нэгэн байсан юм. Халх монгол эхнэртэй, хэдэн сайхан хүүтэй айл байсан. Наяад онд би Тэгшээ гуайтай танилцаж хааяа нэг аймгийн гүйцэтгэх захиргаан дээр ирэхэд нь яриа хөөрөө өрнүүлдэг байв.Тэгшээ гуай Монгол улсын харьяат болох хүсэлт өргөдлөө гучин жилийн турш өгч хөөцөлдөн байж арайхийж наяад оны сүүлчээр Монгол улсын иргэний үнэмлэх авч Өвөр Монгол руугаа явж олон жилийн дараа өвөр монголд байдаг ах дүү нартайгаа уулзаж билээ. Буцаж ирэхэд нь би Тэгшээ гуайтай уулзаж өвөр монголын өнөөгийн бодит байдлын тухай ярьж хөөрдөг байлаа. Би Тэгшээ гуайг Өвөр Монгол руугаа явах үед нь Сайшаалт гэдэг өвөр монгол эрдэмтний бүтээсэн “Чингис хагану товчоон” гэсэн номыг надад олж ирэхийг түүнд захиж, авчруулаад босоо монгол бичгээрээ уншиж сурч байлаа. Энэ хүнээс би анх Өвөр Монголд соёлын хувьсгал хэрхэн болсон, Өвөр Монголоос оргож Ар Монголд ирэхэд нь ар Монголчууд яаж хүйтэн цэвдэг хандаж, гадуурхан зовоодог байсан тухай анх сонсож байлаа. Тэгшээ гуайд би өөрийн бичсэн “Дагаар орсон монголчууд” гэдэг энэхүү хэвлэгдээгүй нууцалж байсан нийтлэлийнхээ нэг хувийг өгч, жаахан ч гэсэн түүний сэтгэлийн зовлонг нимгэлэхийг бодож: “Ганц та зовж байгаа юм биш. Би буриад, халимаг, тува, өвөр монголчууд маань коммунизмын үед ямар их зовлон туулсан тухай үнэн түүхийг энэ нийтлэлдээ бичсэн. Одоохондоо сонинд хэвлэх цаг нь болоогүй учраас нууцалж байна. Та сайн уншаарай. Өөр хүнд уншуулж болохгүй шүү ” хэмээн хэлж билээ.
Жараад онд монголын нийгмийг аюулаас хамгаалах яамны ногоон малгайтнууд дүрвэж ирсэн өвөр монголчуудыг ихэд хатуу хянан шалгаж, коммунист зангаараа ихэд хардаж, дараа нь тэдэнд “оршин суугч” гэсэн ногоон үнэмлэх өгч хөдөө аймгуудад тарааж байрлуулсан юм. Ер нь монголын дотоод яамны ногоон малгайтнууд анх 1932 онд улаантнуудаас зугатааж Халх Монголоос Өвөр монгол рүү дүрвэсэн 30 000 халх дүрвэгчид бараг 15 жил Өвөр Монголд байж байгаад сайн дураараа 1945 онд дайны дараа Өвөр Монголоос нүүж нутагтаа буцаж ирэхэд нь халх айлуудын халх эрчүүдийг өвөр монголын цэрэгт нэг сар байсныг нь хүртэл “илрүүлж”, “ эх орноосоо урвасан” хэмээн зохиомол ял тулгаж, шоронд хийж байсан юм билээ. Өвөр Монголоос сайн дураараа эх орондоо буцаж ирсэн халх лам нарыг хүртэл шоронд хийж хөнөөж байсан эмгэнэлт түүхтэй. Тэхлээр анх 1930-1938 онуудад Өвөр Монгол руу дүрвэсэн тэдгээр халх монголын айлууд Монголд буцах биш, Төвд рүү нүүж, тэндээсээ Энэтхэг, Балба руу нүүсэн бол онох байжээ. Ядаж л монголын ногоон малгайтнуудад алуулахгүй шүү дээ. Жараад онд Монголд дүрвэж ирсэн өвөр монголчуудын ихэнхи нь Монголд малчин, барилгачин, уурын зуухны кочегар, слесарь, жолооч зэрэг ажлыг хийж байв. Цөөхөн өвөр монголчууд дээд боловсрол эзэмшсэн дээ. Олон Өвөр монголчуудыг шоронд хийж, эсхүл Хятад руу буцааж хэлмэгдүүлсэн дээ. Энэ мэт хичнээн олон Өвөр Монгол ах дүү нар маань аврал жаргалын орон хэмээн итгэж ирсэн Ар Монгол нь тэднийг хичнээн их зовоож цөхрөл, нулимсын далайд живүүлснийг зөвхөн Бурхан л мэдэх байх даа.
Дэлхийн хамгийн олон хүн амтай, эртний соёлт Хятад оронд хорьдугаар зуунд улаан коммунизмын уршгаар нийт 65.0 сая хятад иргэн амь насаа алджээ. Дэлхийд нийтдээ 100.0 сая хүн улаан коммунизмын хядлаганд өртөж амь насаа алджээ. Юутай эмгэнэл. Юутай гутамшиг.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар