1947 он гэхэд Өвөр Монголд Хафунга тэргүүтэй Өвөр Монголын хэсэг хүмүүс, Улаанхүү тэргүүтэй хэсэг Өвөр Монгол хүмүүс Өвөр Монголын асуудлыг шийдвэрлэхийг оролдож байв. Энэ хоёр бол Өвөр Монголын удирдагчид байлаа.
Хафунгаа бол Японд боловсрол олж авсан Японы талыг баримтлагч, Монголын үндэсний үзэлтэй, Монгол улстай нэгдэнэ гэдэг сэхээтэн байв. Улаанхүү бол Зөвлөлт Холбоот улсад Москвад сургууль төгссөн, Хятадын Коммунист намын төлөөлөгч байв. Улаанхүү монголоор огт ярьдаггүй, зөвхөн Хятадаар ярьдаг хүн байжээ.
Улаанхүү Хятадын гамин цэрэгт алба хааж байсан, 1939-1945 оны хооронд Мао Зе Дуны удирдлага дор ажиллаж байсан ясны коммунист хүн байжээ. Улаанхүү Өвөр Монголыг Хятадын холбооны улсын бүрэлдэхүүнд зөвлөлтийн Казахстан, Киргиз, Узбек, Украйн, Белорусь мэт холбооны улс болгон оруулж социализмыг байгуулна гэдэг байв. Сүүлдээ Хафунгааг дэмждэг байсан сэхээтнүүд Улаанхүүгийн талд оржээ. Тэр үед Өвөр Монголын эрх чөлөөний тэмцэгч Дэ Ван цэргийн 10 монгол дивиз буюу 40 000 цэрэгтэй байсан гэдэг. Харин Улаанхүүд нэг ч цэрэг байсангүй. Удалгүй Улаанхүү Дэ вангийн цэргийн 4 дивизийг авсан аж.
1947 онд Өвөр Монголын Улаанхүү мэтийн харалган бодлоготой Өвөр Монгол хүмүүс улаан Хятадын аюулыг мэдрэхгүй, Өвөр Монголын эрх ашгаа умартаж, гоминданы цэргүүдэд шахагдаж Өвөр Монголд орж ирсэн Хятадын Коммунист намд тэд сайн дураар элсэн орж Өвөр Монголыг улаан Хятадад нэгтгэхийг чармайж байв. Тэд хятадын коммунистуудтай хамтарч 1947 оны 5-р сарын 1 ний өдөр Вангийн сүм буюу одооны Улаан хотод хуралдаж Өвөр Монголын Өөртөө засах орон гэгчийг зөвлөлтийн загвараар байгуулснаар үнэн чанартаа Өвөр Монголыг Хятадын нэг муж болох нөхцөлийг бүрдүүлэв. Энэ өдөр бол Өвөр Монголчуудын хувьд түүхэнд хараар бичигдсэн хамгийн эмгэнэлт өдөр байлаа. 1947 он хүртэл Өвөр Монгол үндэснийхээ соёл, шашинтайгаа, бэлчээр, мал сүрэгтэйгээ, малчин ард түмэнтэйгээ хамт Монголоороо оршиж амар амгалан амьдарч байсан юм. Гэвч Хятадын коммунистууд Өвөр Монголчуудын амар амгалан амьдралыг бусниулав. Улаан хувьсгал, соёлын хувьсгалын хар шуурга Өвөр Монголд эхэллээ.
1954-1955 онд Өвөр Монголын зүүн аймгуудыг хөрш Хятадын мужуудад харьяалуулав. Хятад хүмүүсийг үй олноор нь Өвөр Монголд нүүлгэн ирүүлэв. Өвөр Монголын өөртөө засах эрхийг нь 1955 онд Хятадууд Өвөр Монголчуудаас булаан авав.
1955 онд гэхэд л Өвөр Монголд 9.0 сая Хятад хүн нүүн иржээ.1958 онд Өвөр Монголд 1.0 сая монгол хүн амьдарч байв.1964 он гэхэд 10 гаруй сая хятад хүн, 1.3 сая монгол хүн Өвөр Монголын нутагт амьдарч байв.
Хятадын коммунистууд Өвөр Монголд атар газрыг эзэмших, газар тариалангийн бүс болгох, малжих район болгох, соёлын хувьсгал хийх нэрийн дор 10 гаруй сая Хятадуудыг Өвөр Монголд шилжүүлэн суулгаж Монгол малчдын бэлчээр нутгийг булаан авлаа. Байгаль дэлхий, газар нутаг, уул усаа хайрлан хамгаалдаг Монгол ёс заншлыг тэд уландаа гишгэж “Одоо эв хамтын ёсыг Өвөр Монголд байгуулах цаг ирлээ, соёлын хувьсгал хийх цаг ирлээ” хэмээн Хятадууд харгис үйлдлээ зөвтгөн Өвөр Монголын ард түмэнд улаантны үзэл суртлыг хүчээр тулгаж байлаа. Улаантныг эсэргүүцсэн, шүүмжилсэн хүнийг шууд шоронд хорих эсхүл буудан хөнөөж байлаа. Ийнхүү харгис цөвүүн цаг Өвөр Монголд 1947 оноос эхлэн нүүрлэн ирлээ. Хятадын улаантнууд Өвөр Монголын ард иргэдийн мал сүргийг хураан авч, бурхан шүтээнийг нь устгаж, ном судрыг нь галдан шатааж, сүм хийдийг нь нурааж байлаа. Хамтрал коммун байгуулж, нийтийн гал тогоо гэгчийг үүсгэж, бүх юм дундын өмч болов. Улс даяар улаан туг намируулж, уриа лоозон хашхирч, улс төрийн мунхаг цуглаан хурал тасралтгүй хийж, ард түмэн өлсгөлөнд автав.
Их үсрэлтийн бодлого, соёлын хувьсгалын үед Хятадад 20 сая хүн өлсгөлөнгөөр үхэв. Ард түмэн улаан туг, улаан ном хоёроор ямар цадах биш дээ.
Өвөр Монгол нутагт уул уурхай, газар тариалан хөгжүүлнэ, хот байгуулна, үйлдвэр барина гэсэн нэрийн дор олон сая Хятадыг Өвөр Монголд суурьшуулж, малын бэлчээрийг булаан авч, их хэмжээний тал нутгийг хагалж тариа ногоо тарьж, ан амьтныг устгаж, байгалийн үзэсгэлэнт газрыг нь тахалж, талын малчин Монголын нүүдэлчний соёл иргэншлийг мөхлийн ирмэг дээр аваачжээ.
Энэ талаар хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” номонд яруу тод, уран сайхнаар өгүүлсэн байдаг. Энэ аймшигт хар дарсан зүүд шиг цөвүүн цаг Өвөр Монголд 30 жил үргэлжлэв. Тэр үед Хятадын улаантнуудаас зугтаж Өвөр Монголын олон сэхээтэн, ард иргэд Монгол орныг зорьж хил давж орж ирдэг байсан. Гэвч хөөрхий Өвөр Монголчууд “барын амнаас гарч ирвэсийн аманд оров” гэгч болж байлаа. Улаан Монголын коммунистууд улаан Орос, улаан Хятадын коммунистуудтай нийлээд эрх чөлөөний төлөө Хятадын эсрэг тэмцсэн Өвөр Монгол ах дүү нараа Монгол улсыг зорьж хил даван орж ирэхэд нь баривчилж, шоронд хийж, ихэнхийг нь Хятадад буцаан өгч, заримыг нь буудан хороох зэргээр харгисаар авирладаг байлаа.
Ар Монголын ард иргэд нь хүртэл хил давж орж ирсэн Өвөр Монгол ах дүүсээ ад үзэж “Хятадын тагнуул”, “хужаа” хэмээн элдвээр доромжилж хавчин гадуурхаж, Монголын дотоодыг хамгаалах яаманд матаас бичиж тэдэнд ихээхэн хор уршиг тарьдаг байлаа.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар