Монгол улсын тусгаар тогтнолыг талархан дэмжиж зорин ирээд шинэ Монгол улсаа хөл дээр нь босгож улс шиг улс болгохын төлөө ханцуй шамлан зүтгэсэн буриад сэхээтнүүдийн нэг том төлөөлөгч Жамсраны Цэвээн (Цэвээн Жамсранов) гуай:
Тэрбээр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Богд Хаант Монгол улсад ирж, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны соёл эрхэлсэн түшмэл, мөн яамны дэргэдэх сургуульд багшаар ажилласан. Монгол сурагчдыг өрнийн соёлтой танилцуулан сайн суралцсан заримыг нь Эрхүү, Тройцкосавск хотуудад илгээн суралцуулжээ.
1912 оны Орос-Монголын гэрээ, 1913-1914 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орос улс дах айлчлал, 1915 оны Хиагтын гэрээг байгуулах зэрэгт орчуулагчаар ажилласан.
Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сониныг 1913 онд, “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг 1915 онд эрхлэн гаргаж монголын сэтгүүлзүйн салбарыг үндэслэсэн.
Монгол оронд өрнөсөн 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалд оролцож, Ардын засгийн газын Дотоод яамны дэд сайдаар томилогдон төрийн зохион байгуулалт, засаглалын хэлбэр, гадаад бодлого, улс орны эдийн засгийг сэргээхэд хүчин зүтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн.
1921 онд Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулалцаж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар нь ажиллан, хүрээлэнгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан.
Монгол Улсын Үндэсний номын санг 1921 онд үүсгэн байгуулагчдын нэг, бичгийн их хүн билээ.
Судар бичгийн хүрээлэнгийн (одоогийн Шинжлэх ухааны академи) дэргэд гүн О.Жамъян, *бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна.
(Жич: *"Бичээч" гэж буй энэ хоёр хүн эрдэм номтой, гадаад хэлтэй дуун хөрвүүлэгч буюу орчуулагч, эрдэмтэд)
Товч намтар
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн Жамсрангийн Цэвээн гуай 1881 оны 4 сарын 26-нд Буриадын Агын аймагт Шарайд овгийн Жамсран зайсангийн хөвүүн болон мэндэлжээ.
Бага наснаас эцэг Жамсрангаар монгол бичиг заалган суралцсан бөгөөд 1892 оноос Чита хотын гурван жилийн сургууль, 1897 оноос Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ. 1902 оноос Агын сургуульд багш, 1903-1911 он хүртэл III Александр эзэн хааны Оросын музейн Дундад ба Дорнод Азийг судлах Оросын газраас Монголын олон угсаатнуудын аман зохиол, угсаатан судлалын хэрэглэгдэхүүн цуглуулах ажлаар Монгол, Өвөр Монгол, Өвөр Байгалаар аялжээ.
1932-1937 онд Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж, ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ.
1937 оны 8 дугаар сарын 11-нд хилс хэргээр баригдан хоригдож байгаад 1942 он 5 дугаар сарын 4-нд нас баржээ.
1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссоос их эрдэмтнийг цагаатган нэр төрийг нь сэргээжээ.
Мэдээллийн эх сурвалж: Монголын үндэсний номын сан
Жич: Монгол улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн мандуулахад урд зүгт юу болж байгаа талаар сайн мэдээлэлтэй Өвөр Монгол ноёд язгууртнууд асар их үүрэг гүйцэтгэсэн бол, Оросоос очиж тусламж гуйх, Оросуудтай харилцахад дагуулан явж хэлмэрчлэх, зуучлахаас эхлээд шинэ Монгол улсаа хөл дээр нь босгох үйлсэд олон буриад сэхээтэн Хаант Орост сурч боловсорсон эрдэм мэдлэгээ дайчилж, асар их үүрэг гүйцэтгэжээ.
Монгол Улс бол Монгол угсаатан хамтран зүтгэж хөл дээр нь босгосон даяар монголчуудын улс мөн
Эх сурвалж: Даяар Монгол хуудас
2022.05.20