Нийтлэл, Түүхэн

Цуврал нийтлэл: Д.Сүхбаатар-Завсрын үеийн Өвөр Монгол

Picture: Photographer Elbegzaya L.

Өвөр Монголын асуудал 1945 оны чөлөөлөх дайны үед дахин гарсан юм. 1930 онд Японы эзэнт улсын цэрэг Зүүн хойд Хятадад болон Өвөр Монголд орж ирснээр Өвөр Монголчуудад  сэргэх боломж олдсон. Японы эзэнт улсын цэргүүд  Өвөр Монголчуудад ээлтэй байв. Япончууд Өвөр Монголчуудыг дэмжиж,  цэргийн сургуульд сургах, орчин үеийн боловсрол олгоход тусалж байв. Тэр үед  Япончууд Манж Го улсыг 1932 онд  байгуулж Өвөр Монголчууд болон манж хүмүүсийг ихэд дэмжиж байв.

Ер нь Ар Монголчууд Манж Го улсыг огт мэддэггүй. Учир нь улаантны ухуулагчид Ар, Өвөр Монголын ард түмэнд Манж го улс бол Японы тоглоомын улс гээд тархинд нь буруу үзэл суулгачихсан байдаг. Гэвч үнэн байдал  огт тийм биш.

Тэр үед Манж Го улсад таван үндэстэн  эв найрамдалтай аж төрнө гэсэн бодлого барьж байв. Манж Го улс 1932 оноос 1945 он хүртэл 13 жил оршин тогтнохдоо их зүйл бүтээж эдийн засгаа хөгжүүлж байжээ. Манж Го улсын хүн ам 1934  оны тооллогоор 30.8 сая хүнтэй байснаас 29 сая нь Хятад, Манж, 680 000 солонгос, 100 000 Япон тариачин аж төрж байв. 580000 Монгол үндэстэн аж төрж байв. Манж го улсад Японы хөрөнгө оруулагчид их хөрөнгө оруулж төмөр зам барьж,  нүүрс, төмөрлөг, машин, хими нефтийн үйлдвэр байгуулжээ. Япончууд Монголын зүүн хилд ойр Өвөр Монголын  Рашаант хүртэл төмөр зам тавьж байв. Энэ төмөр замын ачаар Өвөр Монголчууд далайд гарах гарцтай болж байлаа. Тэр үед Ар Монголд ганц ч км төмөр зам байсангүй. Энэ улс Монголд ээлтэй улс байсан юм шүү.

Манж го улсын 585 сургуульд 41500 Монгол сурагч сурч байлаа. Япончууд тэр үед Вангийн сүм буюу одоогийн Улаан  хотод гурван том сургууль байгуулж Монголчуудыг сургаж байв. Хянганы хуурай замын цэргийн сургуульд Монголчууд орчин үеийн  цэргийн боловсрол эзэмшиж тэндээсээ шалгарсан нь Японы Токио хотод цэргийн  сургуульд шилжин сурч байлаа. Ялангуяа 1937 онд Японы Токиод морьт цэргийн сургуульд  Өвөр Монгол залуус сурч сургуулиа амжилттай төгсөж байв.

Хянганы цэргийн сургуульд 1200 гаруй Монгол залуус сурч Япон хэл сурч орчин үеийн цэргийн эрдэм сурч төгссөн ажээ. Мөн нэг коллеж байгуулсан. Мөн охидын ахлах сургууль байгуулж энэ сургуулийг 250 шахам  Монгол охид төгсөж орчин үеийн боловсрол эзэмшиж байв. Тэд Япон хэл сурч багшийн мэргэжил эзэмшиж байв. Цэргийн сургуулийн Япон багш нар Монголчуудад орчин үеийн боловсрол олгож чаджээ.

Япон улс Манж Го улсыг 13 жилийн дотор хөгжүүлсэн шигээ Өвөр Монголыг үтэр түргэн хөгжүүлэх боломж байсан. Даанч азийн агуу соёлт Япон улс дайнд ялагдчихсан нь харамсалтай явдал болов. Хэрэв Япон улс Америктай дайн хийгээгүй бол  азид хүчирхэг хэвээр үлдэх байлаа. Манж Го улс ч үлдэх байсан. Өвөр Монгол ч улаан Хятадад эзлэгдэхгүй үлдэх байсан. Япон улс Америктай дайн хийсэн нь маш том алдаа болсон.

Япончууд  Номхон далай дахь Америкийн Перл Харборыг 1941 оны 12-р сарын 7-ны “Ням” гаригийн өглөө байлдааны 353 нисэх онгоцоор гэнэт довтолж, унтаж буй арсланг сэрээчихсэн юм. Япончууд энэ довтолгооноор Америкийн Номхон далайн тэнгисийн цэргийн 20 хөлөг онгоц, 188 нисэх онгоцыг устгаж, Америкийн 2390 цэргийг хөнөөсөн юм. Америк хариуд нь Японы хотуудыг нь агаараас  бөмбөгдөж асар их хохирол учруулсан юм. Японы Нагасаки, Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөж хотыг хүн амтай нь хоромхон зуур үнс нурам болгов. Гэвч дайнд ялагдсан Япон улс үнс нурман дотроос босоод ирсэн. Япон улс азийн хамгийн өндөр хөгжилтэй баян чинээлэг хүчирхэг улс болж чадсан.

Би залуугаасаа Японы түүхийг ихэд сонирхон Японы тухай олон ном уншдаг байлаа. Япон улс бол орчин үеийн хүчирхэг гүрэн гэдгээ дэлхийд гурван удаа харуулчихсан улс шүү. Нэг дэх нь 1905 онд Орос-Японы дайнд Япон улс ялсан юм. Япон улс Цусимад Того адмиралын удирдсан Японы тэнгисийн цэргийн флот Оросын тэнгисийн флотыг бут цохиж, хуурай газар дээр Японы 1-р арми Манжуурт орж, 2-р арми Ляодуны хойгт бууж, Японы 3-р арми Порт Артурын боомтыг бүсэлж Оросын армийг хуурай газар болон далайд ялав.  Хоёр дахь нь Японы тэнгисийн цэрэг 1940 онд Америкийн номхон далайн флотыг агаараас довтолж Перл Харборт бут цохиж, зүүн өмнөд азийн Малайзад  Британий  100 000 цэрэгтэй армийг Сингапурт гучхан мянган Япон цэргээр бүсэлж ялсан юм. Тэр үед дэлхийн хамгийн хүчирхэг  гэгдэж байсан Британи, Оросын армийг Японы арми ялна гэдэг санаанд ормооргүй зүйл байлаа. Японы эзэнт улс азийн Хятадын зүүн хойд хэсэг, Манжуур, Өвөр Монгол, Порт- Артур, зүүн өмнөд азийн Филиппин, Тайвань, Шанхай, Хонгконг,Тайланд,  Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Сингапур, Бирм улс, Номхон далайн Мэдвэйн арлыг эзлэв. Гурав дахь нь дайны дараа Япон улс жар, далаад онуудад эдийн засгаа түргэн хөгжүүлж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны нэг болов.

1945 оны дайны дараа Өвөр Монголд БНМАУ-тай нэгдэх хөдөлгөөн нэлээд эрчимтэй явагдав. Өвөр Монголын олон ноёд,  Ван энэ хөдөлгөөнийг дэмжиж байлаа. Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч бол  Дэ Ван байлаа. Дэмчигдонров ван / 1902-1966 / бол их ухаалаг,  алсын хараатай хүн байсан. Тэр бээр залуудаа Япон улсыг түшиглэж, Өвөр Монголыг эрх чөлөөтэй тусгаар улс болгоно гэсэн үзэл бодолтой байлаа. Дэмчигдонров бол Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч, Цахар аймгийн Шилийн гол чуулганы дарга, Сөнөд Баруу хошууны Засаг ноён, Жун ван Намжилваанчигийн ганц хөвгүүн байлаа. 1908 онд эцэг Намжилванчиг өөд болоход 6 настай Дэмчигдонров угсаа залгамжилжээ. Тэрбээр хоёр хатантай, таван хүү, нэг охинтой хүн юм. 1924 онд 22 настай Жун Ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дэд захирагчийн албан тушаалд томилогдож, олон хошуу отгийг захирах болж улмаар аймгийн чуулган дарга болж, олон газар орноор явж Монгол үндэстний сэхээтэн залуучууд, ван ноёдтой уулзаж холбоо тогтоожээ.

Дэ Ван Бээжин дахь Монгол Төвөдийн сургууль, Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн Монгол, Төвд оюутнуудад лекц уншин тэдэнд Монгол үндэстний үзлийг илэрхийлж байв. Тэдгээр Монгол  оюутан сурагчид 1930,1940-өөд онд өрнөсөн түүний улс төрийн тэмцлийн гол боловсон хүчнүүд болсон байдаг юм. 1929 онд Дэ ван Хөлөнбуйрын нэрт эрдэмтэн Нармай Монгол үзэлтэн Мэрсээтэй уулзах үеэр түүнээс Ар, Өмнөд Монголын нийгмийн сэтгэлгээний адил ба адил бус талаар зөвлөгөө авч, бүх Монгол үндэстний эрх чөлөөний тэмцэлд Богд Жавзандамба хутагт шиг шашин, оюун санааны удирдагч  үгүйлэгдэж байгааг соргогоор олж харжээ.

Тэр бээр 1932 онд Нанжин хотод Хятадын удирдагч Чан Кайшитэй уулзахдаа Ар Монголоос дүрвэн очсон Дилав хутагттай анх уулзжээ. Тэд  Өвөр Монголын эрх чөлөөний тэмцлийн талаар зөвлөлдөж, хэрэв Өвөр Монголын зэвсэгт тэмцэл бүтэлгүйтвэл цаашид өрнөдийн хүчирхэг гүрний нөлөөнд багтаж Өвөр Монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах явдал хэмээн дүгнэлт хийж байжээ. Дэ Ван, Дилов Хутагт хоёр Ар Монгол, Зөвлөлт улс, Хятад улс, Япон улс Өвөр Монголын эрх чөлөөг дэмжихгүй бол гуравдах орныг түшиглэх санааг анх гаргаж байжээ.

Дэ Ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа 20 орчим Монгол оюутан залууг нутагтаа дагуулан очсон нь цаашдын  Өвөр Монголын төлөө тэмцэлд оролцох боловсон хүчнийх нь анхны нөөц  болж байжээ. Удалгүй Өвөр Монголын өнцөг булан бүрээс Монгол үндэстний залуус ирж түүнийг хүрээлэх болсноор Дэ вангийн  тэмцэл учиртай болсон юм.

Дэ Ван 1936 оноос ”Монгол цэргийн ерөнхий штаб”-ыг эмхлэн байгуулж, Япон улсын хүчийг ашиглан Монголын язгуур унаган нутгийг Хятадаас эргүүлэн авах зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. Удалгүй Дэ вангийн зэвсэгт хүчин зузаарч 10 морьт дивизээс бүрдсэн хүчтэй армитай болжээ. Нэг дивиз мянгаад цэрэгтэй байв.

Хамгийн сонин нь Монголын төлөө байлдахад бэлэн Хятад үндэстэн цэргүүд ч энэ дивизэд алба хааж байв.

Дэ Ван Өвөр Монголын төв хэсэгт хяналтаа бүрэн тогтоож, улмаар “Монголыг тэтгэх нийгэмлэг”-ийг байгуулж, малчдын аж амьдралыг анхаарч, нутаг усаа сэргээн, ой мод тарих зэрэг тусгаар улсад байх ёстой нийгэм эдийн засгийн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хувьд бэхжих зорилт тавьж ажиллаж байв. Дэ Вангийн санаачлан байгуулсан Монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байлаа. Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сургуульд явуулж байв. Дэ Вангийн дэргэд ажиллаж байсан Х.Гомбожав, О.Өргөнгөө, Захчинсэчин зэрэг олон хүн хожим нь Монгол судлаач нэрт эрдэмтэд болсон юм.

Дэ Вангийн  Монголын тусгаар тогтнолын тэмцэлд хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн бол Халхын Дилов Хутагт Жамсранжав байлаа.

Дилов Хутагт Дэ Ванд ”Хэрэв Та Япон улсыг  түшээд бүтэхгүй болбоос хилийн цаана гарч Монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүчтэй хүргэх нь зүйтэй. Дэлхий нийтийн анхааралд Монголын асуудлыг хандуулах нь дан ганц Японыг түшихээс эрсдэл багатай шүү” хэмээн тодорхой зөвлөж байв.

Гэвч 1945 оны чөлөөлөх дайнаар Япон улс Зөвлөлт улсад ялагдаж, Хятадад дотоодын иргэний дайн өрнөж Хятадын коммунистууд иргэний дайнд Чан Кайшиг ялж засгийн эрхийг авав.  Ар, Өвөр Монголыг нэгтгэх асуудлыг том гүрнүүд үл тоомсорлож Ялтын гэрээгээр Ар Монголыг Зөвлөлтийн нөлөөнд, Өвөр Монголыг Хятадыг харьяанд үлдээхээр шийдсэн нь  Дэ вангийн Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг мухардалд хүргэсэн юм. Гэвч мятаршгүй тэмцэгч Дэ вангийн зүрх зориг мохсонгүй. 1948 онд Дэ ван Япон, Тайвань, Энэтхэг зэрэг орноор дамжуулан зарим итгэлт хүмүүсээ АНУ-д илгээн дараагийн шатны том тэмцлийн гараанд бэлтгэж байлаа. Хятадын иргэний дайнд Гоминданы нам ялагдсан ч гэсэн  Өвөр Монголд Дэ вангийн морьт арми Хятадын Коммунист Намын улаан армийн асар том хүчинтэй ганцаараа хүчээ дайчлан тулалдсаар байв. 1949 оны сүүлч гэхэд Дэ ван Өвөр Монголын Алшаагийн элсэн цөлд сүүлчийн зэвсэгт тулаанаа Хятадын улаан армитай хийжээ. Ийнхүү Өвөр Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн сумаа дуустал тэмцсэн дайчин нөхдийнхөө халуун шарил дээр Дэ ван  нулимс унаган зогсож байлаа.

Дэ ван сүүлчийн итгэл найдвар бол эцсийн хүчээ шавхан, амьд үлдсэн нөхдийнхөө хамтаар Алшаагаас нисэх онгоцоор Энэтхэг улсад очиж, тэндээс АНУ-тай харилцаа тогтоож, эрх чөлөөний тэмцэлд хамгийн итгэлт хүн болсон Халхын Дилов Хутагтын зөвлөсөн тэмцлийн замыг сонгох зорилготой байлаа. Гэвч тэр үед ЗХУ-ын коммунистуудын бүрэн хараа хяналт дор байгаа Ар Монголын нийслэл Улаанбаатар хотод түүний эхнэр, хүүхдүүд Монголын улаантнуудад баригдаж барьцаанд орж хоригдчихсон байлаа. Тэр үед Зөвлөлтийн улаантнууд Ар Монголын улаантнуудтай хамтарч  яаравчлан “Хар эрэг” нууц ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн Монголд барьцаалагдсан хүү Дугарсүрэнгээр нь хуурамч захидал үйлдүүлэн түүнд илгээжээ. Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Дэ ван хүүгийнхээ захидлыг хамгийн ихээр эрхэмлэн хүлээж авчээ. Ингээд хамтдаа олон жил хал үзэж, халуун чулуу долоосон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж Ар Монголыг зорьжээ.

Түүний энэ шийдвэрийг АНУ-д Тайванаар дамжин дүрвэж очоод байсан Халхын Дилов хутагт эрс эсэргүүцэж “Ар Монголын улаантнуудын гарт хэрхэвч мэхлэгдэн орж болохгүй” хэмээн зөвлөж байжээ. Тэр үед түүний хүү Дугарсүрэн, Дугарсүрэнгийн эхнэр Сэржмядаг, охин Уртнасан, хатны 19 настай хүү Галсанжигжид нар Монголын улаантнуудын гарт орчихсон байлаа. Харин Ар, Өмнөд Монголыг нэгтгэх хэрэгт хамтран ажиллая хэмээн дуудсан БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр Дэ ван Монголын хилээр орсон даруйд Монголын улаантнууд түүнийг баривчилж, толгойд нь хар уут углаж,  Улаанбаатарт авчирч эрүүдэн тамлажээ.

Тэр үед Өвөр Монголд гурван сарын турш хорт ажиллагаа явуулсан Жамьян тэргүүтэй Монголын дотоод яамны ногоон малгайтнууд Дэ вангий гэр бүлийн хориод Өвөр Монгол хүн, Өвөр Монголын генерал Дамдинсүрэн, Өлзий-Очир нарын Өвөр Монголын нэг зуу гаруй цэрэг, офицерыг олзлон авч БНМАУ-д  хүргэжээ. Удалгүй  1950 онд Чойбалсангийн тушаалаар Дэ ванг  БНМАУ-аас  улаан Хятадад хүргэн өгч Хятадын коммунистуудын гарт тушаажээ. Удалгүй Чойбалсангийн тушаалаар Дэ вангийн хүү Дугарсүрэнг буудан хөнөөжээ. Дэ ван Хятадын шоронд 15 жил улаантан Хятадуудад тамлуулсны дараа 1965 онд шоронгоос гарч, бие нь ихэд доройтсон тул 1966 онд насан өөд болжээ. Хайран эх оронч, хайран Монгол ноён.

Монголын улаантнууд ийнхүү Өвөр Монголын Дэ ван болон түүний гэр бүлд харгис хэрцгийгээр хандаж байснаас гадна  Өвөр Монголын өөр олон баатруудын удам угсааг хүйс тэмтэрч байлаа. 1911 оны туурга тусгаар Богд хаант Монгол улсын баатарлаг жанжин,  Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч, Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн гурван хөвгүүнийг Ар Монголын улаантнууд хөнөөсөн юм. Манлай вангийн ахмад хөвгүүн Дамдинсүрэнгийн Долсонг 1936 онд Ар Монголд буудан хөнөөжээ. Д.Долсонгийн хамаг хөрөнгийг хурааснаас гадна түүний 2000 адуу, 8000 хонь, ямаа, 100 үхэр, 100 тэмээг Монголын улаантнууд хураан авчээ. Удаах хүүг нь 1938 онд буудан хөнөөв. Отгон хүү Д.Уртнасанг 1938 онд буудан хөнөөв.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 1937 онд Чойбалсангийн гарын үсэгтэй тушаалаар ямар ч гэм зэмгүй 22 000 Монгол хүнийг буудан хөнөөжээ. Чойбалсангийн тушаалаар хөл хүнд жирэмсэн байсан Навчаа, Дунгаржид нарын ямар ч гэм зэмгүй арав гаруй Монголын сэхээтэн бүсгүйчүүдийг  буудан хөнөөжээ. Юутай эмгэнэл, юутай гутамшиг.

1945 оны 8-р сард Зөвлөлт Монголын улаан арми Манж го улсыг эзлэв. Зөвлөлтийн улаан арми Манжуурт 1945-1948 оны хооронд байрлаж байгаад  энэ газар нутгийг улаан Хятадад хүлээлгэн өгөв. Зөвлөлтийн цэргүүд эзлэгдсэн Манж го улсад амьдарч  байсан 850 000 Япон иргэнийг баривчилж олзолж шоронд хийж нутгийн иргэдийг дээрэмдэж эмэгтэйчүүдийг хүчирхийлж байв. Улаан Орос цэргүүд Өвөр Монголын  Вангийн сүмийн Монгол лам нарыг пулемётаар буудан хөнөөж байв.  1945 оны  5-р сарын 18- ны өдөр Өвөр Монголын Ардын Хувьсгалт нам хуралдаж БНМАУ-тай нэгдэх тухай “Өвөр Монголын ард түмнийг чөлөөлсөн Тунхаглал” гаргажээ. Гэвч улаан Орос, улаан Хятадын коммунист удирдлага  үүнийг эсэргүүцэж Монголын цэргийг Өвөр Монголын нутгаас нэн даруй гаргав.

Яг л нөгөө Хиагтын 1915 оны гэрээ шиг. Яагаад Өвөр Монгол БНМАУ –тай нэгдэж чадаагүй вэ? Гол шалтгаан нь 1945 оны 2-р сард Ялтад болсон Америк, Зөвлөлт, Британи улсуудын дэлхийн дайны дараах дэлхийг хуваасан хэлэлцээрийн дагуу Өвөр Монголыг Маогийн шаардсанаар Сталин дэмжиж Хятадын бүрэлдэхүүнд үлдээх талаар тохиролцжээ. Зөвлөлт, Хятад хоёр урьдын адил хоёр Монголын асуудлыг нэгдэхийг үл зөвшөөрсөн бодлогоо урьдын адил хатуу баримталсаар байсан юм. Харин Сталин дэлхийн хоёрдугаар дайны үед ар Монголчууд Зөвлөлтөд их хэмжээний тусламж өгснийг нь үнэлж  Ар Монголын статус квог Британи, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлжээ. ”Статус кво” гэдэг нь “одооны байгаа байдлыг хэвээр нь үлдээх” гэсэн утгатай үг юм. Статус кво бол Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Ингэж Ар Монгол, Өвөр Монгол хоёр нэгдэх асуудлыг Монгол улсыг оролцуулалгүйгээр Чойбалсанд мэдэгдэлгүйгээр Зөвлөлт, Хятад хоёр хуйвалдан санаатайгаар замхруулжээ.  Ялтын уулзалтаар Өвөр Монголын талаарх  энэхүү нууц тохиролцоог Чойбалсан ч мэдээгүй байна. Ер нь Сталин Чойбалсанд мэдэгдэлгүй олон асуудлыг Монголын өмнөөс шийдэж байсан даа. 1946 онд Хятадын Коммунист Нам 1925 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй Өвөр Монголын ардын хувьсгалт намыг хориглож тараав. Нэг талаас улаан Орос, улаан Хятадын коммунистууд, нөгөө талаас улаан Монголын коммунистуудын гурван талын шахалтад орсон Өвөр Монголын ардын нам ийнхүү Өвөр Монголоо Хятадаас чөлөөлж Монгол улсдаа нэгдэх зорилгоо биелүүлж чадалгүй тарсан нь том эмгэнэл болов. Өвөр Монголын Ардын намыг Хятад, ар Монгол, улаан Оросын коммунистууд гурван талаас нь дарамталж оршин тогтнох аргагүй болгосон юм.

1940-өөд онд Гоминданы цэргүүдэд шахагдсан улаантан Хятадууд Өвөр Монголд нэвтэрч эхэлмэгцээ Өвөр Монголын ван гүн, тайж язгууртан, ноёд баяд, бичиг соёлтой хүмүүс, эрдэмт лам хувраг хийгээд гадаадад явж юм үзсэн боловсролтой Өвөр Монголчуудыг  төлөвлөгөөтэй, дэс дараатай устгах ажиллагааг явуулж эхэлжээ. Хятадын коммунистууд  Өвөр Монголд улаантны харгис буруу үзлийг дэлгэрүүлж эхлэв. 1927-1947 он бол Өвөр Монголын хувьд гоминдан, Япон, дундад улсын алиных нь ч харьяанд бүрэн ороогүй завсрын үе байв. Энэ алтан боломжийг ар, Өвөр Монголчууд ашиглаж, төр улсаа цэгцэлж, түмэн олноо нэгтгэж чадалгүй хоёр их гүрний дунд таслуулан хуваагдсан юм. Өвөр Монголчууд Ар Монголд ихэд найдвар тавьж байлаа. Гэвч улаан Орост дагаар орсон Чойбалсан тэргүүтэй гадаад Монголын коммунистууд Хятадын эсрэг тэмцсэн Өвөр Монголын  эх орончдыг харгислан хөнөөж байлаа. Эдгээр жилүүдэд Хятад улс дайн дажинтай хүнд бэрх  байсан. 1937 оноос 1949 он хүртэл Хятадад иргэний дайн болж,  Чан Кайши тэргүүтэй Хятадын Гоминдан нам ба Мао Цзе Дун тэргүүтэй Хятадын Коммунист нам  хоорондоо харгис ширүүн байлдав. Иргэний дайн 1937-1945 онд түр намжиж гоминдан, коммунист намын цэргүүд хамтран Японтой байлдахаар гэрээ байгуулан тохиролцов.

1937-1945 онд Хятад-Японы дайн болов. Гэтэл Хятадын коммунист нам энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Энэ дайнд Чан Кайши 300 000 хүнтэй гоминданы армиа  удирдан Японтой дайтахад бүх хүчээ гарган дайчилж байхад Мао Хятадын улаан армийн хүчээ нөөж 1940 оноос эхэлж Японтой байлдаан хийхгүй Шанси мужийн ууланд гарч нуугдаж байв. Учир нь Мао удалгүй Япон Хятадын дайны дараа Чан Кайшитай дайн хийнэ гэдгээ сайн мэдэж байлаа.

1943 онд Чан Кайшигийн гэргий Сун Мэйлин АНУ-д айлчилж Цагаан ордонд парламент дээр англи хэл дээр цогтой үг хэлж Ерөнхийлөгч Рузвельтыг ятгаж Японы эсрэг дайнд Хятадад зориулж 1 тэрбум ам.долларын тусламж авч чадав. Тэр үеийн Хятад бол Японы эсрэг Америктай холбоотон байсан тул тусламж авч чадсан юм.

1945 оны 8-р сард Зөвлөлт Монголын арми Манжуурыг чөлөөлж Японыг дайнд ялав. Дайн дуусахад Зөвлөлт улс олзолж авсан Японы бүх зэвсэг техникийг Хятадын улаан армид бэлэглэв. Зэр зэвсэг, хүн хүчээр үлэмж их болсон нэг сая цэрэгтэй болсон Хятадын улаан арми 1945-1949 оны иргэний дайнд гоминданы армийг илт давуу ялав. Ядаж гоминданы талд зэр зэвсгээр тусалж байсан Зөвлөлт улс, Америк хоёр гэнэт туслахаа зогсоожээ. Чан Кайши үлдсэн цэргээ авч Тайвань руу ухрав. Хятадад болсон иргэний  дайнд 20.0 сая Хятад хүн амь үрэгджээ.

Ийнхүү Өвөр Монголчуудын хувьд эрх чөлөө, зах зээл, үйлдвэр хөгжсөн Манж го улсад амар амгалан сайхан амьдарна гэсэн боломж нуран унаж Өвөр Монгол улаан Хятадын гарт орох нөхцөл бүрджээ. Зөвлөлт Холбоот улс Монгол улсыг эх орны дайнд хамтран тулалдаж их тус хүргэснийг бодож, хариуд нь Өвөр Монголыг нь өгөх боломж бүрэн байсан. Гэвч зөвлөлтийн коммунистууд Хятадын коммунистуудад тал засаж Өвөр Монголыг Монгол улсад өгөөгүй мөртөө  өмнө нь Оросын мэдэлд байсан, одоо дайны дараа зөвлөлтийн мэдэлд орсон стратегийн өндөр ач холбогдолтой Порт - Артурын боомтоо Хятадуудад зүгээр өгчхөж байгаа юм. 1945 оны 8-р сард Зөвлөлтийн улаан арми болон Монголын ардын арми хамтран Өвөр Монголыг чөлөөлсөн билээ.

Тэр үед Ар Монголын хүн ам 800 000, Өвөр Монголын хүн ам 1.5 сая гаруй байсан юм. 1945 онд чөлөөлөгдсөн Өвөр Монголын ард түмэн БНМАУ-тай нэгдэх саналтай байлаа.

Гэвч зөвлөлтийн удирдагч Сталин 1945 оны 2-р сард холбоотнуудтай хийсэн бага хурлаар БНМАУ-ын статус квог хэвээр үлдээх буюу БНМАУ-ыг Зөвлөлтийн мэдэлд хэвээр үлдээх, Өвөр Монголыг Хятад улсын бүрэлдэхүүнд үлдээх талаар тохирчихсон байлаа. Энэ талаар Чойбалсан ч мэдээгүй байсан гэдэг. Тэр үед хоёр Монголын асуудлыг Монгол хүн шийддэггүй, Сталин, Мао Зедун хоёр шийддэг байлаа.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар

Төстэй мэдээ