Буриад, Бусад, Мэдээ, мэдээлэл, Урлаг

Дэлхийн Монголчуудын урлаг: Буриадын уран бүтээлч Д.Зоригтын бүтээлүүдээс

Буриад Улсын гавьяат зураач Д.Зоригт нь зураач, график дизайнер, барималч, кино найруулагч, Буриадын БНУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн бөгөөд дэлхийн шилдэг контемпорари уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг. 1976 онд Улаан-Үд хотод төрж, 1996-2002 оны хооронд Буриадын болон Красноярскийн урлагийн сургуулиудыг төгссөн тэрээр орчин үеийн Европын "космополитан" уран зургийн урсгалыг Монголын үндэсний хэв маягтай хослуулсан уран бүтээлээ туурвидаг байна.

Тэрээр уран зураг, график зургийнхаа хажуугаар уран баримал, үндэсний хувцасны эскиз урлаж, видео төсөл хийдэг. Зоригт нь Сергей Бодровын "Монгол" кинонд (Оскарт нэр дэвшсэн) хувцасны зураачаар ажиллаж, Чингис хааны тухай шилдэг зохиолуудын нэг болох Исай Калашниковын "Харгис эрин" туульсыг зуржээ.

Буриадын нүүдэлчин соёлын агуулга, үндэсний өв уламжлалыг орчин үеийн хэв маягтай хослуулан бүтээлдээ тусгахдаа тэрээр тун хичээнгүй, болгоомжтой ханддаг. Мөн Монголын их тал нутаг Зоригтын уран бүтээлийн лейтмотив буюу гол өдөөгч нь, харин нүүдэлчин хүү гол дүр нь гэнэ.

Түүний “Нирвана С” гэх бүтээлийг “Кристи” дуудлага худалдааны үеэр Холливудын жүжигчин Ума Турман 40 мянган ам.доллараар худалдан авч байжээ. Доржиевын Зоригт Москва, Бээжин, Брюссель, Лондон, Нью-Йоркт уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд түүний уран бүтээлүүд Орос төдийгүй барууны ертөнцөд өндөр үнэлгээ авдаг байна.

Тэрээр үзэсгэлэн бүрийнхээ танилцуулга дээрээ бичдэг тайлбар нь нэг адил байдаг бөгөөд тэр нь “Малч нүүдэлчин хүн гэдэг хэзээ ямагт хорвоогийн учир начрыг ухаж таньж явдаг. Нүүдэлчин гэдэг шинэ сэрэл мэдрэмж олж авах гэж явдаг жуулчин биш, аятай амьдрал хайн бэдрэх бядан явагч биш. Харин яруу найрагч, зураач, гүн ухаантан гэвэл илүү ононо. Морины нуруун дээр орь ганцаар яваа хүнд эргэцүүлэх, бясалгах нь амар байдаг. Ухаж таньсан, нээж мэдсэн зүйлээ хэнтэй хуваалцах вэ? Тал нутаг түүнийг нь хуваалцах бас нэг нүүдэлчин хаа нэгтэйгээс гараад л ирдэг. Энэ удаа миний хувьд тэр хүн нь та боллоо” гэдэг ажээ. Мөн тэрээр "Нүүдэлчин гэдэг бол бясалгагч гэсэн үг... Мөн зураач, яруу найрагч, философич. Дээр нь мэдээж хэрэг тэр ганцаардмал." гэжээ.

Түүний уран зургуудаас

Дэлхийн Монголчуудын Холбоо

Эх сурвалж:

https://jartgallery.art/en/dorziev

https://www.24tsag.mn/a/5618

https://www.caak.mn/view/8288222/

https://www.facebook.com/zorikto.dorzhiev/photos

 

 

 

 

Төстэй мэдээ