Зураг: Зурагчин Л.Элбэгзаяа
Богд хаант Монголын үеийн Өвөр Монгол: 1911 онд Манж гүрэн мөхөж Дундад Иргэн улс байгуулагдахад Манж Чингийн төрийг бүхэлд нь хятадууд залгамжилсан тул таван үндэстний их гүрнийг байгуулна хэмээн тунхаглаж, Ар Монголтой нийлж, тусгаар Монгол улс байгуулахыг оролдож байсан өвөрлөгч хошуунуудад хятад цэрэг нэмэн суулгаж үндэстний эрх чөлөөний үйл ажиллагааг дарангуйлан зогсоов. Энэ үеэс эхлэн Өвөр Монголчуудын толгой дээр Манж Чин гүрнээс хэд дахин илүү харгис Хятадын дарангуйлал буужээ. Манжийн төрийн үед өвөр монголчууд манжийн хааны ивээл дор хамгаалалтанд толгой дээгүүр баталгаатай амьдарч байсан бол манжийн төр мөхсөнөөс хойш хятадын төрийн дор толгой бөхийлгөн амьдрахад хүрчээ.
1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын үеэс 1947 он хүртэл 36 жилийн турш Хятадууд монголчуудыг хэрхэн дарангуйлж хэрхэн хөнөөн устгасан талаар Өвөр Монголчуудын гарт ямар ч албан ёсны тэмдэглэл тоо баримт байхгүй, өнөөг болтол нууц хэвээр үлджээ.
Зүүн захын Барга, Дагуурын хээр талаас баруун хязгаарын Алшаа, Эзнээгийн говь цөл хүртэлх 1 сая 180 мянган хавтгай дөрвөлжин киллометр нутаг дээр, үндэстнийхээ эрх чөлөөний төлөө хятадын түрэмгийлэгчидтэй явуулсан Өвөр Монголчуудын тэмцэл нэг ч өдөр зогсоогүй ажээ. Энэ үеийн монголчуудын тэмцлийн нэгэн хэлбэр нь хятадын атар эзэмшигчдийг үлдэн хөөх зэвсэгт тэмцэл байлаа. Саран илд, саадаг нум хийгээд галт зэвсгийн хоцрогдсон загвартай зэвсэгтэй, зохион байгуулалт муутай, гадаадын ямар ч тусламжгүй Өвөр Монголын цэрэг хэмжээлшгүй давуу тоотой, орчин үеийн сайн зэвсэгтэй хятадын цэрэгт ялагдаж толгой дараалан хядагдаж байжээ. Тэр үед Хятадын аюулаас амжиж зугтан монголын Богдын Хүрээнд хүрч ирж чадсан өвөр монголын цөөхөн босогчид л хоморголон устгах аюулаас мултарч чаджээ. Эдгээр хүмүүсийн тоонд Ховдыг чөлөөлөхөд оролцож гамингийн шоронд босоогоороо нас барсан Баргын Манлайбаатар Дамдинсүрэн, анх удаа Оросын цагаан хаанаас тусламж гуйхаар явагсадын нэг, мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцон явсан улсын түшээ гүн, дотоод яамны дэд түшмэл чин зүтгэлт Хайсан, мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд Дамдинсүрэн, Магсаржав нартай мөр зэрэгцэн баатарлагаар байлдсан олноо өргөгдсөн Монгол улсын цэргийн яамны дэд түшмэл, Богдоос шагнуулсан Зоригт баатар Тогтох, 1913 онд Монгол улс таван замын их цэргээр өмнө зүгт дайлахад Дарьгангын чиглэлийн цэргийг удирдсан Шударга баатар /Богд хаанаас шагнасан/ гүн Бавуужав, 1921 онд ардын журамт цэргийг байгуулахад хамгийн түрүүнд элсэн орж Ховдыг чөлөөлөх дайн, Хиагтын тулаанд оролцсон Илийн өөлд, ялгуун баатар Сумъяа бээс тэргүүтэн байлаа. Эдгээр Өвөр Монголын баатрууд Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэж үлэмж гавьяа байгуулсан байдаг.
1911 онд Манж Чин улс доройтон мөхөж Хятадын бүгд найрамдах улс байгуулагдлаа. Энэ үеийг /1911-1949/ гоминданы Хятадын үе гэдэг. Манж Чин улс мөхсөн энэхүү цаг үеийг ашиглаж Богд хаант Монгол улс 1911 оны 12-р сарын 29 ний өдөр шинээр байгуулагдав. Өвөр Монголын Шударга баатар Бавуужав гүн өвөр монголоос өөрийн 2000 Өвөр Монгол морьт цэргийг авчирч Хүрээнд байрлуулав. Чингис хааны ач хөвгүүн Хубилай хааны удам, Зостын чуулганы дарга, Зүүн түмэд хошууны мэйрэн, Шударга баатар, Хорчины Бавуужав /1875-1916/ гүн бол хятадын эсрэг монголын төлөө тэмцлийн магнайд явдаг баатар зоригтой, монгол цэргийн хүчирхэг жанжин байлаа.
Монгол улс туурга тусгаар болсон баяртай мэдээг сонссон Өвөр Монголын 49 хошуу, Барга, Хянганаас эхлээд Хөх нуур, Алшаа, Ил Тарвагатайн Монголчууд Богд хаант Монгол улстай нэгдэхээ илэрхийлэв. Гэвч тэр үед монголын тусгаар тогтнолд дургүйцсэн Хятадын ерөнхийлөгч Юань Шикай “умард орныг тохинуулах” нэрийн дор 40 000 цэрэг / зарим мэдээнд 80 000 цэрэг гэсэн тоо байдаг /гаргаж Өвөр Монголыг эзлэхийг санаархав. Богд хаан нэн даруй Халх монгол цэргийг хуралдуулж Манлай ван Дамдинсүрэнгээр удирдуулан 10000 халх монгол цэргийг таван замаар давшуулж Өвөр Монголыг хятадын гамин цэргээс чөлөөлөхөөр илгээлээ.
Өвөр Монголын ноён Манлай ван Дамдинсүрэн бол Хятад цэргийн арга тактикийг сайн мэддэг тул Богд хаант монголын цэрэг хятад цэргүүдтэй арваад удаа тулалдаж ялалт байгуулжээ.
Шударга баатар Бавуужав гүний эрэлхэг цэргүүд энэ байлдаанд манлайлан оролцож Хятад цэргийг хиар цохиж байлаа. Монгол цэргүүд өвөр монголын ихэнхи нутгийг чөлөөлж хятадын цагаан хэрэмд бараг тулсан байлаа. Гэвч хаант Орос, Хятад улс үгсэн хуйвалдаж 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол улсын цэргийг Өвөр Монголоос гаргаж татуулахаар тулгав. Уг нь Халх монгол цэрэг Өвөр Монголоос гарахгүйгээр тэндээ бүрмөсөн суух байсан юм.
Хиагтын гэрээний тэрхүү буруу шийдвэрийг ганц Бавуужав гүн эрс эсэргүүцэж байв. Богд хаант монголын засгийн газар Хиагтын гэрээг эсэргүүцсэн хэмээн Бавуужав гүнийг Халхаас хөөн гаргасан нь хамгийн том алдаа байв. Мөн Ар Монголын тусгаар тогтнолын төлөө ихээхэн хувь нэмэр оруулсан Өвөр Монголын Тогтох тайж, Удай ван нарыг элдвээр хавчиж Өвөр Монгол руу хөөн явуулсан нь ар Монголын асар том алдаа байв.
Яг энэ үед Богд хаант Монгол улс гуравдахь орон буюу Япон, Герман, Британи улстай холбоо тогтоохыг оролдсон боловч эдгээр гадаад улс “Монголыг хаант Орос улс мэднэ” гээд гадаад Монголтой холбоо тогтоож тусалсангүй. Удалгүй Хаант Орос улсын шахалтаар Богд хаант Монгол улс цэргээ Өвөр Монголоос татсанааар Өвөр Монгол хүнд байдалд орж Хятадад эзлэгдэх аюулд тугарав. Дараа нь Хятад цэргүүд 1917 онд Орос оронд улаантны хувьсгал гарч хаант Орос орон сүйрсэн цаг үеийг ашиглаж Гадаад Монголд цэргээ оруулав. Эхлээд 1919 оны 7-р сард таван мянган гамин цэрэг, дараа нь 10 000 гамин цэрэг Монголд орж ирэв. Монгол ноёдын урвалтын балгаар ийнхүү Хүрээнд гамин цэрэг орж иржээ. Монголын Цэрэндорж тэргүүтэй зарим ноёд Богд хаант автономит төрийг устгах гэсэн Хүрээнд байсан Хятадын төлөөлөгч Чен И-гийн арга мэхэнд орж Хятадаас гамин цэрэг Хүрээнд оруулж ирэхийг Хятадын засгийн газраас гуйсан ажээ.
Ийнхүү гамин цэрэгтэй тулалдаж эх орноо хамгаалах үүрэгтэй байсан монгол цэргүүд нэг ч буун дуу гаргалгүй гамин цэргийг Халхын нийслэл Хүрээнд орууулж дараа нь гамин цэрэгт зэвсгээ хураалгаж гар мухар болов. Үүнээс илүү гутамшиг гэж байх уу? 1919 онд Богд хаант Монгол улс ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр ингэж гамин цэрэгт эзлэгдсэн юм даа. Ийнхүү Ар Монголчууд Өвөр монголоо чөлөөлөх бүү хэл, өөрсдийгөө гамин цэргээс яаж чөлөөлөх вэ? гэдэг асуудалтай тулгарлаа. Богд хаан Монгол улсыг гамин цэргээс чөлөөлж өгөхөд туслаач хэмээн дэлхийн том гүрнүүдийн удирдагчдад захидал бичжээ. Барон Унгернд хүртэд захидал бичив. Харин ганц Барон Унгерн л Богд хаанд туслахаар болжээ. Барон Унгерн өвлийн тэсгис хүйтэн өдрүүдэд ганц мянган эрэлхэг цэргээ удирдан тоо томшгүй олон гамин цэрэгтэй тулалдав. Барон Унгерн 1921 оны 2-р сарын 4- ний өдөр нийслэл Хүрээг 15000 гамин цэргээс чөлөөлж Богд хааныг дахин ширээнд нь залж Монгол улсыг дахин тусгаар тогтнуулав. Богд хаан Барон Унгернийг “Улсыг мандуулагч их баатар” цолоор шагнав. Барон жанжин 1921 оны 4-р сар гэхэд монголын бүх газар нутгийг гамин цэргээс бүрмөсөн чөлөөлөв.
Гэвч удалгүй Сүх, Чойбалсан мэтийн харалган гэнэн хүмүүс улаантан оросын талд урваж, ардын намынхан Халх Монголд улаан Оросын олон арван мянган улаан цэрэг дагуулан Богд хаант төрийн монгол цэргийг Хиагтад хядаж, Ар Монголын нийслэл Хүрээг 1921 оны 7-р сарын 6-ны өдөр цэрэг зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлэв. Анх 1920 онд улаан Оросоос гаминтай тэмцэх зорилгоор зэр зэвсэг гуйхаар явсан ардын намынхан зэвсэг биш, улаан орос цэрэг дагуулан авчирсан нь монголчуудын хувьд хамгийн том эмгэнэлт явдал болсон юм. Улаантнууд 1921 оны 7-р сард хууль ёсны Богд хаант засгийн газрыг устгаж, оронд нь улаан оросыг дагасан харгис улаантны засаглалыг тогтоолоо. Ер нь монголчуудын хувьд хамгийн том хар толбо болсон гэрээ бол 1915 оны Орос, Монгол, Хятадын” Хиагтын гэрээ” юм. Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нэгтгэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгдэж, хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын нөлөөнд, Өвөр Монголыг Хятадын нөлөөний хүрээнд хамруулна хэмээн тохиролцож, Өвөр Монголын газар орныг эзлэх Дундад Иргэн Улсын сонирхлыг тусгаж өгсөн байдаг. Энэхүү гэрээгээр Орос, Хятад гүрэн Монголыг хоёр талаас нь шахаж Өвөр Монголтой нэгдэх зорилгыг нь зогсоож монгол цэргийг нэн яаралтай Өвөр Монголоос татахыг тулгаж монгол цэрэг гэдрэг буцжээ.
Монголчуудын энэ ухралтыг хятадууд чадмаг ашиглаж 1928 онд хятадууд цэргээ Өвөр Монголд оруулан нутгийг нь хувааж эхлэв. 1921 оноос 1945 он хүртэлх хугацаанд Өвөр Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнол, Өвөр Монголын бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсээр байлаа. Энэхүү тэмцэлд Шударга баатар Бавуужав гүн, Дэмчигдонров ван нар онцгой гавьяа байгуулж байлаа. 1925 онд Өвөр Монголын Ардын Нам байгуулагдаж Өвөр Монголынхоо төлөө тэмцэж эхлэв. Гэвч Өвөр Монголын ардын намд гоминданыхан өөрийн төлөөлөгчөө оруулж, мөн хятадын коммунист нам өөрийн төлөөлөгчөө шургуулж энэ нам гадны нөлөө, өөр хоорондын тэмцлээс болж үйл ажиллагаагаа зогсооход хүрэв.
Шударга баатар Бавуужав гүн эцсээ хүртэл Дундад Иргэн улсын хятад цэргүүдтэй тэмцэж эрэлхэгээр тулалдсаар 1916 оны 10-р сарын 10-ны өдөр Жэхэ мужийн Лисинь хот руу давшиж яваад дайсны цэргийн их бууны суманд оногдож амь үрэгдэв. Шударга баатар Бавуужав гүний үлдсэн Өвөр Монгол цэргүүдийг Халх Монголын Хатанбааатар Магсаржавын монгол цэргүүд 1916 онд хөнөөж дуусгажээ. Монгол цэрэг монголтойгоо байлдсан нь юутай гутамшиг.
Ар Монголын цэргээр Өвөр Монголын цэргийг даруулах Орос, Хятадын төлөвлөгөө ингэж хэрэгжив. Орос, Хятадын арга мэхэнд Монголын Богд хаант төр ийнхүү орж байв. Богд хаант Монголын төр Орос, Хятадын арга мэхнээс гарах аргаа олохгүй байв.
Шударга баатар Бавуужав гүн нас барсан ч гэсэн түүний гурван хөвгүүн Өвөр Монголд үргэлжлүүлэн монголын төлөө тэмцсээр байв.
1911 оны туурга тусгаар Монгол улсын төлөө амь хайргүй баатарлагаар тэмцсэн Өвөр монголын эх оронч Тогтох тайж, Хайсан гүн, манлай ван Ж.Дамдинсүрэн, Удай ван, Шударга баатар Бавуужав гүн, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг Ар Монголчууд бид мартах ёсгүй юм шүү.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар