Мэдээ, мэдээлэл, Нийтлэл, Соёл, уламжлалын

Монгол угсаатны бөхчүүдээ Наадамд оролцоход нь дэмжин ажиллалаа

Энэ жилийн наадмын барилдаанд анх удаагаа Дэлхийн Монгол туургатан, угсаатны төлөөлөл оролцсоноороо хамаг Монголчуудын эв найрамдлыг бэлгэдсэн сайхан наадам боллоо. Монголын Үндэсний бөхийн Холбооны урилгаар Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриадаас нийт 26 бөх оролцсон бөгөөд Дэлхийн Монголчуудын Холбоо болон Дашваанжил ХХК  мөн бусад байгууллагууд хамтран дэмжиж ажиллалаа.
-
"Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбоо"-ноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Монгол туур­гатны бөхийн наадам 2009 онд манай улсад анх удаа болсон түүхтэй. Тус холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн Б.Журамт ажээ /2012 оны байдлаар/. Ийнхүү наадам зохиохын цаад зорилго нь товчхондоо, Монгол угсаатан үндэстнээ нэгтгэхэд оршиж буй хэмээн Бөхөөгийн Жу­рамт нэгэнтээ хэлж байсан" гэнэ. 
Монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байв. Гэвч үндэсний их баяр наадмын барилдаанд Монгол туургатны бөхчүүдийг оролцуулж байгаагүй бөгөөд Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар наадмын бөхийн барилдаанд Монгол туургатны бөхчүүд барилдах боломжтой болсон юм.

Энэ жилийн наадамд оролцсон гадаадын бөхчүүдээс Тува гурван бөх хоёр давж харин ӨМӨЗО, Халимаг, Буриадын бөхчүүд нэгийн даваанд өвдөг шороодсон. Мөн Тувагаас нутагтаа өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд ирж оролцсон бөгөөд наадмын үеэр Тувагийн төрийн тэргүүн хүрэлцэн ирж, бөхчүүддээ амжилт хүссэн нь онцлог байлаа.

-
Өмнө нь зохион байгуулагдаж байсан Монгол туургатны наадмын тухайд 2009-2018 оны хооронд цар хүрээ нь улам өргөжин тэлсээр Өвөр Монгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болсон байна.
-

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав ярихдаа

“Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Иймд МҮБХ-ноос намар 10-н сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн 2-3 багийг Өвөр Монгол, Тува, Буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийхээр төлөвлөж байна” гэсэн байна.

 

Дэлхийн Монгол туургатны наадам зохион байгуулагдсан он цагаар жагсаавал:

  • 2009 онд Монгол улс Улаанбаатар хотноо “АСА” циркт
  • 2009 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн голын Шар тал
  • 2010 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд
  • 2011 онд Монгол улсад Улаанбаатар хотноо Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам”
  • 2011 онд ОХУ-ын Тува улсын Кызыл хотод "Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн наадам"
  • 2012 онд Монгол улс Улаанбаатар хотноо
  • 2018 онд Монгол туургатны бөхийн барилдаан Монгол улс Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулагдаж байв.

2022 оны Наадамд оролцсон Дэлхийн Монгол угсаатны төлөөллүүд

Буриад улсаас наадамд оролцсон Буриад Монголчууд


Буриадын Улаан-Үд хотоос 2 дасгалжуулагч 2 бөх оролцлоо. Монголд барилдсан Буриад бөхчүүдийн нэрс, гаргасан амжилтыг сонирхуулбал:
  • Аюур Алдаров, ОХУ-ын спортын мастер, 1987 онд төрсөн, Бүгд найрамдах улсын 75 кг-аас дээш жинд Наадан-Сур харвааны аварга.
  • Базаров Вандан 1982 онд төрсөн ОХУ-ын спортын мастер, 75 кг-ын жинд Наадан-Сур харвааны аварга.
  • Ухинов Зорикто 2003 онд төрсөн 75 кг-д Наадан-Сур харвааны хүрэл медальт.
  • Нимаев Аюур, 2004 онд төрсөн, 92 кг-д Наадан- Сур харвааны мөнгөн медальт зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Дасгалжуулагч Цэдэндамбын Вандан

Буриадын Наадам мөн удахгүй болох тул том цолтой бөхчүүд нь энэ удаа оролцож амжаагүй гэв. Тэрээр Монголд өмнө нь хэд хэдэн удаа ирж барилдаанд бөхчүүдээ барилдуулж байсан гэнэ.
Ярилцлага үзэх: https: www.youtube.com/watch?v=AZPbJV4DNIU 
-

Тува улсаас наадамд оролцсон Тува Монголчууд 

Тува улсаас 15 бөх, 2 өсвөрийн бөх, 2 дасгалжуулагч нийт 19 төлөөлөгч амжилттай оролцлоо.  Монголд барилдсан Тува бөхчүүдийн нэрс, цол

Дасгалжуулагч Куулар Кандемирын сэтгэгдэл

Тува бөх Карасал Цэдэн-Очир

Тува үндэстний бөхчүүд дотроос Карасал Цэдэн-Очирыг онцлох нь зүйтэй. Түүний хувьд Тувагийн парламентын гишүүн бөгөөд үндэсний бөхийн холбооныхоо тэргүүнээр ажилладаг. Тэр бээр улсын наадамд барилдахаас өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол авсан.

Тува бөх Монгуш Айдамир

 

 

 

Тува улсын арслан Монгуш Айдамир нь 2015 онд Тува улсынхаа наадамд түрүүлж "Арслан" цол хүртсэн Аав Айдамир нь арслан цолтой, Тувагийн алдарт бөх Монгуш Аясын ойрын хамаатан юм.

 

 

 

 

Ярилцлага үзэх:

Өвөр Монголыг төлөөлөн наадамд оролцсон бөх Жарандолоо

Тэрээр Улаан хад хотын Ар Хорчин хошууны уугуул, 1983 онд төрсөн. Японы Хоккайдо их сургуульд багш. Байгалийн шинжлэх ухааны доктор. Япон дахь Монгол бөхийн клубийн бөх.

Түүний спортын амжилтыг жагсаавал:

  • 2006-2007 онд Хөх хотод  оюутны  бөхийн наадамд нэг удаа үзүүрлэж, нэг удаа  гуравдугаар байр эзэлсэн.
  • 2007-2008 онд Бээжингийн Монгол наадамд хоёр удаа тэргүүлжээ.
  • 2010 онд Ар хорчины хошууны 1024 бөхийн наадамд 64-т шалгарч байсан.
  • Япон дахь бөхийн их наадамд (намрын наадам) 2 удаа тэргүүлжээ. Мөн Японд болсон бусад наадамд таван удаа тэргүүлж, үзүүрлэсэн байна.
  • Үндэсний бөхийн Хаврын баярын бөхийн наадамд нэг удаа дэд, нэг удаа шөвгийн наймд шалгарсан байна.
  • Сүмо бөхөөр зүүн хойд их сургуулиудын дунд болсон долоон их сургуулийн сүмогийн тэмцээнд зодоглож, гурван жил дараалан тэргүүлжээ. Ганцаарчилсан барилдаанд нэг удаа тэргүүлж, хоёр удаа үзүүрлэсэн. Мөн шинэ оюутны сүмогийн тэмцээний аварга.
  • 2015 онд Японы зүүн хойдын зургаан мужийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэжээ. Мөн онд бүх Японы бага тамирын чуулганд оролцох тамирчин шалгаруулах бэлтгэл тэмцээнд 97 кг-д тэргүүлжээ. Гэвч иргэний харьяаллаас болж, бүх улсын тэмцээнд оролцох эрхийг нь цуцалсан.
  • Үүнээс гадна жүдогийн хар бүсийн зэрэглэлтэй. 2007, 2008 онд болсон олон улсын марафон, Сандэй хотын олон улсын марафон (2017) оролцсон.
  • 2017 онд Японы малын бүтээгдэхүүн судлах эрдэм шинжилгээний нийгэмлэгийн өргөмжлөл хүртжээ.

 Халимаг улсаас наадамд оролцсон Халимаг Монголчууд 

Халимгаас ирсэн 1 бөх, 2 дасгалжуулагч Монголд ирмэгцээ л нулимс унагасан, Монголд үнэхээр бүх юм нь сайхан байна гэсээр биднийг угтав.

Дасгалжуулагч Левинов Геннадий, Андреев Мэргэн Нимгирович, Бөх Имеев Сайхан нар хүрэлцэн ирсэн юм.

Халимаг бөх Имеев Сайхан

Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах Улсаас оролцож буй бөх Имеев Сайхан нь энэ жил 23 настай, чөлөөт бөх, гимнастикийн тамирчин бөгөөд Халимгийн бөхийн барилдаанд түрүүлж Монголд ирж барилдах эрхтэй болж ээ. Түүний аав нь чөлөөт бөхийн ЗХУ-ын спортын мастер, Грек-Ром бөхийн ОХУ-ын спортын мастер, Халимагийн үндэсний бөхийн үнэмлэхүй аварга, аварга цолтой ажээ.

Халимагийн үндэсний бөхийн шүүгчид

Халимагийн үндэсний бөхийн шүүгчид.

Халимагийн үндэсний бөхийн шүүгчид. Голд зогсож буй Имеев Сайханы аав Имеев Баатар нь дасгалжуулагч, чөлөөт бөхийн ЗХУ-ын спортын мастер, Грек-Ром бөхийн ОХУ-ын спортын мастер, Халимагийн үндэсний бөхийн үнэмлэхүй аварга, аварга цолтой.

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Левинов Геннадий Александрович

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, Халимаг Монголын "Бөк барилдаан" үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Левинов Геннадий Александрович нь Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд түүний бэлтгэсэн тамирчин Багтая Басанг ОХУ-ын шигшээ багт байдаг бөгөөд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн ажээ.
Ярилцлага үзэх: https://youtu.be/_UKdPjyCdQ8 
-
Халимгаас Наадам үзэхээр ирсэн Анжуран Мөрген
Тэрээр Монголд 2 дахь удаагаа ирж байгаа бөгөөд энэ жилийн наадмыг үзэхээр зорин ирсэн. Мерген  нутагтаа мал аж ахуй эрхэлдэг ажээ. Монголчууд бид нар нэгэн ахан дүүс, ойрхон байх хэрэгтэй гэж тэрээр биднийг халуун дотноор санаж явдаг тухайгаа хуваалцсан юм.
Халимагаас адуугаа хариулж буй бичлэгээ илгээн мэндчилгээ дэвшүүлэв.
-
Ирэх жилийн наадам болон бусад барилдаанд Дэлхийн Монголчууд минь илүү бэлтгэл сургуулилттайгаар дахин Монголдоо ирж амжилттай оролцохыг хүсэн ерөөе. Дэлхийн Монгол туургатан, угсаатнууд эртний арвин түүх соёлыг үеийн үедээ өвлүүлэн түгээж цаашид хамтын ажиллагаа эв найрамдлаа бэхжүүлэх нь зайлшгүй бөгөөд Монгол туургатны хамтын ажиллагааг хөгжүүлэх олон олон үйл ажиллагаа цаашид улам улам өргөжин дэлгэрсээр байх болтугай.
Ирэх жилийн наадам даана ч хол байна даа. . .
-
Дэлхийн Монголчуудын Холбоо
2022 он
-
Эх сурвалж:

Төстэй мэдээ