"Миний мэдэх Өмнөд Монгол" монгол сайхан бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангиллын шагналт байранд шалгарсан эсээнүүдийг хүргэж байна. Тус удаагийн уралдаанд Монгол орон даяар 19 аймгийн 92 сурагч оролцов. Уралдааны шалгаруулалтад эсээ бичлэгийн агуулга, бичгийн хэв, зурлагыг голчлон анхаарав.
Ахлах ангийн ангилалд 1-р байранд шалгарсан Шинэ эрин сургуулийн 11а ангийн сурагч Э.Ундрам
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
“Хэл, хил, мал гуравтайгаа монгол баян” гэж үл харагдах хатуу гинжин холбоосоор бэхлэгдсэн улсын тусгаар тогтнох энгийн бөгөөд маш олон ухагдахуун ойлголтуудыг дүгнэсэн гурван том хууль байдаг.
Миний хувьд багаасаа юу ч хамаагүй үздэг, зурагтаар гардаг элдэв гоё гэснээ үздэг насан дээрээ байхдаа өвөр монгол сувгуудаар тэнүүчлэн, сонирхон үздэг байж билээ. Тэгэхэд бүх бичиг, лого нь хүртэл монгол бичгээр байдаг байсан. Заримдаа юу ярьж байгааг нь ойлгохгүй үе гарах ч, хамгийн их анхаарал татдаг байсан нь монгол бичиг байлаа. Монголын сувгуудаараа хааяа ганц хоёрыг олж харна. Сүүлд бодоод байхад багаасаа би монгол бичигт дуртай байснаа ойлгосон. Өөрийн эх хэлээ дээдлэн, бичиг соёлоо үнэ цэнтэй байлгах сэдлийг өвөр монголын хүүхдийн болон бусад мэдээллийн сувгууд ихээхэн нөлөөлж чадсан. Багаас минь л өвөр монгол сувгууд монгол хэлээ сурталчилан, хэрэглэдэг нууц захиаг хүргэсээр иржээ.
Өвөр монголчууд бие даасан Монгол улсын харьяа биш ч гэсэн хилээрээ бие даасан биш юмаа гэхэд хэлээрээ монгол соёлоо авч үлдэх гэсэн чин үнэн сэтгэл монгол нутагтаа аж төрөн буй бид нараасаа илүү байдаг гэж би хувьдаа боддог. Саяхан 2020 онд өвөр Монголын боловсролын хэлтсээс “Монгол хэлийг бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад заах, монгол хэлээр хичээл заах, материал тараахыг зогсоож, хятад хэлээр сургалт явуулах чиглэл өгсөн. Түүгээр ч зогсохгүй бага сургуульд гуравдугаар анги хүртэл хятад хэл заадаггүй байсан боловч одоо нэгдүгээр ангиас эхлэн заах болж, хичээлийг хятад хэлээр зааж, монгол хэл дагалдах хичээл болно” гэж өвөр монголын багш нар азийн үнэгүй радио корпорацид мэдээлжээ. Уг шийдвэрээс улбаалан Өвөр Монголын нийслэл Хөх хот болон Баотоу, Ухай, Тунляо, Хайлар хотод хүчтэй эсэргүүцэл өрнөж эхэлсэн. Эцэг эхчүүд эсэргүүцлийн жагсаалд уриа лоозон барин хотын гудамж, талбайд зогссон зургууд нийгмийн сүлжээгээр дүүрэн байсан. Мөн өвөр Монголчуудын эрхийг хамгаалагч идэвхтэн Хубисын мэдээлснээр, Тунляо хотын монгол хэлний сургалттай нэгэн сургуулийн сурагчдын эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж, хүүхдүүдээ сургуульд элсүүлэхээс татгалзсан.
Нэгэн лоозонд “Өвөр Монголд монгол хэл сурахыг хориглох нь Хятадын Үндсэн хуулийг зөрчиж байна” хэмээн бичсэн байжээ. Энэ ч үнэн. Соёлын хувьсгалын аймшигт явдлын дараа Өвөр Монголчуудын соёлын онцлог, шашин шүтлэг, монголын уламжлалт итгэл үнэмшил мөн эх хэлийг нь хүндэтгэнэ гэж амлаж байсан. Гэвч энэ амлалт аажим аажмаар замхарч эхэлж байгаа бололтой. Өрөөлийн нутагт хүртэл эх хэлээрээ ярих эрхийн төлөө миний мэдэх өвөр монголчууд тууштай тэмцсээр байна.
Монгол хэлийг зөвхөн монгол улсад байгаа бид мэддэг, ярьдаг гэсэн үг биш. “Өвөр монголын ахан дүүс минь нийлээд гуравхан сая иргэдтэй биднээс илүүгээр барахгүй, бид бүгд нийлээд ойролцоогоор арван сая гаруй иргэд монгол хэлээр ярьдаг” гэж эх хэл судлаач Н.Нарангэрэл тоо баримт ч гаргасан байдаг. Хятад хэл дэлхийн хэл ч гэсэн зарим сургуулийн багш нар “Тэд хэрэв хятад хэл сурахгүй бол ирээдүйд их сургуульд элсэж чадахгүй” гэж эцэг эхчүүдэд шахалт үзүүлж, сурагчдыг заналхийлж байгаа талаар ч дурдсан байсан. Энэ бол хамгийн аюултай нөхцөл байдал. Эх нутагтаа орших биднээс ч олуулаа өвөр монголчуудын хувьд энэ шахалтад удаан байснаар бидний монгол хэл аажмаар үгүй болно гэсэн үг.
Өвөр монголчуудын оршин тогтнол нь монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болно.
Монгол бичгээр
Ахлах ангийн ангилалд 2-р байранд шалгарсан Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Т.Цэнд
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Язгуурын эгшиг аялгуу түүхэн хэлээ өвлөсөн
Яалтч үгүй тамгалсан босоо монгол бичгийг
Эгнэгт эрдмийн оргилд дээдлэн хамгаалж
Эх нутаг минь тусдаа ч үндэс нэгтэй
Өвөр Монголоо
Өвөр Монгол гэдэг нэр томьёо энгийн ярианд төдийгүй, албан харилцаанд идэвхтэй хэрэглэгдэх болсон нь ХХ зууны эхэн үед холбогдоно гэж үзсэн байдаг. 1947 онд Өвөрмонгол өмнөд монгол, дотоод монгол гэх мэтээр нэрлэж ирсэн ч энэ нь угтаа Өвөрмонголчуудын тухай өгүүлж буй явдал. Хэдийгээр Ар монгол, Өвөр Монгол хэмээн ялгаатай байдлаар хандах нь ажиглагддаг боловч миний бодлоор өмнөд монголчууд бол монгол өв уламжлал, ёс заншлыг өдгөө хүртэл хадгалж ирсэн бидний адил монгол хүмүүс билээ.
Эдгээрийн нэг томоохон баримт бол олон зууны турш монгол бичгийг хэрэглэж мөн бичиг үсгээ эрхэмлэн үлдээхийг эрмэлздэг тэдний үнэт сэтгэлгээ болов уу. Монгол гэх сэтгэлгээ цаашид түгээх цорын ганц арга нь монгол хэл бичгээ хэрэглэх гэдгийг тэд маш эрт ухаарсан хүмүүс. Үндэсний бичиг нь монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг.
Монгол хэл бичгээ дээдэлж буй нь аливаа улс орон оршин тогтноход эх хэл хэчнээн чухал болохыг илэрхийлж байгаа мэт санагдана. Үнэхээр эх хэл монгол бичиг маань монгол хүн бүрийн зүрх сэтгэлд ойр байх эрхэм зүйлсийн нэг мөн билээ. Хүмүүс бидний биширч хайрлах ёстой эдгээр бичиг соёлынхоо утга учрыг бид зөв ойлгож ухаарч эх хэлнийхээ хэм хэмжээ зарчмыг алдагдуулалгүйгээр хэрэглэж занших нь чухал. Эх хэл оршихуйн тулгуур гэгч үг бол бүх хүний зайлшгүй санаж явбаас зохих үнэт заавар зөвлөгөө юм. Өмнөд Монголчуудын хувьд эх хэл бичгээ хайрлан хамгаалахын төлөө тэмцсээр ирсэн нь бахархууштай. Өвөр Монголын төдийгүй аль ч улс оронд эдийн засгийн хөгжлийн гол үндэс нь мал аж ахуй юм. Өвөг дээдсийнхээ ариун голомтыг сахин удам залгамжилсан хүмүүс бид “Мал дагавал ам тостоно” хэмээн таван хошуу малынхаа сүү цагаан идээ, ноос ноолуур, ашиг шимийг хүртэн улс эх орныхоо эдийн засгийг дэмжин амьдарч буй за.
Эрт дээр үеэс өвгөдийн минь сургаал болгосон зүйл нь мал аж ахуйг өсгөж үржүүлэхдээ юун түрүүнд байгалийн нөхцөлийг сайжруулсан нь гол арга ухаан гэж үздэг. Тэдний нутаг дэвсгэр нь үзэсгэлэнт байгальтай зүүнээс баруун хязгаар хүртэл нэг л дотно хараа булаам. Энэ сайхан байгаль дэлхийтэйгээ хослуулан үндэсний дээл хувцсаа өмсөн морин хуураа эгшиглүүлэх нь юугаар ч зүйрлэшгүй торгон мэдрэмж билээ. Тэдний хувьд үндэсний хөгжил нь яг л эх биеийнх нь нэг хэсэг юм шиг байдаг нь надад тайвшралыг бэлэглэдэг. Өмнөд Монголчууд нь соёлыг тээгч эх хэлээ устгуулахгүй байж үр хойчдоо зөв үлгэр дууриалал болгон өвлүүлэхийн тулд хүүхдүүдээ сургуулиас нь мориор тосч авч буй нь гайхамшигтай.
Тиймээс бидний амьдарч байгаа дэлхий болон миний Ар монгол, Өвөр Монголчууд бид цаашид улам дэлгэрүүлэн яруу тансагыг уянгалуулан цуурайтуулах болно.
Монгол бичгээр
Ахлах ангийн ангилалд 3-р байранд шалгарсан Нийслэлийн ЕБС-ийн 21-р сургуулийн 10д анги Б.Мөнхшүр
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Дэлгэсэн тэрлэг шиг Монголын цээж нь Ар Монгол хормой нь Өвөр Монгол ахан дүүс минь билээ. Дээлийн ар өврийг зах заагладгийн адилаар түүхийн гашуун цаг үеэс болж хилийн заагаар хязгаарлагдсан ч бидний зан заншил, аж ахуй , бичиг үсэг , нүүдэлчин соёл, эх хэл минь хэтийн цагт нэгэн улс нэгэн түүх бүтээлцсэнийг тод томруун харуулдаг.1911 онд богд хаант монгол улс тусгаар тогтнолоо батлаад удаагүй цөөхөн хүн ам, цэрэг эрстэй байсан хэдий ч Өвөр Монголыг нэгтгэхээр Дундад иргэн улсын зүг довтолж нэлээдгүй амжилт олсон ч томоохон гүрнүүдийн шахалтаар аргагүйн эрхэнд буцсан билээ. Энэ бидний мартаж болохгүй эцсийн хатуу сургамж билээ.. Гэвч энэ түүхийн урт цаг үед том гүрний эрхэнд байгаа ч бидний адил хэл соёл, зан заншил, бичиг үсэг нь одоог хүртэл хадгалагдан үлдэнэ гэдэг бол маш бахархууштай зүйл билээ.Гэсэн хэдий ч харь улсын эрхшээлд элэг нэгт түмэн минь ямар зовлон бэрхшээлийг бие сэтгэлээрээ амсаж байгааг би юүгээн мэдэх билээ...
Өвөр Монгол ахан дүүс минь сайхан дуулдаг, дуучин ард түмэн. “Би монгол хүн” хүн шүлэгт хосгүй нандин аяз эгшиглүүлж бидний сэтгэл зүрхэнд хүчирхэг атлаа уянгалаг хоолойгоороо дууныхаа утга, хүсэл тэмүүллийг сайтар илэрхийлж чаддаг чадамгай уран бүтээлч бол Өмнөд Монголын алдарт дуучин Тэнгэр билээ. Түүний дуунууд ихэвчлэн төрөлх нутаг, Монголын тал нутгийн тухай байдаг. Түүний диваажин дуунд төрөлх нутаг, аз жаргалтай нутгийн тухай өгүүлсэн байдаг. Энэ дууг зөвхөн монгол хятад төдийгүй казак-монгол, буриад-монгол зэрэг нүүдэлчин угсаатнууд маань ихэд тааламжтай сонсдог. Энэ дууг сонсоход төрдөг үгээр хэлж үзгээр бичишгүй тэр мэдрэмжүүд бидний цус, түүх, сэтгэл зүрх минь уяатайг зүрхэнд минь аргамждаг. . .
Тив дэлхийн цэнхэр салхи
Тэнгэрийн салхи Монголын салхи
Хүннү гүрний удамт салхи
Хөх толбот монгол салхи хэмээн Ар Монголын Алимаа бүсгүй шүлэглэн бичсэн байдаг. Үүн шиг өвөр монгол түмэн минь монгол нутгийг зорих ямар их хүсэл тэмүүлэл байдгийг Өвөр монгол хэнтэй ч уулзсан тэр хүний сэтгэлийн үзүүрээс мэдрэгддэг.
Одоогийн Өвөр Монголын өөртөө засах орны монголчууд хятадын умард хэсэгт нийт газар нутгийн найм хуваасны нэг хувийг эзлэн оршин тогтнодог. Энэ хэдий бага сонсогдох ч Өвөр Монголын нийт хүн ам Монголоос найм дахин их хүн амтай. Үүний дөрөв зууны тавин найман саяыг Монголчууд,нийт хүн амын арван долоо хувийг эзэлдэг. Мөн Өвөр Монголд цахар, сөнөд, үзэмчин, авга, урад, ордос, хошууд, халх, буриад гэх мэт олон яст монголчууд байдаг. Энэ олон жилийн хугацаанд том гүрний нөлөөнд байсан хэдий ч уг үндэс гарлаа гээлгүй хаан төрийн бичгээ хадгалж , өвлөн үлдээж буйд элэг нэгт Ар Монголын ач охин би өмнөд монголчуудаараа үнэхээр их бахархаж байна.2020 онд хятадын коммунист намын гаргасан хос бичигтэн бодлогын улмаас өвөр монголчуудын өдийг хүртэл тээж ирсэн монгол өв устах түүхэн гарз тохиосон. Хэдий ар өвөр монголчууд хамт биш ч бидний сэтгэлд өвөр монголоо гэсэн өөриймсөг сэтгэл оршин байдаг билээ. Тиймдээ ч тэр цагаас хойш ар монголд эх хэлээ аваръя , өмнөд монголчуудаа дэмжье хөдөлгөөн эрчимтэй явагдаж эхэлсэн.Хятадын бүрэн эзэрхийлэх гэсэн бусармаг үйлдэл цаашдаа даамжрах болбоос Ар Монголын ахан дүүс бид бие болоод сэтгэлээрээ эцсээ хүртэл хамт тэмцэнэ гэдгээ бүх монголчуудынхаа зүгээс илэрхийлж байна.
Төрийн соёмбот монгол туургатан
Түмэн олон нь энхийн цагт
Түм бум болон түгэн мандан бадраг.
Монгол бичгээр
Ахлах ангийн ангилалд 4-р байранд шалгарсан Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Ү.Энхжин
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Үндэсний бичиг үсэг тусгаар тогтнолын баталгаа.
Олон үндэстний хэлийг уламжлуулснаар дэлхийн хөгжилд чухал ба эх хэл нийт хүн төрөлхтний хөгжил дэвшилд тухайн орны асуудал биш технологийн гол түлхүүр хэмээн үндэстний хэл соёлын бодлогыг аль ч улсад хүндэтгэн үздэг хэмээн нэгэн номоос уншсан санагдана. Монгол бичиг бол хүмүүн төрөлхтний соёлын санд эсгий туургатан монголчуудын оруулсан гайхамшигт хувь нэмэр төдийгүй бидний өв ази тивийн өргөн уудам нутагт нүүн суурьшиж, аж төрөн, монгол аймгийн иргэдийг олон цөөнөөс үл хамааран тэдний оюунд үнэтэй дурсгалт бүтээл туурвин мөнхөлж, орчин цагт буурал түүхийн толь, оюун билгийн сан хөмрөг, эв нэгдэл, тусгаар тогтнолын уриа дуудлага болж байна.
Ар, өвөр монголчууд үндэсний бичгээ шинжлэх ухаанд үндэслэн, улам баяжуулан боловсруулж, сурч судалж, түгээн дэлгэрүүлж, 2025 ондоо бэлтгэлээ базааж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаараа 2019 оноос өвөр Монголд үндэсний бичгийн хэрэглээг хязгаарлаж, бидний үе тэнгийн анд найзууд маань төрөлх хэлээрээ ярьж, бичих эрх нь зөрчигдөж буй нь сэтгэл өвдөм, өрөвдмөөр.. Гэвч миний мэдэх нэгэн буянтай үйлсийн эзэн бол өргөө нийслэлд маань үйл ажиллагаагаа явуулж байгаа Хаан бичиг номын дэлгүүрийг онцлон хүндэтгэж, энэхүү бичвэртээ баярлан бахдан дурдмуй.
Өнөөдөр та дотооддоо эх бичгээрээ хэвлэсэн ном товхимол, сэтгүүл, сонин худалдаалдаг газрыг хаанаас ч олохгүй байх. Ганц дайчин ганцаарддаггүйн учир энэ. Би бээр монгол бичгээ шамдан сурах эрч хүч, урам зоригийг энэ л газраас авдаг. Монгол нутгийн өнцөг булан бүрт сурч боловсорч буй хойч үе дэлхийд цор ганц босоо бичгээ сурах үйлийг өөрийн зүгээс дэмжин, ивээн тэтгэж, бүх насны ангилалд олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, аймгуудад ирж бид эх хэл бичгээ сурч, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлсэд нь баярлаж талархаад дуусахгүй. Сурагч миний баярласан сэтгэлийн үг энэхүү зурвасаар дамжин Хаан бичиг номын дэлгүүрт хүрэх болтугай. Ташрамд дурдахад манайхан нэгийг бодож хоёрыг тунгаан, дотооддоо ийм үйл ажиллагааг зохион байгуулах цаг нэгэнт болжээ.
Үндэсний бичигтээ өөриймсөг өвөрлөгч түмний төлөөлөл хаан бичиг таны ажил үйлс нь гялалзаж гялтганаж явахын ерөөл өргөе!
Монгол бичгээр
Ахлах ангийн ангилалд 5-р байранд шалгарсан Нийслэлийн ЕБС-ийн лаборатори “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Н.Анужин
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Өмнөд хилээс урагш амьдрах элэг нэгт монгол үндэстнүүд “Өвөр Монгол” миний төсөөлөлд хэрхэн аж төрдөг гээч?
Монгол хүн газар орныг заахдаа уулын ар, өвөр гэж ярьдагтай нэг адил говийн хойд талын нутгийг “Ар монгол”, өмнөд талын нутгийг “Өвөр монгол” гэж нэрлэжээ хэмээн тайлбарласан нь бий. БНХАУ-ын Засгийн газар 2001 оноос эхлэн монгол хэл, соёл, ахуйг үгүй хийх цуврал бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөө орон нутаг, алслагдсан бүсүүд дэх монгол сургуулиудыг бүгдийг хааж, Хятад сургуулиудтай нэгтгэсэн. Ингэснээр бүх монгол хүүхэд албадан хүчээр хятад хэл сурахаас өөр аргагүй болсон. Өнөөдөр Өмнөд Монголд маш цөөн тооны монгол сургуулиуд бий. Харамсалтай нь эдгээр сургуулиуд хэл, соёлоо хүндэлдэг, биднийг зүрхэндээ тээн яваа үнэнч хүсэлтэй олон хүүхдүүдийн цор ганц боломж нь болон хэтэрхий ачаалалтай үргэлжилж байна.
Харь оронд дарлуулан амьдарч буй тэд минь үнэт эрдэнэ болсон өв соёлоо хамгаалахын тулд сурагчид үндэсний хувцас өмсөн хүндэтгэл үзүүлж, сургуулийнхаа гадна эх хэлтэй минь үлдээгээч хэмээн сөгдөн гуйж буйг холоос харан элэг эмтрэн суулаа. Хичээлийн тэмдэглэлийг босоо монгол бичгээрээ хөтлөн саадгүй уншиж, монгол нутагтаа л очих хүсэлтэй ахан дүүсээрээ бахархаж сэтгэл хөдлөхийн зэрэгцээ “Монгол” хэмээн нэрийдсэн өөрсдөөсөө ичих шиг.
Тэд дэлхий даяар тархсан интернет сүлжээг ашиглах нь битгий хэл, сонсоочгүй байдаг ажээ. Мөн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хаалттай байдаг гэнэ. Бид хүний эрх, эрх чөлөө зэргийг амаа уралдуулан ярьж, амар тайван дарамт шахалтгүй амьдардаг атлаа гомдоллох шалтгаан гаргаж ирсээр л. Тэгвэл бидний тэр гомдол зовлон зүдгүүр гээч нь харь оронд дарлагдан сэтгэл гундуу харанхуй нүхэнд амьдарч буй элэг нэгтнүүдийн маань зовлонгоос илүү гарах юм гэж үү. Яг л өнөө “Өвстэй газар мал тогтдоггүй
Жаргалтай газар хүн тогтдоггүй” гэдэг нь биз. Манай Монголчууд мөрөөдлийн Америк, Солонгос, Англид очиж амьдармаар байна гээд л ам уралдуулан ярьдаг. Тэгтэл Өвөр монголчуудын очихыг хүсдэг мөрөөдлийн орон нь “Ар монгол”. Чин зүрхэндээ тээж яваа эрхэм дээд хүсэл нь зөвхөн Монгол. Харийн соёлд шуурахаас илүүтэйгээр ахан дүүсээсээ үлгэр дуурайлал авч цаашид өв соёлоо чандлан хамгаалах нь бидний үүрэг болохыг ухамсарлах хэрэгтэй.
Ар Монголчууд бидэнд ахан дүүстэйгээ эргэн нэгдэх ерөөлт учрал заяах болов уу?
Монгол бичгээр
Ахлах ангийн ангилалд 6-р байранд шалгарсан О.Нарансолонго Нийслэлийн ЕБ ӨЗБАС-ийн 10г ангийн сурагч
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Хүмүүсийн дам яриагаар “Монголчууд бид Өвөр Монголчуудаас илүү цэвэр цустай” гэж ярьдаг. Тэр ч бүү хэл Өвөр Монголчуудыг Хятад Монголын эрлийз ч гэж ярих нь бий. Гэвч бидний хэн нь ч бодит үнэнийг мэдэхгүй байж үлгэр зохион түүнийгээ дамнан ярьж байгаагаа ч мэдэхгүй байна. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Ихэнх тохиолдолд Халх Монголчууд бид ганц ч Өвөр Монгол хүний удам угсааг нь байтугай нэр алдрыг нь мэдэхгүй. Тийм байж бид ямар ч үндэслэлгүйгээр Өвөр Монголчуудыг эрлийз, “хагас монгол” гэж ялгах нь утгагүй. Эцэстээ анд нөхөр болох байсан хүнийг гомдоогоод явуулна. Ар, Өвөр ямар ч Монгол хүний хувьд хужаа, хятад гэж хэлүүлэх нь хамгийн доод доромжлол юм.
Түүнчлэн Өвөр Монголчууд цэвэр монгол хэлээр ярьдаггүй болохоор тэд цэвэр монгол биш ч гэж ярьдаг. Монголоор сайн муу ярьдаг хятадууд байдаг ч Өвөр Монголчууд бол монгол ёстой, монгол ёстой, монгол хэлтэй, монгол сэтгэлтэй, монгол цустай, өөрсдийгөө монгол гэж үздэг 5 сая монгол хүмүүс юм. Ямар ч хэл олон аялгатай байдаг. Үүнээс аль нэгийг нь үндсэн, цэвэр, жинхэнэ аялга гэх бол утгагүй, Цэвэр аялгыг тодорхойлох эрх мэдэл хэнд байна? Ер нь олон аялга байдаг нь хэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой байх.
Өвөр Монголд сүүлийн хэдэн арван жилд хятад хүмүүс дэндүү олон болж, монгол хүмүүс харийн газар нутаг дээр амьдарч байгаа мэт болсон билээ. Монгол хүн газар шороон дээрээ эрх мэдэлгүй болж Өвөр Монголчууд зовж, бухимдаж байна гэвэл их мөрнийг алсаас үзээд жижиг горхи байна гэсэнтэй адил болно.
Бид бүгд л дээлтэй, гэртэй, эсгийтэй, уургатай монголчууд. Тэртээ зуунд мориныхоо туурайгаар хятад хүний хүзүүг хуга гишгэж, сумныхаа зэвээр орос хүний зүрхийг цоо харвасан хүч тэнхээтэй, сүр жавхаатай монгол баатруудын үр удам бол ар, өвөр Монгол бид бүгд юм. Иймд халх монголчууд бидэнд өөрсдийгөө бусдаасаа илүү гэх ямар ч эрх байхгүй билээ.
Монгол бичиг
Дэлхийн Монголчуудын Холбоо
2022 он